Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/236

 

                             

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Л.Энхтайван

            Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 2025001480219 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ш.Бг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Жем трейд” ХХК-ны худалдааны төлөөлөгч Б.Мөнхтулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тус компаниас 3529800 төгрөгийн 228 шил архи залилан авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бгийн мэдүүлсэн,Жем трейдээс архи авсан нь үнэн.Өөртөө аваагүй,өртэй байсан тул түүнийгээ хаах гэж авсан.Би өөрөө ярих гэхээр танигдах тул Өнөржаргалыг яриулсан.Миний буруу худал хэлж бараа авсанаа хүлээж байна.төлбөрөө бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Чимэдлхамын мэдүүлсэн... Манай компанид ажиллаж байсан. Ш.Б гэх залуу ажлаасаа чөлөөлөгдөх гээд шинээр ажилд орсон Б.Мөнхтулгыг хуурч мэхлэн манай компанид 3529800 төгрөгийн хохирол учруулсан. Б.Мөнхтулгын утас руу нэг эмэгтэй хүн залгаад Хялганат сумын “Оргил” гэх дэлгүүрээс ярьж байна. Захиалга өгөх гэсэн юм гэхдээ зээлээр авна гэж хэлэхээр нь Ш.Бгаас асуухад тэгэхгүй юу даа гэж хэлэхээр нь Мөнхтулга ярьсан эмэгтэйтэй холбогдоод өөрсдөө ирж аваарай гэж хэлсэн юм байна лэй. Тэгээд орой нь манай нягтлан Санжидмаагаас нэг эмэгтэй ирээд 228 ширхэг архийг аваад явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

-Гэрч Б.Мөнхтулгын “... Би 2020 оны 02 дугар сарын 05-ны өдрөөс эхлэн “Жем трэйд” ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд маргааш нь ...Б гэх залуугаас ажлаа хүлээж аваад удаагүй байхад ажлын 95956201 гэсэн дугаар луу 88288730 дугаарын утаснаас Хялганат сумын “Оргил” дэлгүүрээс ярьж байна 19 хайрцаг архи эгчдээ зээлэх боломж байна уу гэхээр нь би асуугаад тань руу залгая гээд утсаа салгасан юм. Тухайн үед би ажилдаа ороод удаагүй байсан болохоор миний өмнө ажиллаж байсан Б хамт явж байсан бөгөөд дэлгүүрийн эгчийн хэлснийг хэлэхэд Чи өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлэхээр нь би ажлынхаа нягтлан Санжидмаа руу залгаад асуутал гайгүй бол өөрөө мэдээд өгчихгүй юу даа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөгөө дэлгүүрийн эгч рүү залгаад та яг 2020 оны 02 дугаар сарын 24-ний дотор зээлсэн архиныхаа мөнгийг өгөөрэй гэхэд тэгье тэгье асуудалгүй гэхэд нь манай компаниас Хялганат хүргэж өгөх боломжгүй шүү гэхэд хамаагүй ээ, би дүүгээ явуулаад авхуулчихна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд нээх удалгүй эрэгтэй хүн залгаад манай эгч очоод архи аваад ир гэсэн юм хаанаас авах вэ гэхээр нь би нягтлангийнхаа утсыг өгөөд ярьж байгаад очоод авчих гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Хялганат тосгон руу очиж захиалга авангаа Оргил дэлгүүр лүү ороход нэг эмэгтэй хүн байсан бөгөөд тэр эмэгтэйтэй уулзахад манайх танай ХХК-с архи аваагүй гэхээр нь би ...залилуулчихлаа гэж мэдээд ...нягтлангаас архи хүлээн авсан хүний дугаарыг аваад тэр дугаар луу залгатал тийм хүн байхгүй мэдэхгүй гэхээр нь тэр дугаарыг нь фэйсбүүкээс хайж үзтэл миний өмнө ажиллаж байсан Бгийн ашигладаг фэйсбүүк гараад ирсэн. ... Би ажлынхандаа хэлтэл Б юм шиг байна гээд түүнийг ажил дээр дуудаад эхлээд асуухад тэрээр би биш ээ гэж байснаа фэйсбүүк болон ярьсан дугаарыг нь харуултал өөрөө авсан гэж үнэнээ хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

 

- Гэрч Д.Санжидмаагийн мэдүүлсэн... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажиллаж байхад 19 цагийн үед манай худалдааны төлөөлөгч Мөнхтулга над руу залгаад нэмэлт захиалга гаргая эгч ээ, Хялганатаас захиалга ирээд байна гэхээр нь би захиалгаа шивчихээрэй гэж хэлсэн юм. Тэгээд намайг ажил дээрээ байж байтал нэг эмэгтэй хүн надруу 99783661 гэсэн дугаараас залгаад складны чинь гадаа ирчихлээ гэхээр нь би  гараад складнаас нийт 228 ширхэг, 3 529 800 төгрөгийн архи өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/

-Гэрч Ш.Шижирбатын мэдүүлсэн...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... манай дүү Б нь 3 дугаар микрийн тэндээс ирээд миний 07-33 ОРО улсын дугаартай Ниссан экстрал загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. ...Ирэхдээ цагаан өнгийн   жижиг ачааны машинтай, машиндаа архинууд аччихсан ирээд намайг харж байхад тэр машинаасаа миний машин руу хайрцагтай архинуудаа ачаад явсан. Манай дүү тэр үед манай дүү охин Өнөржаргал болон тэр жижиг ...машины жолооч гэх хүнтэй ирээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-рхуудас/

 

- Гэрч Ц.Лхагважавын мэдүүлсэн ... Бараан захын хажуугийн Магнай трэйдийн клонк дээр бензин аваад зогсож байтал нэг машинтай залуу ирээд хэдэн хайрцаг архи Есөн-Эрдэнэ худалдааны төвөөс ачаад өгөөч, склад нь хаагаад хүн нь явах гээд байна  гээд дахин дахин гуйгаад байхаар нь би за тэгье, удахгүй шүү гэж хэлээд Есөн-Эрдэнэ худалдааны төв рүү тэр залуутай хамт байсан эмэгтэйгийн хамтаар явж очоод складнаас хэдэн хайрцагтай юм ачаад 3 дугаар микрийн тэнд очиход нөгөө намайг гуйгаад байсан залуу тэнд ирчихсэн байсан. Тэгээд миний машинд ачсан байсан хайрцагтай архинуудаа цагаан өнгийн Ниссан экстрал загварын тээврийн хэрэгсэлд ачаад явсан ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-р хуудас/

-“Жем Трейд” ХХК-ийн 2020/02/06-нны өдрийн зарлагын баримт, Зөрчил бүртгэх хуудасны хуулбар, утасны дуудлагыг харуулсан гэрэл зургийн хуулбар /хх-ийн 74-82-р хуудас/

-“Жем Трейд” ХХК-ийн нэхэмжлэл, шүүгдэгч Ш.Бн 3,529,800 төгрөг тушаасан орлогын баримт /хх-ийн 89-90-р хуудас/

 

-“Жем Трейд” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хуулбар /хх-ийн 91-р хуудас/

-Гэрч Д.Өнөржаргалын мэдүүлсэн...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...11-12 цагийн хооронд намайг ээжийнхээ гэрт байхад Ш.Б над руу залгаад миний ажилладаг байсан газраас очиж архи пиво авах хэрэгтэй байна, авсан архи пивийг нь би Хялганат руу явуулах гээд байгаа юм гэж яриад байсан юм. Эхлээд би үгүй ээ чадахгүй  гэж хэлэхэд Ш.Б над руу дахин дахин залгаад, өнөөдөр л очиж авахгүй бол болохгүй байна гээд байсан юм. Ш.Б нь манай ээжид 100,000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд Ш.Б надад хэлэхдээ авсан архи пивийг дэлгүүрүүдээр тараачих юм бол мөнгөтэй болоод ээжийн чинь 100,000 төгрөгийг нь өгчихнө гээд байсан бөгөөд би ээжийнхээ 100,000 төгрөгийг авч өгөхийн тулд за тэгье гээд зөвшөөрчихсөн юм. Би тухайн үед Ш.Бгаас ямар учиртайг нь асуухад би авах ёстойгоо авч байгаа юм, би хэлчихсэн байгаа, нярав дээр нь очоод Оргил дэлгүүрээс ирлээ, Оргил дэлгүүрийн барааг өгч явуулах гэсэн юм гэж хэлээд авчих гээд байсан юм. Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны оройн 19 цагийн үед Есөн-Эрдэнэ худалдааны төвийн хашаанд байх Жем трейд компанийн агуулах дээрх очиход хаачихсан байсан, тэгэхээр нь Ш.Б руу залгаад хаачихсан байна гэхэд өнөөдөр заавал Хялганат руу явуулах ёстой, заавал авахгүй бол болохгүй гэснээ нярав руу нь яриад дуудчих гэсэн юм. Тэгэхээр нь би тэр нярав руу нь залгаад ярьсан чинь манайх агуулахаа хаачихсан байна гэхээр нь би Ш.Бгийн хэлсэнээр өнөөдөр заавал авахгүй бол болохгүй байна. Хялганат руу  явуулна гэж хэлтэл  нярав эмэгтэй за за хүлээж бай удахгүй очлоо гэж хэлсэн. Удалгүй ирээд бараа болох хайрцагтай архинуудыг тэр нярав эмэгтэй гаргаж өгсөн юм. Би тэр бараануудыг хүлээж авахдаа нэг хуудас дээр гарын үсгээ зурж хүлээж авсан. Уг барааг хүлээж авахад 3 өөр төрлийн савалгаатай Соёрхол нэртэй архи байсан нарийн тоо ширхэгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэр нярав эмэгтэй хүлээж авсан гарын үсэг зур гэхэд нь би Цэцэгмаа  гэх нэрийг биччихсэн юм. Тэгээд агуулахаас нь гараад 3-23 дугаар байрны гадаа зогсоол дээр ахад нь хүргэж өгсөн, ах нь цагаан өнгийн Экстрал загварын машинтай зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Б нь “Жем трейд” ХХК-ны  Орхон аймагт дахь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ажлаас халагдсаны дараа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр уг компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон Б.Мөнхтулгатай утсаар ярьж “Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Оргил гэх нэртэй дэлгүүрээс ярьж байна, архи зээлээр авах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдал бий болгон ярьж итгүүлэн  3,529,800 төгрөгийн 228 шил архийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож “Хялганат багийн Оргил дэлгүүүрээс ярьж байна архи зээлээр авах гэсэн юм” гэж утсаар худал ярьж 3529800 төгрөгийн 228 шил архийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч Ш.Бн үйлдлийн улмаас Жем Трейд ХХК-д 3,529,800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Жем Трейд” ХХК-ийн нэхэмжлэл, шүүгдэгч Ш.Бн 3,529,800 төгрөг тушаасан орлогын баримт, “Жем Трейд” ХХК-ийн 2020/02/06-нны өдрийн зарлагын баримт, Зөрчил бүртгэх хуудасны хуулбар, утасны дуудлагыг харуулсан гэрэл зургийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ш.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож Хялганатын “Оргил” дэлгүүрээс ярьж байна архи зээлээр авах гэсэн юм гэж утсаар яриулан бусдыг хуурч залилан 3,529,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Ш.Бг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.

                Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд, ажилд ороод удаагүй бараагаа алдаж өрөнд орсон тул энэ өрөө дарахын тулд архи авсан. Учруулсан хохирлыг барагдуулсан, торгуулийн ял оногдуулна уу, би их гэмшиж байна гэжээ.

            Шүүгдэгч Ш.Бд ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл  зэргийг харгалзан үзлээ. Оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж,хохиролыг барагдуулсан байх тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

            Хохирол төлбөрийн тухайд,  “Жем Трейд” ХХК-д нийт 3,529,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 90-р хуудас/-т авагдсан байна. Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Чимэдлхам нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ш.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд сард 140,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ