Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/233

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2025000000107 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б

         Орхон аймгийн Прокурорын газраас, шүүгдэгч Ж.Быг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 5 дугаар байрны 903 тоотод төрсөн дүү О.Өлзийбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд. /хх-ийн 2-5-р хуудас/,

- Хохирогч О.Өлзийбаярын мэдүүлсэн...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн эгч Ж.Бын гэр болох Их хаадын цуваагын 5-903 тоотод ганцаараа очиход эгч хоёр хүүхдийнхээ хамт байсан...Бид нар 0.5 литрийн 2 шил архийг хувааж уусан. Ж.Б, Үүрцайх, Э.Уранчимэг нар нилээн согтсон. Ж.Б эгчийн бага охин нь уйлаад байхаар нь би унтуулна гээд тэврэхэд Ж.Б эгч миний хүүхдийг надад өг гээд хашгираад байсан. Тэр үед Уранчимэг Ж.Б эгчийн талд ороод хүүхдийг нь өгчих гээд байхаар нь Уранчимэг рүү уурлаад маргалдсан. Э.Уранчимэг хувцасаа  өмсөөд явах гэхээр нь би очиж хувцасыг нь тайлаад нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Тэр үед Б эгч уурлаж Э.Уранчимэгийг өмөөрөөд миний уруул хэсэг рүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/,

- Гэрч Э.Уранчимэгийн мэдүүлсэн ...2020 оны 02 дугаар сарын 29-ний орой найз О.Өлзийбаяртай утсаар холбогдож байгаад Л.Өлзийбаярын эгч Ж.Бын гэрт очсон...бид нар 2 шил архи уусан. Би архинаас бага зэрэг уусан. Шөнө дунд 02 цагийн үед Ж.Б эгчийн бага охин уйлаад байсан ба О.Өлзийбаяр тэврээд унтуулах гэж байхад Ж.Б эгч би хүүхдээ авмаар байна гэсэн. О.Өлзийбаяр болохоор Ж.Б эгчийг согтуу байна, таньд хүүхдийг тань өгөхгүй гээд байхаар нь би О.Өлзийбаярт хандаж хүүхдийг нь өгөөч гэж хэлээд маргалдсан. Уурандаа хувцасаа өмсөөд явах гэж байхад Өлзийбаяр намайг болиулаад нэг удаа алгадсан. Тэр үед Ж.Б эгч намайг өмөөрч О.Өлзийбаярыг нүүрэн тус газарт гараараа цохисон. О.Өлзийбаяр цагдаад дуудлага өгсөн. О.Өлзийбаярын доод уруул нь сэтэрчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 265 дугаартай “... О.Өлзийбаярын биед дээд болон доод уруулд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-15-р хуудас/,

- Яллагдагч Ж.Бын мэдүүлсэн...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт төрсөн дүү О.Өлзийбаяр, түүний найз охин Э.Уранчимэг, нөхрийн найз Үүрцайх нар дараалж ирсэн...Тэр хоёр хоорондоо маргалдаж байхад О.Өлзийбаяр Э.Уранчимэгийг нэг удаа алгадсан. Би Э.Уранчимэгийг өмөөрч Өлзийбаярыг нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон.  Өлзийбаярын уруул нь сэтрээд цус гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоодлоо.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 5 дугаар байрны 903 тоот гэртээ шалтгаангүй архидан согтуурсан үедээ төрсөн дүү О.Өлзийбаяртай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж дээд болон доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

 Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй байна.             Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон,  шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүх гэмт  хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч Ж.Б нь өөрийн төрсөн дүү О.Өлзийбаяртай үл ойлголцох шалтгаанаар маргалдаж О.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч О.Өлзийбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Ч.Уранчимэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна” гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд, прокурорын санал дүгнэлтийг дэмжиж байна гэжээ.

            Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв. Харин албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлгүй гэж үзлээ.        

                Хохирол төлбөрийн тухайд, хохирогч О.Өлзийбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ