Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 31

 

 

               

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолын хавсралтын холбогдох хэсгүүдийг болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ий захирал Ч.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Э” ХХК нь монгол улсын өмч хувьчлал үндсэн чиглэлийн дагуу Цэцэрлэг хотыг дулаан хангамжаар тасралтгүй 20 жил хангаж ирсэн болно. Цэцэрлэг хотын газар доорхи дулааны төв болон салбар шугам, А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 57 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлагдсан, дулааны эх үүсвэрийн хувьцаа нь Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар арилжаалагдан 100 хувь төвлөрсөн.

Манай компани дулааны шугамыг хувьчилж авсан өдрөөс эхлэн одоог хүртэл тасралтгүй 19 жилийн турш хөрөнгө оруулалт хийж Цэцэрлэг хотыг дулаанаар хангаж ирсэн. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга, “Э” ХХК нарын хооронд “А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны” Дугаар №ЭХА-042/14 дүгээр дөрвөлсөн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг одоогоор гэрээний аль нэг тал нь цуцлах, гэрээнээс татгалзах, гэрээ дуусгавар болох албан ёсны шийдвэр одоог хүртэл гэрээний аль нэг талаас гараагүй болно.

Гэрээний 3.8.1.7-д хотын төв шугамын санхүүгийн эх үүсвэрийг 2015 онд багтааж шийдэж өгөх ба энэ үед дулааны станцыг барих ажил зэрэгцэн хийгдэж тухайн ондоо багтаан дуусгахаар заасан байсан . Гэвч гэрээний дагуу санхүүгийн эх үүсвэрийг шийдэх нь байтугай өмнө тавьсан мөнгөө улсын төсөвт буцаан татаж гэрээт ажил зогсонги байдалд орсон. “Э” ХХК нь гэрээний дагуу эхний ээлжинд зайлшгүй хийгдэх ажлын жагсаалт гарган Эрчим хүчний яаманд танилцуулж богино хугацаанд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлаа яаманд хүргүүлж байсан.

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Засаг даргын саналын дагуу манай эзэмшлийн шугамуудыг тайран дундуур нь шинээр шугам татах, одоогийн уурын зуух буюу шинэ станцын дулаан дамжуулах төвүүдийг шугамнаас нь салган дэргэд нь шинээр дулаан дамжуулах төв дахин барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд А аймгийн Засаг дарга “А аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай” танилцуулгыг А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж мөн өдрийн А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай ” тогтоолыг гаргаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр нь Монгол улсын нутаг дээр ажил хөдөлмөр эрхэлж, өмч хөрөнгө эзэмшиж, өмчилж болохгүй болоход хүрч байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ноцтой хохироож байна. Энэ шийдвэр гарснаар А аймагт барих дулааны шугам, дулааны станцын төсөвт өртгийг 16 орчим тэрбум төгрөгөөр зохиомлоор нэмэгдүүлж байна. 

Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар батлагдсан № 06 дугаар  “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын хавсралтанд дурьдагдсан төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон нь манай компанийн өмч болох 1 дүгээр зуухны ф50мм-ф125мм-ийн дулаан түгээх шугамыг 7 хэсэг газарт, 2 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 9 хэсэг газарт, 3 дугаар зуухны ф50мм-ф80мм-ийн дулаан түгээх шугамыг 4 хэсэг газарт, 4 дүгээр зуухны ф50мм-ф125мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 7 хэсэг газарт, 6 дугаар зуухны ф50мм-ф150мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 4 хэсэг газарт, 7 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 9 дүгээр зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 10-р зуухны ф76мм дулаан түгээх шугамыг 1 хэсэг газарт, 12 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 7 хэсэг газарт, 13 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 14 дүгээр зуухны ф50мм-ф 125мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 4 хэсэг газарт тус тус огтолж 3470 метр шугамыг тасдан авч, 6300 гаруй метр шугамыг огтолж, шинээр барих дулаан дамжуулах төвөө холбож байгаа юм. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл манай компанид учрах хохирлын хэмжээ 27.813.655.199 төгрөг болох юм.

А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-т заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;” гэсэн эрхийг зөрчиж байна.

Иймд А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 11 газарт давхцал үүссэн байгаагаар зургийг гаргаж, зурсан байгаа. Цаашид шинээр хийх шугамыг хуучин шугамтай холбох ажиллагаа явагдаж байгааг анхаарч үзэх шаардлагатай. Шинээр баригдах шугам нь зайлшгүй төв шугамтай холбоно, төв шугам нь салбар шугамтай холбогдоно, салбар шугам нь хэрэглэгчийг хангах дамжлагатай явагдана. Тийм учраас зайлшгүй манай ашиглаж байгаа хуучин шугамыг шинэ шугамтай холбож аймгийн хэмжээнд хэрэглэгчдийг дулаанаар хангахаар байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын 1, 2, 3, 4, 5, 6, 10, 15, 16, 17, 18 дугаарт байгаа байршил бүхий газрууд нь Э ХХК-ий газартай давхардаж байгаа учраас “Э” ХХК-ий өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан захиргааны акт байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар аливаа халдлагаас өөрийн өмчийг хамгаалах эрхтэй гэсэн байгаа. Тийм ч учраас өөрийнх нь өмчлөх эрхийг зөрчсөн Хурлын тогтоол гарсан учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

“Э” ХХК нь А аймгийн Эрдэнэбулган суманд байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг дулаанаар хангадаг байгууллага. Тухайн үйлчилгээг үзүүлэх, үйлдвэрлэл явуулах байгууламжийг хэрхэн яаж олж авсан талаарх нотлох баримтыг Захиргааны хэргийн шүүх өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд хангалттай цуглуулж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 

Маргаан бүхий 06 тоот тогтоол нь “Э” ХХК-ий хууль ёсны эрх, ашгийг зөрчөөд байгаа юм бэ гэхээр 2 дугаар хавтаст авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, нэгж талбарын дугаартай 11 байрлал бүхий газар доогуур “Э” ХХК-ий дулааны шугам явж байгаа. Үүнийг А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан шугам, сүлжээ. Хэрвээ тогтоолоор баталсан 18 байршил бүхий газар доогуур дулаан дамжуулах шугам шинээр тавьлаа гэхэд “Э” ХХК-ий дулааны шугам сүлжээг тасалж холбох нөхцөл үүсч магадгүй нөхцөл байдал үүссэн байгаа. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 тоот тогтоолоор олгосон газрын зориулалт нь дулаан дамжуулах төвийн барилга барих зориулалттай газар. Газрынхаа солбицлынхоо хувьд Э ХХК-ий газартай давхцаагүй байхыг үгүйсгэхгүй, гэхдээ хууль ёсны эрх, ашгийг нь зөрчиж байгаа гэдгийг анхаарч үзээгүй. А аймгийн Засаг даргаас тодотголоор газар олгох асуудлаар санал оруулж ирэхэд судалж үзээгүй.

Дараагийн нэг асуудал нь аймгийн Засаг дарга Түлш, эрчим хүчний  яамны, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга, “Э” ХХК нарын байгуулсан дөрвөлсөн гэрээгээ харахгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж ирсэн. Энэ дөрвөлсөн гэрээ одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл тухайн гэрээг зөрчөөд 06 тоот тогтоол гарсан. Гэрээний 6.1.1-д Дулааны станцыг барьж байгуулах газрыг Засаг даргын дэмжлэгтэйгээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих нутаг дэвсгэрийн орон нутгийн газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага хууль тогтоомжийн дагуу түншид олгоно гэсэн. Мөн гэрээний 6.1.2-т Түншид олгосон газрыг зөвхөн дулааны станц, дулааны сүлжээг барьж байгуулахад зориулж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөлөөр эзэмшиж ашиглана, 6.1.3-т Түншийн эзэмших газрыг энэ гэрээний хугацаанд улсын тусгай хэрэгцээнд буюу орон нутгийн хэрэгцээнд авах зорилгоор төр хурааж авахгүй гэсэн гэрээний заалтуудыг зөрчиж байгаа. Дараа мөн гэрээний 3.8.2-т гэрээний нэг тал болох Засаг даргын үүргийг зааж өгсөн байгаа. Энэ нь Засаг дарга нь төслийг эхлүүлэх болон гэрээний хүчин төгөлдөр хугацаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд түншид дэмжлэг үзүүлэх, орон нутаг дахь төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд 3.8.2.1-д Дулааны станц болон шугам сүлжээний зориулалтаар газар эзэмшүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авах гэсэн заалтаа зөрчсөн байгаа. Мөн энэ гэрээтэй холбоотой дагалдах гэрээ №2-ыг бас зөрчиж хурлын тогтоол гарчихсан.

“Э” ХХК-ий эрхийг зөрчиж байна гэсэн талаар Хурал дээр яригдсан. Мөн хуралд оролцсон төлөөлөгч М.Б, Ж.Г нар мөн “Э” ХХК-ий эрх зөрчигдөж байгаа талаар ярьсан. Энэ нь Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны зарчмуудыг зөрчиж байгаа. 

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогч болох “Э” ХХК-д мэдэгдэж, хуралд оролцуулах ёстой байсан, гэтэл хуралд оролцуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй. Мэдэгдээгүй, хэлээгүй, шууд хурлаар оруулаад шийдчихсэн. Хэрвээ захиргааны акт гаргах гэж байгаа юм бол хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдөөд байгаа этгээдийг оролцуулж сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэл хүргүүлэх, 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Нэгэнт бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий тогтоол гараад ирсэн. Тогтоол гарсны дараа эрх нь зөрчигдсөн этгээддээ мэдэгдэх ёстой байсан. Гэтэл мэдэгдээгүй, хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбарт эрх нь зөрчигдсөн этгээдэд мэдэгдэх шаардлагагүй гэсэн тайлбар ирсэн.

  Иймд маргаан бүхий тогтоол нь “Э” ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/316 дугаар тоот албан бичгийг хүлээн авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хуралд асуудал оруулах эрх бүхий субьект мөн тул аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоолоор зарлан хуралдуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. 

Ээлжит бус хуралдааны  ирц 74.3 хувьтай байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 02 тоот тогтоолын дагуу “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн 26 төлөөлөгч хуралдаанд оролцсоноос 17 төлөөлөгч дэмжсэн байна. Тиймээс энэхүү тогтоолыг хууль бус гэж хэмээн үзэх үндэслэлгүй тул хүчингүй болгох боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хуралдаанд асуудал оруулж ирэх эрх бүхий этгээд болох Засаг дарга тухайн асуудлыг оруулж ирснээр хэлэлцсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал нь олонхоороо шийдвэр  гаргадаг. Хуралд асуудал оруулж ирсэн этгээд тухайн гаргасан асуудлынхаа хариуцлагыг хүлээдэг. Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа 18 байршил нь ямар нэгэн газартай давхцаагүй газар гэж оруулж ирсэн.  

Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдчихлөө, манай шугамыг тайрах гээд байна гэж байна, хурлаас гаргасан тогтоол нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан захиргааны акт. Үүнээс цаашаа захиргааны актыг хэрэгжүүлээд явах үүргийг тогтоолын 2 дахь заалтаараа аймгийн Засаг даргад даалгасан. Аймгийн Засаг даргад даалгасан тогтоолын хэрэгжилт цаашаагаа хэрэгжээд явахад аж ахуй, нэгж байгууллага, иргэний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх юм бол учирсан хохирлыг барагдуулах, эсхүл тухайн 18 байршлыг тогтоож өгснөөрөө эндээс явах шугамуудыг техник эдийн засгийн үндэслэлд оруулаад батална. Энэ 18 байршлаас цаашаа салбарлаж яваад хэний хэний шугамтай холбох уу, хэний шугамыг түрээслэх үү, хамтарч ажиллах вэ гэдэг нь тогтоолоо цаашаа явах асуудал. Тийм учраас бусдын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа гэж үзэж байгаа. 

Хэрвээ тогтоолын хэрэгжилтээр шугамын зураг төсөл хэрэгжээд, батлагдаад явах юм бол хувь хүний өмчид хохирол учруулахаар тогтоогдох юм бол Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасны дагуу нөхөн олговор олгох шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана гэсэн байгаа. 

Нэхэмжлэгч талаас ярихдаа газрын маргаан үүсгээгүй, дөрвөлсөн гэрээг зөрчөөд байна гэдэг. Нэхэмжлэгчтэй өмнө нь уулзахад гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлээд явах юм бол цаашид гомдол санал байхгүй гэсэн. Бидний зүгээс нэхэмжлэгч компанийг маргаан бүхий тогтоол нь танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа талаарх гомдлоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргачих юм бол гомдлын дагуу хянаж үзээд тогтоолдоо өөрчлөлт оруулах юм уу, тогтоолоо хүчингүй болгох боломжтой. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах урьдчилсан шийдвэрлэх шаардлагатай тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд 54.1.3, 109 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс:  маргаан бүхий А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолын хавсралтаар 1, 2, 3, 4, 5, 6, 10, 15, 16, 17, 18  дугаар хэсгүүд буюу “Э” ХХК-ий эзэмших эрх бүхий 11 байршил дахь /төсөвт байгууллагад/ эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байна.

Хариуцагч талаас “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах урьдчилан шийдвэрлэх шаардлагатай тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд 54.1.3, 109 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “Бидний зүгээс нэхэмжлэгч компанийг маргаан бүхий тогтоол нь танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа талаарх гомдлоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргачих юм бол гомдлын дагуу хянаж үзээд тогтоолдоо өөрчлөлт оруулах юм уу, тогтоолоо хүчингүй болгох боломжтой ” гэж мэдүүлсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 77 дугаар зүйлийн 77.2 3, 81 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь Монгол Улсын төрийн өмчийн хорооны 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “А аймгийн орон нутгийн өмчийн дулааны шугам сүлжээг хувьчлах тухай” 194 дүгээр тогтоолоор А аймгийн орон нутгийн өмчийн дулааны шугам сүлжээг нээлттэй дуудлага худалдааны аргаар хувьчлахыг зөвшөөрч улмаар А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Газар доорхи дулааны шугам сүлжээг худалдах тухай” 49 дүгээр тогтоолоор А аймгийн Өмчийн албаны тайланд бүртгэлтэй Эрдэнэбулган сумын төвийн газар доорхи дулааны шугам сүлжээг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасч аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд хязгаарласан дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ. /х.х-н 59, 66/

Ийнхүү А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 42, 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 57, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаар тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар тогтоож, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “И” ХХК нь Эрдэнэбулган сумын төвийн газар доорхи дулааны шугам сүлжээний үнийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн тул Эрдэнэбулган сумын төвийн газар доорхи дулааны шугам сүлжээг өмчлөх эрхийг шилжүүлэн олгосон байна./х.х-н 58, 60-155/

 

Маргаан бүхий захиргааны актын тухайд: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолоор Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлтийг хавсралтаар баталжээ. /х.х-н 35-37/

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2006 онд Эрдэнэбулган сумын төвийн газар доорхи дулааны шугам сүлжээг өмчлөснөөс хойш тус сумыг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж, А аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны №ЭХА-042/14 11/2014 Ар 2014/01 дугаар гэрээг ... А аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төсөл, арга хэмжээний актыг төр, хувийн хэвшлийн Түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх ... зорилгоор Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, А аймгийн Засаг дарга, “Э” ХХК нарыг оролцуулан байгуулжээ. Уг гэрээ одоо хүртэл хүчинтөгөлдөр байгаа болно. /х.х-н 173-189/

Гэтэл,  А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолын хавсралтаар Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоож, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг ДДТ1 Нэгдсэн эмнэлгийн баруун тал уурын зуухны урд, ДДТ6 Тагнуулын газрын зүүн урд, 2 дугаар баг ДДТ8 2 дугаар 36 айлын орон сууцны ард талд, 3 дугаар баг ДДТ5 24 айлын орон сууцны ард талд, ДДТ 1 72 айлын орон сууцны зүүн талд /6-р уурын зуухны урд/, 4 дүгээр баг ДДТ3 “Гост” ХХК-ны хойно буюу Эх голомтын илч ХХК-ий конторын зүүн хойно, 5 дугаар баг ДДТ14 Булганхангай хороолол Э ХХК-ийн уурын зуухны урд, 2 дугаар баг ДДТ7 2 дугаар 12 жилийн сургуулийн хашаанд, ДДТ9 3 дугаар 12 жилийн сургуулийн хашаанд, 3 дугаар баг ДДТ4 2 дугаар цэцэрлэгийн хашаанд, ДДТ2 4 дүгээр сургуулийн хашаанд тус тус дулаан хамжуулах төвийн барилга барих зориулалт бүхий газрыг тус тус олгосон байна./х.х-н 35-37/

Дээрх тогтоолын улмаас нэхэмжлэгч, “Э” ХХК-ий өмчлөх эрх бүхий

1 дүгээр зуухны ф50мм-ф125мм-ийн дулаан түгээх шугамыг 7 хэсэг газарт, 

2 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 9 хэсэг газарт, 

3 дугаар зуухны ф50мм-ф80мм-ийн дулаан түгээх шугамыг 4 хэсэг газарт, 

4 дүгээр зуухны ф50мм-ф125мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 7 хэсэг газарт, 

6 дугаар зуухны ф50мм-ф150мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 4 хэсэг газарт, 

7 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 

9 дүгээр зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 

10-р зуухны ф76мм дулаан түгээх шугамыг 1 хэсэг газарт, 

12 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 7 хэсэг газарт, 

13 дугаар зуухны ф50мм-ф200мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 6 хэсэг газарт, 

14 дүгээр зуухны ф50мм-ф 125мм-ийн дулаан түгээх болон дамжуулах шугамыг 4 хэсэг газарт тус тус огтолж 3470 метр шугамыг тасдан, 6300 гаруй метр шугамыг огтолж тус компаний ... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;” эрхийг зөрчиж байна гэж маргажээ.

Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “ ... 06 дугаар тогтоолоор Дулаан дамжуулах төвийн 18 газрыг Эрдэнэбулган сумын төвд шинээр төлөвлөсөн. Төлөвлөгөөнд тусгагдсан 18 байршил нь иргэн, аж ахуй нэгжийн газартай ямар нэгэн давхцал байхгүй ...” гэж үгүйсгэжээ.

Шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  

1.Маргаан бүхий захиргааны акт болох 06 дугаар тогтоолыг батлан гаргах ажиллагааны тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт зааснаар А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллагад хамаарах бөгөөд захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа дээрх хуулийг мөрдлөг болгох үүрэгтэй. 

Хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд, маргаан бүхий 06 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” , 

24 дүгээр зүйлийн 24.1.-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4.-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”,

 25 дугаар зүйлийн 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”; 25.1.2.-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”; 

26 дугаар зүйлийн 26.1.-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”,

 27 дугаар зүйлийн 27.1.-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” , 27.2.-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1.-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.2.2.-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” 

31 дүгээр зүйлийн 31.1.-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.”, 31.2.-т “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй”,

43 дугаар зүйлийн 43.1.-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4.-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Тухайлбал, А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд: “ ... Ц.М- Ө даргыг Америкт байгаа гэсэн, өнөөдрийг хүртэл уулзаагүй байна ... Б.Ө-18 байрлалын 6-д Ө-ын газар давхцаж байгаа ...” гэж, А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 264 дүгээр албан бичигт: “ ... А аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/316 тоот албан бичгээр хандсан асуудлыг ... хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 02 тоот тогтоолоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан, Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тус хуралдааны 06 тоот тогтоолоор Дулаан дамжуулах төвийн 18 газрыг Эрдэнэбулган сумын төвд шинээр төлөвлөсөн ...тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “... Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасны дагуу “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдааны 06 тоот тогтоолын 2-т “Тогтоолын хэрэгжилтийг ханган биелүүлж, үр дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасугай” хэмээсэн гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбар, тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл, А аймгийн Засаг дарга 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/316 дугаар албан бичгээр Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтад төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай саналыг А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 02 дугаар тогтоолын 2 дугаарт Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг оруулан  мөн өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх асуудлыг хэлэлцэн баталсан байна. 

Дээрх үйл баримтаас үзвэл, хариуцагч маргаан бүхий 06 дугаар тогтоолыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, мэдэгдэх, сонсох, нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагч, маргаан бүхий 06 дугаар тогтоолыг arkhangai.hural.mn цахим хаягаар нийтэд мэдээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь захиргааны актыг батлах гаргахын өмнөх оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тодруулах, тайлбар санал авах ажиллагаанд хамааралгүй болно.

2.Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд:

Уг хэргийн маргаан бүхий А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолын хавсралтаар “Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг” баталсан нь хууль зөрчсөн байна. /х.х-н 35-37/

Учир нь: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар дугаар зүйлийн 3. “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”., Арванзургадугаар зүйлийн 3/ “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө ”гэж заасныг дагуу нэхэмжлэгч /өмчлөгч/ “Эх голомтын Илч” ХХК-ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигджээ.

Улмаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэр бүхий 11 газарт газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, газрын төлбөр нь төлөгдсөн,  улсын бүртгэлд бүртгэгдсэн, газруудыг хариуцагч тал Төсөвт байгууллагад эзэмшүүлэхээр маргаан бүхий 06 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус болжээ. /1-р х.х 234-250, 2-р х.х 1-224, 3-р х.х 47-50/

 

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 12.1.4.-т “дулаан дамжуулах”, 12.1.7.-д “дулаан түгээх”, 17 дугаар зүйлийн 17.1.-д “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь, Эрчим хүч, дулаан үйлдвэрлэх, дамжуулах үндсэн чиглэлээр байгуулагдсан А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 57 дугаар тогтоолоор Эрдэнэбулган сумын төвийн газар доорх дулааны шугам сүлжээг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлэн авсан хуулийн этгээд байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасан байна.

Хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3.-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай аймгийн Засаг даргын  саналыг хэлэлцэхдээ хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй, аймгийн Засаг даргаас гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаатай танилцалгүй, тухайн асуудлыг шийдвэрлэсэн хууль бус байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.5, 25 дугаар зүйлийн 25.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрхи маргаан бүхий асуудлаар түр хороо байгуулаагүй, нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан гаргаж тодруулаагүй энэ талаар тооцоо, судалгааг хийх, санал дүгнэлт өгөөгүй, төлөөлөгчдөд танилцуулалгүй шийдвэрлэсэн нь болох шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Эрчим хүчний яамнаас тайлбар, тодруулга авсан бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний яамны 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай” в/1658 дугаар албан бичгийн хавсралтад: “ ... олон жил аймгийн дулаан хангамжийн үйл ажиллагааг авч явж байгаа хувийн компаниудын эрх ашгийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд, түүнчлэн эдгээр компанийн эзэмшлийн барилга, шугам сүлжээг тодорхой хэмжээгээр ашиглахаар төсөлд төлөвлөж байгаа учраас цаашид эдгээр компаниудтай хамтарсан хувьцаат компани зохион байгуулах, эсхүл хангах үйл ажиллагааг хариуцсан компанийн хэлбэрээр ажиллуулах бүтэц зохион байгуулалт хийх боломжтой. Дулаан түгээх шугам сүлжээг “Э” ХХК-тай хамтарч шинэчлэх боломж нээлттэй байгаа ...”, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” в/2845 дугаар албан бичгээр: “ .... Өмнөд Солонгосын  KEXIM банк техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж байгаа бөгөөд одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулсан эцсийн шийдвэр гараагүй байна ...” гэх тайлбарыг ирүүлсэн, уг төсөл эцэслэн шийдвэрлэгдээгүй, энэ талаар шүүх нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэв./1-р х.х 170-172, 190-191, 2-р х.х 239, 3-р х.х 67-69/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2, 25.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан  “Төсөвт байгууллагад эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”  1 дүгээр, 2 дугаар, 3 дугаар, 4 дүгээр, 5 дугаар, 6 дугаар, 10 дугаар, 15 дугаар, 16 дугаар, 17 дугаар, 18 дугаарт  бичигдсэн “Эх голомтын илч” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА