Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01265

 

С.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00008 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.М

         Хариуцагч: МСҮТд холбогдох

    Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч С.М, түүний  өмгөөлөгч М.Э нарын  гаргасан  гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч В.Д, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: МСҮТд ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшаар ажилладаг байсан.  2012 онд нийгмийн ажилтнаар ажилд орж, 2013 оноос ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшаар 2017-10- 20-ны өдрийг хүртэл хийсээр ирсэн. Гэтэл тус төвийн захирлын 2017-10- 20-ны өдрийн Б/46 тоот тушаалаар “...суралцагчдын элсэлтийн тоо буурсан, ерөнхий эрдмийн багшийн орон тоо хасагдсан...” гэж ажлаас чөлөөлсөн. Миний бие тус сургуульд анх орсон хичээлийн жилээс эхлэн бизнес аж ахуй эрхлэлт, харилцааны ур чадвар, газар зүй, нийгмийн ухаан гэсэн хичээлүүдийг зааж суралцагчдад мэдлэг ур чадвар олгосоор ирсэн. Гэтэл дээрх ажлаас халах тушаалд элсэлт муу, мэргэжлийн индекс тохирохгүй, ерөнхий эрдмийн орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Тус төв нь босоо удирдлагатай ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шууд харьяалагддаг. Энэ нь 2017 оноос 2018 оны хичээлийн жилд яамнаас бүтэц, орон тоо, төсөв мөнгөний хувьд орон тоог цөөлөх тухай ямарваа нэгэн тушаал шийдвэр ирээгүй байхад ажлаас халах шийдвэрийг гаргаж байгаа нь сургуулийн удирдлагууд  хувийн ашиг сонирхол гаргаж  шударга бус үйлдэл хийж байна. Миний бие 2017 оны 2 дугаар сард үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон. 4 сард эргэж ажилдаа орох үед “...ажлын байр байхгүй, элсэлт муу учир халагдана шүү...” гэж сургалтын албаны дарга, захирал нар хэлж байсан. 5 сард чөлөө аваад БНСУ-д явах хооронд ажлаас халагдах мэдэгдлийг багш М.Мөнхсаруул, Г.Одбаяр нарт өгсөн байсан. 8 сард ээлжийн амралтаа дуусгаж, ажилдаа ороход хамт олны анхны хурал дээр “...цаг хүрэхгүй байгаа шүү...” гэж нэр дурдаж онцолж хэлж байсан.  9 сарын 17-ны өдөр ерөнхий эрдмийн болон мэргэжлийн гэсэн нийт 22 багшид мэдэгдэл өгч, надаар хүчээр гарын үсэг зуруулсан. Тус төв нь мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх мэдлэг ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл энэ хичээлийн жилд нэг жилийн элсэлттэй ангийг түлхүү авна гэж зүтгэж, архив бичиг хэрэг, комьпютер программ, нарийн боов гэсэн зах зээлд эрэлт муутай ангиудад элсэлт авч байсан бөгөөд хамгийн их эрэлттэй байдаг барилгын сантехникч, өрөг угсрагч, гагнуурчин, цахилгаанчин, оёдол эсгүүрчин гэсэн 2,5 жилтэй ангиуддаа огт элсэлт аваагүй нь элсэлт муу байхад нөлөөлсөн гэж үзэж байна. Элсэлт муу байх нь багш нарт огт хамааралгүй, зөвхөн сургуулийн менежменттэй холбоотой. Ингээд миний заадаг хичээлүүдийн цагийг мэргэжлийн бус гэдэг үндэслэлээр цагаас хасч, Нийгмийн ухааны мэдлэг хичээлийн нэг жилд олгох сургалтын цагийг нэг сарын дотор хүчээр заалгаж дуусган, жилийн эцсийн дүн мэдээг албан шахалтаар гаргуулсны эцэст ажлаас халж байна. Иймд намайг тус төвийн ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.295.120 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалингаа 2017-10- 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх үндсэн цалин дээр төрөөс олгосон нэг удаагийн тэтгэмж болох 300.000 төгрөгийг нэмж тооцсон болно гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Тус төвийн багш нар тухайн хичээлийн жилд нийт 810 цагийн хичээл зааж байж бүтэн цалингаа авах эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл, нэг багшийн хичээлийн жилд 20 багц цаг байна гэсэн үг. Багш С.М  нийгмийн ухааны мэдлэг олгох хичээлийн цаг дээр харилцааны ур чадвар, бизнес аж ахуй эрхлэлт, газар зүй гэсэн хичээлийн цагуудтай нийлээд жилд 810 цаг буюу 18 багц цагтай ажилладаг байсан. Төв  2017 оноос 2018 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын 2,5 жилийн ангид 135 суралцагч элсэх ёстойгоос 3 ангийн 42 суралцагч элссэн. Нэг жилийн сургалттай ангид суралцагч элсүүлэн 4 анги шинээр нэмэгдсэн. Нэг жилийн сургалттай ангид ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн буюу 10 дугаар анги төгссөн хүүхдүүд элсдэг учраас нэг жилийн ангид ерөнхий эрдмийн багш хичээл заадаггүй. 2,5 жилийн ангид ерөнхий эрдмийн боловсрол эзэмшүүлэх зорилгоор ерөнхий эрдмийн багш нар хичээл заадаг бөгөөд энэ жилийн 2,5 жилийн ангид элсэлт муу байснаас багш нарын цагийн ачаалал багасч, цагийн фонд хүрэхгүй болж ирсэн. Ингээд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/21 дугаартай тушаалаар МСҮТөвүүдийн бүтэц орон тоог баталж, 22 багшийн орон тоотойгоор ажиллах болсон. Мөн МСҮТөвийн захирал нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны  А/198/215 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.3-т зааснаар сургалтын төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоох эрхтэй. Иймд тус төвийн захирал нь сайдын А/21 тоот тушаалыг үндэслэн  ерөнхий эрдмийн буюу мэргэжлийн багш нарын 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн цагийн фонд, цагийн ногдол зэргийг харгалзан, багц цаг нь хүрэхгүй байгаа хичээлийг цагийн багшаар заалгах нь зүйтэй гэж үзэж, ерөнхий эрдмийн буюу нийгмийн ухааны багшийн орон тоог хассан. Энэ хичээлийн жилд 2,5 жилийн ангийн суралцагчдын тоо буурснаар ерөнхий эрдмийн багш нарын цагууд багассан. Түүнчлэн, манай төв дээр Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 8 сард хяналт шалгалт хийгдсэн бөгөөд уг шалгалтаар мэргэжлийн хичээлүүдийг мэргэжлийн багшаар заалгах тухай зөвлөсөн. Ингээд багш С.Мын заадаг нийгмийн тухай мэдлэг хичээл 2017 оноос 2018 онд 252 цаг төлөвлөгдсөнийг С.М багшаар 2017-10- 20-ны өдөр хүртэл заалгаж, цаашид цаггүй болсон. Түүний нэмж заадаг байсан хичээлийн цагуудыг цаг нь 60-аас дээш хувьтай байгаа багш нарт нэмж цагийг нь бүрдүүлсэн. Нийгмийн ухааны багшийн орон тоо манай төвийн бүтэц орон тоонд байхгүй   ажлаас нь чөлөөлж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон. Энэ нь төвийн захирлын дотооддоо зохион байгуулалт хийж тухайн жилийн батлагдсан төсөв болон цагийн ногдол, цагийн фонд зэрэгтэй тулгуурлан хийсэн ажил юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00008 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх  ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.  Хөдөлмөрийн эрхийн харилцаа нь тэгш биш  хүмүүсийн хооронд хийгддэг бөгөөд, давуу эрх мэдэлтэй хүмүүс хөдөлмөрийн хуулийг илэрхий зөрчихгүй мэт боловч ажил олгогч, ажлын хуваарь шийдвэр гаргагч болох сургуулийн захиргаа нь эрх мэдлээ ашиглан тоогоо багасгаж, ямар ангид элсэлт авах, авахгүйгээ бодлогоор зохион байгуулах, хичээлийн цагийн хуваарийг хүссэнээрээ хийж хичээл заах багшийг төлөвлөгөөндөө оруулахгүй байх зэргээр багшийн заадаг хичээл нь цагийн нормондоо хүрдэггүй гэсэн ойлголтыг шүүхэд  өгч байна.  С.М нь  шүүхээр ажилд эгүүлэн тогтоогдож, ажилдаа ороод удаагүй байхад тухайн хичээлийн жил дуусаагүй, ирэх жилийн сургуулийн элсэлт зохион байгуулагдаагүй байсан. 2017-05-31-ний өдөр халагдах мэдэгдэл авсан багш нарын нэг юм.  С.М багшийн цаг хүрдэггүй байсан учир өөр хичээлүүд нэмж өгч заалгаж байсан. Нийгмийн ухааныг багш нь нийгмийн ухааны, бизнесийн эрх зүй, газарзүй, харилцааны соёл гэсэн хичээлүүдийг 2012 оноос хойш тасралтгүй заасан мэргэшсэн багш юм. Нийгмийн ухааны хичээл заах багшийн цаг хүрдэггүй учраас энэ хичээлүүдийг заалгаж байсан бол нийгмийн ухааны багшийн нэг орон тоотой ажлуулаад цагийг нь бүтэн болгож болох байтал 2016-2017 оны хичээлийн жилд нийгмийн ухааны хоёр багштай байсан, ингээд зохицуулдаг байсан цагаа удирдлагуудтай маргаж шүүхээр явсаны дараа шууд орон тоог цомхтгоно гэж байгаа нь эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд нийгмийн ухааны багшаар нэмж заалгадаг байсан хичээлүүдийг өөр хүмүүст болон гаднаас цагийн багшид өгч шийдвэрлээд, нэхэмжлэгчийн заах хичээлийг нэг сарын дотор хуваарийг шахаж заалгаад, хичээл заах цаггүй болгож халах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо энэ сургууль нийгмийн ухааны хичээл заах нэг ч багшгүй болсон. Энд сурагчид хохирч байна. Архив бичиг хэргийн хичээлийг нийгмийн ухааны багш зааж болно. Шинэ анги нээж гаднаас багш хөлслөн заалгаж байгаа. Багшийн ажлыг багшлах эрхтэй хүн хийдэг. Гэтэл багшлах эрхгүй хүмүүсээр хичээл залгаж байна. Орон тоо төсвийг батлах эрхтэй ч ийм байдлаар эрх мэдлээ ашиглан ажилчин, цаана нь сурагчдыг эрх ашгийг хохироож болохгүй. Мэргэжлийн багшаар мэргэжлийн хичээл заалгах өндөр шаардлага тавигдсан гэх атлаа багшлах эрхгүй хүнээр хичээл заалгаж байгаа нь Боловсролын тухай хуулийг зөрчиж байна. Үүний цаана сургалтын стандарт, багшлах ур чадвар гэсэн олон шаардлага зөрчигдөж, сурагчид хэрхэн хохирч болохыг үнэлж дүгнэсэн зүйл алга. Ажлаас халагдах болсон зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан тушаал, халах үндэслэлийг ажилтанд танилцуулсан байх ёстой. Ажилчдаараа хэлэлцүүлэх учиртай бөгөөд энэ нь удирдах зөвлөлийн ашиг сонирхлын асуудал биш юм. Хариуцагчийг төлөөлж байгаа н.Эрдэнэтунгалаг нь Мөнхзултай  ашиг сонирхлын зөрчилтэй. Өмнөх ажлаас халагдсан асуудал нь энэ хоёр хүний асуудлаас болсон. Гэтэл н.Эрдэнэтунгалаг нь удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд захиргааны бүх асуудал энэ хүний гараар хийгдэж боловсруулагдаж байна. Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

        С.М 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандан, МСҮТийн нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилтийг хийхийг ажил олгогчид даалгахыг шаардсан /хх 1-2,14-17/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, /хх 13, 54, 69/ маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... нийгмийн ухааны багшийн орон тоо байгууллагын бүтцээс хасагдсан нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж, хэвээр үлдээжээ. 

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...ажил олгогч ямар ангид элсэлт авах, авахгүйгээ бодлогоор зохион байгуулж... нийгмийн ухааны багшаар заалгадаг байсан хичээлүүдийг  цагийн багшид өгч... багшлах эрхгүй хүмүүсээр хичээл залгаж байгаа... гэсэн үндэслэл заасан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       МСҮТийн захирал 2017-10-20-ны өдөр Б/46 дугаартай тушаал гаргаж /хх 4, 39/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Төсвийн тухай хуулийн 16.5.2, захирлын 2017-09-07-ны өдрийн А/52, дотоод журмын 7.7, хөдөлмөрийн гэрээний 6.2-г баримтлан “...2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн тоо буурснаар суралцагчдын тоо багассан, ерөнхий эрдмийн багшийн орон тоо хасагдсан...” гэх үндэслэлээр С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 4, 39/ цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

         Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ. Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

         Ажил олгогч тушаалдаа “...2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн тоо буурсан...” гэх үндэслэл заасан боловч орон тоо хасах тушаал гаргахаасаа өмнө буюу 2017-05-31-ний өдөр болон /хх 60/ мөн 2017-09-05-ны өдөр /хх 65/ мэдэгдэх хуудас үйлдэж, заримыг нь албан ёсоор гардуулж байснаас /хх 62-64/ үзвэл МСҮТд 2017-09-07-ны өдрийн а/52 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзлээ. 

       2017-05-31, 2017-09-05-ны өдрийн мэдэгдэл хэрэгт авагдсан байх бөгөөд /хх 65/ энэ үед буюу 2017-09-05-ны өдрөөс өмнө ерөнхий эрдмийн багшийн орон тоог хасах тухай ямар нэг шийдвэрийг ажил олгогч гаргаагүй байсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

       Түүнчлэн, МСҮТийн захирлын “Төвийн бүтэц орон тоо батлах  тухай” 2017-09-07-ны өдрийн а/52 дугаар тушаалаар төвийн багшийн 22 орон тоог баталж, нийгмийн багшийн ажлыг багц цагаар тооцон цагийн багшаар заалгахаар болж, уг тушаалыг 2017-09-07-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар заасан /хх 70-72/ байх боловч С.М 2017 оны 10 дугаар сард ажлаа хийж байсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй /хх 13/ байна.

        С.М 2017 оны 10 дугаар сард нийгмийн багшийн ажлыг хийж, хичээл зааж байсан нь тогтоогдсон тул МСҮТд ерөнхий эрдмийн багшийн орон тоо ажил олгогчийн 2017-09-07-ны өдрийн а/52 дугаар тушаалаар хасагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.   

        МСҮТийн захирлын 2017-09-07-ны өдрийн а/52 дугаар тушаалаар ерөнхий эрдмийн багшийн орон  тоо хасагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Дээр дурдсан үндэслэлээр С.Мыг Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2017-10-20-ны өдрөөс 2018-09-20-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10,804,530 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мыг Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 10,804,530 төгрөг гаргуулж С.Мд олгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан  ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгасугай...” гэж, 3 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан С.М тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас 55.750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ