| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0231/э |
| Дугаар | 2020/ШЦТ/240 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ундрах
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Д
Хохирогч С.Ганзориг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2025000000261 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д
Орхон аймгийн Прокурорын газраас, шүүгдэгч Б.Дг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээл” зочид буудалд С.Ганзоригийн өмчлөлийн Iphone XR загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн “гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
- Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ОРХ 20/47 дугаартай...Iphone XR маркийн гар утас 1,150,000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,
- Хохирогч С.Ганзоригийн мэдүүлсэн...2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Ивээл” нэртэй зочид буудалд найз Бямбасүрэнгийн хамтаар буудалд орсон. Тэгээд хэсэгт хугацааны дараа уг буудлын өөр өрөөнд байсан найз Наранбаатар, Тогтохбаяр нарын өрөөнд орох гээд очтол хаалгаа тайлахгүй байсан тэгээд буцаж орж ирээд хаалгаа түгжилгүй унтсан юм. Тэгээд би хэсэг унтаж байгаад нүдээ нээгээд хартал өрөөн дотор нэг танихгүй залуу орж ирчихсэн сууж байсан юм. Тэгээд би юун хүн бэ яах гэж байгаа юм бэ гэж асуухад та энүүгээр юу хийж яваад байна гэж хэлэхээр нь би, хүн унтаж амарч байхад гар гэж хэлэхэд гаднаас найз нь бололтой нэг залуу орж ирээд манай өрөөнд байсан залууг дагуулаад гараад явсан. Тэгээд би өрөөндөө Бямбасүрэнгийн хамтаар унтаж амраад өглөө сэрээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/, яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн ...яг өрөөнөөс гарах үед ширээн дээр байсан гар утсыг аваад гарчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээл” зочид буудалд байхдаа С.Ганзоригийн өмчлөлийн 1,150,000 төгрөгийн үнэ бүхий Iphone XR загварын гар утсыг зөвшөөрөлгүй, нууцаар авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дгийн бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй, нууцаар авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний өмчлөх эрхэд санаатай халдаж хулгайлах гэмт хэргийн шинжтэй, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч С.Ганзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Дд тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ