Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ү, Ж.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

шүүгдэгч Ж.О,

шүүгдэгч Ш.Үын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 298 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Энхмэндийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.О, Ш.Ү нарт холбогдох эрүүгийн 201601080365 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ш Ү, 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 8 дугаар гудамж, ... тоотод оршин суух,

 урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:./,

Х овогт Ж О, 1973 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 байрны, 12 тоотод оршин суух,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн, /РД:..../,

Ш.Ү нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засмал замын 63 дугаар гэрэлтүүлэгтэй шонгийн орчимд “Дөрвөлжин-Эрдэнэ” ХХК-ийн 23-35 УНҮ улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь заалт, мөн хуулийн 9.2 дахь заалтыг тус тус зөрчин ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын зорчих хэсэгт зогсож байсан 65-86 УНА улсын дугаартай Хова маркийн авто машины араас мөргөж өөрийн машинд зорчиж явсан хамгаалалтын цагдаа Э.Энх-Атарын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Ж.О нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засмал замын 63 дугаар гэрэлтүүлэгтэй шонгийн орчимд И.Мөнхбатын эзэмшлийн 65-86 УНА улсын дугаартай Синотрук маркийн автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэсэн заалтыг зөрчин зам чөлөөлж зогсолгүй хөдөлгөөнд саад учруулж, осол гаргах нөхцөл байдал бий болгосноос зам тээврийн осол гаргаж иргэн Э.Энх-Атарын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Ш.Ү, Ж.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул Ш.Ү, Ж.О нарт холбогдох хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж хуульчилжээ. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Б.Энхмэнд “...Хуучин хуулиар яллах дүгнэлт гардуулж өгнө гэсний дагуу яллах дүгнэлт гардуулж өгдөг байсан. Шинэ хуулинд ч мөн адил яллах дүгнэлтийг гардуулж өгнө гэсэн байгаа. Хавсралтыг гардуулж өгнө гэсэн үг байхгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан зарчмаар шүүх хуралдааны мэтгэлцээн явахад яллах дүгнэлтийн хавсралт нь прокурорын мэтгэлцээний тактикийн нотлох баримтад тусгагдсан байдаг. Энэ утгаараа заавал гардуулж өгөх шаардлага байхгүй...” гэсэн тайлбараас үзэхэд яллагдагчид яллах дүгнэлтийг хавсралтын хамтаар гардуулж өгөөгүй нь яллагдагч Ж.Ү, Ж.О нарыг яллах дүгнэлтийг хууль ёсоор гардаж авсан гэж үзэхгүй. Прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтыг яллагдагчид гардуулж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Тодруулбал: яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримтыг яллагдагч мэдэхгүй байгаа нь тухайн нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримт хасуулах, нотлох баримт үгүйсгэх, няцаах боломжийг хязгаарласан шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзнэ. Түүнчлэн тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар захирамжид 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 5/65 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, мөн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаар захирамжаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/54 дүгээр яллах дүгнэлтэд 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй бол уг тогтоол ойлгомжгүй тухайн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналт тавьж буй прокурор хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, мөн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаар захирамжаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 54а дугаар яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн хэргийг буцаах тухай саналыг шүүх хүлээн авч уг хэргийн мөрдөн байцаалтад буцаасан, мөн шүүгчийн энэ захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн, мөн яллах дүгнэлт хууль ёсны шаардлага хангаагүй шалтгаанаар эрүүгийн  хэрэг дөрвөн удаа мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасныг тус тус зөрчиж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхмэнд прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “...яллагдагч нарт яллах дүгнэлтийн хавсралт гардуулаагүй” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр бол” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Учир нь:

1. “Мөрдөн шалгах ажиллагаа” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дүгээр заалтанд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлнэ гэж хуулийн нэр томьёоны тодорхойлолтонд заажээ. Мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэжээ. Түүнчлэн мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл... гэсэн заалт, мөн хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт прокурорт шилжүүлнэ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд прокуророос яллах дүгнэлт гардуулан өгч байгаа ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хамаарагдахгүй байна. Гэтэл “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүхээс яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол байгаа эсэхийг тодруулахад оролцогч нараас байхгүй гэдгээ илэрхийлсээр байхад яллах дүгнэлтийн хавсралт гардуулаагүй нь яллах дүгнэлт албан ёсоор гардуулсан гэж үзэхгүй гэж шүүх оролцогчийн байр суурин дээр очиж оролцогч нараас гомдол гаргахыг шаардаж оролцсон нь /шүүх хуралдааны бичлэгээс харагдана/ шүүх хуралдаанд өмгөөлөх болон яллах талын тэгш эрхтэй оролцох хуулийн зохицуулалтыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-ээс 6.17 дугаар зүйлд заасан асуудлуудыг урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэлэлцэж байгаа нь зарим асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд бэлтгэж, гэм буруугийн шүүх хуралдааныг зарлахаас өмнө шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хуулийн зохицуулалтаас ойлгогдож байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллах дүгнэлтийг гардуулан өгөх замаар шийдвэрлэх боломжтой байна. 

3. Яллагдагч нарын өмгөөлөгч нараас яллах дүгнэлтийн хавсралтыг авах шаардлагагүй, яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид тодорхой тусгагдсан байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд: “...хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Ш.Үын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий дүгнэлттэй гарсан. Яллах дүгнэлтийг гардуулахдаа хавсралтыг гардуулаагүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж зааснаар яллах дүгнэлтийг хавсралттай нь хамт гардуулаагүй байсан. Мөн энэ хэрэг нь 2016 оны 8 сард үйлдэгдсэн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Б.Энхмэндийн бичсэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “прокурор яллах дүгнэлтийн хавсралтыг нь гардуулан өгөх гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхийн оронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д зааснаар  “яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол”-ыг мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой байжээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар заасан ба нэгэнт яллах дүгнэлт гардуулагдсан байхад түүний хавсралтыг танилцуулах зэрэг асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд прокурор Б.Энхмэндийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.Ү, Ж.О нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 298 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Ү, Ж.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ш.Ү, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

            ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ