Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/226

 

               

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч О.Батбаяр

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мт холбогдох эрүүгийн 2025000000244 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Их- Уул суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 25-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овгийн Чимэд-Очирын М. /РЖ83110713/

          Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Мыг согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэр Дэнж гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Батбаяртай маргалдаж, нүүр, чихнээс нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө гэх мэдүүлэг,

-Хохирогч О.Батбаярын шүүх хуралдаанд мэдүүлсэн... Сорви арилгаад өгчихвөл гомдолгүй. Эм тариа авч өгсөн. Хоёр нүд болон хацрын сорвит 1 см тутам 150,000 төгрөгийн лазер эмчилгээ шаардлагатай гэсэн. 2,000,000 төгрөг болж байгаа. Хамт яваад зардал төлөөд өгчихвөл заавал нэхэмжлэхгүй ,

- Хохирогчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...орой 19 цагийн үед би М руу залгаад цемент асуутал ажлаасаа буусан, Яргуйтын дэнж дээр архи ууж байна, хүрээд ир гэхээр нь би очсон. Намайг очиход 0.75 литрийн архи талдаа орсон ууж байхаар нь би хамт архи уусан. Би дэлгүүрээс 0.75 литрийн архи найздаа авч өгсөн. Тэр архийг уугаад Мын хамт ажилладаг залуу Эрдэнэбаярын гэрийн гадаа очоод байж байхад М нь согтчихоод намайг гуйлгачин гэж хэл амаар доромжилсон. М намайг баруун гараараа нэг удаа нүүр лүү цохисон. Бид хоёр харилцан зодоон хийгээд М миний баруун чихний омог тас хазсан, зүүн дээд зовхи, доод зовхи, зүүн хацар, баруун хацар хазсан. ...Мт зодуулсны улмаас нүүрэнд сорви тогтсон. Уг сорвийг Улаанбаатар хотод очиж арилгуулахад 1 см тутам 150.000 төгрөг шаардлагатай гэсэн. Иймд 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Гэхдээ ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

-Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 4-5-р хуудас/

- Гэрч Т.Эрдэнэбаярын мэдүүлсэн...М, Батбаяр нар хэрэлдэж маргалдаад байсан. ...Батбаяр нь Мын машины хойд гэрлийг хага өшиглөсөн. Тэгээд М Батбаяр хоёр барьцалдаж аваад хоёулаа газар унаад ноцолдоод байсан. Батбаяр удалгүй “энийгээ аваач ээ” гээд орилсон. Тэр хоёрыг салгаад харсан чинь Батбаярын нүүрнээс цус гойжиж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

-Гэрч А.Энхболдын мэдүүлсэн...Тэгээд би арын машинд сууж байтал Батбаяр урд машинаас бууж ирээд Мын машины хойд гэрлийг хага өшиглөсөн. М машинаас бууж ирээд Батбаяртай барьцалдаж аваад тэр хоёр ноцолдож газар унасан зүгээр найзууд ноцолдож байна даа гэж бодтол Батбаяр орилсон энэ намайг идээд байна аваачээ гэсэн, тэгээд салгаад хартал тэр хоёрын нүүр хоёулаа цус болсон байсан. Тэгээд бид нар гайгүй юм байна гэж бодоод гэр гэрлүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/  

- Гэрч А.Ганзоригийн мэдүүлсэн “...Батбаяр М ахын машины хойд гэрлийг өшиглөж хагалсан. Тэр хоёр зодолдох гээд байхаар нь болиулах гэж оролдсон. Батбаяр М ахыг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй тэр хоёр ноцолдоод газар унаад дээр доороо оролцоод байж байгаад дуугүй болсон. Харахад М ахын хөмсөгнөөс цус гарсан байсан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

-Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 423 дугаартай ...О.Батбаярын биед нүүр ба баруун чихний омогны урд ба доод хэсэгт олон тооны шарх, зүүн хацарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэр Дэнж гэх газарт хамт архидан согтуурч байсан О.Батбаяртай маргалдаж улмаар нүүр, чихнээс нь хазаж биед нь нүүр ба баруун чихний омогны урд ба доод хэсэгт олон тооны шарх, зүүн хацарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Мын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...О.Батбаярын биед  нүүр ба баруун чихний омогны урд ба доод хэсэгт олон тооны шарх, зүүн хацарт зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Батбаярын нүүр чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна, ялын саналыг зөвшөөрнө, 3 сарын хугацаанд төлнө гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч нүүрэнд учирсан гэмтлийн сорвийг арилгахад 2,000,000 төгрөг шаардлагатай гэсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж                             шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирлоос төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан   шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овгийн Ч.Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын  сард  166,666    төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ