Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0142

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0142

Улаанбаатар хот

 

 

 

 

                          “Т.Х” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч “Т.Х” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

                    Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 828 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0457/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т.Х” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 828 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.Х” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага гаргасан.

3.2. Нэхэмжлэгч компани нь Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах уг газрыг амины орон сууц барих зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрийн A/1159 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан. Уг захирамжийн 2 дахь заалтад сунгалт хийсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг газар эзэмших гэрээ байгуулж, газрын гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан.

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар эзэмшигчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тодорхой заасан ...” гэжээ. 2018 онд дагаж мөрдөж байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэжээ.  Дээрх зохицуулалтаас үзвэл газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших гэрээний үндсэн дээр зохицуулагдаж байна. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана”, 34.6.6-д “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж заасан бах тул газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших гэрээний үндсэн дээр үүсэхээр байна.

3.4. Мөн газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байхад газрын төлбөр шаардаж байгаа нь хууль бус шаардлага юм. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дугаартай захирамжийн дагуу байгуулсан газар эзэмших гэрээний дагуу төлбөрөө төлж байсан талаар маргаан байхгүй. Харин төлбөрийн үлдэгдэл яагаад үүссэн талаар маргаан байдаг. “Газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон хэм хэмжээний акт гарснаар манай компанийн газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн” гэж тайлбарладаг боловч гэрээндээ төлбөрийн хэмжээг өөрчилсөн нэмэлт өөрчлөлт оруулдаггүй. Зөвхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд л шаардаад байдаг. “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад бид төлбөр төлөх боломжгүй” гэдгээ тайлбарласан. Ингээд манай компани төлбөрийн үлдэгдэлтэй харагддаг.

3.5. Нөгөө талаар “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5143 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5783 дугаар, 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 01-09/5967 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарласан. Энэхүү тайлбарын дагуу бол 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт байх ёстой. Гэвч хэрэгт зөвхөн ганц удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт авагдсан байх бөгөөд бусад 2 мэдэгдлийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаар бичгийн нотлох баримт байхгүй. Харин гэрээ байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт хийгээгүй байж газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг мөн адил зөрчсөн.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байх ба бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Т.Х” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, А/694 дүгээр захирамжаар “... “ “Т.Х” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын төлбөрөө төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн хавсралтын 49 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцжээ”.

           3.2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Т.Х” ХХК нарт орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан 150,0 га газрыг эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар “Т.Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна. 

            3.3. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5-д тус тус зааснаар газар эзэмшигч нь газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлөөгүй, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.

3.4. Нэхэмжлэгч нь 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 19, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар нотлогдож байна.

3.5. Нэхэмжлэгчээс “... А/1159 дүгээр захирамжийн дагуу манай компанитай газар эзэмших гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг хэдий хэмжээгээр, ямар үнэлгээгээр тооцож өгөхийг бид мэдээгүй” гэж тайлбарлан “газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”-аар маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчээс А/1159 дүгээр захирамжийг үндэслэн гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдохгүй, харин 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газар зохион байгуулагч гарын үсэг зурсан боловч “Т.Х” ХХК гарын үсэг зураагүй байна.

3.6. Мөн нэхэмжлэгч 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргаж, хугацааг сунгуулсан атлаа гэрээ байгуулахаар хариуцагчид хандаагүй, газрын төлбөрийн шинэчилсэн үнэлгээтэй холбоотойгоор маргаагүй атлаа “... газрын төлбөр төлөх үүрэг гэрээний үндсэн дээр үүснэ, ... А/344 дүгээр захирамжийн дагуу байгуулсан газар эзэмших гэрээний дагуу төлбөрөө төлсөн байсан талаар маргаан байхгүй, ... газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад бид төлбөр төлөх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

3.7. Түүнчлэн “... хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн, ... 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч хэрэгт 1 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт авагдсан” гэж тайлбарлах бөгөөд “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул сонсох ажиллагаа явуулсан талаар” мэдэгдсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5143, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5783, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5967 дугаар албан бичгүүд нь ижил утга агуулгатай байх тул анхан шатны шүүхийн “... 01-09/5143 дугаар албан бичгийг тус компанийн гүйцэтгэх захирал ... Б.Д тухайн үед хүлээж авсан болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг буруутгахааргүй байна. Нэхэмжлэгчийн хувьд 2012 онд уг газрыг эзэмших эрхтэй болсноос хойш ийнхүү газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

3.8. Дээрх байдлаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/694 дугаартай захирамжийг хүчингүй болгох, мөн газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                     Д.ОЮУМАА

          ШҮҮГЧ                                     Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                     Н.ДОЛГОРСҮРЭН