Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 640

 

 

     2020        07         02                                    2020/ШЦТ/640 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шинжээч эмч: Ц.Ганболд;

хохирогч: Ө.Болортуяа, түүний өмгөөлөгч Н.Баатардорж;

шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Өнө Оюу-Эрдэнэ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, 2 хүүхэд, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.О.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх барьцаалан зээлдүүлэх газрын байранд Ө.Болортуяатай маргалдан улмаар түүний толгойтой үснээс нь зулгааж чирэх, гараараа цохих, хаалга мөргүүлэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Н.Батсайхан бид 2 ломбард хамт ажиллуулдаг. Тусдаа данс тооцоотой. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Н.Батсайханы ажлыг тарахаар хамт явах гээд хүлээгээд сууж байсан. Тэгтэл гаднаас Ө.Болортуяа орж ирээд “арчаагүй царайлсан юм чинь, хүүхдийн мөнгөө авъя” гэж Н.Батсайханд хэлсэн. Тэгтэл Н.Батсайхан “400.000 төгрөг данс руу чинь хийчихлээ” гэж хэлэхэд Ө.Болортуяа “мөнгө орохгүй байна, мессеж ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд над руу хараад “арчаагүй янхан цуглууллаа” гэж хэлсэн. Би Ө.Болортуяад 4 дэх удаагаа ингэж доромжлуулж байна. Өмнө нь 2, 3 ч удаа цагдаа дуудаж өгч байсан. Өөрөө гар утсаа барьж орж ирээд л бичлэг хийдэг байсан. Намайг “эрчүүдийг сааж амьдардаг, нөхөр нь үхчихсэн арчаагүй амьтан” гэж хэлсэн. Ер нь тэнд байсан хүн болгоныг элдэвээр хэлж хараасан. Энэ хоёрын хүүхдийн мөнгөний асуудал надад огт хамаагүй. Би Ө.Болортуяад “мөнгөө авчихсан бол гарчих” гэж хэлсэн. Тэгтэл нүүрэн дээр тулж зогсчихоод “хөх, бөгс нь язарсан бузар эм” гээд байсан. Би “алив холд” гээд утсаа цэнэглэх гээд доошоо тонгойтол миний өгзөг, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Би эргэж хараад өөрийгөө хамгаалахын тулд үснээс нь зулгаасан. Надад хүнийг хаалга мөргүүлэх хүмүүжил байхгүй. Бид 2 зууралдсаар байгаад хашааны гадаа гаргаад явуулсан. Ө.Болортуяа хэрүүл хийх гэж байнга шалтаг хайж ирдэг байсан. Хүүхдийнхээ мөнгөний асуудлыг нөхөртэйгээ ярьчихаад гараад явчихгүй хүний тэвчээрийг алдтал элдэвээр доромжлох ямар хэрэгтэй юм бэ. Намайг эхлээд өшиглөсөн болохоор л ийм зүйл болсон. Би гаргахын тулд л үснээс нь чирсэн. Батсайхан бид хоёрыг салгаагүйн учир нь “бүлэглэж зодсон гээд гомдол гаргачихна” дэмий гээд байсан. Адилхан зууралдаж байгаад миний цээжин дээр маажсан байсан. Миний цээжин дээр 2 хэсэг шархалсан улаан хумсны шарх байсан. Тухайн үед шинжээч эмчид үзүүлээгүй. Бие биетэйгээ харилцан зодолдсон л гэж үзэж байна. Өөрөөр өс хонзон санасан зүйл байхгүй. Салсан нөхрийг нь эртнээс мэддэг байсан. Байнга л мөнгө нэхдэг байсан. Тэр болгондоо хажууд сууж байсан хүмүүс рүү дайрдаг байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Болортуяа мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр салсан нөхрийнхөө ажиллуулдаг “Од” нэртэй ломбард руу орсон. Батсайхан сар гаруй хугацаанд хүүхдийнхээ тэтгэмжийг өгөөгүй байсан. Тэгээд ортол Б.О 2 залуутай хөзөр тоглоод сууж байсан. Наана нь Батсайхан сууж байсан. Би Батсайханг  “хүүхдийн тэтгэмжээ яагаад өгөхгүй байгаа юм бэ, хугацаандаа өгөхгүй нэхүүлээд байх юм” гэж хэлэхэд “бэлэн мөнгө байхгүй байна, данс руу чинь шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд мөнгө орж ирэхийг хүлээгээд зогсож байхдаа “орж ирэх болгонд янз бүрийн хүмүүс цуглуулчихсан мөрийтэй тоглоод сууж байх юм аа” гэхэд Б.О “чи хүүхдийнхээ л мөнгийг авна биз, бид нарын тоглох чамд ямар хамаатай юм” гээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд гэнэт босож ирээд “мөнгө чинь шилжиж орсон бол зайл” гэж хэлээд миний үснээс зулгаагаад чирч гаргаад үүдний төмөр хашаа руу мөргүүлсэн. Намайг салахаас өмнө Б.О нь манай нөхөртэй хайр сэтгэлийн холбоотой, байнга утсаар ярьж, мессеж бичдэг байсан. Ийм байдалтай нь олон жил болоод сүүлдээ салахаас өөр арга байгаагүй. 2019 онд шүүхээр шийдвэрлүүлээд тэтгэмж тогтоолгосон. Намайг ломбардаар нь байнга орж хэрүүл хийдэг гэж байна. Би байнга ороод хэрүүл хийгээд байдаггүй. Сар сардаа хүүхдийн тэтгэмж авахдаа л очдог байсан. Миний толгойн орой хэсгийг юу ч үгүй зулгаагаад авчихсан. Монголд үс шилжүүлэн суулгадаг 2 эмнэлэг байдаг. Үсний булцуу нь 6 сараас 1 жилийн хугацаанд төлжиж дуусдаг. Эхний ээлжинд булцууны эмчилгээ 1.070.000 төгрөгөөр хийлгэсэн. Эмчилгээний зардал болох 1.070.000 төгрөгийг авах хүсэлтэй байна. Үс шилжүүлэн суулгахад 5.000.000-20.000.000 төгрөг байдаг. Иймд цаашид үс шилжүүлэн суулгахаар бол уг зардлыг нэхэмжилж байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ: “...Үс ургаагүй тохиолдолд гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Зулгаралт түр хугацаанд сарниулна. Зарим хэсэг нь төлжихгүй байсан ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Болортуяа /хх-ийн 4/, гэрч Н.Батсайхан /хх-ийн 9, 10/, гэрч Л.Онолбаатар /хх-ийн 27/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3826 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4859 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 12, 14-15/, Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Б.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Од” ломбарданд иргэн Ө.Болортуяатай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

   хохирогч Ө.Болортуяагийн /хх-ийн 4/: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний орой “Од” ломбардад салсан нөхөр болох Н.Батсайханаас хүүхдийн тэтгэмжийн мөнгөө авах гээд орсон. Б.О гэх хүүхэн хажууд нь 2 залуугийн хамт хөзөр тоглоод сууж байсан. Манай салсан нөхөр компьютерийнхээ ард сууж байсан. Би “тэтгэмжээ авъя” гэсэн чинь Б.О “ямар ядаргаатай юм бэ, байнга тэтгэмжийн мөнгө нэхэж байх юм, зайлаач” гэж хэлэхээр нь “мөнгөө авчихаад гарна” гэж хэлсэн. Манай салсан нөхөр “мобайл банкаар хийнэ” гэж хэлсэн.  Тэгсэн чинь Б.О хүрч ирээд “чамайг зайл гэж байгаа юм биш үү” гээд миний үснээс чирээд гадагш гаргасан. Тус ломбардны шатан дээрээс түлхээд унагаасан. Би босоход дахиж намайг үсдэж аваад доош нь дараад байсан. Мөн ломбардны гаднах төмөр хаалга руу түлхээд намайг мөргүүлээд байсан...” гэх мэдүүлгээр,

 

   гэрч Н.Батсайханы /хх-ийн 9, 10/: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний орой манай ломбардад Б.О сууж байхад салсан эхнэр Ө.Болортуяа орж ирээд надаас хүүхдийн тэтгэмж нэхсэн. Би “дансаар шилжүүлье, бэлнээр өгөхгүй” гэж
хэлэхэд Б.О хажуугаас “дансаар шилжүүлсэн нь дээр байдаг юм байна
лээ” гэж хэлсэн. Тэгтэл Ө.Болортуяа Б.Оад “чам шиг янханд хамаагүй” гээд
маргаад эхэлсэн. Б.О утсаа цэнэглэх гээд боссон чинь нэг удаа
өгзөг рүү нь өшиглөсөн. Б.О эргэж хараад үснээс нь зулгаагаад авсан.
Тэр 2 зууралдаад гараад явсан. Цааш нь юу болсныг мэдээгүй. Би маргаанд
оролцохыг хүсээгүй. Удалгүй Ө.Болортуяаг цагдаа ирээд аваад явсан. Тухайн хэрэг
болсон өдөр өрөөнд ...Л.Онолбаатар, Хатанбаатар гэх 2 хүн байсан.  Хэрүүл маргаан эхлэх шинжтэй болох үед тэр 2 гараад яваад өгсөн. ...тэд болсон асуудлын талаар мэдэхгүй. ...Би тухайн “Од” ломбардыг ажиллуулдаг. Манай ломбардад ямар нэгэн эвдэрсэн эд зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Онолбаатарын /хх-ийн 27/: “... хэрүүл эхлэх үед найз Хатанбаатар бид 2 гараад явчихсан. Бид нар зодооныг хараагүй...” гэх мэдүүлгээр,  

 

Б.Оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25-26/: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх нэртэй ломбарданд ...Н.Батсайханы салсан эхнэр Ө.Болортуяа гэх хүүхэн орж ирээд Н.Батсайханаас “хүүхдийн мөнгө өг” гээд нэхээд орилоод хашгираад байсан. Н.Батсайхан Ө.Болортуяад “400.000 төгрөг мобайл  банкаар хийчихье” гэж хэлсэн. Ө.Болортуяа “бэлнээр авна” гээд зогсоод байсан. Н.Батсайхан Ө.Болортуяагийн данс руу мөнгө хийсэн. ...Н.Батсайханыг “арчаагүй хүүхдийнхээ мөнгийг өгчихгүй, янханууд цуглуулаад” гэж хэлэхээр нь “чи мөнгөө авсан юм бол одоо гарчихаач, хэрүүл хийгээд зогсоод байх юм” гэж хэлсэн чинь миний нүүрэнд тулж ирээд шүлсээ үсэргээд юм яриад байхаар нь “чи цаашаа зогс” гээд түлхсэн. ...Би сууж байсан газраасаа босоод утсаа цэнэглэх гээд тонгойсон чинь миний араас өшиглөсөн. Би түлхээд “гар” гэсэн чинь “гарахгүй” гээд нүүр ам маажих гээд зогсоод байсан. Би үснээс нь дараад тонгойлгож байгаад хаалгаар түлхээд гаргасан. ...дахиад над руу дайраад хэрүүл хийгээд байхаар нь ломбардны гадаа дахиад үстээд цааш нь түлхээд ломбардны гадна хашаанаас түлхэж гаргасан...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Болортуяагийн биед “тархи доргилт, хуйх, сарвууны зулгаралт, баруун бугалаганы цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3826 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 1.070.000 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж хохирогч Ө.Болортуяад олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн хохирогч Ө.Болортуяа нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан буюу бусдыг хэл үгээр дайрч доромжилсон, хэрүүл маргааныг анхлан өдөөж, шүүгдэгчийн биед эхэлж халдсан зэргээс үүдэн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 1.070.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Болортуяад олгож, хохирогч Ө.Болортуяа нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                              

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ