Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01321

 

Н.Б, Ц.Н нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00783 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1019 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Н.Б

         Нэхэмжлэгч: Ц.Н

         Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

         Үйлчилгээний талбайн үнийн зөрүүнд 106.693.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Ц.Нийн төлөөлөгч Л.Ж гаргасан гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Ц.Нийн төлөөлөгч, Н.Бийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг Ц.Н  С ХХК-тай 2008-10-31-ний өдөр 103/08 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175.11 м.кв талбайг 1 м.кв-г 1.800 ам.доллараар худалдаж авч, төлбөрийг 2013-03-15-ны өдөр төлж дуусгасан. 2015-03- 05-ны өдөр  би 175.11 м.кв талбайн  өмчлөх эрхийг бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч нь болсон. Ингээд дэвсгэр /дрож/ дэвсэх гэтэл талбайн хэмжээ нь гэрээнд зааснаас бага байсан.  Тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөөгүй учир  Уран-Асар ХХК-р хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22.1 болон МNS6058:2009 стандартад нийцэхгүй 32.93 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. С ХХК  гэрээнд заасан 175.11 м.кв-аас 32.93 м.кв талбай дутуу шилжүүлж, гэрээ болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчсөн тул дутуу 32.93 м.кв талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008-10-31-ний өдөр С ХХК-тай  хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175.11 м.кв талбайн зургийг харж 1 м.кв-г 1.800 ам.доллараар тооцож 315.198 ам.долларыг төлж хөрөнгө оруулсан. Энэхүү оффисын зориулалттай талбайг охиныхоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад зориулан түүний өмнөөс захиалж гэрээ хийсэн. Уг барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу зэргээр С ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн. Төлбөр бүрэн төлөгсөн байгаа. Хариуцагч гэрээнд заасан үйлчилгээний талбайг шилжүүлээгүй тул зөрүү мөнгөө буцаан шаардаж байна. Энэ нэхэмжлэл үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй. Н.Б нь манай компанитай 2008-10-31-ний өдөр Пийс тауэр /Peace tower/ барилгаас 3 давхрын 309 тоот 175.11 м.кв талбайг захиалж, гэрээ байгуулсан. Гэрээ нь Ц.Н, С ХХК-ийн хооронд хийгдсэн. Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 2013 онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн Уран-Асар ХХК хэмжилтийг орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй. Зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00783 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 106.693.200 төгрөг гаргуулж Ц.Нэд олгож, С ХХК-д холбогдох Н.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691.410 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 691.410 төгрөг гаргуулан Ц.Нэд олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1019 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Нэхэмжлэгч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “... шинжээч томилуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг 2018-01-23-ны өдрийн 101/Ш32018/01840 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож, маргааныг шийдвэрлэхдээ “Уран-Асар” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь ИХШХШТХуулийн 38.6, 40.2-г зөрчсөн...” гэжээ. Хариуцагч тал “...гэрээ байгуулах үед талбайн хэмжээг тооцдог аргачлал өөр байсан. МNS6058:2009 стандарт нь 2010 оноос хэрэгжиж орон сууцны талбайн хэмжээг тооцохоос үйлчилгээний талбайг тооцоход хамаарахгүй” гэж  мэтгэлцсэн боловч тайлбараа нотлоогүй. ИХШХШТХ-н 25.2.2, 38.1-т  зааснаар  тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 42.1-н шаардлагыг хангаагүй. Хариуцагч  баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч хүсэлтийг шүүх ИХШХШТХ-н 105.1, 123.1-р эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, захирамж гаргасан  нь хууль зөрчөөгүй, зохигч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байна.  Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь ИХШХШТХ-н 40.1, 116.3-г зөрчсөн. ИХШХШТХ-г 40.2 нь хэргийн оролцогчдын гаргасан, цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэх асуудлыг зохицуулсан гэж ойлгож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх  хэргийн оролцогчдын хүсэлтээр  бүрдүүлэх ажиллагааг шүүх  хийх чиглэл өгч байгаа нь ИХШХШТХ-н 38.6-г зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Уран-Асар” ХХК-ийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн, хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн байх шаардлагыг хангасан, хариуцагч талаас үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтыг хэрхэн яагаад үгүйсгэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэсэн нь ИХШХШТХ-н 118.4-г зөрчсөн. Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан МNS6058:2009 стандартыг 2010-12-01-ний өдрөөс эхлэн “С” ХХК нь үйл ажиллагаандаа дагаж мөрдөөд 3 жил 3 сар 15 хоног өнгөрсний дараа буюу 2013-03- 15-ны өдөр нэхэмжлэгч  эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авсан. Хариуцагч талаас хэмжилт хийсэн байдал, мөрдөгдөж байсан стандартыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлалаа нотлоогүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Н.Б, Ц.Н нар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, “...175.11 кв.м  талбай худалдан авсан боловч 32,93 кв.м дутуу байна...” гэсэн үндэслэлээр “С” ХХК-с 32,93 кв.м талбайн үнэ 59,274 ам.доллар буюу 106,693,200 төгрөг шаарджээ. /хх 1, 43/

       Анхан шатны шүүх Ц.Нийн нэхэмжлэлийг хангаж, Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. 

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Анхан шатны шүүх “Уран-Асар” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын  24-ний өдрийн дүгнэлтийг үндэслэл болгохдоо уг бичгийн баримтыг С ХХК, Ц.Н нарын хооронд 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй харьцуулж үзээгүй нь дутагдалтай болжээ. 

        С ХХК, Ц.Н нарын хооронд 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.1-с үзвэл  гэрээний зүйл нь 175.11 кв.м хэмжээтэй байх бөгөөд үүнд нийтийн эзэмшлийн талбай багтсан байна. 

        Харин “Уран-Асар” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд “...агуулахын хэсэг 24.83 кв.м., үйлчилгээний заал 117.35 кв.м...” гэсэн байх бөгөөд үүнд нийтийн эзэмшлийн талбай багтсан эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл болсон 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  гэрээнд “...агуулах... үйлчилгээний заал...”-ны талаар ямар нэг заалт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ. 

        Иймд “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн...”  гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр  Ц.Нийн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангахгүй орхив.    

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Жавзмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 691.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ