| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0213/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/224 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч М.Т нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Төд холбогдох эрүүгийн 2025000000232 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Т
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Тийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 10-18 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Пүрэвсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тийн мэдүүлсэн “Өмнө нь 10 сард гар хүрсэн юм уучихаараа л тэгсэн байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харихад хамтран амьдрагч Т согтуу унтаж байсан. Намайг ороход сэрээд хаачаад ирж байгаа юм бэ? гэхээр нь ажилаа тараад ирлээ гэж хэлтэл гадуур тэнээд хоноод ирлээ гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиж, баруун гарыг мушгисан. Тэгээд гараад явахаар нь би хаалгаа цоожлоод араас нь гарсан. Гэтэл намайг хашаанд барьж аваад чамайг ална алаад хогийн поошигнд хийнэ гээд намайг цохиж газарт унагаасан. Тэгээд миний бие дээр дэвссэн. Тэгээд Т хашаанаас гараад зугтаасан.Т надад 550.000 төгрөг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх 11-12, 13 хуудас
/ -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 416 дугаартай “...Б.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, 2 гар нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх 16-17 хуудас/
-Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хохиролд 550.000 төгрөг төлсөн цаашид гаргах гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Даваат баг Манханы 10-18 тоот гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Пүрэвсүрэнг гадуур тэнэж хоноод ирлээ гэж шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун гарыг нь мушгин зодож биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, 2 гар нуруунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.Тийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр ...Б.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт болон зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.Т нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Даваат баг Манханы 10-18 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндэд биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж харамсаж байна. Торгуулийг 6 сард хувааж төлөх саналтай гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хохиролд 550.000 төгрөг төлснөөр хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримт /хх 13-р хуудас/-т авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С овогт М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Төд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ