Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1319

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          20                                        2020/ШЦТ/1319

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Т.А., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.ын А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02131 1451 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Б. овогт Т.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А. нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 33-34 тоотод оршин суух иргэн Б.Ө.гийн гэрийн хашаанаас түүний өмч болох 1 настай банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болох өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Ө.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай баз хүргэн Т.А. 1 настай цагаан халтар зүстэй монгол банхрыг хашаан дотор байхад гинжийг нь тайлаад хулгайлаад аваад алга болсон болохоор нь араас нь хайж явж байгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Цэлмэг” нэртэй хүнсний дэлгүүр дээр явж байхад нь барьж цагдаад хандаж дуудлага өгсөн. Миний нохой багадаа 500.000 төгрөг хүрнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 - Гэрч С.Отгонжаргалын өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын дундуур байсан санагдаж байна, ямар ч байсан би эхнэрийн хамт зах ороод гэр лүүгээ явж байхаар нь би зогсоод наад нохойгоо зарах юм уу гээд асуусан чинь Аагий зарна гэсэн. Тэгэхээр нь би хэдээр зарах юм гээд асуусан чинь 25.000 төгрөг гэхээр нь би наадахыгаа 20.000 төгрөгөнд өгчих гээд хэлсэн өгөхгүй гэхээр нь би тэр хүний ард явж байсан өөрийн танил Тогоо ахад хандан Тогоо ах наад нохойгоо 20-д өгчихөөч гээд хэлээд өгөөч гэсэн, Тогоо ах Аагий наадахаа 20.000-д өгчих л дөө гэсэн. Тэгсэн Аагий нохойгоо 25.000 төгрөгөөр зарна гэсээр байгаад зарсан. Тэгээд би тэр нохойг авч гэртээ ирээд 5 хоносон. Тэгсэн нэг залуу цагдаагийн хамт хүрч ирээд энэ нохой хулгайн нохой гээд нөгөө нохойг авч явсан. Тэр нохойг энэ миний нохой дахиад надад ийм нохой 3 байгаа гэхээр нь хэдэн настай юм гэсэн чинь 6 сартай гэсэн. Тэгэхээр нь би нэрийг нь асуусан Арслан гэж хэлсэн. Миний худалдаж авсан нохой монгол банхар нохой байсан. Би энэ А. гэдэг хүний зургийг харлаа, надад нохой зарсан хүн мөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Шинжээчийн гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д “Үнэлэгдэж буй 1 настай банхар нохой 350.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Т.А. нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 33-34 тоотод оршин суух иргэн Б.Ө.гийн гэрийн хашаанаас түүний өмч болох 1 настай банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ө.гийн мэдүүлэг, гэрч С.Отгонжаргалын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид хохирол төлөгдсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.А.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Т.ын А.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А.д 240 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА