| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0526/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 645
2020 07 03 2020/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: Б.Мөнгөншагай;
шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч А.Ганзориг;
шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 166 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаатай хорих ял тус тус оногдуулж, 6 сарын хугацаатай хорих ялд 25.000 төгрөгөөр торгох ялыг багтааж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сарын хорих ялд 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар урьдны таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2010 оны 03 дугаар сарын 30-нд хугацаа дуусч суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлж суллагдсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан, , хэрэг хариуцах чадвартай, Н.А;
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, урьд
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, А.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Н.А 2018 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар буудлын урдах цэцэрлэгт иргэн Г.Базаргүрийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж гар утсыг нь дээрэмдэн авч 1.112.000 /нэг сая нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-яллагдагч Н.А, А.Б нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр 09-өөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны урдах талбайд иргэн Х.Баасанжаргалд хоолойноос боох, нүүр лүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж “Эл Жи К-4” маркийн гар утсыг нь дээрэмдэж 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Би А.Бтой хамтарч үйлдсэн гэх хэрэгт оролцоогүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээд таслагдаад явсны дараа Базар гэх хүн энэ хэргийн талаар асуусан. Тэгэхэд нь би дээрэм хийгээгүй гэдгээ хэлсэн. Хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ганцааараа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “....Би хэрэг гарах өдөр хохирогч Х.Баасанжаргалтай хамт Цагдаагийн газар очсон. Тэгэхэд Мөнхсонор гэх байцаагч “энэ хүнд хамааралтай бол батлан даалтанд гараад удаагүй дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорино шүү” гэж сануулж байсан. Хохирогч Х.Баасанжаргал “энэ хүн хамаагүй” гэж хэлээд Өнөрөө, Самбуу, Энхээ бид нарыг явуулсан. Хохирогч яагаад намайг цохисон гэж гомдол гаргасныг ойлгохгүй байна. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Намайг ямар үндэслэлээр яллагдагчаар татсаныг прокуророор тайлбарлуулах хүсэлтэй байна. Гурван хүнийг гэрчээр асуусан тохиолдолд маш тодорхой болно. Ахлах дэслэгч Мөнхсонор гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахад бүх зүйл тодорхой болно. Би тухайн үед Н.А байсан гэж хэлснээрээ өнөөдөр буруутан болж байна. Таниулах ажиллагаа хийгээгүй. Би хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж чадахгүй. Надад хамааралгүй хэрэг учраас анхнаасаа тоогоогүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Базаргүр /1хх-ийн 18-20/, хохирогч Ж.Баасанжаргал /1хх-ийн 52-53, 168/, гэрч Н.Амаржаргал /1хх-ийн 149/, гэрч М.Даваажав /1хх-ийн 176/ нарын мэдүүлэг, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 30, 160/, таньж олуулах ажилллагаа цээж зургаар явуулсан тэмдэглэл /1хх-ийн 47-51/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 58-59, 172-173/, Н.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 3-4, 175/, А.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143, 169-170/, А.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 61, 73, 77-78, 100-106,145/, Н.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 62, 64, 112-131, 144, 177-184/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэнд иргэн Г.Базаргүрийн хоолойг боож хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн А.Бтой бүлэглэн 2018 оны 11 дүгээр 09-10-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Тусгаар тогтнолын ордны урдах талбайд иргэн Х.Баасанжаргалын хоолойноос боох, нүүр лүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж “Эл Жи К-4” маркийн гар утсыг нь авч 192.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Базаргүрийн /1хх-ийн 18-20/: “...Би 2018 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед Өгөөмөр захын урд өөрийн эзэмшлийн 8059 УНИ дугаартай
цайвар ногоон өнгийн “Приус 20” маркийн машинтай явж байхад 40 гаран насны эрэгтэй хүн гар өргөж машинд суусан. Тэр хүн “ах нь гарчаад ирье, оронд нь утсаа үлдээе” гэхээр нь “яах юм бэ, би хүлээж байя” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах машинаас буугаад Улаанбаатар зочид буудлын урд саадны хайсны дэргэд нэг бүдүүн эмэгтэйтэй уулзсан. Тэгтэл тэр эгч нөгөө ахыг тэвэрч газар унагаад утсыг нь ухсан. Тэр ах босож ирээд цаашаагаа явахаар нь би араас нь очоод “сая таны халаасыг ухаад байсан” гэж хэлтэл “мөнгө байгаа” гэж цаашаа яваад бутны цаагуур ороод алга болчихоор нь араас нь бутны цаагуур ортол миний араас нэг эрэгтэй хүн намайг боож газар унагасан. ...миний гартаа барьсан байсан гар утсыг булааж аваад цаашаа гүйгээд явсан. ...Хар өнгийн “Айфоне 7 плас” маркийн утсаа алдсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ж.Баасанжаргалын /1хх-ийн 52-53, 168/: “...Багшийн дээдээс талбай руу алхаж байх үед олон хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Би тухайн хүмүүсийг тойроод явж байсан. Гэнэт нэг нь гүйж ирээд намайг шууд хоолойноос боогоод авсан. Би “та нар яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “чи хэн юм бэ” гээд миний хоолойноос боосон. ...Би эргэж хараад заамдалцаад зогссон. Тэр залуу намайг “муу гөлөг минь ална шүү” гээд хажуу талын саад руу чирч ороод намайг газар унагаад миний дээр гараад миний халаас руу дайраад байсан. Би халаасан дээрээ гараа тавиад гар утсаа өгөхгүй байсан. Тэгтэл хажуу талаас нь үл таних бүрх малгайтай залуу гарч ирээд “наадахыг чинь ална” гээд намайг нэг удаа цохисон. Би “та нар ав ав” гээд халаасан дээрээс гараа авсан. Тэгтэл тэр хоёр залуу миний гар утсыг аваад босоод яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,
Н.Аын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 175/: “...тухайн үед би хүнтэй маргалдсан. Тэгтэл А.Б хажуунаас “ална, хядна” гэж ирээд тэр хүний эд зүйлийг аваад явсан. Энэ хэргийг би А.Бийн хамт үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр,
А.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 169-170/: “...би Багшийн дээдийн саадан дээр иртэл ...найз Самбуу, Өнөрөө, Энхээ гурав 1 шил архи уугаад сууж байсан. ...Би тэд нартай мэндлээд зогсож байтал зүс таних Н.А бид нар дээр ирж 100 грамм татаад “тамхи байгаа юу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлээд явуулсан. Бид нарын хойгуур өнгөрч явсан үл таних залуугаас тамхи асуугаад цуг цаашаа дагаад явсан. Тэгтэл удалгүй тэр залуутай бургас руу ороод зодолдоод байсан. ...Тэгээд нэг хартал Н.А доошоо гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг болон таньж олуулах ажилллагаа цээж зургаар явуулсан тэмдэглэл /1хх-ийн 47-51/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 58-59, 172-173/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар бусдын хүч хэрэглэсэн довтолгооны улмаас өөрсдийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогч нар өөрийг нь зодож эд зүйлийг нь авсан хүмүүсийг эргэлзээгүйгээр таньж олж, заасан, хохирогч нарын алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор бие махбодийн хүчирхийлэл (зодох, хоолойг нь боох) үзүүлэн довтолж буюу шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогч нарын гар утсыг авч буй Н.А, А.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс “Н.Атай бүлэглэж хохирогч Х.Баасанжаргалын гар утсыг дээрэмдсэн хэрэгт А.Б оролцоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч шүүх шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.
Хэрэгт авагдсан баримтаар Н.А нь хохирогч Х.Баасанжаргал дээр эхлэн очсон, хоолойноос нь боож саатуулан хоргоож улмаар А.Б хохирогчид хүч хэрэглэн “хутгалаад алчихъя” гээд нүүр рүү нь цохиж гар утсыг нь дээрэмдэхэд хамт байж дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдсэн нь тогтоогдсон, таньж олуулах ажиллагаагаар хохирогч нь Н.А, А.Б нарыг шууд заасан байх тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын хүсэлт, гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Н.А, А.Б нар хохирогч Х.Баасанжаргалд хүч хэрэглэж эд хөрөнгийг нь авсан болохыг нотолж байх бөгөөд “Х.Баасанжаргалыг дээрэмдсэн хэрэгт оролцоогүй” гэх А.Бийн тайлбар бодитой бус, хохирогчийн мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Г.Базаргүрийн 1.112.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Ааас гаргуулж хохирогч Г.Базаргүрт, хохирогч Х.Баасанжаргалын 192.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.А, А.Б нараас хувь тэнцүүлж гаргуулан хохирогч Х.Баасанжаргалд тус тус олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Н.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялаас 4 жил 23 хоногийг эдлээгүй,
шүүгдэгч А.Б нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялаас 2 жил 14 хоногийг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар шүүгдэгч нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж тэдний нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ат энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар 20 хоногийн хугацагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Н.Аын нийт эдлэх ялыг 7 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бид энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн А.Бийн нийт эдлэх ялыг 5 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, А.Б нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нийт 239 /хоёр зуун гучин ес/ хоног, шүүгдэгч А.Б нийт 239 /хоёр зуун гучин ес/ хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ааас нийт 1.208.000 төгрөгийг гаргуулж үүнээс 1.112.000 төгрөгийг хохирогч Г.Базаргүрт, 96.000 төгрөгийг хохирогч Х.Баасанжаргалд, шүүгдэгч А.Боос нийт 96.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баасанжаргалд тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А, А.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ