| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0230/э |
| Дугаар | 2020/ШЦТ/242 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Год холбогдох эрүүгийн 2025000000249 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Г
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Гыг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт М.Анхбаярын гээгдүүлсэн Самсунг А-50 загварын гар утсыг олж авч завшин 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн/ яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гын мэдүүлсэн “Гар утас олоод 10-аад хоног барьсан.Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
- хохирогч М.Анхбаярын мэдүүлсэн…2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг, Зээл багийн дунд шороон замаар доошоо уруудаж байсан чинь тээврийн хэрэгслийн дугуйн доор юм дугарахаар нь бууж шалгаад машиндаа сууж гэртээ иртэл Самсунг А-50 маркийн гар утсаа гээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7-р хуудас/,
- “Далайван аудит” ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/02- 104 дугаартай “Самсунг А-50 маркийн гар утас 600 000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-17-р хуудас/,
-Үүрэн холбооны Мобиком ХХК-ний албан бичиг, лавлагаа /хх-ийн 46-47-р хуудас/, -Гэрч Р.Чулуунхандын мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр ажилдаа явдаг цагтаа явсан. Орой ажлаа тарж ирэхдээ миний нөхөр гар утас олсон гээд Самсунг А-50 маркийн гар утас авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
- Эд зүйл хураан авсан тогтоол, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-44 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов. Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт М.Анхбаярын гээгдүүлсэн 600,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-50 загварын гар утсыг олж авч хэрэглэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, “Далайван аудит” ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-104 дугаартай “Самсунг А-50 маркийн гар утас 600 000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт, Үүрэн холбооны Мобиком ХХК-с гарган өгсөн албан бичиг, лавлагаа, гэрч Р.Чулуунхандын мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Л.Гын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “завших” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийг өмгөөлж” би гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оногдуулна уу. Би гэрээгээр ажилладаг. 550,000 төгрөгийн цалинтай, гар дээрээ 450,000 төгрөг авдаг. Цалингийн зээлтэй. Мөн уртхан хугацаагаар төлүүлэхээр шийдэж өгнө үү гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар хэр хэмжээ, хохирлыг барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Анхбаярт 600.000 төгрөгийн Самсунг А-50 гар утсыг хүлээлгэн өгсөн, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.
Иймд М.Анхбаярт төлөх төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Л.Гыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Год оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ