Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 110

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй  Б.Оюунчимэгт холбогдох “8.600.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь Б.Түмэнжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...  Б.Түмэнжаргал би 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Б.Оюунчимэгт 8.600.000 төгрөг Солонгост ажиллаж байсан нөхрөөсөө банкаар дамжуулж аваад өгсөн. Уг мөнгийг 2 сарын хугацаатай сард 250.000 төгрөгний хүүтэй хэрвээ хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох болзолтой зээлийн гэрээ хийсэн. Анх зээл авахдаа Б.Оюунчимэг нь цагаан идээ, зайрмагны тоног төхөөрөмж оруулж ирнэ удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гээд маш их шавдуулж байгаад зээл авсан боловч одоог хүртэл зээлээ огт төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний дагуу 8.600.000 төгрөгийг Б.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 1 дүгээр баг, Бумбат гэх газар оршин суух Шош овогтой Батхүлэгийн Оюунчимэг /РД:УС79070405/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй Б.Оюунчимэг миний биед холбогдох 8.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Түмэнжаргалаас зээлсэн учир төлж барагдуулна. Миний нөхөр УБТЗ-д ажилладаг, баталгаат цалинтай учир  8.600.000 төгрөгийг 2017 оны 06 сараас сар бүрийн 250.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй  Б.Оюунчимэгт холбогдох “8.600.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Оюунчимэг  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 76275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй  Б.Оюунчимэгт холбогдох “8.600.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 76275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН