Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2025001540227 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Мг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Пирамид төвийн Скайтел салбарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн А.Ганчулууны I рhonе х маркын хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.400.000 төгрөгний хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мгийн мэдүүлсэн“... Би хулгай хийх бодол байгаагүй, S7 утас 220.000 төгрөгөөр авч өгч байсан. Ломбарднаас ярьсан байсан. Хөдөө байж байгаад нэг орж ирээд очиж уулзах гэж очсон. 20.000 төгрөгөөр ломбард аваад зарсан байна. Зөрүүлээд нэг утас орлуулаад өгчих гэсэн. Гэтэл тоохгүй байхаар нь дургүй хүрч ширээн дээр нь утас байхаар нь аваад гарсан. Орой гэртээ очиход цагдаа залгасан. Утсыг нь аваачиж өгсөн. Үйлдэл маань хулгай юм байна гэж ойлгож байна. Уг нь хулгай хийе гэж бодоогүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хулгай хийе гэж бодоогүй. Хууль мэдэхгүйгээс алдлаа. Маргахгүй” гэх мэдүүлэг,

 -Хохирогч А.Ганчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Согоот баг Пирамид төвийн скайтелын миний салбарт борлуулагчийн ажлаа хийж байхад нэг эгч хүүхдээ дагуулаад ирсэн ...Тэгэхээр нь би гайхаад надтай хэл ам хийгээд байсан яагаад юу ч хэлэхгүй гараад явчив гээд ажлын өрөөнд ороход ширээн дээр байсан I рhonе X загварын гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би сандраад араас нь гүйгээд гадаа гараад хартал эргэн тойронд харагдаагүй гүйгээд явчихсан юм шиг байсан ... Тэгээд би өөрийнхөө дугаар луу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7- р хуудас/,

...Би өөрийн алдсан гар утсаа 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авсан. Айфоне икс загварын хар өнгийн гар утсаа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, гар утсаа ажиллуулж үзэхэд ажиллагаа нь өмнөх шигээ хэвийн байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

-Насанд хүрээгүй гэрч П.Жамъяанпүрэвийн мэдүүлсэн ...2020 оны 02 сарын 19-ний өдөр би ээж Мгийн хамт гадуур ажил хөөцөлдөхөөр 14 цагийн үед гэрээсээ гараад город орсон юм. Тэгсэн ээж чи гар утсаа хаана тавьсан юм тэр ломбард руу чинь очъёо гэхээр нь ээжийг дагуулаад гар утсаа тавьсан ломбардаа зааж өгөөд Пирамид дээр очсон юм. Тэгээд ээж ломбардныхаа хүнтэй уулзаад насанд хүрээгүй хүүхдэд яагаад үйлчлээд гар утсыг нь тавиулсан юм хэдэн төгрөгөөр манай хүүхэд тавьсан одоо гар утас нь хаана байгаан гэж асуухад ломбардны хугацаа нь дуусаад зарагдсан гэхэд ээж хүлээлгийн 7 хоногийн хугацаа байгаа тэгээд тэр 7 хоног нь дуусахад эзэн рүү нь ядаж холбогдохгүй яасын 200.000 мянган төгрөгний гар утсыг 20.000 төгрөгөөр тавьчихаад юу гэж тэр чигт нь хаядаг юм тэрийг чинь авалгүй яадгийн гээд маргахад ломбардны хүн бид нар олон өдөр хүлээсэн дугаар луу нь хүртэл залгасан гэхээр нь би хөдөө байсан болохоор ирж чадаагүй юм гэхэд одоо өнгөрсөн бид нар мөнгөө гаргаад гар утсыг чинь гаргачихсан гэж хэлсэн ... Ээж гарч явахдаа би гар утсыг нь авчихсан энэ хүмүүс хүний эд хөрөнгөд болгоомжгүй хайхрамжгүй хандаж байхад бид нар зүгээр хохирч үлдэхгүй гэж байсан. Скайтелын өрөөнд ширээн дээр байхыг бол хараагүй ээж гар утсыг нь авсан гээд харуулахад нь харсан. I рhonе х маркын хар өнгийн утас байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Би өчигдөр буюу 2020 оны 02 сарын 19-ний өдөр хөдөө явчихаад өнөөдөр цагдаагаас холбогдож дуудахаар нь ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20/13 дугаартай...гар утасны үнэ 1.400.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 13-16-р хуудас/ -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/

 -Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-р хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/

 -Шүүгдэгч М.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн “...2020 оны 02 дугаар сарын 19- ний өдөр манай хүүхэд Жамъяанпүрэв гар утсаа барьцаалан зээлдүүдэх газар тавьсан гэдгийг нь хөдөөнөөс орж ирээд мэдсэн юм....Лотус төвийн байранд байх барьцаалан зээлдүүлэх газарт очиж уулзахад А.Ганчулуун гэх залуу байсан бөгөөд хүүгийнхээ гар утасны талаар асуухад тэрээр хугацаа хэтэрсэн учир, зарагдсан гэж хэлэхээр нь би манай хүүхэд насанд хүрээгүй, 200,000 төгрөгний гар утсыг 20,000 төгрөгөөр зараад байхдаа яадаг юм бэ гээд, би А.Ганчулуун гэх залууд хандан манай хүүгийн зарсан гар утасны оронд нь ойролцоо нэг гар утас өгчих гэхэд тэрээр гар утас өгөх боломж байхгүй, өгөхгүй гэсэн юм. Тэгээд би хүүгийнхээ гар утас барьцаалсан бичгийг нь үзье харъя гэхэд тэр залуу өрөөндөө хайгаад олоогүй юм. Тэгээд тухайн үед тэр залуутай ойлголцохгүй юм байна гэж бодоод тэр залуугийн ломбардны хажууд байсан өрөө рүү ороод ширээн дээр байсан хар өнгийн гар утсыг аваад гарчихсан юм. Тухайн үед би түүний гар утсыг хулгайлан авч ашиглая гэж бодоогүй, зарж үрье ч гэж бодоогүй юм...Би тухайн үед А.Ганчулуун гэх залуугийн гар утсыг авахдаа нууцаар хэлэхгүйгээр авсан нь үнэн, гэхдээ тэр гар утсаар барьцаалж байж хүүгийнхээ гар утсыг төлүүлж авна гэж бодож байсан юм. Би гар утсыг нь аваад ашиглаагүй, сим хийсэн зүйл байхгүй, унтраагаад биедээ хадгалж байсан юм. Тухайн үед манай хүү надтай хамт явж байсан боловч намайг гар утас авсан гэдгийг нь мэдээгүй, би гэрлүүгээ явж байх замдаа хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Согоот баг Пирамид төвийн Скайтел салбарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн А.Ганчулууны 1.400.000 төгрөгний төгрөгний үнэ бүхий I рhonе Х маркын гар утсыг ширээн дээр байхад нь нууцаар авч гарсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхэд санаатай хууль бусаар халдаж хохирол учруулсан болох нь нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 1.400.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч М.Мгийн бусдын эд зүйлийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Пирамид төвийн Скайтел салбарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн А.Ганчулууны I рhonе х маркын хар өнгийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хохирол төлөгдсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “Хулгай хийе гэсэн сэдэл байгаагүй. Ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Хохирол төлсөн. Хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Олон нийтийн ажил хийе” гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Ганчулуун нь гар утсаа буцаан авсан бөгөөд, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/-т авагдсан.

 Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт М.Мг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.АРИУНЦЭЦЭГ