Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.А, Т.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Я.А /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

хохирогч Ч.Тын өмгөөлөгч Б.Отгонтөгс,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Я.А, түүний  өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хохирогч Л.Мөнхболор нарын давж заалдах гомдлоор Я.А, Т.Э нарт холбогдох эрүүгийн 201525022155 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Я.А, 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:./,

Ч овогт Т.Э, 1990 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг Их усны ... тоотод оршин суух,

урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сар 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД:...../,

Я.А нь 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нархан” хотхоны “Худалдаа хөгжлийн” банкны байранд машины наймаа хийх гээд мөнгө дутаад байна гэж хуурч Б.Маас 45 000 ам.доллар буюу 84 505 950 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 50 000 ам.доллар буюу 93 484 500 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд иргэн Л.Уас “Япон улсаас автомашин оруулж ирж зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч 60 000 ам.доллар буюу 111 804 600 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн” банкны байранд иргэн Л.Мөнхболороос “Япон улсаас автомашин оруулж өгнө” гэж хуурч 60 000 ам.доллар буюу 111 804 600 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Брау Хаус” төвийн гадна Л.Уд “Лексус-570 маркийн автомашин захиж авч өгнө” гэж хуурч 60 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оддын” хотхоны 396-6 тоот байрнаас “Японоос машин захих гэсэн мөнгө дутаад байна” гэж хуурч 100 000 000 төгрөг тус тус авч нийт 271 804 600 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мод “Япон улсаас приус 11 маркийн автомашин хямд үнээр авчирж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах “ХААН” банкны салбараас 1 000 000 төгрөг,

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13 а байрны 101 тоот 49 м.кв 3 өрөө байрны Эд хөрөнгө өмчлөх эрхийн №000261283 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /К3431082009575173/-г хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж иргэн Ч.Таас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2 284 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 2 700 000 төгрөг тус тус авч нийт 19 484 800 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Т.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаагдахдаа “2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Я.Аээс бэлнээр 300 000 000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлж авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Я.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...прокуророос шүүгдэгч Я.Аэд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Я.Аийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Эыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Аийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аэд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А 138 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аээс нийт 482 353 700 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Мөнхболорт 365 289 100 төгрөг, хохирогч Л.Уд 111 804 600 төгрөг, хохирогч Ч.Тд 5 260 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ч.Тын нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн хөлс 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Я.А нь хохирогч Л.М төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хохирогч Л.М, Л.У нарын надад зээлдүүлсэн тусламж болгон хамтран ажилласан мөнгийг машин захиалсан гэж өгсөн мөнгөнөөс ялгаж, салгаж үнэн зөвөөр тогтоож эрүүгийн болон иргэд хоорондын харилцааг салгаж шалгаагүй. Анх 2015 оны 6 сарын эхээр би өөрөө 99039008 дугаартай миний аавын төрсөн дүү Л.М луу залгаж мөнгө зээлэх боломж байна уу? гэхэд 200 000 ам.доллар хүртэл бол туслаж болно. Эгч нь Уянга эгчтэй нь ярьчихаад эргээд залгъя гэсэн. Тэр өдрөө над руу эргэж залгаад У бид хоёр чамд нийт 120 000 ам.доллар зээлдүүлье. Чи эргүүлж байгаад хөл дээрээ босоод ав боломжтой болохоороо 2 эгчдээ 30 000 ам.доллар нэмээд өгчихөөрэй. Өөр хүнд хэлээд хэрэггүй. Мөөгий ах нь чам руу залгах байх гэсэн. Мөөгий гэж Л.М нөхөр М юм. Над руу М ах залгаад 2015 оны хар lexus ex 570 автомашин хэдэд авч өгч чадах вэ гэсэн. Би судалсан ёсоороо 95 000 ам.долларт олж өгч болно гэсэн юм. Болж байна ах нь авъя, би чам руу залгая, уулзаж байгаад яръя гээд бид хоёр 2015 оны 6 дугаар сарын 8-нд Нархан хотхоны “Худалдаа хөгжлийн банкинд” уулзаад эхний өдөр банкинд байсан 45 000 ам.доллар, 2015 оны 6 дугаар сарын 9-нд 50 000 ам.доллар нийт 95 000 ам.доллар авсан. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 11-нд М эгч миний “Худалдаа хөгжлийн банкны” тоот дансанд 60 000 ам.доллар шилжүүлчихлээ. Уянга чам руу өөрөө залгах байх гээд байж байтал Л.У эгч 2015 оны 6 дугаар сарын 11-нд залгаад ажил дээрээ буюу “Хууль зүйн Яаман” дээр хүрээд ир гэхээр нь би очиж хүлээж байгаад талбайн урд талын “Худалдаа хөгжлийн байранд” 60 000 ам.доллар бэлнээр авсан юм. Дараа нь М, М  эгч нарыг “Оддын хотхон” дахь гэртээ байхад нь дахин 100 сая төгрөг бэлнээр зээлэн авсан юм. 2015 оны 6 дугаар сарын дундуур Хүүхдийн 100-н “Брау Хаус” төвийн урд М, М нараас 60 сая төгрөг авсан. Энэ 60 сая төгрөгийг М эгч хэлэхдээ У эгчид зээлдүүлж байгаа чи 2012 оны lexusRX 350 машин авч өгч чадах уу У машиныг сайжруулах гэсэн юм гэж өгсөн юм. Ингээд надад 2 ширхэг автомашин захисан нь үнэн болно. Харин М, у нарын 120 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийг бол цэвэр тусламж намайг боломжтой болтлоо эргүүлж байгаад өг гэж өгсөн мөнгө болно. Үүнийг 45 ширхэг машин захиалсан болгож ярьж шалгаж яллаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.М, Л.У нар нь анхны мэдүүлэг дээрээ зээлж өгсөн гэдгээ хэлсэн байдаг. Мөн манай гэрт очиж ээжтэй уулзахдаа туслаж зээлдүүлсэн гэснийг ээж мөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Надад хүүтэй, хугацаагүй, зээлдүүлж өгсөн юм. Би анхнаасаа авсан мөнгө үнэн зөвөөр тогтмол хүлээж байсан боловч эдгээр мөнгөнүүдийг ялгаж салгаж ойлгож шалгаагүй юм. Энэ мөнгөнөөс би 230 000 ам.долларыг бэлнээр ченж С, Б нарт мөн л эд надад найдаж итгэж баримтгүй өгсөнтэй адил би хүнд мөнгө өгөхөөрөө цагдаа гомдол авч шалгадаггүй, өгсөн баримт гомдлыг нь хавтас хэрэгт ч хийлгүй, намайг хохироож байна. Энэ хоёр эгч маань ч тодорхой ашиг харж надад зээлдүүлсэн энэ мөнгийг би хүнд өгөөд алдаж яахаа мэдэхгүй байхад эрсдлийг хамт үүрэх ёстой байтал зөвхөн би авснаараа буруутаж байна. Мөн тухайн үед lexus lx 570  машин “таван богд”  моторсд 100 000 ам.доллар байсан би хүргэн ахдаа энэ ченжүүдийн хэлсэн үнээр нэг ч төгрөг нэмэлгүй аваад өгчихнө гэж хичээсэн юм. Анх Мөнхжаргал ахтай уулзахад 2 эгчээс мөнгө авсаныг мэдээгүй байсан. Би мартаад хэлэхэд У, Б чи бас мөнгө зээлсэн юм уу гэж байсан. Ах, дүү нараасаа ийм их хэмжээний мөнгө авчихаад эргүү хүн шиг ингээд шууд залилчихна гэж ямар ч хүний санаанд буухгүй. Анхнаасаа тийм сэдэл санаа байгаагүй гэдгээ хэлсээр ирсэн. Энэ байцаалт мэдүүлэг эхнээсээ үнэн зөв яваагүй зөвхөн миний эсрэг намайг буруутгаж явсан билээ. Энэ машин захиалсан гэж нэхэмжилж байгаа мөнгө болон зээлдүүлсэн байгаа мөнгийг үнэн зөвөөр шалгаж ялгаж өгнө үү. Гарсан эрсдлийг мөн хамт үүрэх ёстой үнэн зөвөөр ганц хүнийг буруутган дайралгүй шалгаж мухарлан алдсан мөнгөө хамт олж авч миний гэм бурууг үнэн зөвөөр тааруулан шүүх хэрэгтэй. Би аваад хүнд итгэж өгснийхөө төлөө 4 жил шоронд суух болоод байна. Энэ хоёр хүнийг /Б, С/ олж мөнгийг нь гаргуулж өгнө үү.

2. Би 2015 оны 6 дугаар сард мөнгөө аваад ченж 2 танил ахдаа 230 000 ам.доллар бэлнээр өгсөн юм. Ингэхдээ 2015 оны 7 сарын дундуур 5 ширхэг автомашин “USA”-с авч 2 ширхэг буюу lexus lx 570, lexus rx 350 автомашинуудыг М эгчийн нөхөр М ахад , у эгч нарт өгөхөөр тооцож, lexus rx 450 болон TOYOTA HIGHLANDER 2 ширхэгийг нийт 3 автомашин өөрөө авч үнэ нэмэн зарахаар тооцож тохирч өгсөн юм. Гэтэл энэ хоёр хүн удаа дараа хугацаагаа сунгаж намайг эвгүй байдалд оруулан худлаа хэлэхэд хүргэж байсан юм. Энэ хоёр хүний хэлсэн ярьсан болгоныг би хэлж байсан. Сүүлдээ надаас зугтан илт худлаа хэлж өгөх санаа байхгүй байсан. Ингэж байтал Б надтай өөрөө ирж уулзсан би удаа дараа мессэж байж арай гэж уулзтал машинууд ойрхон “тяньжин” дээр гацчихаад байна. Ахын дүү аргалж бай ах, дүү улсууд юм чинь чамайг ойлгоно гэж хэлэхэд би ойлгохгүй байна сунгах арга алга эсвэл мөнгөө авъя буцаагаад 2 машиных нь мөнгийг өгчихнө гэхэд одоо мөнгө алга 11 сард ав гээд байсан юм. Ингэж явсаар 2015 оны 11 дүгээр сарын 19-нд би цагдан хоригдож 2016 оны 4 дүгээр сарын 1-нд батлан даалтад гарсан юм. Энэ хугацаанд энэ хоёр хүн хааяа уулздаг боловч одоо сүүлдээ намайг дарамталдаг болсон. Арга ядаад өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад “диктафон”-д машинд нь сууж байхдаа бичлэг хийж авсан юм. Энэхүү ярианд надаас 230 000 ам.доллар авснаа хүлээдэг бөгөөд 2017 оны 3 дугаар сард мөнгийг чинь өгнө өөр яриад байх юм алга ах нар нь өгөх гээд л яваад байна эсвэл чи новшроод явбал яв хэлдэг хүн байвал хэл өөрөө мэд гэдэг. Энэхүү бичлэгээ CD-д бичиж өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч хэрэг үүсгэж шалгаагүй төдийгүй хавтаст хэрэгт миний гомдол, CD-г хавсаргаагүй байна. Яагаад та шалгахгүй байна гэхэд хэрэг чинь дууссаны дараа болно. Одоо бол шалгах боломжгүй. Чи битгий гонгиноод бай, эр хүн шиг хийсэн хэргээ даагаад гар гээд авч хэлэлцдэггүй. Шүүхийн захирамжийг ч биелүүлээгүй. Би ярьж байж хоёулаа цирк ороодохоё  гэсээр байцаагчаа авч очтол утсан дээр нь өөр жоохон залуу гарч ирээд тийм хүн байхгүй гээд өнгөрсөн юм. Энэ хоёр хүн цэвэр ял завшин нуугдаж байна. Намайг ялаа аваад яваасай гээд хүлээж сууна. Энэ хоёр өнөөдөр ажилаа хийгээд л байж байгаа байцаагч маань албан ёсоор дуудаад дуу хоолойны шинжилгээ хийгээд утсыг нь шүүгээд үнэн зөвөөр шалгах сэтгэл үнэндээ байгаагүй. Энэ хоёр хүнийг заавал олж шалгах хэрэгтэй. Тэгж байж энэ хүмүүсийн мөнгийг олж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би диктафоноо эх хувиар нь гаргаж өгөхөд бэлэн байна. Надад ийм баримт бичлэг байгааг мэдэхгүй байгаа болохоор итгэлтэй ингэж зугтаад байна. Энэ баримт яриан дээр тулгуурлаж үнэн зөвөөр нь тогтоох хангалттай боломжтой юм. Надаас илүү мөнгөтэй танилтай эдгээр хүмүүсийг яагаад шалгаж чадахгүй халгаад тойроод байгааг ойлгохгүй байна. Би ганцаараа ял аваад энэ хоёр намайг түлхээд өөрсдөө хуулиас гадуур ингэж үлдэж болохгүй. Надад гомдолтой байна. Үнэн зөвөөр нь шударга тогтоож гэм бурууг нь олж өгнө үү.

3. Хохирогч Чд анхан шатны шүүхээс намайг 5 260 000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 9 сая төгрөг  2014 оны 10 дугаар сарын 14-нд нотариатаар зээлийн гэрээ хийж авч сар бүр зээлийн хүүн дээрээ үндсэн зээлийн мөнгөө төлсөөр яваад 2015 оны 11 дүгээр сарын 14-нд төлж дуусгасан билээ. Ч нь шүүхэд хэлэхдээ 19 сая 660 000 төгрөгийг Аэд зээлдүүлсэн гэж хэлсэн боловч анх байцаалтад мэдүүлэхдээ Аэд зээлдүүлсэн гэдгээ хэлсэн бөгөөд мэдүүлэгтээ надаас авсан хүүний мөнгийг надад буцааж хүүлж нэг ёсондоо “хүүг хүүлж” байсан гэдгээ хүлээсэн байдаг. Үүний өмнөх прокурор А.Дэлгэрмөнх мэдэж байсан бөгөөд хохирлын тооцоог 14 400 000 төгрөгөөр гаргаж байсан. Мөн өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт миний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, С.Нэргүй, Пүрэвлхам нар 5057111211 тоот миний Хаан Банкны дансны хуулган дээр бодолт хийн хүн тус бүр дээр тодруулан өнгөөр ялгаж шүүгч Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг, Дуламсүрэн нарт өгсөн. Иймд шүүх прокурорт энэ хэргийг хэрэгсэхгүй болго гэж буцаасан билээ. Амгаланбаатар прокурортой би мөн 2017 оны 10 дугаар сард 3 удаа очиж уулзан дахин дансны хуулгаа өнгөөр ялган будаж өгсөн билээ. Гэтэл энэ бүхнийг прокурор шүүх хуралд огт ярьсангүй. Би энэ мөнгийг төлөх үндэслэл надад  байхгүй. Би өгөх ёстой мөнгөө сар бүр төлсөөр дууссан, хүнд дарамтлуулж төлж чадахгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг минь тал бүрээс нь хяналт иргэний харилцаа эрүүгийн хэргийг ялгаж, ганцхан намайг буруутгаж бүх бурууг над дээр тохсон энэ асуудлуудыг минь үнэн зөв хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.  Мөн би Чын 5 260 000 төгрөгийг төлж чадахгүй. Хэрвээ авсан нь нотлогдвол би төлнө гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна...” гэв.

Шүүгдэгч Я.Аийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгч Я.А нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нархан” хотхоны “Худалдаа хөгжлийн” банкны байранд наймаа хийх гээд мөнгө дутаад байна гэж хуурч Б.Маас 45 000 ам.доллар буюу 84 505 950 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 50 000 ам.доллар буюу 93 484 500 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд иргэн Л.Уас “Япон улсаас автомашин оруулж ирж зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч 60 000 ам.доллар буюу 111 804 600 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн” банкны байранд иргэн Л.Мөнхболороос “Япон улсаас автомашин оруулж өгнө” гэж хуурч 60 000 ам.доллар буюу 111 504 600 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Брау хаус” төвийн гадна Л.Уд “Лексус 570 маркийн автомашин захиж авч өгнө” гэж хуурч 60 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оддын хотхоны 396-6 тоот байрнаас Японоос машин захих гэсэн мөнгө дутаад байна” гэж хуурч 100 000 000 төгрөг тус тус авч нийт 271 804 600 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мод “Япон улсаас Приус-11 маркийн автомашин хямд үнээр авчирж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах “Хаан” банкны салбараас 1 000 000 төгрөг, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13а байрны 101 тоот 49м.кв 3 өрөө байрны эд хөрөнгө өмчлөх эрхийн №000261283 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /К3431082009575173/-г хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж иргэн Ч.Таас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2 284 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 2 700 000 төгрөг тус тус авч нийт 19 484 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.У, хохирогч Ч.Мөнхболор, хохирогч Л.Мөнхболд, хохирогч Ч.Т, гэрч Б.М нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж дүгнэжээ. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 11-32, хх-58 хуудсанд хохирогч Л.У, хохирогч Л.Мөнхболор, Б.М нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байдаг бөгөөд дээрх хохирогч гэрчүүдээс мэдүүлэхдээ тогтвортойгоор Я.А нь япон улсаас машин захих гэсэн юм, сэлбэг хэрэгсэл авах гэсийн мөнгө зэлүүлээч гэхэд нь бид дүүгийнхээ амьдрал ахуйд туслах зорилгоор мөнгө зээлүүлсэн тухай мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хохирогч гэх Л.У, Л.Мөнхболор, Я.А нарын хооронд залилангийн гэмт хэргийн шинж агуулсан биш Монгол улсын иргэний хуульд заасан иргэний эрх зүйн буюу зээлийн гэрээний асуудал яригдах ёстой. Гэтэл 2 сарын хугацаанд бизнес эхлүүлсэн хүнээс буцаад мөнгөө шаардаж, өгөхгүй болохоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хүчээр бүрдүүлж хүний эрхэнд ноцтойгоор халдаж байна. Мөн гэрч Б.М нь бичсэн мэссежээр нотлогдож байна гэж мэдүүлдэг гэвч Я.А, Б.М нарын хоорондоо харилцсан мэссежийг хавтас хэрэгт хууль заасан нотлох баримтын шаардлага хангахгүйгээр, хуульд заасан аргаар бэхжүүлээгүйгээр тусгаж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд үндэслэл болгож шийдэж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйгээр шийдсэн байна. 2. Я.А нь дээрх хохирогч гэх Л.У, Л.Мөнхболор нараас зээлсэн мөнгийг автомашин худалдан авахаар автомашины ченж 2 хүний тухай байнга мэдүүлдэг төдийгүй дээрх 2 хүнтэй холбогдсон дуу дүрсний бичлэгийг мөрдөн байцаагч Гарьдад өгсөн байдаг. Гэтэл энэ талаар хавтас хэрэгт тусгагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаж бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг авч хэлэлцэж шийдсэн. 3. Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13 а байрны 101 тоот 49м.кв 3 өрөө байрны эд хөрөнгө өмчлөх эрхийн №000261283 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /К3431082009575173/-г хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж иргэн Ч.Таас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2 284 800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 2 700 000 төгрөг тус тус авч нийт 19 484 800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байгаа үйлдэлд дээрх хуурамчаар үйлдэн барьцаанд тавьсан гэх боловч 1 дүгээр хавтас хэргийн 184-190 хуудаст авагдсан Ч.Т, Я.А нарын хооронд хийсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаар нотлох баримтаар авагдсан байдаг. Гэтэл үнэхээр хуурамч бичиг баримт байсан бол нотариатчийн үйлдэл, улсын бүртгэл дээр хийгдсэн үйлдлүүд зэрэг нь ямар байдлаар хийгдсэн нь хавтас хэрэгт тодорхойгүй мөн Ч.Тд Я.Аээс тодорхой хугацаатайгаар мөнгийг нь эргүүлэн төлж байгаа үйлдэл нь эрүүгийн хуулийн залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байхад гэм буруутайд тооцсон байна.Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Л.М давж заалдах гомдолдоо: 1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шилжүүлсэн болон бэлнээр өгсөн мөнгөний тухайн өдрийн Монголбанкны ханшаар бодож зөвхөн надаас / миний нөхрөөс авсныг оролцуулан/ 449 795 050 төгрөг, миний дүү Уянгаас 111 804 600 төгрөг, нийт 561 599 650 төгрөгийг Я.А авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох этгээдийн мэдүүлгүүдээр мөн тогтоогдсон. Бид Аэд яагаад мөнгө өгөх болсон талаараа анх гаргасан өргөдөл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг бүртээ батлан илэрхийлсэн байгаа. Мөн Аийн өөрийнх нь мэдүүлгээр батлагдаж байгаа болно. Иймд Аийн өмгөөлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо хохирогч, шүүгдэгч нарын хооронд зээлийн гэрээний асуудал яригдах ёстой байхад залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хүчээр бүрдүүлсэн гэсэн нь ор үндэслэлгүй болно. Өмгөөлөгч энэхүү гомдолдоо хохирогч нар мэдүүлэгтээ “зээлсэн” гэсэн үг хэллэг хэрэглэсэн гэх үндэслэл нь хуулийн үндэслэл болох боломжгүй ба “зээлсэн” гэсэн үг хэлсэн, бичсэн болгон зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний нөхцөл хангасан болчихдог хуулийн үндэслэл Монгол улсын хууль тогтоомжид тусгагдаагүй байна. Тэгээд ч зээлийн гэрээг хууран мэхлэх, итгэл эвдэх замаар байгуулдаггүй билээ. А нь мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд “шүүгдэгч Энх-Амарт мөнгө зээлсэн” , “ 2 ченжэд мөнгө зээлсэн” гэх мэтээр удаа дараа үлгэр зохиож гэмт хэргээ хаацайлах, шүүн таслах ажиллагааг сунжруулах оролдлогыг хийж байна. 2. Тэрээр анх мөнгө авахдаа 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хар өнгийн LEXUS 570 маркийн машин, 120 000 ам.долларыг тус тус буцааж өгнө, 2015 оны 9 дүгээр сарын 20-нд 100 сая төгрөгийг буцааж өгнө, 60 сая төгрөгөөр нь Lexus RX 350 маркийн хуучин машин авчирч өгнө гэж авсан боловч өгсөн мөнгөө 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тууштай шаардахад: “гаалийн байцаагчтай муудалцсан”, “илүү татвар нэхээд машин агуулахад хийчихлээ”, “яаж хямд машин оруулж ирдэг талаар бүгдийг тайлбарласан боловч гаалийн байцаагч ойлгохыг хүсэхгүй байна”, “гаалийн байцаагч юм хараад байна”, “маргааш өглөө өгье”, “контейнэр нээх болохоор таныг дуудъя, та хүрээд ирээрэй”, “нэг дэхийн өглөө яг нээнэ”, ...гэх мэтийг ярьж, мессеж бичсээр 2015 оны 10 дугаар сарыг хүргэсэн. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 5-ны 14 цагт авчирч өгнө гэсэн боловч юу ч эргүүлж өгөөгүй. 3. Хохирогч бид /намайг дүү, нөхрийн хамт/ нарыг санаачилгаараа амьдралаа сайжруул гэж мөнгө өгсөн мэт ичих ч үгүй ярьж, бичсэн байгаа нь ор үндэслэлгүй юм. А 2013 оны 10 дугаар сард надад “дүү нь АНУ-руу явах гэж байгаа. Виз гарчихсан. Би унаж байгаа машинаа зарах гэж байгаа. Нэг сая төгрөг зээлэх боломж байна уу?” гэхэд  миний бие “Сайн яваад их юм сураад ирээрэй, чи надад буцааж өгч хэрэггүй” гээд нэг сая төгрөгийг нь өгч байсан. Тэгээд 2015 оны 5 сард АНУ-аас ирсэн сураг сонсогдож байтал нэг өдөр сайн яваад ирлээ гээд Америкт үйлдвэрлэсэн ууттай чихэр манайд авч ирж өгсөн. Манай ах дүүс түүнийг үнэхээр АНУ яваад ирсэн гэсэн ойлголттой байсан. Гэтэл АНУ-руу яваагүй байж бүтэн 2 жил хаана ч юм бүү мэд бүгэж байгаад яваад ирсэн мэтээр ах дүү нартаа ойлгуулж байсан нь биднийг залилан мэхэлж мөнгө салгах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байсан байна гэдэг нь одоо тодорхой болж байна.

4. А нь зохиомол байдлыг зориудаар бий болгон биднийг хуурч, залилангийн гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үнэн бодитоор дүгнэжээ. Япон, АНУ-руу явж үзээгүй, нэвтрэх виз ч байхгүй байж эдгээр улс руу зорчдог, тэндээс машин зөөдөг, бүр зөөж авчраад хэдэн машин зарчихаад байгаа тухай ярьж итгүүлэн хүний хамаг мөнгө авчихаад эргүүлж өгөхгүй байгаад үнэхээр гомдож байна. Бид өмгөөлөгчийнх нь хэлж байгаачлан бизнес эхэл гэж мөнгө өгөөгүй. Харин Японоос машин авчирч наймаа хийж байгаа, сэлбэг зарж байгаа, одоо нэмж захих хэрэгтэй байна, хэдэн машин наадмаас өмнө авчирчихвал авах хүн бэлэн байхад мөнгө хүрдэггүй гэх мэтээр наймаа хийгээд байгаа тухай ярьж намайг итгүүлж, хууран мэхэлж мөнгө авсан. 5.Түүнчлэн А болон түүний өмгөөлөгчтэй 2016 онд бид уулзаад нийт авсан мөнгөнийхөө 50 хувийг буцаагаад өгчихвөл миний нөхөр, миний дүү бид 3 өргөдлөө буцааж авъя гэж гуйсан, мөн энэ гэмт хэргийн холбогдогч Энх-Амартай энэ 50 хувийн тухай би утсаар ярьсан боловч за ойлголоо, удахгүй шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүрлээ. 6. Надад болон миний дүү Уянгад нийт 560 гаруй сая төгрөгийн хохирол учруулчихаад түүнээсээ нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа хүнд шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Я.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан” хорих ял шийтгэхээр шийдвэрлээд оногдуулж болох ялын хэмжээнээс бүтэн 4 жилээр бага байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хугацааг шүүгдэгчийн бидэнд учруулсан хохирлын хэмжээнд хуваан тооцвол тэрээр сар тутам 11.3 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна. Оногдуулж болох ялын дээд хэмжээнээс бүтэн 4 жилийг ямар ч үндэслэл заалгүйгээр хасаж байгаа нь шүүх, шүүгчийн итгэл үнэмшил, бүрэн эрх мэт боловч шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод огт нийцэхгүй байна. Шүүгдэгч Аийн үйлдэлд ялыг хөнгөрүүлэн оногдуулах ямар ч үндэслэл харагдахгүй байна. 7. Шийтгэх тогтоолд надад учруулсан хохирол болох 449 795 050 төгрөгийг 365 289 100 гэж буруу бичсэн байх тул түүнийг залруулна уу. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж техник алдааг залруулан, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оноож, хохирогч миний хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.

Хохирогч Ч.Тын өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь залилан мэхлэх гэмт хэрэг мөн. Я.А нь хуурамчаар байрны ордер гэрээ хийж түүнийгээ Ч.Тд барьцаалан удаа дараа мөнгө зээлсэн. Шүүх хохирлыг зөв тооцож шийдсэн.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн. Ялтны  хууль ёсны дараа хийгдсэн. Я.А нь бусдыг залилан мэхэлж авсан мөнгөө хүмүүст зээлүүлсэн гэж удаа дараа худал ярьж шалгуулж байсан. Хэлсэн нэр бүхий хүмүүсийн дугаарыг шалгаж үзэхэд тийм хүн байсан нь тогтоогдодгүй. Шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

                                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Я.А нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж буюу 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт байрлах "Нархан" хотхон дахь Худалдаа хөгжлийн банкны байранд "машины наймаа хийх гээд мөнгө дутаад байна" гэж хуурч Б.Маас 45.000 ам.доллар буюу 84.505.950 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 50.000 ам.доллар буюу 93.484.500 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд Л.Уас "Япон улсаас автомашин оруулж ирж зараад мөнгийг чинь буцааж өгнө" гэж хуурч 60.000 ам.доллар буюу 111.804.600 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд Л.М "Япон улсаас автомашин оруулж өгнө" гэж хуурч 60.000 ам.доллар буюу 111.804.600 төгрөг буюу нийт 289.795.050 төгрөгийн,

2015 оны 6 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутагт байрлах "Брау Хаус" төвийн гадна Л.Уд "Лексус-570 маркийн автомашин захиж авч өгнө" гэж хуурч 60.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оддын" хотхоны 396-6 тоот байранд "Японоос машин захих гэсэн мөнгө дутаад байна" гэж хуурч 100.000.000 төгрөг тус тус авч нийт 160.000.000 төгрөгийн,

 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Л.М "Япон улсаас Приус-11 маркийн атомашин хямд үнээр авчирч өгнө" гэж хуурч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах "ХААН" банкны салбараас 1.000.000 төгрөгийн,

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13а байрны 101 тоот 49 м.кв 3 өрөө байрны Эд хөрөнгө өмчлөх эрхийн №000261283 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /К3431082009575173/-г хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж Ч.Таас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2.284.800 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 2.700.000 төгрөг тус тус залилан авч хохирогч Ч.Тд нийт 19.484.800 төгрөгийн хохирол  учруулж бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.У мөрдөн байцаалтанд өгсөн: "...А надад наад мөнгөө зээлүүлчих. Би наад мөнгөөр чинь машин оруулж ирээд зарах хүн нь бэлэн байгаа учир 2015 оны 07 дугаар сардаа багтаагаад буцаагаад өгчихнө" гэж хэлсэн. Би Аэд итгээд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Атэй хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны зүүн талд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар дээр очиж өөрийнхөө 452558955 дугаартай долларын данснаас 60 000 ам.доллар бэлнээр аваад тухайн банкны зааланд байхдаа Аэд өгч явуулсан. Тэгээд би чимээгүй байж байгаад 2015 оны 08 дугаар сараас эхлэн Аээс мөнгөө асууж эхлэхэд "эгчээ би гаалийн байцаагчтай муудалцчихсан учраас миний машиныг гаргаж өгөхгүй байна. Удахгүй би машинаа зараад мөнгийг чинь буцаагаад өгчихнө" гэж хэлсэн. Сүүлдээ надад "би өмнө авч ирсэн 3 ширхэг Лексус-570 загварын автомашинаа оруулж ирж зараад мөнгөөр нь дахиад 3 ширхэг Лексус-570 машин ачуулчихсан. Баримт нь энэ байна" гээд надад мэйлээр 2 ширхэг баримт явуулсныг цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө хавсаргасан. Тухайн явуулсан баримтыг нь хувийн журмаар лавлаж үзэхэд Аийн явуулсан бичиг нь хуурамч байсан. Энэ талаар өөрт нь хэлэх гэсэн боловч утсаа авахгүй байсан ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 32/,

хохирогч Л.М мөрдөн байцаалтанд өгсөн: "... А 2015 оноос эхлэн машины наймаа хийж эхэлсэн бөгөөд надад "Япон улсаас орж ирсэн "Приус-11" загварын автомашин хямд үнээр авчирч өгнө" гэж хэлээд урдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн данс болох 5057111211 дугаартай данс руу хийчих" гэж хэлсэн. Би итгээд өөрийн эхнэр Золжаргал руу утсаар хэлээд Аийн данс руу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байдаг "ХААН" банкны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Я.А надаас 1.000.000 төгрөг авахдаа өөрийгөө "Япон улсаас автомашин оруулж ирж байгаа, найз нь чамд 4.000.000 төгрөгөнд багтаагаад "Тоёота Приус-11" автомашин олж өгье" гэж хэлээд авсан. Түүнээс хойш би хааяа "юу болж байна" гэж асуухаар "удахгүй ирнэ" гээд байдаг байсан ..." гэх мэдүүлгээр /1хх-ийн 43-45/,

хохирогч Ч.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Я.А анх надаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13а байрны 101 тоот байрны гэрчилгээг барьцаалж гэрээгээр 9.000.000 төгрөг зээлж авсан. ...Түүнээс хойш А нь cap бүр хүүний мөнгө өгөөд байсан учраас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.284.800 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2.700.000 төгрөгийн тус тус нэмж зээлдүүлсэн. ... Би Аэд нийт 19.484.800 төгрөгийг бэлнээр өгч зээлүүлсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 50/,

гэрч Б.Мын (Л.М нөхөр): "... 2015 оны 06 дугаар сарын эхээр А надаас "Япон улсаас Лексус 570 маркийн машин хямд оруулж ирж таньд өгье" гээд 95.000 Ам.доллар бэлэн авсан. Дараа нь А нь Уянгаас "машин оруулж ирж байгаа, мөнгө нь хүрэхгүй байна" гэж хэлээд 60.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь "машины сэлбэгийн наймаа хийх гэсэн чинь мөнгө дутаад байна, тус болооч, би 2015 оны 09 дүгээр сард эргүүлээд өгье" гэхээр нь итгээд 100.000.000 төгрөгийг бэлэн өгсөн. Дараа нь 2015 оны 07 дугаар сард "таны машин ороод ирсэн. 2500 ам.доллар гаалийн татварт хэрэгтэй байна" гэж хэлээд "Хермэс" центрийн гадна зогсоол дээр бэлэн авсан. Тэрнээс хойш "машиныг чинь гааль дээрээс авах гэсэн чинь байцаагчтай нь муудалцсан учир гаргаж өгөхгүй байна. Энэ байцаагч нэг сарын дараа солигдоно. Тэгэхээр нь аваад өгнө" гэсэн. Би 07 сараас 08 cap хүртэл хүлээсэн. Гэтэл А "таны машиныг нэг хүнд зарчихсан. Тэгсэн чинь тэр хүн надад мөнгө өгөхгүй байна" гэж мессэж бичсэн. Мөн "би Америк улсаас 3 ширхэг Лексус 570 машин захиалаад ачуулсан байгаа. 2015 оны 10 дугаар сарын 03-нд Монголд бууна. Та сонгоод аваарай" гэж мессэж бичсэн. Тэгээд хугацаандаа машин нь ирээгүй тул би цагдаад өргөдөл гаргасан ..." гэх мэдүүлгээр /2хх-ийн 72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн бичиг техникийн шинжээчийн:"... Шинжилгээнд ирүүлсэн Ядмаа овогтой Аийн /РД:ДБ91031915/-ийн нэр дээр бүртгэлтэй /Ү-2205045372/ Баянгол дүүргийн 22 хороо З а байрны 101 тоот 49 мкв 3 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000261283 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэийн лавлагаа /К3431082009575173/ гэх зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн №000261283 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ хуурамч байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /К3431082009575173/ гэх зүйлтэй харьцуулах загвар ирүүлээгүй тул шинжлэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч Улсын бүртгэлийн гэрчилгээг шингэн хортой хэвлэх төхөөрөмж ашиглан ердийн хэрэглээний цаасан дээр хэвлэсэн байна..." гэснээр /2хх-ийн 203-206/ болон эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 28/, "ХААН" банкны орлогын мэдүүлэг /1хх-ийн 29/, 2014 оны 10 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ /2хх-ийн 209/, Ч.Таас Я.Аэд мөнгө шилжүүлсэн гэх зарлагын баримтууд /2хх-ийн 214/, шүүгдэгч Я.А хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт  /1хх-ийн 61-63/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ "2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Я.Аээс бэлнээр 300 000 000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлж авсан" гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:

Шүүгдэгч Т.Эын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: "... 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Я.Аээс бэлнээр 300.000.000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлж авсан нь үнэн, ... яг үнэндээ бол А бид 2 Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өгөөмөр баг Их усны 1-1 тоотод 3 давхар обьектийг 300.000.000 төгрөгөнд байр босгоод одоо уг байранд цахилгаан барааны дэлгүүр болон зочид буудлын үйл ажиллагаа явуулж байгаа ..." гэх мэдүүлгээр /Зхх-ийн 210-211/,

Т.Эын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: "...Үнэндээ бол Я.А надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд тухайн үед Я.А надаас тэгж хэлээч гэж гуйгаад байсан учир худал хэлчихсэн юм. А бид хоёрын дунд ямарч өр төлбөрийн асуудал байхгүй. ... А надад хэлэхдээ "миний хэрэг бараг дуусчихсан. Чи надаас 300.000.000 төгрөг аваад Өмнөговь аймагт барилга барьчихсан" гэж хэлээд өг. Дараа нь чамд ямар ч буруу зүйл болохгүй" гэж гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн учраас худал мэдүүлсэн юм ..." гэх /4хх-ийн 243/ мэдүүлгээр болон зээлийн гэрээ гэх гар бичмэл /5хх-ийн 3/, Т.Э нь Я.Аийн 86898085 дугаарын утсанд бичсэн мессежний хуулбар /5хх-ийн 9/ зэргээр тогтоогдож байна.

 Анхан шатны  шүүх шүүгдэгч Я.Аийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх үндэслэл тогтоогдоогүй, түүний тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд дээрх шинж байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг “..байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон...” гэх хүндрүүлэх шинж нь зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэгт хамаарна гэж үзэж прокуророос Я.Аийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өөрчилж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүх шүүгдэгч Т.Эын үйлдсэн худал мэдүүлэх гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Т.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэн Т.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Прокурор  хохирогч Л.М, Л.У нарын хохирлын  тооцоог гаргахдаа 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Худалдаа хөгжлийн банкны байранд иргэн Л.Мөнхболорын  111.804.600 төгрөг авсныг  хохирогч Л.Уас авсан гэж давхардуулан тооцож яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх зөвтгөлгүй Л.М, Л.У нарын хохирлын тооцоог буруу шийдвэрлэжээ.

Хохирлыг тооцож үзэхэд хохирогч Л.М 289.794.050 төгрөг, хохирогч Л.Уд 160 000 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Хохирогч Л.М “анхан шатны шүүх 449.795.050 төгрөгийн хохирол учирсан байхад буруу тооцсон” гэж гомдол гаргажээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мөнхболор дүү Л.Уд мөнгө зээлж шүүгдэгч Я.Аэд шилжүүлсэн талаар мэдүүлдэг бөгөөд Л.Мөнхболорын хохирол 289.794.050 төгрөг, хохирогч Л.Уянгын хохирол 160.000.000 төгрөгийн нийлбэр дүн нь  449.795.050 төгрөг болж байх тул  Л.Мөнхболор, Л. Уянга нарын хохирлыг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Харин Л.У нь өөрөө эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон тул Л.Уянгын хохирлын мөнгийг  хохирогч Л.Мөнхболорын хохиролд нэмж гаргуулах үндэслэлгүй.  

Мөн Я.А давж заалдах гомдолдоо  “ченж гэх Б, С нарыг шалгаагүй, энэ хүмүүстэй харьцсан бичлэг байгаа” гэжээ.

Хавтаст хэрэгт буй баримтаас үзэхэд Б, С гэх хүмүүс Я.Аээс мөнгө авсан, бичлэг хийгдсэн талаар баримт байхгүй, шүүгдэгч Я.А нь удаа дараа хэн нэг хүний нэр хэлж мөнгө өгсөн, зээлүүлсэн гэдэг боловч шалгахад тэр талаар нотлогдодгүй, мэдүүлгээсээ буцдаг, шүүгдэгч Т.Эыг ч мөн гуйж байж “худал мэдүүлэг” өгүүлж байсан байна.

Я.А нь бусдад их хэмжээний хохирол учруулж, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй, гэмт хэргийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх ял шийтгэлийг хэт хөнгөн оногдуулсан тул давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял хүндрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлт оруулж шүүгдэгч Я.Аийн “хэргийг дахин шалгах”-г хүссэн, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюушыг “ залилан мэхлэх гэмт хэрэг хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.М “хохирлын дүнг зөвтгөж, шүүгдэгчид тохирсон ял шийтгэл оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолын:

 Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Аийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг

 “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.Аийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аэд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аэд оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

 Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аээс нийт 482.353.700 төгрөгийг гаргуулж, түүнээс хохирогч Л.Мөнхболорт 365.289.100 төгрөг, хохирогч Л.Уд 111.804.600 төгрөг” гэснийг

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аээс нийт 455.054.050 төгрөгийг гаргуулж, түүнээс хохирогч Л.Мөнхболорт 289.794.050 төгрөг, хохирогч Л.Уд 160.000.000 төгрөг” гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ