| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0227/э |
| Дугаар | 2020/ШЦТ/232 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 2025000000257 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Гыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхонд хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ч.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын мэдүүлсэн “ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажил руугаа оччихоод буцаж гараад 11 цагийн үед очиход Саранчимэгийг уначихлаа гэсэн. Манай компани барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэр өдөр заслын ажил хийж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг би өөрөө өгдөг. Саранчимэгт зааварчилгаа өгөөгүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж сертификат авсан, би өөрөө зааварчилгаа өгдөг. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-4-р хуудас/
-Хохирогч Ч.Саранчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөөний 11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндө р сумын Залуус хороололд барилгын ажил хийж байгаад заслын шатан дээрээс толгойгоороо агааржуулалтын хоолой мөргөөд хойшоо саваад бөгсөн биеэрээ унасан. Миний ... гарын бугуй хугарч, хурууны хоёр савхан яс хугарсан, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй. Би хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Зааварчилгаа аваагүй гарын үсэг зурж байгаагүй...Б.Г хохиролд эмчилгээний зардал 300 000 төгрөг, листний мөнгө 630,000 төгрөг өгсөн. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 7-р хуудас/
- Гэрч Д.Одончимэгийн мэдүүлсэн...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт Залуус хороололын худалдааны төвийн дотор заслын ажпыг Саранчимэг, Намхай бид 3 хийж гүйцэтгэхээр болоод 11 цагийн үед Саранчимэг бид хоёр тус тусдаа заслын шатан дээр гараад замаск хийж байгаад би ажлаа дуусгаад буусан тэгтэл Саранчимэг шатнаас уначихсан. Саранчимэг оройтож ирсэн. Цаад ажлаас маань аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй, бид нар ч гарын үсэг зураагүй. Өглөө Г ирчихээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-р хуудас/
-Гэрч Ж.Намхайнямбуугийн мэдүүлсэн ... Саранчимэг заслын шатан дээр замаск татаж байгаад унасан. Би нилээн зайдуу сууж байгаад Саранчимэг унахаар нь очоод юу болов гэтэл Саранчимэг би агааржуулалтын хоолой мөргөөд уначихлаа гэсэн. ... Бид нарт ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаггүй. Саранчимэгийг бэртэж гэмтсэний дараа Г ирж аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 415 дугаартай...Ч.Саранчимэгийн биед зүүн шууны ясны далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн мэдрэлийн гэмтлийн гаралтай өвдөлт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-н 18-19-р хуудас/
-Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “... Ажил олгогч нь ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулаагүй, шат, вандангийн гадна хүрээгээр 1м-ээс багагүй өндөртэй хашлага тоноглох, ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулаагүйгээс осол гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-н 23-25-р хуудас/
-Заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 37-40-р хуудас/
-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны барилгын засал чимэглэлийг хийж гүйцэтгэхээр өөрийн “Их даян од” ХХК-ний өмнөөс “Бет андууд” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр уг барилга дээр Ч.Саранчимэг нарын хүмүүсийг гэрээгээр ажиллуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас Ч.Саранчимэг нь барилгын заслын ажил гүйцэтгэж байхдаа шатнаас унаж биед нь зүүн шууны ясны далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн мэдрэлийн гэмтлийн гаралтай өвдөлт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь барилгын заслын ажилд гэрээгээр хүмүүсийг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаархи хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Г нь ганц гишүүнтэй “Их даяан од” ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж сертификат авсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Ч.Саранчимэгийн биед зүүн шууны ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана..” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Гын гэм буруу нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хотхоны барилгын ажилд ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас Ч.Саранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна, ялын саналыг зөвшөөрнө гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч нь хохирогч Ч.Саранчимэгт 930,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 62-р хуудас/-т авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ. .
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Аовгийн Б.Гыг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Год оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ