Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/230

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025002950247 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Быг согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 30-14 тоотод байх гэртээ “хоол хийсэнгүй” гэж шалтаглан төрсөн дүү Б.Лхагважаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 5-9-р хуудас/

-Хохирогч Б.Лхагважаргалын мэдүүлсэн...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ 2 дүүгийн хамт байхад орой 18 цагийн орчимд ах Б согтуу орж ирсэн. Орж ирээд хоол нэхсэн. Би хоол хийгээгүй байсан. Бага дүү Отгонжаргал 12 настай, түүнийг ахдаа ус хийгээд өг гэхэд Отгонжаргал сонсоогүй гараад явсан. Б ах уурлаад хоол, унд хийсэнгүй гээд аяга, таваг авч газар шидэж хагалсан. Би уурлаад бүгдийг нь хагалчихаач гэхэд зурагт руу сандал шидэж хагалсан Намайг барьж аваад төмөр сандлаар нуруу, хөл рүү цохисон. Гараараа хоолой багалзуурдсан. Би гүйж гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 404 дугаартай ... Б.Лхагважаргалын биед хүзүүний урд хэсэг, цээжний урд дээд хэсгээр, нуруунд, баруун гарын бугалга, сарвуу, зүүн шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Уг цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25-р хуудас/

 -2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0676753 тоот шийтгэлийн хуудасны хуулбар, зөрчлийн хэргийн лавлагаа /хх-ийн 42, 44-45-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-51-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 30-14 тоот гэртээ “хоол хийсэнгүй” гэж шалтаглан төрсөн дүү Б.Лхагважаргалын хоолойг нь боож шахах, төмөр сандлаар нуруу руу нь цохих, хөлийн шилбэ рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь хүзүүний урд хэсэг, цээжний урд дээд хэсгээр, нуруунд, баруун гарын бугалга, сарвуу, зүүн шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, гэрийнхээ эд зүйлийг хагалж гэмтээсэн, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ маргаан үүсгэж дүү Б.Лхагважаргалыг үсдэж цохисон зөрчилд 0676753 тоот шийтгэлийн хуудсаар 25000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн хэргийн лавлагаа, шийтгэлийн хуудас зэрэг бичмэл баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэртээ маргаан үүсгэж дүү Б.Лхагважаргалыг үсдэж цохисон зөрчилд 0676753 тоот шийтгэлийн хуудсаар 25000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан ба 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 30-14 тоот гэртээ “хоол хийсэнгүй” гэж шалтаглан төрсөн дүү Б.Лхагважаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний  эрүүл мэндийн халдашгүй байдалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Б.Лхагважаргалын  биед  хүзүүний урд хэсэг, цээжний урд дээд хэсгээр, нуруунд, баруун гарын бугалга, сарвуу, зүүн шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь нотлогджээ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн, дахин давтан шинжтэй байдлаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн хүндрүүлэх шинжтэй байна.

Шүүгдэгч Б.Бы гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт   хэрэг  үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 30-14 тоотод байх гэртээ “хоол хийсэнгүй” гэж шалтаглан төрсөн дүү Б.Лхагважаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж                             300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Түлээ модны ажил хийж гэр бүлээ тэжээдэг тул торгуулийн ял оногдуулна уу гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

           Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Лхагважаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Х овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ