Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/227

 

                                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч Ж.Батхүү

            Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2025002580207 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 6.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг залилж авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Эрдэний мэдүүлсэн, миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.Батхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Б манай эхнэрийн машинаар таксигаар үйлчлүүлж байхдаа “Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, ажилд оруулж өгч болно” гэж хэлсэн байсан. Тэгээд машинаа зараад 7,0 сая төгрөг өгсөн. Оффис  дээр нь очсон, РСЦ-ийн дарга болж байгаа гэсэн тул итгэсэн.7,0 сая төгрөг аваад алга болсон.1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Сая 4 сард 1,000,000 төгрөг өгсөн. Одоо 6,000,000 төгрөгөө барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Батхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Би эхнэрийн хамт Зэст багийн 1-4-р байрны хажууд байх “Их мандал” төвийн хажууд албан газар очиж уулзаж байсан. Тухайн үед эхнэр маань нэг ажилд оруулж өгөх хүн оллоо, нүдэнд дулаахан хэрнээ баталгаатай  ажилд оруулж өгөх хүн байна гэхээр нь дагаад явсан. Очиход нөгөө Б гэх залуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн авто тээврийн байгууллагад ажилд оруулж чадна гэсэн, миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргийг канондож авсан. Би Эрдэнэт үйлдвэрт РЦС-ийн даргаар ажилладаг, Эрдэнэт үйлдвэрийн дарга нарыг хэлээд танина, яриад өгье гэсэн. Эхнэр бид хоёр тухайн үед мөнгөгүй байсан, нөгөө залуу мөнгө бэлдээд ир, мөнгө их хэрэг болоод байна гээд 15.000.000 төгрөг нэхсэн. Тэгээд Б нь би хот явах хэрэгтэй байна, таны ажлыг хөөцөлдөөд нааштай хариу өгнө гэхээр нь би өөрийнхөө Истана маркийн 90-37 ОРО дугаартай машиныг Дорнод аймаг руу 8.000.000 төгрөгөөр зарсан. Бд Хүрэнбулагийн ХААН банкны гадаа өөрийнх нь машинд 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш 20-иод хоногийн дараа 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь дахин өгсөн. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

- Гэрч Н.Одонцэцэгийн мэдүүлсэн...2019 оны 03 дугаар сард миний таксинд сууж явсан Д.Б гэх залуутай танилцсан. Манай нөхөр Батхүүг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Авто тээврийн байгууллагад жолоочоор оруулж өгнө гээд бэлнээр 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 6,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Нийт 7.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш ажилд оруулах гэж байна, бүтэх гэж байна гэсээр өдий хүрсэн. Б нь нөхөр бид хоёрт өөрийгөө РЦС-ийн даргаар томилогдох гэж байгаа, өөрийнх нь танил Ашигт малтмалын газрын дарга Хэрлэн гэдэг хүн үйлдвэрийн захирлаар томилогдох гэж байгаа мэтээр итгэл төрүүлэн худлаа ярьсаар өдий хүрсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

-Шүүгдэгч Д.Б болон хохирогч Ж.Батхүү нарын зурвасаар харилцсан тухай баримт /хх-ийн 26-31-р хуудас/

-Д.Бат-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би Батхүү гэх хүний эхнэр Одноо гэх эмэгтэйтэй 2019 оны 04 дүгээр сард таксинд сууж байгаад танилцсан. Таксинд суугаад гар утсаараа ярьж байхад нөгөө эмэгтэй нөхрийгөө Эрдэнэт үйлдвэрт оруулмаар байна гэсэн санал тавихад гар утсаа солилцоод буусан. Хэд хоногийн дараа Одноогийн нөхөр над руу яриад Зэст багийн 1-32 тоот барилгын 1 давхарт надтай ирж уулзсан. Уулзаад өөрсдийнхөө талаар ярьсан, тэгээд би жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэргийг хуулбарлан авч үлдсэн. Ажилд орчихвол хэдэн төгрөг өгмөөр байна гэхээр нь надад мөнгөний хэрэг байсан тул тэр мөнгийг нь аваад барилга ашиглалтад орохоор эргүүлээд өгч болох байх гэж бодсон. 2019 оны 04 сарын сүүлээр 6.000.000 төгрөгийг бэлнээр Хүрэнбулагийн ХААН банкны гадаа, дараа нь 5 сарын эхээр 1.000.000 төгрөгийг машин дотор бэлнээр авсан. Би Батхүү гэх хүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Авто тээврийн байгууллагад ажилд оруулах гэж оролдоогүй, хүнтэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйлбаримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б нь  Ж.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө, РСЦ-ийн даргаар очих гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 6,000,000  төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэний бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож “ажилд оруулна, РСЦ-ийн дарга болох гэж байгаа” гэж худал ярьж итгэл төрүүлэн мөнгө авсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч Д.Бат-Эрдэний үйлдлийн улмаас Ж.Батхүүд 7,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын хооронд гар утасны зурвасаар харилцсан мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бусдыг ажилд оруулж өгнө гэж бусдыг хуурч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

                Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд, гомдлыг барагдуулна, торгуулийн ял оногдуулна уу, би их гэмшиж байна гэжээ.

            Шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

            Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Ж.Батхүүд нийт 7,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул шүүгдэгчээс 6,000,000 төгрөг гаргуулахаар заалаа.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнийг 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 60 хоногийн хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаан / цагаар  Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй  болгож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэс 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж хохирогч  Ж.Батхүүд /Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрагын 14-10 тоот, ЧО82043018/-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ