| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0225/э |
| Дугаар | 2020/ШЦТ/239 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Л.Энхтайван
Хохирогч Т.Бариахаан
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сд холбогдох эрүүгийн 2025001350170 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Сг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багын 6-2 дугаар байрны урд Т.Барихааныг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сгийн мэдүүлсэн,тэр өдөр бид 2 засвар хийсэн айлд нэлээд уусан,согтсон байсан.Тэр айлаас яаж гарснаа мэдэхгүй.Бид 2 ажлынхаа хажуугаар хамт мөнгөний ажил хийдэг байсан.Болсон явдлыг би сайн санахгүй байгаа.Дүүгээ зодсондоо харамсаж байна.Гэм буруугаа хүлээ байгаа” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Бариахааны мэдүүлсэн,тэр айлд бид 2 юмаа хийж дуусгачихаад засварчин ахад 1 шил архи авч өгсөн.Дахиад нэмж 2 шил архи уусан.Явах гээд гарсан.Гэтэл С ах намайг куртикнээс татаж унагаад өшиглөж байсан.Сүүлд нь бас замын голд цохиж байсан.Гомдолтой байна.Толгой өвдөж байгаа,чих сайн сонсохгүй байна.Нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа.Хохиролоо барагдуулж авмаар байна.5,681,622 төгрөг нэхэмжилж байна.С ах 400,000 төгрөг өгсөн ” гэх мэдүүлэг,
-Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр... С ах бид хоёр гэр гэрлүүгээ харих гээд 6-2 дугаар байрны эмийн сангийн урд талд алхаад явж байхад С ах гэнэт миний куртикийг араас татаад энгэр хэсгийг нь урчихсан. би С ахад хандаж та яаж байгаа юм бэ гэхэд шууд баруун нүдний дээд хэсэгрүү гараараа нэг удаа цохисон. Би тэр үед газар унахад миний толгой руу өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг/хх-н 7-8-р хуудас/
-Гэрч Т.Бумбаярын мэдүүлсэн... Эмнэлэг дээр С ах Баяраа нар байсан. С намайг уучлаарай гэхээр нь би юу болсон талаар асуухад миний буруу гээд би Бариахааныг зодсон гээд байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
-Гэрч Ч.Өлзийбаярын мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Манайх 6-2 дугаар байрны 17 тоотод байдаг урагшаа зам талр уу харсан цонхтой. Гэртээ орсоноос хойш 3-4 цагийн дараа байрны гадаа согтуу хүмүүс хашгираад байхаар нь би цонхоор харахад хоёр согтуу хүн нэг нэгнийхээ хувцаснаас зуурчихсан, маргалдаад байсан. Нэг согтуу эрэгтэй нь биеэ удирдах чадваргүй байх шиг харагдсан. Тэр хоёр согтуу хоорондоо зууралдсан чигээрээ 6-1 дүгээр байр тал руу явсан. Би тэр хоёр хүнийг явчихлаа гэж бодоод байж байтал 10 орчим минутын дараа дахиад байрны гадаа согтуу хүн хашгираад байхаар нь цонхоор харахад 6-1, 6-2 дугаар байрны голд байх туслах замын хажуу талын явган хүний зам дээр нөгөө хоёр согтуу хүн хоорондоо маргалдаад нэг эрэгтэй нь газар уначихсан, нөгөө эрэгтэй нь газар уначихсан эрэгтэйг хөлөөрөө өшиглөөд байсан. Би дотроо нэгнийгээ алчихвий дээ, очоод салгасан дээр гэж бодоод хувцасаа өмсөөд гарах гэхэд эхнэр маань намайг гэрээс гаргаагүй,би эргээд цонхоор харахад нөгөө залууг өшиглөсөөр л байсан ...нөгөө залуу газар уначихсан залууг өшиглөөд л байсан. Манай эхнэр цонхоор харчихаад нөгөө залуу чинь одоо болтол газар хэвтсэн хүнийг өшиглөөд байна гэж хэлэхээр нь би гарахгүй бол болохгүй, очиж салгахгүй бол нэгнийгээ алах гээд байна гэж хэлээд гэрээс гараад ирэхэд газар хэвтэж байсан залуу засмал зам дээр хэвтэж байсан. Би очоод харахад манай ажлын Барихаан, С нар байсан. Барихаан машинд мөргүүлчихсэн байсан. Мөргөсөн машины жолооч залуу цагдаа болон эмнэлэгт дуудлага өгч байсан. Барихаан машины зам дээр ухаангүй, дээшээ хараад хэвтэж байсан. С Барихааны толгойг тэврээд чи яачив гээд байсан. Тэнд байсан 30 гаран настай эрэгтэй Сг заагаад чи муу наад залуугаа зам гарах гэж байхад араас нь татаад осолд оруулчихлаа гээд уурлаад байсан. Би тэр хоёртой юм яриагүй, эмч нар ирсэний дараа би гэртээ орсон...би гэрээс гарахад 2-3 минут зарцуулсаН.С нь Барихааныг газар унагачихсан өшиглөжбайсан...Нэгнийгээ газар унагаад өшиглөж байхыг хараад гарах хүртэл 7-8 орчим минут болсон.Энэ хугацаанд тасралтгүй өшиглөсөн.би аргаа бараад салгах гээд гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/
-Гэрч С.Энхнастын мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой би өөрийнхөө приус 20 маркийн тээврийн хэрэгсэлээр таскинд явж байсан. Орой 22-23 цагийн хооронд 6-2 дугаар байрны урд талаар явж байхад 2 хүн хоорондоо зодолдоод байсан. Би машинаа зогсоогоод тэр хоёр хүнийг харахад урт куртиктэй залуу богино куртиктэй залууг араас нь татаж хавсарч газар унагаагаад толгой руу нь өшиглөөд байсан. Би дотроо хүн алах нь гэж бодоод машинаасаа буугаад очиход урт куртиктэй залуу гутлынхаа өсгий хэсгээрээ газар хэвтэж байсан богино куртиктэй залуугийн толгой руу олон удаа өшиглөсөн. Би урт куртиктэй залууг салгаад чи яаж байгаа юм бэ. яагаад толгой руу нь өшиглөөд байгаа юм бэ гэж хэлээд 6-5 дугаар байрны зүг явуулсан. Зодуулсан залууг газраас босгоод 6-2 тал руу явуулаад эргээд машинд суугаад тэр хоёр залууг харж байхад нөгөө урт куртиктэй залуу зодуулж байсан богино куртиктэй эрэгтэй дээр гүйж очоод дахиад хавсарч унагаагаад толгой руу нь өшиглөөд байсан. Би дахиад очоод салгахад урт куртиктэй залуу над руу дайраад байсан. Тэр үед 6-2 дугаар байрны 3 давхараас нэг эрэгтэй хүн цонхоороо харж байсан. Зодуулж байсан залууг 6-2 дугаар байрны урд талын автобусны буудал дээр үлдээгээд зодож байсан залууг дагуулаад 6-5 дугаар байрны хажууд үлдээгээд эргээд машиндаа суугаад 6 дугаар микрийн аюулгүй тойргоор тойроод хүлэг хүнсний зах тал руу явж байхад нөгөө хоёр залуу 6-1, 6-2 дугаар байрны голд төв засмал зам дээр урт куртиктэй залуу нөгөө залууг машин замын голд суулгаад цохиж байсан. Тэр үед 6-1 талаас нэг машин ирж байсан. Урт куртиктэй залуу ирж байгаа машиныг хараад богино куртиктэй залууг засмал зам дээр орхиод явган хүний зам дээр очоод зогссон, богино куртиктэй залуу засмал замын гол хэсэгт газраас босоод зогсоход ирж явсан машин зүүн талын толь хэсгээрээ мөргөөд баруун тал руу шахаад зогссон. Богино куртиктэй залууг машин толь хэсгээрээ мөргөөд өнгөрөөд явсаны дараа газар унасан, яг машинд мөргүүлэх үед газар унаагүй. Би машинаасаа буугаад очиход нөгөө зодож байсан залуу ирээд цээж хэсэг рүү нь цохиод сэгсрээд байсан. Зодуулж байсан залуу ухаангүй зам дээр хэвтэж байсан. Мөргөсөн машины жолооч ирэхээр нь би эмнэлэгт хурдан дуудлага өг гэж хэлсэн. Эмнэлэгийн машин тэр доороо ирээд зодсон гэх залууг салгаад ухаангүй байсан залууг аваад явсан. Тэр үед 6-2 дугаар байрны 3 давхараас харж байсан эрэгтэй хүн гарч ирээд зогсож байсан. Би зодож байсан залууд хандаж чамаас болж наад залуу чинь машинд дайруулчихлаа, хүнд гай боллоо доо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
- Гэрч Г.Оргилмөрөнгийн мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед ажлаасаа гараад өөрийн эзэмшлийн 20-03 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр ...6-1 дүгээр байрны урдуур яваад эргэж тойрдог уулзварын харалдаа машины зүүн гар талаас хүн гараад ирсэн. Би тэр үед тоормозоо гишгээд баруун талруу жолооны хүрдийг эргүүлэхэд машины зүүн урд талын хаалганы толь хэсгээр мөргөсөн. Би 6-2 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр машинаа байрлуулж тавиад буугаад мөргүүлсэн хүн дээр гүйгээд очиход нэг эрэгтэй ирчихсэн, мөргүүлсэн хүний хувцаснаас татаад эмнэлэгт дуудлага өгөөч гээд хашгираад байсан. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Ойр хаваар 1-2 хүмүүс ирээд нэг эрэгтэй хүн мөргүүлсэн хүнийг таньдаг гэх эрэгтэй хүнд хандаж чи наад хүнд гай боллоо гээд уурлаж байсан Удалгүй эмнэлэгийн машин ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Би цагдаагийн байгууллагын ажилчдыг хүлээгээд хөдлөөгүй. Цагдаа нар үзлэг, хэмжилт хийсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
- Шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн ... Т.Бариханы биед учирсан тархины эдийн няцрал хуйханд үүсэн гэмтлүүдээс үзэхэд машинд мөргүүлэх үед биеийн гадна хэсэгт учирсан гэмтлүүд буюу нүүр, 2 гарын сарвууны зулгаралтууд үүссэн байхаар байна. ... духны ясны хугарал, зүүн чамархайн ясны хугарал, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шалтгаант холбоотой гэмтлүүд юм. Харин баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал зэрэг нь тус бүрдээ өөр чиглэлд үүсгэгдэх ба дээрх гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаартай ... Т.Бариханы биед духны яс, зүүн чамархайн яс, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал, нүүр, хоёр гарын сарвуунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Духны яс, зүүн чамархайн яс, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтийн хүнд зэрэгт, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүр, хоёр гарын сарвуунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 39-40-р хуудас/
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 11 дугаартай .... Тоёото клугер маркийн 20-03 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Оргилмөрөн нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна....Явган зорчигч Т.Барихаан нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 Явган зорчигч нь явган хүний замаар,тийм зам байхгүй бол зорсих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна...5.12а....гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтйэ байна...гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
-“Далайван аудит” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/02-63 дугаартай эрэгтэй өвлийн куртик зах зээлийн үнэлгээ 40,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 50-55-р хуудас/
-Хохирогч Т.Бариахааны Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 100-112-р хуудас/
-Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалын хуулбар /хх-ийн 112-157-р хуудас/
-Хохирогчийн хохирол нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 159-186, 189-204, 209-212-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Н.С нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр 6-1, 6-2 дугаар байрны хооронд хамт явж байсан Т.Барихааныг шалтгаангүйгээр унагаж толгой руу нь олон удаа өшиглөж зодсон,мөн засмал замын зорчих хэсэг дээр гаргаж мөн цохиж зодож биед нь духны яс, зүүн чамархайн яс, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал, нүүр, хоёр гарын сарвуунд зулгаралт бүхий хүнд зэргийн хохирол гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон матриалын хуулбар, өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн , үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Н.С нь хохирогч Т.Бариахаантай хамт айлд засварын ажил хийж байгаад дууссаны дараа 3-4 шил архи ууж согтуурсан үедээ Т.Барихааныг шалтгаангүйгээр татаж газар унагаж 10 орчим минутын турш тасралтгүй толгой бие рүү нь өшиглөж зодсон болох нь гэрч Ч.Өлзийбаярыг “... нэг эрэгтэй нь газар уначихсан, нөгөө эрэгтэй нь газар уначихсан эрэгтэйг хөлөөрөө өшиглөөд байсан. Би дотроо нэгнийгээ алчихвий дээ, очоод салгасан дээр гэж бодоод хувцасаа өмсөөд гарах гэхэд эхнэр маань намайг гэрээс гаргаагүй,би эргээд цонхоор харахад нөгөө залууг өшиглөсөөр л байсан ...нөгөө залуу газар уначихсан залууг өшиглөөд л байсан. Манай эхнэр цонхоор харчихаад нөгөө залуу чинь одоо болтол газар хэвтсэн хүнийг өшиглөөд байна гэж хэлэхээр нь би гарахгүй бол болохгүй, очиж салгахгүй бол нэгнийгээ алах гээд байна гэж хэлээд гэрээс гараад ирэхэд газар хэвтэж байсан залуу засмал зам дээр хэвтэж байсан....би гэрээс гарахад 2-3 минут зарцуулсаН.С нь Барихааныг газар унагачихсан өшиглөжбайсан...Нэгнийгээ газар унагаад өшиглөж байхыг хараад гарах хүртэл 7-8 орчим минут болсон.Энэ хугацаанд тасралтгүй өшиглөсөн.би аргаа бараад салгах гээд гарсан ...гэх мэдүүлэг, гэрч Н.Энхнастын “...2 хүн хоорондоо зодолдоод байсан. Би машинаа зогсоогоод тэр хоёр хүнийг харахад урт куртиктэй залуу богино куртиктэй залууг араас нь татаж хавсарч газар унагаагаад толгой руу нь өшиглөөд байсан. Би дотроо хүн алах нь гэж бодоод машинаасаа буугаад очиход урт куртиктэй залуу гутлынхаа өсгий хэсгээрээ газар хэвтэж байсан богино куртиктэй залуугийн толгой руу олон удаа өшиглөсөн. Би урт куртиктэй залууг салгаад чи яаж байгаа юм бэ. яагаад толгой руу нь өшиглөөд байгаа юм бэ гэж хэлээд 6-5 дугаар байрны зүг явуулсан. Зодуулсан залууг газраас босгоод 6-2 тал руу явуулаад эргээд машинд суугаад тэр хоёр залууг харж байхад нөгөө урт куртиктэй залуу зодуулж байсан богино куртиктэй эрэгтэй дээр гүйж очоод дахиад хавсарч унагаагаад толгой руу нь өшиглөөд байсан. Би дахиад очоод салгахад урт куртиктэй залуу над руу дайраад байсан. Тэр үед 6-2 дугаар байрны 3 давхараас нэг эрэгтэй хүн цонхоороо харж байсан. Зодуулж байсан залууг 6-2 дугаар байрны урд талын автобусны буудал дээр үлдээгээд зодож байсан залууг дагуулаад 6-5 дугаар байрны хажууд үлдээгээд эргээд машиндаа суугаад 6 дугаар микрийн аюулгүй тойргоор тойроод хүлэг хүнсний зах тал руу явж байхад нөгөө хоёр залуу 6-1, 6-2 дугаар байрны голд төв засмал зам дээр урт куртиктэй залуу нөгөө залууг машин замын голд суулгаад цохиж байсан....гэх мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаартай дүгнэлтээр... Т.Бариханы биед духны яс, зүүн чамархайн яс, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал, нүүр, хоёр гарын сарвуунд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Духны яс, зүүн чамархайн яс, суурь ясны хугарал, гавлын хөндий доторх хий хуралдалт, хатуу хальсны доорх цусан хураа нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтийн хүнд зэрэгт, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан дор цус хуралдалт баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн талын хоёрдугаар хавирганы хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүр, хоёр гарын сарвуунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэж тогтоосон ба шүүгдэгч Н.Сгийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байдал дээрхи гэрчүүдийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Гэрчүүдийн мэдүүлэг,Г.Оргилмөрөнд холбогдох зөрчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалд авагдсан баримтууд зэргээс дүгнэхэд, Н.С нь хохирогч Т.Барихааныг замын голд зодож орхисоноос тэрээр Г.Оргилмөрөнгийн машины толинд шүргүүлж амь насанд аюултай хүнд гэмтэл авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин машинд шүргүүлэхээс өмнө Т.Барихаан нь өөрийгөө хамгаалах ямар нэг үйлдэл хийж чадахгүйгээр Н.Сд өшиглүүлж зодуулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон. Шүүгдэгч Н.Сгийн бусдын биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Сгийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой Согоот багын 6-2 дугаар байрны урд хамт явсанТ.Барихааныг өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Ял хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд, “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Торгох ял оногдуулна уу. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж, хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар шүүх хуралдаанд,шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзана уу ” гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй,заавал хорьж шийтгэх шаардлагагүй гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч Н.С нь эмчилгээ,цалин,зээл зэрэг нийт 5,681,622 төгрөгний нэхэмжлэл гаргаж байгаагаа дэмжиж тайлбарласан ба түүний нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудыг шалгахад эмнэлэг эм тариа,оношлогооны 1,226,700 төгрөгний,шатахууны 73500 төгрөгний,Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсний 539,00 төгрөгний баримт авагдсан байна.Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Т.Барихааны ажлыгазар болох “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ний санхүүгээс эмнэлгийн хуудсууд,цалин тэтгэмжийн зөрүүний тооцоо зэргийг гаргаж ирүүлснээс үзэхэд хохирогч нь нийгмийн даатгалын сангаас эмнэлгийн хуудсаар 2020 оны 1-4 сард нийт 1,273,566 төгрөг авсан, цалингийн зөрүү 745,421.43 төгрөг болохыг тодорхойлсон байна. Эдгээр баримтыг үндэслэж шүүгдэгчээс төлсөн 400,000 төгрөгийг хасаж тооцоод эм эмчилгээний 1,439,200 төгрөг,цалингийн зөрүү 745,421 төгрөг нийт 2,184,621 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч хохиролыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. Нэхэмжлэлээс нийгмийн даатгалын сангаас авсан цалингаа хасахгүй нэхэмжилсэн цалин, цалингийн зээлийн төлбөр зэрэг үндэслэлгүй нэхэмжилсэн 3,497,001 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж овогт Н.С-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Н.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг ,хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ