| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2017/0710/З |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 185
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу “Н” ХХК-ийн орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар 300 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн газрын албаны шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар орон сууц, цэцэрлэгийн зориулалттай 300 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Манай компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээг авмагцаа 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус газартаа инженер геологийн судалгаа хийлгэхээр “Ж ” ХХК-тай “Инженерийн хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”-г байгуулсан. Мөн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус газар дээрээ барих “Е” төслийн цэцэрлэг, орон сууцны, барилгын ажлын зургийг хийж гүйцэтгүүлэхээр “Э” ХХК-тай “Зураг төслийн ажлын гэрээ”-г байгуулан ажиллаж байна.
Манай компани нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт 0000 тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан юм.
Гэтэл газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу мэдэгдэхгүй байсан тул бид удаа дараалан хариу асуухад “хурлаар ороогүй байна, засаг солигдож байна, дарга нар солигдож байна, хурал тодорхойгүй байна” гэх зэргээр хойшилсоор өдий хүрсэн.
Нийслэлийн газрын албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 дугаартай албан бичгээр манай компанийн 0000 дугаартай газар эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг Нийслэлийн газрын албаны дэргэдэх “Газар, эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хурлын “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлүийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн” гэх дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн газрын алба шийдвэрлэх боломжгүй хэмээн газар эзэмших эрх дуусгавар болгосныг мэдэгдсэнийг би 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Улаанбаатар шуудан” ХХК-иас хүлээн авлаа.
Бидний зүгээс Нийслэлийн газрын албатай очиж уулзан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд тус хуулийн 40.1.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж хүчингүй болгохоор хуульд заасан тул бид арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон өргөдлийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод гаргасан боловч тэрээр өнөөдрийг хүртэл бидэнд ямарч хариу өгөлгүй сураг алдраад байна. Иймд бид шүүгчийн захирамжинд заасан маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх талаар авсан арга хэмжээ болох Нийслэлийн Засаг дарга С. Батболдод гаргасан өргөдлийн эх хувиар нь хавсарган хүргүүлж байна.
Нийслэлийн газрын албаны шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын газар эзэмших гэрчилгээг сунгах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь:
1. Манай компани Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлүийн 16.3-т “…үл хөдлөх хөрөнгө...эзэмших... эрхтэй”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхтэй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзолыг биелүүлж, газрын төлбөрийн тогтоосон хугацаанд нь төлж ирсэн тул тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй билээ. Гэтэл бидний гэрээгээр эзэмшиж байсан газар эзэмших гэрчилгээг сунгахгүй байх хуулийн ямарч үндэслэл байхгүй /Бид газраа зохих журмын дагуу эзэмшиж, төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлж ирсэн одоо ч төлж байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу гаргасан/ байхад хууль зөрчин Нийслэлийн Засаг дарга манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэж үзээд шүүхэд хандаж хамгаалалт хүсч байна.
2. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулан эзэмшиж буй газартаа геологийг судалгаа, барилгын ажлын зургийг ихээхэн хэмжээний зардал гаргаж хийлгэсэн ба 5 жилийн хугацаанд газрын төлбөрийг тасралтгүй гэрээнд зааснаар төлсөн. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь манай компанийн эрх ашиг сонирхол эдийн засгийн хувьд хөндөгдөж байна.
Захиргааны байгууллага газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 22-32 зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны процессыг зөрчсөн төдийгүй тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг зөрчиж захиргааны акт гаргасан.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд тус хуулийн 40.1.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж хүчингүй болгохоор байтал манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Газрын алба хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хэмээн газар эзэмших эрхийг дуусгавар болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтуудаар энэхүү захиргааны акт нь илт хууль бус юм.
Мөн энэхүү албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй ба Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож буй тохиолдолд шууд шүүхэд хандахаар хуульчилсны дагуу шүүхэд хандаж байгаа болно...” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон Я.А нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн орон сууц цэцэрлэгийн зориулалт бүхий 300 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Тус компани Нийслэлийн Засаг даргад хандан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2017/04 тоот хүсэлт ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтэд нийлсэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Нийслэлийн Газрын алба 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасантай нийцэхгүй байх тул Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тус компани нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /тухайн үеийн нэрээр/ гаргасан 16/02 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд тус газрын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5/4886 тоот хариу, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2017/02 хүсэлтэд Нийслэлийн Газрын албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 тоот албан хариу, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн 2017/04 хүсэлтэд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэх боломжгүй тухай хариуг цахим хэлбэрээр хариу хүргүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК нь анх тус шүүхэд хандан “... орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий 300 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн газрын албаны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа
Нийслэлийн газрын албанд холбогдуулан: “...орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий 300 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн газрын албаны шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлж, Нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагаа тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс хүлээн зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж,
Нийслэлийн Газрын албанд холбогдуулан эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 523 дугаар захирамжаар орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий 300 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар “Н” ХХК -нд шилжүүлэн, эзэмшүүлжээ.
Улмаар:
нэхэмжлэгч “Н” ХХК-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2017/02 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан “...орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий 300 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг” хүссэн агуулга бүхий хүсэлт гаргасныг Нийслэлийн газрын алба шийдвэрлэх эрхгүй байж Нийслэлийн Засаг даргын эрхэнд халдаж 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 тоот албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул ...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдье” хэмээн хариу өгч шийдвэрлэсэн нь илт хууль бус... гэж,
хариуцагчаас “...Нийслэлийн газрын албаны зүгээс хүсэлтийг хууль ёсны дагуу шийдвэрлэсэн. ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэж тус тус маргаж байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд ... баримт бичгүүдийг хавсаргана” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 2017/02 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газрын албанаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 тоот албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул ...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдье” хэмээн хариуг өгч, хүсэлтийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцээгүй, өөрийн эрх хэмээнд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна гэж шүүх үзлээ
Учир нь, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар тус хуулийн 39 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын албанд олгогдоогүй,
Мөн хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан байхад хариуцагчаас “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй байсан тул дуусгавар болгосон” хэмээн тайлбарлаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгай зарчмыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж тухайлан заасан байх тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн газрын албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газрын албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1326 тоот албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Газрын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА