| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0118/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 127
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х ургийн овогт Д-гийн Г-т холбогдох 2035000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Д-гийн Г, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн аав Б.Д-гийн гэрт 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хүргэн Б.Б-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000122 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Б-ийн “...2020 оны 7 сарын 16-ны өдөр би хадам аав Б.Дтай 3 литр монгол архи хувааж уусан. Тэгээд хонинд яваад нэг мал авч ирээд алаад гаргачхаад унтаж байтал гаднаас манай хадам ах Д.Г орж ирээд баруун хөлөөрөө миний хамар луу 1 удаа дэвссэн. Тэгээд босоод хэрүүл маргаан үүсгэлгүй гараад цусаа тогтоочхоод орж ирсэн чинь надтай юу ч ярихгүй зөрөөд хонь луу явсан. Миний хамар луу цохихоос өмнө хадам аав Б.Д-тай маргалдсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
2. Гэрч Д.Ө-ийн “...Тухайн үед надад учирсан энэ гэмтэл нь архины шилнээс болоод учирсан гэмтэл надад манай ах Д.Г гэмтэл учруулаагүй. Мөн аав тэр хоёрын хооронд нэгнийгээ зодож цохисон асуудал байхгүй. Тэгээд тухайн уурласан уурандаа манай ах Д.Г манай нөхөр Б.Б гэрийн голд газар дээр унтаж байхад нүүр лүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэр үед манай нөхөр босож ирээд цусаа гоожуулаад юу ч хэлэхгүй гараад явсан тэгэхэд ах мөн гараад мориндоо мордоод хониндоо явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Д-гийн “ ...Д.Г-ийг чи хүнтэй аятайхан харьцаж болдоггүй юм уу гэсэн чинь орон дээр байсан 0.75 литрийн Улаанбаатарын шилтэй архийг гал руу шидээд хагалсан. Тэгснээ над руу босож ирээд намайг яах гээд мал алга болчихсон байхад архи уугаад байгаа юм гээд намайг заамдаад авсан. Тухайн үед манай охин Д.Ө бид хоёрыг салгасан. Тэр үед манай хүргэн Б.Б унтаж байхад Г очоод нүүр лүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэхэд Б.Б ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр хамраасаа гарсан цусыг гараараа дараад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 497 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед манай дүү Д.Ө надаас үлдсэн малаа олсон уу гэж асуухад би чамд ямар хамаатай юм гэж хэлээд орон дээр байсан 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архийг аваад гал руу шидээд хагалсан. Тэгээд аавыг очоод барьж аваад цохих гэсэн боловч манай дүү ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд тухайн үед Б.Б унтаж байхаар нь би аавтай хамт архи уусан болохоор нь уурандаа нүүр лүү нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тухайн үед ийм асуудал болсон. Тэгээд би гараад мал руу явсан...” /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 01 дүгээр багийн нутагт төрсөн эцэг Б.Д-тай мал алга болчихсон байхад архи уулаа гэж маргалдах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Бийн нүүрэн тус газар 1 удаа өшиглөж, хохирогчийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Б-ийн “...Надад гомдол, санал байхгүй Д.Г надад нийт 1’200’000 төгрөгийн хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ийн “Б овогтой Б миний бие Д овогтой Гоор зодуулж хамар гэмтсэн боловч Г миний гомдол, хохирлыг барагдуулсан тул цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гомдол тэмцэл байхгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/-оор тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Г.Ц /хх-ийн 13 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г-т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА