Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/214

 

          

 

 

                           

        

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт  заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2025000000231 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-р байрны ард байрлах авто зогсоол дээр дуудлагаар очиж хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийг эсэргүүцэж албаны хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжид нь халдсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Би зарим юмаа мэдэхгүй байгаа. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 3-5-р хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6-р хуудас/

-Шүүгдэгч М.Бын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 7-р хуудас/

-“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210059 дугаартай ...Цагдаагийн газраас алба хаагч нарын гар дээр олгосон энгэрийн хяналтын камерын үнэ ханш 280,000 төгрөг, цагдаагийн дүрэмт хувцас буюу хөх цэнхэр өнгийн богино ханцуйтай даавуун цамцны үнэ ханш 60,000 төгрөг, цагдаагийн дүрэмт хувцасны гадуур өмсөж хэрэглэдэг зуны шаргал торон хувцас 35,000 төгрөг нийт 375000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 10-15-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 391 дугаартай “...Э.Ууганбаярын биед хүзүү, зүүн эгэмний  дор  цус хуралт, хүзүү, баруун гарын шуунд зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүний гэмтэл нь хүзүүг боох үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/

-Хохирогч Э.Ууганбаярын мэдүүлсэн “...Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын төв 102 утаснаас оройн 21 цаг 30 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-15-р байрны ард байрлах цэнхэр аптек руу орох зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг жолооч замаар хөдөлгөөнд оролцоод явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч дээрх дуудлагын дагуу очсон. Шалгахад осол гаргасан гэх иргэн Б нь дуудлага мэдээлэл өгсөн гэх иргэн Баярхүүг хэл амаар доромжилсон байдалтай зогсож байсан юм. Тэр үед би тухайн маргаж байсан Б болон Баярхүү нарт анхааруулж та нар битгий хэрүүл маргаан үүсгээд бай гэж хэлээд дээрх хоёр иргэнд бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсан юм. Гэтэл Баас бичиг баримтыг шалгахаар түүнээс шаардахад миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй урдаас эсэргүүцсэн юм. Тэгээд албаны машинд суулгах гэхэд хамт явсан хоёр эмэгтэй нь бас тал талаас суулгаж явуулахгүй гээд эсэргүүцсэн энэ эсэргүүцэж байх үед нь шаардлага эсэргүүцсэн гэх Б нь миний хамран тус газарт өөрийн баруун гараараа нэг удаа цохиж авсан бас өмсөж явсан цамц, гадуур хантаазыг минь урсан, энэ үед миний баруун энгэрт зүүж явсан жижиг оворын хяналтын камерыг гараараа татаж газарт унагааж арын суурь тогтоогчийг хугалж гэмтээсэн юм.,.375 000 төгрөг М.Б нь  бүрэн төлж барагдуулсан. Одоо бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26-р хуудас/

-Гэрч Б.Мянгаагийн мэдүүлсэн...Бын бичиг баримт болон гаргасан зөрчлийг нь үндэслэж албаны машиндаа суулгаж авч явах асуудлаас болж найз Б явахгүй гэж эсэргүүцэж бичиг баримтаа цагдаа нарт шалгуулалгүй маргасан эсэргүүцсэн асуудал болсон юм. Б нэг цагдаатай ноцолдож улмаар биед нь гар хүрч цохих, хувцаснаас нь нааш цааш таталцаж байх үеэр нэг цагдаагийн дүрэмт хувцас энгэрийн камер албаны тусгай хэрэгслийг нь газарт унагаан эвдэж хохирол учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р хуудас/

-Гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлсэн ...Б нь шалгуулахгүй надад үнэмлэх байхгүй гэх шалтгаанаар цагдаа нартай маргасан, уг маргаан нь улам даамжирч Б нь хоёр цагдаагийн аль нэгтэй арай илүү маргаж дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл гэх энгэрийн камер зэргийг эвдэж гэмтээсэн үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-р хуудас/

-Гэрч Т.Төгсболдын мэдүүлсэн ...Мэдээлэл шуурхай удирдлагын төв 102-аас  Бүрэнбүст баг 5-15-р байрны ар талын машин зогсоол дээр согтуу жолооч машин мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсэн юм. Тэгээд бид хоёр хоёулаа хамт уг дуудлаганд очиход цайвар цэнхэр  өнгийн гэр бүлийн “Тоуоta Alphard” маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд мөргүүлсэн гэх Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой хэрүүл маргаан үүсгэж байсан юм. Тэр үед манай алба хаагч Э.Ууганбаяр нь тухайн согтуу жолоочид шаардлага тавьж бичиг баримтыг нь шалгах гэхэд тэр согтуу жолооч залуу би бариагүй надад бичиг баримт байхгүй гэж ажлынхаа үнэмлэхийг гаргаж ирэн худлаа яриад байсан юм. Тэгээд бичиг баримтыг шалгах гэсэн асуудлаас болж тэр согтуу жолооч манай цагдаа Э.Ууганбаяртай хэрүүл ам хийж эсэргүүцэж хэл амаар доромжилж улмаар Э.Ууганбаярын биед болон хувцас хэрэглэл эд зүйлд нь халдаж цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. миний хувьд би хамт явсан 2 эмэгтэйд шаардлага тавьсан, харин нэг согтуу залууд Э.Ууганбаяр цагдаа маань шаардлага тавьсан энэ үед нь Ууганбаярыг тэр согтуу залуу биед нь халдаж гар хүрч цохисон бас албаны хантааз цэнхэр цамц хувцсыг нь урсан, мөн биед нь халдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч М.Б нь 2020  оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-р байрны ард байрлах авто зогсоол дээр  бусадтай маргаан үүсгэх үед нь албан үүргээ биелүүлж   дуудлагаар очсон хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэж албаны хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжид нь халдаж 375,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн   мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч М.Б нь дуудлагын дагуу очсон цагдаа Э.Ууганбаярын бичиг баримтаа шалгуулах хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж энгэрийн хяналтын камерыг нь эвдэж, дүрэмт хувцасыг нь урж 375,000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 Шинжээч “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210059 дугаартай дүгнэлтэд хохирогчид учирсан нийт хохирол 375,000 гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь нотлогджээ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч М.Бын гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу М.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-р байрны ард байрлах авто зогсоол дээр дуудлагаар очиж хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийг эсэргүүцэж албаны хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжид нь халдсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж  5400  нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг саналыг зөвшөөрч байна. 12 сарын хугацаанд төлөх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 375,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч Э.Ууганбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүтэн 3 ширхэг хөх өнгийн хуванцар товч, хагарч 3 хэсэг хуваагдсан хөх өнгийн товч 1 ширхэг, хар өнгийн нүдний шилний 1 ширхэг гуя зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт М.Быг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  12 сарын хугацаанд сард 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бүтэн 3 ширхэг хөх өнгийн хуванцар товч, хагарч 3 хэсэг хуваагдсан хөх өнгийн товч 1 ширхэг, хар өнгийн нүдний шилний 1 ширхэг гуя зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ