Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/237

 

                             

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

            Нарийн бичгийн дарга Д.Ундрах   

            Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ   

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

            Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цд холбогдох 2025000000230 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ц

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.Цг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25е-5а тоот хашаанд 43-85 ОРО улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б. Бишрэлтийг мөргөж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цгийн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18-р хуудас/

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх-ийн 19-20-р хуудас/

-хохирогч Э.Бат-Эрдэний мэдүүлсэн “2020 оны 4 дүгээр сарын 27-ний 16 цагийн үед байх яг цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Манай том хүү Ананд миний гар утас руу залгаад дүү машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ үүрэг гүйцэтгээд байж байсан. Даргадаа мэдэгдээд ажлаасаа чөлөө аваад эмнэлэг дээр яваад очтол хүү Бишрэлтийг хүлээн авахын орон дээр тавьчихсан байдалтай байсан тэгээд би хүүгээ нас барсан байна гэж мэдсэн юм. Хүүгийн маань буяны ажлыг хоёр талаасаа нийлээд хийсэн, манай гэр бүлийн зүгээс хадам ааваасаа нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

-Гэрч Ц.Ариунжаргалын мэдүүлсэн... “2020 оны 04 сарын 26-ний өдөр хүүхдүүдээ хэд хоног агаар салхинд байлгая гээд Эрдэнэ багт байдаг аав, ээжийндээ 3 хүүхдээ дагуулаад очиж хоносон юм. Тэгээд өнөөдөр 12 цагийн орчимд аав, ээж маань зах орж хүнсний зүйл авна гээд миний машиныг аав унаад ээжийн хамт гарч явсан юм. Тэр үед би 3 хүүхдээ хараад аавындаа байж байсан юм. Тэгээд 2 цагийн дараа буюу 14 цагийн орчимд гаднаас өвөө, эмээ ирж байна гээд 3 хүүхэд маань 3 уулаа гэрээс гүйж гарч яваад удалгүй миний том хүү Ананд ээж дүү мөргүүлчихлээ гэхээр нь гэрээс гүйгээд гартал аав хүүг маань тэвэрчихсэн зогсож байхаар нь ааваас хүүгээ аваад тэвэрсэн. Тэр үед миний хүүгийн амнаас цус гарчихсан миний хүү ухаангүй байсан. Тэгээд бид нар айж сандраад шууд эмнэлэг явсан. Аав маань хүүг маань яаж мөргөсөн гэдгийг би гэрт байсан болохоор хараагүй. Гэрээс гүйгээд гартал аав маань хүүг маань тэвэрчихсэн зогсож байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

- Гэрч А.Цэрэндэгдийн мэдүүлсэн.... бид хүнсээ цуглуулчихаад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн, гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Хаалгаар шууд машинтайгаа орохдоо хүүхдүүд өөдөөс гүйж гарч ирдэг болохоор маш удаан хашаа руу ороод баруун гар тал руугаа чиглэлтэй эргэтэл хүүхдүүд гэрээс гарч ирээд машины баруун тийш гүйхэд нь би хүүш хүүхэд гээд чанга огцом орилсон машины доогуур хүүхэд орчихвий гэж сэргийлж чанга орилсон чинь нөхөр машинаа зогсоосон. Машинаас буугаад хартал талийгаачийн эгч, ах хоёр зогсож байсан тэгээд машины баруун талд дугуйны гадна талд хүүхэд хэвтэж байсан байх тухайн үедээ их сандраад яг болсон зүйлийг сэргээж ярьж чадахгүй байна. Талийгаач маань хөдөлгөөнтэй, сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй хүү байсан юм, тэгээд гэрээс  хүүхдүүд гарч ирээд машин баруун эргэх үед урдуур хүүхэд гүйх шиг болсон юм. Машинаас буугаад нөхөр хүүгээ тэврээд сандраад байж байтал охин Ариунжаргал гэрээс гарч ирээд хүүгээ тэврээд орилоод байсан, Машинаа яг хэзээ зогсоосон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан машин зогссон би буусан хүү маань нимгэн хувцастай байсан болохоор нөмрөг авах гэж гэр лүү орсон. Тэгээд гарч ирсэн чинь машин байшингийн зүүн талд байсан төмөр сандлыг мөргөсөн байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29-р хуудас/

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №50 дугаартай “... талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ / зүүн зулай, чамархай, духны зүүн хэсэг,самалдаг яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал болно....” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-38-р хуудас/

-“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-55-р хуудас/

-Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч М.Эрдэнэбатын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №28 дугаартай “... Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 25е-5а тоот хашаанд Тоёота приус маркийн 43-85 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ц нь хашаанд орж байх үедээ 4 настай эрэгтэй, Б.Бишрэлтийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан  байгаа тул зам тээврийн осол гэж үзэх үндэслэлтэй байна. 43-85 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврйн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...жолооч Ц.Ц МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

             Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25е-5а тоот хашаанд 43-85 ОРО улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг  зөрчсөний улмаас 4 настай Б.Бишрэлтийг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Цгийн энэ үйлдэл нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг , хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг ,шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй, болгоомжгүй үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Ц нь Тоёота приус маркийн 43-85 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25е-5а тоот хашаандаа орох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврйн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ дүгнэлтийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй байна.

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №50 дугаартай “... талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ / зүүн зулай, чамархай, духны зүүн хэсэг,самалдаг яс/ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал болно” гэсэн дүгнэлт, замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас 4 настай Б.Бишрэлт амь насаа алдсан шууд шалтгаант холбоотой байдал нотлогдсон тул Эрүүгийн хуулийн  2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасны дагуу шүүгдэгч Ц.Цг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд ” Ц.Ц 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 25е-5а тоот хашаанд 43-85 ОРО улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 настай Бишрэлтийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,   2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Оршуулгын зардалд 8,000 000 төгрөг төлсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Э.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргах төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа  болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ц.Цгийн №67364 дугаартай BCD ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Ц.Цд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Ц.Цгийн №67364 дугаартай BCD ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ