Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 650

 

“Хас лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Амарбаатарт холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 30 606 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийн өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Амарбаатар нь 2011 оны 3 сарын 17-ны өдөр манай компанитай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 82 500 ам.долларын үнэ бүхий Bieben маркийн эмээлт чирэгч, чиргүүлийг 36 сарын хугацаатайгаар түрээсээр авсан. Э.Амарбаатар гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг бүрэн бус хэмжээгээр 2012 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан бөгөөд үүнээс хойш түрээсийн төлбөрийг төлөлгүй төлбөр төлөх хугацааг 258 хоногоор хэтрүүлсэн учраас манай компани 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн зүйл болох хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан. Э.Амарбаатар санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2012 оны 6 дугаар сараас түрээсийн зүйлийг хураан авах өдөр буюу 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөр 17 793 015 төгрөг, хүү 9 156 856 төгрөг, алданги 3 656 309 төгрөг нийт 30 606 180 төгрөг төлөх ёстой. Иймд Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 30 606 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Амарбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хас лизинг ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 36 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж автомашин, чиргүүлийн хамт түрээсэлж, сарын төлбөр 2 800 000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан. Таван толгой ХК-ийн нүүрсний уурхай 2012 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа зогсож орлогын эх үүсвэргүй болсон талаар “Хас лизинг” ХХК-ийн эдийн засагч н.Энхмэндэд мэдэгдсэн. Би өөрт байсан бүх мөнгө, өөрийн тээврийн хэрэгслээ худалдан борлуулсан мөнгөө зээлийн төлбөрт төлсөн. Би уурхайн ажил эхлэхээр төлбөрөө төлнө гэдгээ хэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хас лизинг ХХК-иас 2 ажилтан ирж хөрөнгө хураасан. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс уурхайн ажил эхлээд би 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслээ авах гээд нэхэмжлэгч компанид очиход санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гээд 375 дугаартай албан бичиг өгсөн. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хураан авснаараа миний ажил, орлого олох боломж, эх үүсвэрийг өөрсдөө хаасан тул төлбөрөө төлөх боломжгүй болсон. Тухайн 82 500 ам.доллар бүхий тээврийн хэрэгслийн үнэ 38 000 000 төгрөгийг бэлнээр төлж, тус тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдээс нэхэмжлэгч худалдан авсан тул дээрх хөрөнгийн өөрийн зарцуулсан төлбөрийн үнийн дүнгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч нь олох ёстой байсан ашиг орлогоороо их хэмжээгээр хохирсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түр хураан авах дахин нэг үндэслэл 2012 оны 12 дугаар сараас эхлээд бүрдсэн байхад өөрсдөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй, атлаа 2013 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд машиныг хураан аваагүй буруугаа Э.Амарбаатарт тохож, түүнээс алданги 3 656 309 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Ийнхүү орлогын эх үүсвэргүй, хуримтлуулсан мөнгөө дуусгасан, мөн давхар 90 орчим сая төгрөг төлсөн, машинаа дахин буцаан авалгүйгээр хураалгаснаас Э.Амарбаатар нь сэтгэл санааны гүн хямралд орж 5 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Таван толгойн уурхай нээгдэж, Э.Амарбаатарын гэрээт ажил эхэлсэнтэй холбоотой 2013 оны 6 дугаар сарын эхээр тээврийн хэрэгслээ авахаар Хас лизинг ХХК-д очиход машиныг буцаан өгөхгүй, дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон гэх үйлдэл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2013 оны 4 дүгээр сараас Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан атлаа Э.Амарбаатарт гэрээний хүүгийн төлбөр төлснөөс гадна үндсэн төлбөр болон урьдчилгаанд төлсөн 36 000 000 төгрөгийг буцаан олгоогүй мөн хүнд даацын машиныг бүрмөсөн хураан авч ашиглуулаагүй атлаа түрээсийн зүйлийг ашигласны үндсэн дээр төлөгддөг түрээсийн үлдэгдэл үндсэн төлбөр, хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Э.Амарбаатар өөрөө гэрээг хаасантай холбоотой түүнд урьдчилгаа болон үндсэн төлбөрт төлсөн мөнгийг буцаан өгөх ёстой атлаа эсрэгээрээ машиныг өөрсдийн өмчлөлд авчихаад дахин бүтэн машины төлбөр төлүүлэх гэж буй нь шударга бус. Иймд Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Э.Амарбаатар нь түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөрийг 2012 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан. Дээрх хугацаанаас хойш үүргээ биелүүлэхгүй байсаар 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр автомашиныг бид түр буцаан авч түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг Э.Амарбаатарт тогтоож өгсөн. Нөгөө талаас Э.Амарбаатар нь гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч бидний зүгээс түүнтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцлаагүй, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөрийг Э.Амарбаатарт буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж байна. Учир нь: манай компани Э.Амарбаатараас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр төлөөгүй үндэслэлээр түр буцаан авсан бөгөөд түр буцаан авах нөхцөл арилна гэдэг нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг төлөхийг хэлж байгаа болохоос сөрөг нэхэмжлэлд дурдсан уурхайн үйл ажиллагаа эхлэхийг хэлэхгүй. Түүнчлэн Э.Амарбаатар нь түрээсийн зүйлийг түр буцаан авснаас хойш ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх талаар санаачилга гаргаагүй. Э.Амарбаатар нь Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхдаа аавтайгаа манай компани дээр ирж Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гэсэн бичиг хийгээд өгөөч, зээл аваад түрээсийн төлбөрөө төлнө гэж хэлсэн учир бид албан бичиг хийж өгсөн учраас албан бичгийг Хаан банкинд гэж хаягласан байдаг. Э.Амарбаатарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2066 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 20-ны хооронд түрээсийн төлбөр огт төлөөгүй. Энэ маргаан хариуцагч Э.Амарбаатар гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэлтэй бөгөөд манай компани гэрээний үүрэг зөрчсөн зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 9 дүгээр зүйлийн 9.4.3, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүүнд 30 606 180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас лизинг ХХК-д олгож, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 130 445 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Баднайсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Шүүх "нэхэмжлэгч "Хас лизинг" ХХК нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч Э.Амарбаатараас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй" гэх дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл түрээсийн гэрээний 15 дугаар зүйлд түрээсийн зүйлийг түр хураан авах 5 нөхцөл байдаг бөгөөд энэ 5 нөхцөлийн аль нөхцөлтэй нь нийцсэнг тайлбарлахгүйгээр ерөнхий, үндэслэлгүй тайлбар хийсэн. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан" гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагч 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 4 дүгээр cap хүртэлх 10 сарын буюу 258 хоногийн түрээсийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 30 606 180 төгрөгийг нэхэмжилсэн хугацааны хувьд хариуцагчийн зүгээс санал нийлэхгүй. Харин Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар 3 сарын буюу 90 хоногийн түрээсийн үндсэн, хүүгийн төлбөр, алданги зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа нь өөрөө түрээсийн зүйлийг ашиглаж байж ашиг олсны хүрээнд түүний төлбөрийг төлдөг онцлогтой. Миний үйлчлүүлэгч 2012 оны 6 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Энэ талаараа "Хас лизинг" ХХК-ийн эдийн засагч н.Энхмэндэд утсаар холбогдсон байдаг. Гэтэл "Хас лизинг" ХХК нь түрээсийн төлбөрийг Э.Амарбаатар 2012 оны 6 дугаар сараас төлөх боломжгүй болж, 3 cap дараалан түрээсийн төлбөрөө төлөөгүй нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түр хураан авах арга хэмжээгээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байхад мөн хариуцагч Э.Амарбаатар "хураан авахуулах тухай" хүсэлт тавьсаар байхад өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үйлдлээ хийхгүй 2013 оны 4 дүгээр cap хүртэл хойшлуулсан. Ийнхүү 2012 оны 9 дүгээр сард хураан авах ёстой машиныг өөрсдөө хайхрамжгүй хандан 2013 оны 4 дүгээр cap хүртэл хойшлуулж, машиныг хураан авсан атлаа энэхүү 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 4 дүгээр cap хүртэл 7 сарын түрээсийн төлбөр, хүү, алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

2. 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Таван толгой" ХК-ийн уурхай нээгдэж, Э.Амарбаатарын гэрээт ажил эхэлсэнтэй холбоотой 2013 оны 6 дугаар сарын эхээр тээврийн хэрэгсэлээ авахаар "Хас лизинг" ХХК-д очиход машиныг буцаан өгөхгүй, дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон. Энэ үйлдэл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. "Хас лизинг" ХХК-иас 2013 оны 375 дугаар албан бичиг хийж өгсөн бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд өгөөгүй. "Хас лизинг" ХХК түрүүлж гэрээгээ цуцалсан асуудал нь "Хөрөнгө хураах акт", 2013 оны 375 дугаар албан бичиг, Э.Амарбаатар нь 7000025 тоот данс эзэмшдэг байсан боловч одоо ямар ч данс эзэмшдэггүй гэх албан бичиг зэрэг баримтаар тогтоогдоно. Харин нэхэмжлэгчээс уг баримтуудад үндэслэл бүхий тайлбар хийж, нотлох баримт гаргаагүй, зөвхөн машин хураагдсан газраа байгаа гэх тайлбарыг үндэслэж, гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчаас "Хас лизинг ХХК-иас гэрээ цуцлагдсан болохыг баталж" гэсэн шаардлага гаргаснаас гэрээ цуцлагдахад Хас лизинг ХХК-ийг буруутгасан зүйлгүй. Гэтэл Хас лизинг ХХК буруугүй тул гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн "Тогтоох" хэсгийг уншиж сонсгоод, үндэслэлийг "талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн гэрээ цуцлагдсан" гэж тайлбарласан. Гэтэл бичгэн хэлбэрээр гаргахдаа "гэрээ цуцлагдаагүй" гэж бичсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 158 хоногийн түрээсийн төлбөр, хүү, алдангид холбогдох хэсгийг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүү, алдангид нийт 30 606 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Амарбаатар нь  санхүүгийн  түрээсийн гэрээ  цуцалсныг  баталж,  урьдчилгаа  төлбөр 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийн өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 946 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Талуудын хооронд 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр “Хас лизинг” ХХК нь Э.Амарбаатарын эзэмшил, ашиглалтад Бейбен маркийн хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх талаар талууд тохиролцсноор, “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.

Хариуцагч Э.Амарбаатар нь түрээсийн эд зүйл болох автомашиныг чиргүүлийн хамт худалдаж авсан үнийн 30 хувь буюу 30 553 449 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрээний 1.4-д зааснаар тогтоогдсон. Харин санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг өөрийн эзэмшилдээ буцаан авсан үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

Түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авсан үеэс гэрээ цуцлагдсанд тооцох тул гэрээ цуцлагдах хүртэл хугацааны буюу түрээсийн зүйлийг буцаан авсан 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, түүнийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотой алданги шаардсан шаардлагыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг буцаан авснаар талуудын хоорондох түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болжээ. Хариуцагчийн хувьд гэрээ цуцлагдаж хожим үүрэг нь дуусгавар болсноор шилжүүлсэн 30 559 449 төгрөгийг нэхэмжлэгчид дахин шилжүүлэх хууль зүйн үүрэг байхгүй болох тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан болно.

Харин тэрээр түрээсийн зүйлийн өртөгт төлсөн буюу түрээсийн гэрээ хүчинтэй талуудын хувьд үйлчилж байх хугацаанд төлөгдсөн мөнгөн төлбөр буюу гэрээгээр тохиролцсны дагуу үүргээ гүйцэтгэн төлсөн төлбөрийг шаардах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсныг баталж, урьдчилгаанд төлсөн 31 122 000 төгрөг, түрээсийн зүйлийг өртөгт төлсөн 23 376 945 төгрөг нийт 54 498 945 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 30 553 449 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Амарбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 945 496 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “оруулсугай” гэснийг “оруулж, нэхэмжлэгч “Хас лизинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 310 717 төгрөг гаргуулж хариуцагч Э.Амарбаатарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА