Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 108

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Ганзориг, А.Сосор нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6.540.689.35  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч  нар нь 201 оны 01 сарын 09-ний өдөр   Төрийн банкны Сэлэнгэ салбараас 5.500.000 төгрөг, дахин нэмэлтээр 2014 оны 05 сарын 28-ны 1.200.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2.300.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.571.000 төгрөг нийт 14.571.000 төгрөгийн зээлийг тус  тус авсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний  2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.2.2, зээлийн гэрээний хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлийг төлөхгүй, гэрээний  үүргийг биелүүлэхгүй тул  дээрх үндэслэлийн дагуу зээлдэгч Г.Ганзориг, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Сосор нараас зээлийн үндсэн төлбөр 6.188.955.77 төгрөгийг, зээлийн хүүний төлбөр 257.522.13 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4211.45 төгрөгийг, нийт 6.540.689.35 төгрөг мөн  тэмдэгтийн хураамжийн зардал болох 118.161 төгрөгийн төлбөрийг тус тус гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Дулаанхаан Шаамар 3 дугаар баг, Хар усан тохой    4-35 тоотод оршин суух Боржигон овогтой Аварзэдийн Сосор /РД:МД88102260/  нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Төрийн банкны Сэлэнгэ салбараас нэхэмжилсэн  зээлийн төлбөр болох 6.540.689.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч мөн гомдох зүйлгүй болно. Цалингийн зээлийг 2017 ондоо багтаан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлголоо гэх.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Дулаанхаан Шаамар 3 дугаар баг, Хар усан тохой    4-35 тоотод оршин суух Модон овогтой Гансүхийн Ганзориг /РД:ТЗ88082616/ нь шүүхэд гаргасан тайлбартаа ... Төрийн банкны Сэлэнгэ салбараас нэхэмжилсэн  зээлийн төлбөр болох 6.540.689.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч татгалзар зүйлгүй.  Цалингийн зээлийн 2017 ондоо багтаан Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу  төлнө. Тэмдэгийн хураамж болох 118.161 төгрөгийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Ганзориг, А.Сосор нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6.540.689.35  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г.Ганзориг, А.Сосор  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118161 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59080,5 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 59080,5  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Ганзориг, А.Сосор нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6.540.689.35  төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118161 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59080,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 59080,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН