Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2025002900242 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Быг 2020 оны 04 дүгээр сарын 24- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Стандарт” дэлгүүрийн хажуугийн хашаанд Ц.Тамирыг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бы мэдүүлсэн: “Гэртээ байхад Тамир орж ирсэн. Би өндөг түгээдэг ажилтай ба түүнээс болж маргалдсан. Би айлгая гэж хутгаар хатгасан. Миний буруу гэмшиж байна.” гэх мэдүүлэг, - Хохирогч Ц.Тамирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд найз О.Бы гэрт ороход Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид 2 маргалдаж, барьцалдаж авсан, тэгээд би гэрээс гараад гүйхэд араас гүйж гарч ирээд гартаа хутга барьсан миний хөлний ар бүдүүн гуянд нэг удаа хутгалсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-15-р хуудас/, -Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 194 дугаартай “... Хохирогч Ц.Тамирын биед зүүн гуяны ар талд гуяны мэдрэлийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шуу, баруун шилбэ зүүн бугалга, хэвлий духанд 5 тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт. /ххийн 18-19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоодлоо. Шүүгдэгч О.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Стандарт” дэлгүүрийн хажуугийн хашаанд гэртээ архидан согтуурсан үедээ Ц.Тамирын зүүн гуяны ар талд хутгаар хатгаж биед нь зүүн гуяны ар талд гуяны мэдрэлийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэв. Шүүгдэгч О.Бы бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан шууд шалтгаан холбоотой байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч хохирогч Ц.Тамирт 1,100,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн ба хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ