Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01324

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1004 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.Э

         Хариуцагч: Ю.Пид холбогдох

         38.958.272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Япон улсад амьдарч, ажиллаж  ирээд 2013 онд  Ю.Птой уулзсан. Бид хоёр гутлын цех байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 22Б байрны 98 тоот 2 өрөө, 48 м.кв орон сууцаа 80сая төгрөгөөр зарж, өөрт байсан 30 сая төгрөгөө Ю.Пийн оруулсан 20 сая төгрөгтэй нийлүүлээд 112,254,000 төгрөгөөр Хятад улсаас гутлын цехийн тоног төхөрөмж, түүхий эд, холбогдох бараа материал авч гутлын цех байгуулан ажиллуулж эхэлсэн.  Үйлдвэрлэлээ би, борлуулалтыг Ю.П хариуцан ажиллахаар тохирсон. Ю.П Орос улс руу борлуулалт хийх санал гаргасныг зөвшөөрч хэдэн удаа борлуулалт хийсэн. Сүүлдээ  авч явсан гутлын мөнгө бүрэн ирэхгүй байгааг асуухад  “...зээлээр таньдаг хүмүүстээ өгсөн, энэ асуудлыг өөрөө хариуцна..” гэж хэлж байсан. Орос улсад борлуулна гэж авч яваад, зээлээр тарааж өгсөн гэх гутлын үнэ 38,958,272 төгрөгийг Ю.Поос асуухад  “..өөрөө  олж ав...” гэдэг. Бид хоёр Гуанжоу явж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 400,000 юаниар авсан, 2013-08-р сарын байдлаар юань 232,5 төгрөг байсан. Арьс, гутлын ул, цавуу, эсгий гэх мэт материалыг татаж, үйлдвэрлэл амжилттай эхэлсэн. Ю.П гутлын бизнес хийдэг, гутлын дамжаанд суралцсан. 2013-10-10-ны өдрөөс 2013-12-23-ны өдрийн хооронд 1860 хос гутал ОХУ-д зарсан.  Удалгүй гутал зарагдахгүй байна гэх шалтгаанаар мөнгө ирэхээ байсан. Энэ үед би хүнд байдалд орсон бөгөөд ажилчдаа цалинжуулна, дээрээс нь байрны түрээс төлөх шаардлагатай байсан. Тэгээд би найзаасаа мөнгө зээлж ажилчдынхаа цалинг өгдөг байсан. 2014 онд Ю.П үйлдвэрлэлээ бүрэн хариуцаж ямар ч байсан чиний байрыг авч өгнө гэж байсан. Тухайн үед миний байрыг авч өгвөл үйл ажиллагааны орлого, зарлага бүх юмаа хянаарай гэж даалгасан. 2013 оны орлого, зарлагын талаар баримтгүй, тэмдэглэгдээгүй.Орост авлагатай хүмүүс байгаа гэдэг.  Иймд Ю.Поос гутлын үнэ 696,900 рубль буюу 35,458,272 төгрөг, моторын үнэ 3,500,000 төгрөг, нийт 38,958,272 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  хариу тайлбартаа: Миний бие олон жил ОХУ-руу олон төрлийн бизнес хийж байсан. Өөрсдөө өвлийн гутал үйлдвэрлэж ОХУ-ын зах зээлд гаргаж худалдвал ашигтай байж болох талаар найз нартайгаа ярилцдаг байсан. 2012 онд Д.Э над уруу утсаар ярьж гутал хийх бодол чинь хэвээрээ юу гэж асуухад нь би хэвээрээ гэж хариулсан юм. Тэр орой Д.Э манай гэрт ирж “...хийвэл хийе, найзад нь бэлэн 200 сая төгрөг байна...” гэж хэлсэн. Ингээд бид хамтран гутал хийхээр шийдэн 2013 оны 4, 5 дугаар сараас ажилдаа орсон. Бид гэдэг нь Д.Э би, мөн С.Хурандаа бид 3  болно. Энэ ажилд С.Хурандаа  оролцоогүй.   Д.Э гутлын цехээ хариуцан, миний бие борлуулалтыг хариуцан ажиллахаар болсон. Гутлын цех амжилттай ажиллаж, ашиг орлоготой байсан нь худал юм. 2013-06-28-с 2013-07-08-ны өдрийг хүртэл Д.Э бид хоёр материал, тоног төхөөрөмжид явж, гутлын доторт хэрэглэхээр нохойны 1000 ширхэг боловсруулсан үс захиалсан. 2013-08-20-ны өдрөөс үйлдвэрлэлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд захиалж авчруулсан үс чанар муу байсан. Үүнээс үүдээд Д.Э бид хоёрын хооронд анхны санал зөрөлдөөн үүссэн.  Миний бие үйлдвэрлэсэн гутлаа борлуулахаар ОХУ-д 2013-10- 24-ний өдөр анх хилээр гарсан. Үүнээс хойш 2 сарын хугацаанд гутлаа зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулж байсан. Борлуулсан мөнгийг тухай бүрт нь Д.Э руу шилжүүлж байсан болно. Энэ хугацаанд нийт 1860 хос гутал хийгдсэнээс үйлдвэрлэлийн явцын дунд ойролцоогоор цалинд 21 сая төгрөг, гутлын хилээр гаргах төлбөрт 25сая төгрөг, түрээсэнд 11,5сая төгрөг нийт 57,5сая төгрөг болно. Үүнд өдөр тутмын гутлын материалын худалдан авалт, ажилчдын хоол, унаа, тээш, тээврийн, хил болон замын хоол, буудлын гэх мэт  зардал ороогүй. Бид үйлдвэрлэлээ өвлийн гутлаар эхэлсэн. Өвлийн гутлын онцлог нь үйлдвэрлэлийн явцад бус, улирлын эцэст ашиг нь орж ирдэг. Борлуулалтын орлого дараагийн хийх гутлын материал, ажилчдын цалин, хоол, унаа, ажлын байрны түрээсийн төлбөр болон бусад зардалд зарцуулагдаад эргэлтэнд ордог. Бид үйлдвэрлэлийн явцад их зардал гаргасан боловч оны эцэст ашигтай ажиллаж чадаагүй.  2013 онд ОХУ руу нийт 3 удаа явснаас 2013.10.24-с 2013.11.20-ны өдөр болон 2013.11.26-с 2013.12.24-ний өдрүүдэд /Ю.П/, 2013.12.25-с 2013.12.29-ний өдрүүдэд /Д.Э, Ю.П нар/ явсан. Би 2014 оны 9, 10 дугаар сард гутлынхаа цехийг хариуцан ажилласан. Бид 2014 онд гутлаа борлуулахаар ОХУ руу 10 удаа явснаас 7 нь Д.Э хамт явж, борлуулалт хийсэн. Бид гутлаа зээлээр өгсөн байгааг нэхэмжлэгч мэднэ. Түүнчлэн рублийн ханш огцом унаж бизнес алдагдалд орсон.Өр хуримтлагдсанаас цаашид ажиллах боломжгүй болж 2015 оны 04 дүгээр сард Д.Э бид хоёр ярилцаад үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэж, оёдлын тоног төхөөрөмж, сэлбэгийн болон рублийн бүх авлагуудыг Д.Э авахаар тохиролцсон. Ингэхдээ бусдад төлөх өрийн үлдэгдэл мөнгийг эдгээр авлагуудаас төлж барагдуулна гэж ярилцаж тохиролцсон. Моторын үнэ 3,5сая төгрөг энэ авлагын асуудалд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлий 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Пид холбогдуулан гаргасан гутлын үнэ 696,900 рубль буюу 35,458,272 төгрөг, моторын үнэ 3,500,000 төгрөг, нийт 38,958,272 төгрөг гаргуулах тухай Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1004 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: ИХШХШТХ-ийн  40.1, 40.2-р нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2015 онд Пүрэвдорж нь “үйлдвэрлэл цаашид явах боломжгүй боллоо гээд чиний 2 өрөө байрыг авч өгч чадахгүй нь” гэсэн. Ингээд мөнгө төгрөг дутсан. Монгол улсын болон Оросын холбооны улсын иргэдэд зээлээр өгсөн талаар хүлээж, ийм ийм улсуудад өгсөн гээд нийт 12 хүний нэрс өгсөн. Гэтэл энэ хүмүүсийн хаяг тодорхой бус байсаар байтал хоёр шатны шийдвэр гарсанд гомдолтой байна. “...Барааг зээлээр өгсөн юм бол одоо төлбөр мөнгийг  олж өг...” гэж хэлсэн гэтэл олж өгөөгүй, хэдэн хүмүүсийн нэр ус хэлж энэ хүмүүсээс мөнгө авна гэдэг боловч надад утас болон гэрийн хаягийг нь зааж өгдөггүй байсан тул борлуулалт хариуцсан ажилтан Ю.Пийг гуталнуудын мөнгийг хувьдаа завшсан гэж хардаж, Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Ю.П гуталнуудыг нэр бүхий хүмүүст зээлээр өгсөн гэдгээ зөвшөөрч, нотариатаар батлуулсан байдаг. Хариуцагчийн хувьд борлуулалтаа хариуцаж ажиллаж байсан. Би Оросын холбооны улсад гутлаа борлуулах ажлаар яваагүй бөгөөд эхнэрийн бизнесийн шугамаар хэд хэдэн удаа жимс татахаар хилээр гарсаныг “...гутал зарахаар явсан...” мэтээр шүүхэд  ойлгуулсан. Хариуцагч 38,958,272 төгрөгийн үнэ бүхий гутал хүлээн авснаа зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс бусдад зээлээр худалдах эрхийг хариуцагчид өгөөгүйгээс гадна гутлын зээл авсан хүмүүсийн утас болон хаягыг өгөхгүй байгаа.Үүнээс үзвэл 38,958,272 төгрөгийн гуталнуудыг зарж борлуулаад өөртөө ашигласан гэдэг нь тодорхой байгаа. Нэхэмжлэлээ нотлох үүднээс нэр бүхий иргэдийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2017-09- 20-ны өдөр гаргасан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хэлэлцсэн. 2017-09-18-ны өдөр С.Одгэрэл, С.Элбэгжаргал, П.Ганбаатар, Л.Гэрэлт-Од, А.Энхамгалан А.Алтантөгс нарын нэр бүхий 6 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас дээрх 6 иргэн болон Баярхүү нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй тул 2017-11- 25-ны өдөр дахин Баярхүүг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан. Өмнөх 6 нэр бүхий иргэнийг нэхэмжлэгч хариуцагчийн хүсэлтээр асуусан гэж ойлгож болох боловч нэхэмжлэгчийн зүгээс Элбэгжаргал, Алтантөгс нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Энхболд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ю.Поос гутлын үнэ 696,900 рубль буюу 35,458,272 төгрөг, моторын үнэ 3,500,000 төгрөг нийт 38,958,272 төгрөг шаардсан байна.

        Хариуцагч  нэхэмжлэлийг  эс зөвшөөрч “... хоёр талаасаа мөнгө нийлүүлж гутал хийж байсан... бараагаа бид хоёр хамт явж зардаг байсан... гутлын мөнгийг нэхэмжлэгч авч байгаа...” гэж маргажээ.    

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна... хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор 2013 оны 8 дугаар сард амаар хэлцэл хийж Д.Э, Ю.П нар тус бүр хөрөнгө оруулж, гутлын үйлдвэрлэл эхлэн явуулж, үйлдвэрлэсэн гутлаа бусдад зээлээр болон бэлэн мөнгөөр худалдсан  үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

       Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Зохигч нар хуулийн этгээд байгуулаагүй, ашиг олох зорилгоор гутлын үйлдвэрлэл хамтран эрхэлж, тодорхой хугацаанд ажилсан байх тул шүүх талуудыг хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд нийцжээ. 

      Ю.П, Д.Э хэн аль нь хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

      Д.Эын нэхэмжилж буй нийт 38,958,272 төгрөг нь зохигч нарын хамтын үйл ажиллагаатай холбоотой нь тогтооджээ. 

       Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

        Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1004 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 352.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ