Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01351

 

П.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 151 дүгээр шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: П.Б

         Хариуцагч: Уд холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сантехникч мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ улсад 20 гаруй жил, Уд 10 дахь жилдээ ажиллаж байсан юм. Хэдийгээр би тус сургуульд галч буюу машинистаар ажиллаж байсан боловч ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Гэтэл тус сургуульд шинээр томилогдсон захирал 2017-12-15-ны өдөр намайг галчийн ажлаас чөлөөлж, миний ажлын байранд өөр хүн томилсон. Орон тоо байхгүй болсон гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа надад өгөөгүй, чөлөөлөхөөс өмнө нь миний орон тоо хасагдаж байгаа талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, ажлаа ч хүлээлцээгүй, хамт олны хурал ч хийгээгүй. Үүнээс хойш намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа албан ёсоор танилцуулаагүй, гардуулж өгөөгүй юм. Сургуулийн захирал миний халагдсан тушаалыг өгөхгүй болохоор нь би 2018-01-05-ны өдөр захиралтай уулзан ажлаас чөлөөлөгдсөн тушаалынхаа хуулбарыг авсан. Уг тушаалд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 40.1.1-г үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж байгааг  зөвшөөрөхгүй. Иймд намайг У машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Хяргас сумын төсвийн байгууллагууд 2017 оны 12 дугаар сараас эхлэн нэгдсэн халаалтын системд холбогдсонтой холбогдуулан сумын сургуульд ажиллаж байсан 8 машинист, галч нар ажлаас чөлөөлөгдсөн байгаа. П.Бийн хувьд сургуульд түүний ажиллах орон тоо байхгүй болсонтой нь холбогдуулаад 2017-11-20-ны өдөр сургуулийн захиргаанаас хурал хийж, 8 машинистаа ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдсэн. Мөн П.Бийг сумын төвийн халаалтын нэгдсэн системд ажилд оруулж өгсөн. П.Б тэнд 2017 оны 12 дугаар сард нэг сарын хугацаатай ажиллаад, уг ажлаас хөнгөн ажилд орох зорилгоор буцаад сургуулийн захиргаандаа өргөдөл гаргасан байдаг. Нөгөө талаар сургуульд машинистын орон тоо байхгүй болсон, зөвхөн слесарь, цахилгаанчны ажилд оруулъя гэхээр слесарийн мэргэжлийн хүн биш учир Б.Буянбат гэдэг хүнийг авч ажиллуулж байгаа. Гэтэл Б.Буянбат надаас сүүлд ажилд орж, 1 сар л ажиллаж байсан мөртлөө ажлын байртайгаа үлдчихлээ гэдэг тайлбарыг гаргаад байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч ямар ажлын байранд, ямар хүнийг авч ажиллуулах вэ гэдгээ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй. Түүнчлэн, П.Б сумын халаалтын системд сургуулиас гараад ажилласан, мөн сургуульд одоо машинистын ажлын байр байхгүй болсон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  П.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бийг У машинистын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгон  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын  гомдолдоо:  Тухайн үед сургуульд 8 машинист ажиллаж байсан бөгөөд суманд нь нэгдсэн халаалт тавигдсантай холбогдон сургууль өөрийн халаалтыг хариуцахаа болсон тул эдгээр галч нар ажлын байргүй болсон. Суманд нэгдсэн халаалт орж байгаа талаар ажил эхэлсэн 2017 оны 08 сараас хойш бүх хүн мэдэж байсан бөгөөд 2017-11- 20-ны өдөр галч нартай хурал хийж цаашид ажиллах боломжгүй болсон талаар хэлж, нэгдсэн халаалтын уурын зууханд ажиллах сонирхолтой хүмүүсийн санал авахад 2 хүн саналаа өгч харин П.Б тухайн үед ямар ч санал гаргаагүй. Өөрөө ажлаас халагдах болсноо хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ өдрөөс хойш 25 хоногийн дараа буюу 2017-12- 15-ны өдөр ажлаас халагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан нэг сарын өмнө мэдэгдэх гэснийг зөрчсөн байна гэж үзжээ. Энэ заалтын утга санаа нь хүн өөрийн эрхэлж байгаа ажлаас халагдахаа нэг сарын өмнө мэдсэнээр цаашдын ажил, амьдралаа зохицуулах боломж олгох гэсэн санаа юм. Мэдэгдэх гэдэг үгийн үндэс нь мэдэх бөгөөд Батцэнд орон нутагт болж буй бүтээн байгуулалтыг харж мэдэж байсан, мөн сургуулиас халагдаад нэгдсэн халаалтанд ажиллах хүсэлт гаргахаар нь тэнд ажилд оруулсан боловч нэг сар ажиллаад ажил хүнд байна гээд 2018 оны 01 сард ажлаас гарсан, энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн тухайн үед нэгдсэн халаалт ажиллаж эхлэх эсэх нь тодорхой биш бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй байсан зэргээс шалтгаалан нөхцөл байдал тодорхой биш байсан бөгөөд сумын удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу гэнэт халаалтанд шилжих болсон нь нөлөөлсөн. Гэтэл шүүх мэдэгдлийг заавал цаасан хэлбэрээр өгөх ёстой гэж үзсэн нь дутагдалтай байна. Шүүх орон тоо хасагдаагүй гэж үзсэн нь буруу.  Хэдийгээр нэгдсэн халаалтанд орж галч нар 7 хоног ажилгүй байх хугацаанд орон тоо бүтэц батлах тухай тушаал гараагүй боловч он гармагц энэ тушаал гарсан болно. Нэгэнт бодит амьдрал дээр орон тоо, ажлын байр нь байхгүй байхад цаашид төсөв мөнгөө зараад байлгаад байх боломжгүй юм. Энэ бүхний эцэст давж заалдах шатны шүүхээс амьдрал дээр хэрэгжих боломжгүй шийдвэр гарсан. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын утга нь Хяргас сумын сургуулийн машинист /галч/-ийн ажилд эгүүлэн тогтоох байсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдсэнээрээ байхгүй бүтэц, орон тоон дээр ажилд оруулах шийдвэр гаргасан. Одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        П.Б 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, У машинистын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

       Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлтэй холбоотой ямар нэг тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.  

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангажээ.   

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

      У захирал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/33 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн П.Бийг сургуулийн машинистын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.   

       Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт “...аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заажээ.  

       Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр П.Бийг ажлаас халсан буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх нь тушаалд тодорхойгүй байна.

        Ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул П.Бийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй юм.

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ