Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

  2020         08           04                                   2020/ШЦТ/729     

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Д.Э, Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1, 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржсүрэнгийн Э, Сартуул овгийн Баярбатын Б нарт холбогдох эрүүгийн 1909046070882 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй.бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжингийн 6 дугаар гудамжны 1456 тоотод оршин суух, урьд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 843 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Доржсүрэнгийн Э, /РД:ИВ93112011/,

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бест буйдан ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 9 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Сартуул овгийн Баярбатын Б, /РД: ФБ96041333/,

            Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайс" зочид буудлын гадна иргэн Л.Бямбасүрэнтэй маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс зочид буудлын гадна иргэн Д.Э, А.Мөнгөнтуул нартай маргалдаж, улмаар Мөнгөнтуулыг өшиглөж унаган хөл, гар, цээжин тус газарт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь бугалга, бугуйн үе, сарвуу, гуя шилбэ хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1909046070882 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Санрайс зочид буудлын доор байрлах караокед орж 4 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс гарах гээд байж байхдаа гадаа үүдэнд хүмүүстэй маргалдаж улмаар цохилцож зодолдсон. Тухайн үед би хар өнгийн куртиктэй залууг гартаа атгасан чулуугаараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. Тухайн үед би архи их уучихсан нилээн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…намайг Санрайс зочид буудал руу ширээ үзэхээр ороход Э гэж залуу ардаас дуудаад үгээр идээд байхаар нь хэрэлдээд бүгдээрээ над руу дайрахаар нь тухайн үед би ганцаараа байсан болохоор тонгойгоод гар хөлөө сарвалзуулсан хэнийг цохисноо мэдэхгүй байна хүн цохих нь цохисон. Тэгэхэд Мөнхтуул, Э 2 надад цохиулаад гэмтсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Бямбасүрэнгийн “...Э гэх нэртэй залуу гартаа атгасан чулуугаараа миний зүүн нүд рүү 1 удаа цохиж гэмтэл учруулсан"  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогч Д.Эын “...өндөр хүрэн өнгийн куртиктэй залуу гараараа миний нүүр хэсэгт цохисныг санаж байна. ...Өндөр улаан хүрэн өнгийн куртиктэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хохирогч А.Мөнгөнтуулын “...өндөр улаан куртиктэй залуу нь манай ажлын Батгэрэлтэй маргалдахад би дундуур нь ороод боль гээд салгах гэхэд дундуур нь гар орж ирээд Батгэрэлийг цохисон. Тэгээд тэр залууг би түлхээд Батгэрэлийг босгох хооронд нөгөө залуу миний араас хөлөөрөө өшиглөөд намайг газар унасан байхад ахиад хөлөөрөө хөл гар цээж хэсэг рүү өшиглөсөн. ...гэмтлийг улаан өнгийн кууртиктэй өндөр залуу орох хэсгийн хоёр хаалганы хоорондох жижиг хэсэгт намайг хөлөөрөө өшиглөж бэртэл гэмтэл учруулсан. Эыг улаан куртиктэй залуу 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Г.Хилчинбаатарын “...Э хар өнгийн куртиктэй залуутай зодолдож байсан, тэгэхлээр нь би дундуур нь орж салгаад Эыг аваад таксинд суугаад гэрт нь хүргэж өгсөн. Бараан өнгийн куртиктэй залуу Э луу заагаад танай энэ залуу миний нүд рүү чулуугаар цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Аззаяагийн “...бараан өнгийн куртик өмссөн залуу /Л.Бямбасүрэн/ танай улаан куртик өмссөн /Э/ залуу миний нүдийг чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. ...Бараан өнгийн куртиктй залуугийн нэг нүд нь хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батгэрэлийн “...улаан хүрэн өнгийн куртиктэй залуутай таарсан. Тэгээд тэр залуутай би ам мурийж тэр залуу миний нүүр, толгой, нуруу руу цохиод байж байхад цаанаас Э ирээд Бтай барилцаж аваад хоорондоо харилцан зодолдсон. ...Э, Б хоёр муудалцаж байхад Мөнгөнтуул голоор нь ороод салгаж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №51 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

            1. А.Мөнгөнтуулын биед бугалга, бугуйн үе, сарвуу, гуя, шилбэ, хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №25 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

            1. Л.Бямбасүрэнгийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи хацарт зөөлөн эдийн няцрал зүүн доод зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №93 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

            1. Д. Эын  биед  тархи доргилт,  баруун зүүн нүдний зовхины цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайс" зочид буудлын гадна иргэн Л.Бямбасүрэнтэй маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс зочид буудлын гадна иргэн Д.Э, А.Мөнгөнтуул нартай маргалдаж, улмаар Мөнгөнтуулыг өшиглөж унаган хөл, гар, цээжин тус газарт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь бугалга, бугуйн үе, сарвуу, гуя шилбэ хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Мөнгөнтуул, Д.Э, Л.Бямбасүрэн нарын мэдүүлэг, гэрч Б.Батгэрэл, Б.Аззаяа, Т.Хилчинбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №25, №51, №93 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б. Быг  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус  тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Б.Б, Д.Э нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн,  зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх Б.Б, Д.Э нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгийн торгох ялаар, Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгийн торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч  Д. Эыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Д. Э нь 843 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулын ялаас 140.000 төгрөгийн төлсөн талаар мэдүүлж байх тул төлөгдөөгүй үлдсэн 320.000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулын ялд нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нар нь  нь гомдол саналгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б.Б, Д.Э нартай эвлэрсэн талаар хүсэлт гаргаж өгсөн, шүүгдэгч Б.Б, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4  дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Сартуул овгийн Баярбатын Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгий хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д. Эын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 320.000 / гурван зуун хорин мянга / төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600. 000   /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн  ялын хэмжээг 920.000 / есөн зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 920 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 920.000 /есөн зууун хорин мянга / төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5  /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э, Б.Б нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН