Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0144

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0144

Улаанбаатар хот

 

 

 

                “Б.Х” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгч: “Б.Х” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 866 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0519/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Б.Х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдууланБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 866 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Б.Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын “Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ...”, 35.3.3-д “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ... ”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ..., 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж тус тус заасныг удирдлага болгосон.

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар “Б.Х” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 2,0  га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

3.3. ““Б.Х” ХХК-ийн газар ашигласны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2016/205 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээгээр олгосон.

3.4.   Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан.

3.5. Гэтэл нэхэмжлэгч нь 3 сар биш 3 жилийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б нартай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2019/283 дугаар газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулсан нь дээрх журмыг зөрчиж байна.

3.6. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Газрын төлбөр ногдуулах талаар зохицуулсан ба 9.1-д “... Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан тул гэрчилгээ гарснаар төлбөр төлөх эрх үүснэ ...” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1-д “... Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна ...” гэж тус тус заасан.

3.7. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13/3774 дүгээр албан бичгээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 420190109 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг ирүүлсэн. Тус актаар “2016 оны гэрээгээр 0 төгрөг, 2017 оны гэрээгээр 0 төгрөг, 2018 оны гэрээгээр 0 төгрөг, 2019 оны гэрээгээр 73,340,586 төгрөг, 2020 оны гэрээгээр 0 төгрөг, 2021 оны гэрээгээр 0 төгрөг төлсөн ба төлөөгүй үлдэгдэл 90,616,554 төгрөг” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Иймд төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь нотлогдож байхад шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна

3.8. “... Газар ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Tycгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж тус тус заасан. 

3.9. “Б.Х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 2.0 га газрыг ашиглах эрхтэй болсон ба 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2019/283 дугаар газар ашиглах гурвалсан гэрээг байгуулснаас үзвэл 3 жил ашиглаагүй нь нотлогдож байна. Мөн шүүх маргаан бүхий газарт үзлэг хийхэд үйл ажиллагаа явуулаагүй ба барилга байгууламж бариагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

3.10. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичиг, газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр газрын ашиглаагүй нь нотлогдож байна.

3.11. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

3.12. Иймд шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

                        3.1. Нэхэмжлэгч  Б.Х” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байх бөгөөд маргаан бүхий А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “Б.Х” ХХК багтжээ.

           3.2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар “Б.Х” ХХК-д Баянзүрх дүүрэгт хамаарах Богдхан уулын дархан цаазат газрын “Хүрэлтогоотын ам”-нд аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрчилгээг олгосноор нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй болжээ.

            3.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3.4. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий 116 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга, байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааны жагсаалтуудад нэхэмжлэгч компани багтсан, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2020 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар газрын төлбөр төлсөн мэдээлэлд “нэхэмжлэгч компани 43,247,520 төгрөгийн дутуу төлөлттэй”, мөн албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13/3774 дүгээр албан бичгээр ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “нэхэмжлэгч компани 2016, 2017, 2018, 2020, 2021 оны гэрээнүүдээр тус тус 0 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 73,340,586 төгрөгийг 1 удаа төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй 90,616,554 төгрөг үлдэгдэлтэй” гэжээ.

            3.5. Нэхэмжлэгч компанийн хувьд 2016 онд газар ашиглах гэрчилгээг авснаас хойш 3 жилийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2019/253 дугаартай газар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “... гэрээ байгуулаагүй тул газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбар, шүүхийн үзлэг болон бусад бичгийн баримтуудаар маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж, барилга, байгууламж байгуулаагүй болох нь тогтоогдсон байна.

3.6. Гэвч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан, түүнчлэн “ковид-19 цар тахлын улмаас газар дээрээ үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдээгүй тул газраа бүтэн 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг шууд буруутгахааргүй байна.

3.7. Харин нэхэмжлэгчээс “... гэрээ байгуулах гэсэн боловч эхлээд дүүргийн Засаг даргад ханд гэсээр байгуулж чадаагүй, үүнтэй холбоотойгоор маргаагүй, бичгээр хандаж байгаагүй, гэрээ байгуулаагүй байсан учир өмнөх оны төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлах боловч уг газар нь гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэгчийн компанийн эзэмшил, ашиглалтад байсан, нэхэмжлэгч тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан, хариуцагчаас энэ эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, газар ашиглагч гэрчилгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардаагүй, буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан аливаа байдлаар маргаагүй, 2016 онд тухайн газрыг ашиглах эрхтэй болсноос хойш газраа зохих ёсоор ашиглаагүй, газрын төлбөрийг тухайн цаг хугацаанд төлөөгүй, түүнчлэн маргаан бүхий актыг гаргах үед төлбөрийн үлдэгдэлтэй байсан зэрэг үйл баримтыг зөвтгөж, хариуцагчийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

3.8. Мөн хариуцагчаас “... нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч А/50 дугаар тушаалыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гардан аваад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсаныг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болохоор хуульчилсан, улмаар сайдын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/2834 дүгээр албан бичгээр “... газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” талаар хариу ирүүлсний дараагаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулж хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                         Д.ОЮУМАА

            ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН