Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ч, Э.М, Б.Т,

Н.Г, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1363 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Х.Бямбацэемаагийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нарт холбогдох эрүүгийн 201625011548 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овогт Э М, 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, ..... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Б овогт Ц.Ч, 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Л овогт Б.Т, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт төрөх, төрсний дараах тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Зүүн хүрээ хотхоны 204-43 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

А овогт Н.Г, 1982 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Д овогт Г.Г, 1978 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод оршин суух  хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн “Амгалан” амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа тус амаржих газарт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амаржсан 29 настай П.Нт эмнэлгийн  тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу төрсний дараа түүний умайд ихэсийн хэсэг үлдсэн эсэхийг бүрэн шалгаагүйгээс умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 3-2107 тоот гэртээ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нар нь өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Ц.Ч нарын 5 хүнд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Прокуророос шүүгдэгч Э.М, Ц.Ч, Г.Г, Н.Г, Б.Т нарыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн “Амгалан” амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа тус амаржих газарт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амаржсан 29 настай П.Нт эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу төрсний дараа түүний умайд ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 3-2107 тоот гэртээ нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.М, Ц.Ч, Г.Г, Б.Т нарын чухам хэн нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам, стандартад заасан ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талийгаач П.Нын умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас нас барсан болохыг тогтоох нь зүйтэй байна.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М, Ц.Ч, Г.Г, Н.Г, Б.Т нарын хэн нь ажил үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүйн улмаас талийгаач П.Нын умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас нас барсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шүүгдэгч Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Бямбацэемаа дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд Э.Мын яллагдагчаар өгсөн "...2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг жижүүртэй байхад 22 цаг 30 минутын үед талийгаач П.Н төрсөн. Төрөлтийг би удирдаж явуулахад төрөх өрөөнд ямар нэг хүндрэл гараагүй. Төрөлтийн ихэсийг шалгахад бүтэн байсан бөгөөд төрөх өрөөнд 2 цаг хянаад төрсний дараах тасаг руу шилжүүлсэн..., Би ихэсийг гаргаад бүтэн эсэхийг ажиглах, тэмтрэх аргаар шалгахад бүтэн байсан...., Тэгээд энэ талаараа истор дээр тэмдэглэсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 189-190 дүгээр хуудас/.

Н.Гын яллагдагчаар өгсөн "...Би тухайн үед төрөх өрөөний жижүүр байсан. Эхийг яг хэдэн цагт төрсөнийг мэдээгүй, шөнө хоёроос гурван цагийн үед төрсний дараах тасагт нэг төрсөн эхээс цусан бүлэн гарлаа та үзээд өгөөч гэж эх баригч Мэндбаяр ирж хэлсэн. Тухайн үед 1 дүгээр жижүүр, 2 дугаар жижүүр Т, төрөх өрөөний өөр нэг жижүүр М нар хагалгаанд орсон байсан. Тэр үед би төрөх өрөөнд ганцаараа байсан тэгээд доошоо орж эхийг үзэхэд доошоо 200гр орчим бүлэн гарсан байсан дахин нэмж зүйл гараагүй бөгөөд ЭХО-д харахад умай агшсан, ямар нэгэн ихэсийн үлдэгдэл харагдаагүй учир шингэн залгаад цус тогтоох тариа зөвлөөд төрөх өрөө рүү яаралтай буцсан дахин цус гарах юм бол Т эмч нь гарч ирнэ, хэрвээ гарч ирээгүй байвал намайг дуудаарай гэж хэлээд явсан. Би өөрийгөө болон манай эмч нар эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор явуулсан..... Яг ЭХО чиглэлээр мэргэшсэн эмч бол биш, энэ чиглэлээр сургалт ордог.... Намайг анх дуудахдаа эх баригч цусан бүлэн гарлаа цус алдаж магадгүй та үзээд өгөөч гээд дуудсан юм. Тухайн үед ачаалал ихтэй байсан ч гэсэн очиж үзэхэд умай агшилт сайтай цус алдалт гэхээр юмгүй байсан болохоор би эргээд дуудагдаад явсан үүнийг тэмдэглэх цаг байгаагүй..." гэх мэдүүлэг / 2 дугаар хавтасны 2-3 дугаар хуудас/,

Б.Т яллагдагчаар өгсөн "...Би талийгаачийг ЭХО-д харахад умайн агшилт сайн, суваг өргөсөөгүй хэвийн байсан болохоор тэмдэглэгээ хийгээгүй. Уг нь бол тэмдэглэл хийх нь зүйтэй. Би талийгаачийг Н.Г эмч үзсэний дараа ЭХО-д харсан. Миний дараа маргааш нь Чинбат эмч үзсэн байсан. Талийгаачийн ихэс үлдсэн бол төрөлт удирдсан эмч болон төрсний дараа үзсэн бүх эмч харсан байх ёстой. Талийгаач П.Ныг үзсэн бүх эмч ихэсийн үлдэгдэл байхгүй гэж үзсэн..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 232-233 дугаар хуудас/,

Ц.Чын яллагдагчаар өгсөн "...Би 2016 оны 04 сарын 1-ний өглөө 8 цаг 20 минутанд төрсний дараах тасагт өдрөөр ажиллаж байсан бөгөөд уг тасагт байсан Н гэдэг эмэгтэй урьд шөнө цус алдсан гэж эх баригч Мэндбаяр хэлсний дагуу би төрсний дараа 10 орчим цагийн дараа үзлэг хийсэн байдаг тухайн үед цус алдсан эхэд таарсан эмчилгээг бичиж өгсөн ба маргааш өглөө цусны шинжилгээг төлөвлөж бичсэн байгаа. 2016 оны 4 сарын 2-ны өдөр нь цусны шинжилгээ хэвийн гарсан бөгөөд жижүүр эмч Г давтан үзлэг хийгээд эмнэлгээс гаргасан байсан. Төрсний дараах тасагт Г, Т нар үзсэн байдаг тэгэхдээ энэ талаар истори дээр ямар нэгэн тэмдэглэл байдаггүй юм... Би исторт бичигдсэн тэмдэглэлдээ зурвас гэж тэмдэглэсэн байсан тэгэхээр зүгээр гэж хэвийн байсан гэж бодож байгаа. Надаас гадна Г эмч бас тэгж бичсэн  байдаг.   Г,  Т  нар  ч  бас  тэгж л  харсан байгаа..." гэх мэдүүлэг / 2 дугаар хавтасны 20-21 дүгээр хуудас/,

Г.Гын яллагдагчаар өгсөн "...Би тухайн үед ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Талийгаачийг эмнэлгээс гарах үед үзлэгээр эх зовиургүй биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, ЭХО эмчилгээнд умайн агшилт хэвийн, цусны шинжилгээнд өөрчлөлтгүй байсан тул эмнэлэгээс гаргасан. Эд эсийн түвшинд байгаа зүйлийг ЭХО шинжилгээгээр илрүүлэх боломжгүй. Энэ үед талийгаачийн умайн агшилт хэвийн ихэсийн үлдэгдэл байгаагүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. ЭХО шинжилгээг зөвхөн би биш надаас гадна 3 эмч үзээд хэвийн гэж дүгнэлт өгсөн... Нарийн мэргэжлийн сургалтаар ЭХО үзлэгийг заалгасан..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 213-214 дүгээр хуудас/ зэргээр Нийслэлийн Амгалан амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.М нь талийгаач П.Нын төрлөгийг удирдаж эх барьсан, төрсний дараах тасагт тус амаржих  газрын   эх  барих   эмэгтэйчүүдийн   эмч   Н.Г,   Б.Т, Ц.Ч, Г.Г нар нь П.Ныг ЭХО-д харж, үзлэг, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээг тус тус хариуцаж байсан нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №782 дугаартай дүгнэлт "...Умай 17х9.5хЗсм, умайн амсар цус харвалттай, Умайн хөндийг нээхэд ихэсийн талбай байж болохоор хэсэгт овон товон, улаан хүрэн өнгөтэй, голомтлог цус харвалт бүхий ихэсийн үлдэгдэл байж болохоор эдтэй, Умайн булчин зузаан..., Эд, эсийн шинжилгээний С-782 тоот хариунд: ..., Умайн хүзүү: эпител хадгалагдсан, эпител дор дугариг эсийн шигүү нэвчдэстэй, тэлэгдсэн шүүрлийн булчирхайнууд харагдана. Умай: умайн судсууд хоосон, булчингийн ширхэг хоорондын холбох эд хавагнасан,  судасны  хана  гиаланжсан,  судас тойрч  болон  эндометрийн дээд булчинд булчингийн ширхэг завсраар дугариг эсийн нэвчдэстэй, судсуудад дегенераци өөрчлөлттэй, умайд гиаланжсан ихэсийн цэлмэн харагдана. Өөр 1 зүслэгт: жижиг судасны хөндийд цөөн ликоцит эсүүдтэй /идээт бүлэн/, жижиг судасны хана зузаарч гиаланжсан, судсанд лейкоцит эсүүдтэй, булчингууд жигд биш будагдсан. Өөр 1 зүслэгт: умайнд үхжсэн, шигүү үрэвслийн нэвчдэс бүхий олон тооны ихэсийн цэлмэнгийн үлдэгдэл, үрэвсэл, судасны хөндий дэх лейкоцит эсийн нэвчдэс... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Ихэсийн үлдэгдлээс улбаалсан эндометр, миометрийн үрэвсэл, дегенераци өөрчлөлт /төрсний дараах 23 дахь хоног/, Цусан үжил, зүрх, элэгний завсрын үрэвсэл, үжлийн дэлүү, уушиг зүрхний гадаргуу дахь цэгэн цус харвалт, Их тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн голомтлог зөөлрөл, үхжилт үрэвсэл, зөөлөн бүрхүүлийн гаралтай териотома. Зүүн уушигны гялтангийн зузаарал, баруун уушигны дээд дэлбэнгийн эмфизем, гялтангийн голомтлог цус хуралт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл. Цус багадалт. Дүгнэлт:

Талийгаач П.Нын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй, Талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн эдийн голомтлог зөөлрөл, үхжилт үрэвсэл, зөөлөн бүрхүүлийн гаралтай териотома, зүүн уушгины гялтангийн зузаарал, баруун уушгины дээд дэлбэнгийн эмфизм, гялтангийн голомтлог цус хуралт, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, цус багадалт өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. П.Н нь АВО системээр АII бүлгийн цустай байна, Талийгаач төрсөний дараа умайд ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас нас барсан байна..." /хавтаст хэргийн 1 дүгээр хавстасны 73-77, гэрэл зургийн үзүүлэлтүүд 80-83 дугаар хуудас/,

Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 816 тоот шинжээчийн дүгнэлт

-ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч С.Чулуунсүх, Г.Батцэцэг, Т.Чимэд-очирийн 2016-05-13-ны өдөр гаргасан №782 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

-2.3.4.5.6.7.8. Талийгаач П.Нын төрөлтийн явцад хүндрэл гараагүй байна. Төрлөг удирдсан эмч эхийг төрсөний дараа ихэсийг идэвхитэй аргаар удирдсан байх ба ЭМС-ийн 2012-07-09-ны өдрийн 256-р тушаалаар баталсан эх нярайн тусламж үйлчилгээнд хөтлөх хяналтын хуудаснуудаас ихэсийг шалгах хяналтын хуудас хөтлөөгүй, ихэсийн бүрэн бүтэн байдлыг хангалтгүй шалгасан байна. Төрсөний дараа эхийн умайд ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжилээр хүндэрч эх нас барахад хүрсэн байна. / 1 дүгээр хавтасны 85-89 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 272 дугаартай дүгнэлт "..Шүүх эмнэлгийн шинжээч нарын гаргасан 782, 816 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаач Н нь умайд ихэсийн хэсэг үлдсэнээс умай үрэвсэж үжилийн улмаас нас баржээ. Эмчлэгч эмч умайн ихэсийн үлдэгдлийг оношлоогүй... байна. / 1 дүгээр хавтасны 94-100 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.Чулуунсүхийг байцаасан тэмдэглэл "...Талийгаач Нын цогцост хийсэн задлан шинжилгээгээр умайн хөндийг нээж үзэхэд умайн хөндийн ар хэсэгт ихэсийн үлдэгдэл байж болохоор умайн ханатай нягт наалдсан эд байсан. Тодорхой хэлбэргүй, гадаргуу барзгар овон товон улаан хүрэн өнгөтэй эд байсан, умайн булчин зузаарсан байсан. Дээрх эдийг эд эсийн шинжилгээгээр харахад сорвижсон үрэвссэн ихэс байсан. Умай 17x9,5x3 см хэмжээтэй умайн хананд наалдсан дээрх ихэс нь умайн ар ханыг нилэнхүйд нь буюу хоёрын нэг хувьтай ойролцоо хэмжээтэй байсан..." / 1 дүгээр хавтасны 174 дүгээр хуудас/,

 Шинжээч эмч М.Энхбаярыг байцаасан тэмдэглэл "...Урьд гарсан 2 дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд талийгаач П.Н нь умайд ихэсийн хэсэг үлдсэнээс умай үрэвсэж улмаар энэ нь цусан үжил болж нас барсан. Ихэсийн үлдэгдэл гэдэг нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон..." / 1 дүгээр хавтасны 175 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Уранчимэгийн байцаасан тэмдэглэл "...Төрлөг удирдсан эмч болон Эход харсан эмч, эмчлэгч эмч нар нь талийгаач Нын умайд ихэсийн хэсэг үлдсэн байгааг олж илрүүлж оношлох боломжтой байсан..., Цусны шинжилгээний цагаан эсийн тоо, ялтаст эс, улаан эсийн тунах хурд, халууныг үзэж зүрхний цохилтын тоо. хүчилтөрөгчийн сатураци үзэж шалгана. Мөн ЭХО-д харна. ЗХО-д яг ЭХО-ны мэргэшсэн эмч харах шаардлагатай байсан. Судасны цохилтын тоог бас үзнэ. Дээрх үзлэгүүдийг хийхэд онош тогтоогдох боломжтой..., Манай дүгнэлтэд умайд ихэсийн хэсэг үлдсэн нь макро зургаар болон эдийн шинжилгээгээр тогтоогдож байгаа тул дүгнэлт өөрчлөгдөхгүй..., Макро зураг гэдэг задлан шинжилгээгээр умайг шинжлээд умайг зүсэж дотор талыг нь харуулсан фото зургийг хэлж байгаа юм..., Талийгаачийн умайд ихэс үлдэж үрэвсэж үжил болж үхэлд хүрсэн. Ихэсийг сайн шалгаж бүрэн бүтэн эсэхийг үзэж шалгах ёстой байсан..., умайд ихэсийн хэсэг байсан..., Төрсний дараа ихэс шалгасан бичлэггүй, төрсний дараах үзлэгт амин үзүүлэлтийг бүрэн тусгаж бичээгүй, ЭХО шинжилгээний бичлэг хэт товч "эндометр зурвас" гээд орхисон зэрэг нь эндсэн эхийн үзлэг дутмаг хяналт хангалтгүй байгаа нь төрөлтийн түүхээс харагдаж байна. Амин үзүүлэлтээс пульс, даралт хоёроос өөр зүйл бичигдээгүй байсан, ЭХО-д эндометр зурвас гээд бичсэн нь дутмаг меометр буюу умайн булчин давхарга, хөндийд юу байгаа талаар тусгах ёстой байсан..., Талийгаачийг үзсэн эмч нар дутуу шалгасан гэж үзэх үндэслэлтэй..." /1 дүгээр хавтасны 176-177 дугаар хуудас/,

Талийгаач П.Нын өвчний түүх /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 121-151 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Э.М нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Амгалан амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа тус амаржих газарт 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр П.Нын төрлөгийг удирдаж, эх барихдаа төрсөн эхээс гардаж авсан ихэс бүрэн бүтэн эсэхийг, умайд нь ихэсийн хэсэг үлдсэн эсэхийг сайтар шалгаагүй. тус амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Г. Б.Т, Ц.Ч, Г.Г нар нь амаржсан эх П.Нт төрсний дараах тасагт ЭХО-д харж, үзлэг, эмчилгээг хийхдээ умайд ихэс үлдсэн байсныг оношилж тогтоогоогүй буюу шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй. тус тус эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс П.Н умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ нас барсан болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт "..талууд.... нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно" мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл. хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх. прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ." гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүйн зэрэгцээ тухайн   хэрэгт  захирамжид  дурьдсан   асуудлыг  мөрдөн байцаалтаар шалгаж тогтоохын тулд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар тодорхой ажиллагаа хийх талаараа тусгаагүй хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн атлаа шүүхийн шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч. өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1363 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ямар стандарт журам, хууль, тогтоомжид хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зааж өгөөгүй байгаа нь төдийлөн ач холбогдолгүй заалтаар хэргийг буцаасан. Үнэхээр тогтоох шаардлагатай байсан бол шүүх өөрийн санаачлагаар шинжээч томилох бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Х.Бямбацэемаагийн  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бичсэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Гэтэл шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг  зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Э.М, Ц.Ч, Г.Г, Н.Г, Б.Т нарын хэн нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талийгаач П.Нын умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас нас барсан болохыг хүн тус бүрээр нарийвчлан шалгаж тогтоох нь шаардлагатай байна. Дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд прокурор Х.Бямбацэемаагийн  дээд шатны прокурорын эсэргүүцлээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэлгүй хэргийг прокурорт буцаасан талаар гаргасан хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.М, Ц.Ч, Б.Т, Н.Г, Г.Г нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1363 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.М, Ц.Ч, Б.Т, Н.Г, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Э.М, Ц.Ч, Б.Т, Н.Г, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ