Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00063

 

 

 

 

 

 

 

 

                               Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Тунгалагын нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Эрдэнэцэцэгт холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ нийт 197.945.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Эрдэнэцэцэгийн “2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Д.Тунгалаг нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Эрдэнэцэцэгт 100.000.000 / нэг зуун сая төгрөгийг 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ийнхүү зээлдүүлэхдээ Улсын бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р багт /Оюут дутуу барилгын ард/ байрлах 4 давхар Худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг Барьцааны/ гэрээээ байгуулж барьцаанд авсан ба энэхүү барьцааны гэрээ Улсын бүртгэлд бүртгэтгэгдсэн болно. Гэтэл Эрдэнэцэцэг нь одоог хүртэл зээлийнхээ хүү болон үндсэн мөнгө, алдангиас нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу П.Эрдэнэцэцэгээс 100.000.000/ нэг зуун сая/ түүний 6 сарын хүү 18.000.000/ арван найман сая/ төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувь /271хоног 590.000/ 159.890.000/ түүний 50 хувь 79.945.000 төгрөг нийт 197.945.000 зуун ерэн долоон сая есөн зуун дөчин бүртгэлийн Ү-2101016712 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар багт байрлах 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Д.Тунгалагаас 86 000 000 төгрөгийн зээл аваагүй. Харин өөрийн хэрэглэсэн 36 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймагт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд А.Орхонсайхан гэгч Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч хийж байсан эмэгтэйд 2012 онд 72 сая төгрөг зээлдүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Орхон аймгийн Жаргалант сумруу явж дүү П.Энхтайваны нэрээр итгэмжлэл хийлгэсэн ба тухайн үед А.Орхонсайхан нь манай намын таньдаг дүү байгаа юм гээд итгэмжлэл хийлгэсэн. Ийнхүү удалгүй А.Орхонсайхан нь нөгөө мөнгө зээл хүн ирсэн байгаа, чи битгий олон юм яриарай, чимээгүй байж байгаарай, би яриад зохицуулсан байгаа гэж хэлээд тэр өдрөө буюу 2013 оны 12 дугаар сарын 24-нд Д.Тунгалагтай зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийх үедээ надад огт мөнгө зээлдүүлээгүй, харин А.Орхонсайханы өр төлбөрийг надад шилжүүлж, миний дүүтэйгээ хамтран өмчилдөг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэж ийнхүү зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн байна. А.Орхонсайхан, Д.Тунгалаг нар нь миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээгээр халхавчлан намайг хууран мэхэлсэн гэж үзэж байна. Учир нь энэхүү 86 сая төгрөний 50 сая төгрөгийг А.Орхонсайхан нь надаас тэр даруй залилан авсан болох нь Орхон аймгийн дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон болно. Угтаа 86 сая төгрөгийг авах хүсэлт надад огт байгаагүй, харин А.Орхонсайхан л тэр мөнгийг авах хүсэлтэй байсан болохыг сүүлд нь мэдсэн. Үүнээс үзвэл энэхүү зээлийн гэрээ нь миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, харин А.Орхонсайханы намайг залилан мэхлэх гэсэн гэмт санаа зорилго, Д.Тунгалагийн А.Орхонсайханаас авах барьцаагүй авлагаа барьцаатай болгох гэсэн санаа зорилгоос үүдэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс Д.Тунгалагийн надтай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Тунгалаг миний бие хариуцагч П.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 144 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 614 193 төгрөгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.147.675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэцэцэгээс 880.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4147 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг давж заалдсан гомдолдоо: Миний бие П.Эрдэнэцэцэг нь Д.Тунгалаас мөнгө зээлэн авах хүсэл байгаагүй бөгөөд А.Орхонсайхан л түүнээс мөнгө зээлж авах хүсэлт гаргасан. Үүнийг Д.Тунгалаг ч өөрөө мэднэ. Шүүх хуралдаанд түүний хүү Е.Энхтөр оролцсон бөгөөд энэ асуудлаар огт маргаагүй. Д.Тунгалаг нь А.Орхонсайханаас авах зээлээ түүнийг боломжгүйг мэдээд надаас авахын тулд барьцаатай болгож, өрөө шилжүүлэх зорилгоор надтай зээлийн гэрээ байгуулсан, А.Орхонсайхан нь намайг залилан мэхэлхийн тулд Д.Тунгалагтай уулзаж ярьж байсан. Би Д.Тунгалаас зээл өгөөч гэж огт хүсэж байгаагүй, гэтэл шүүх хурал дээр Е.Энхтөр намайг зээл авахаар хүсэлт гаргаж байсан мэтээр худал хэлж, шүүх үүнийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

А.Орхонсайхан нь Д.Тунгалагийн шилжүүлсэн 86 сая төгрөгний 50 сая төгрөгийг авсан болохыг Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тогтоогоод байгаа бөгөөд Д.Тунгалаг болон түүний төлөөлөгч Е.Энхтөр нь нар хамтран хариуцагчаар А.Орхонсайханыг оролцуулахгүйгээр зөвхөн надаас нэхэмжилж байгаа нь анхнаасаа Д.Тунгалагийн зорилгыг нотлон харуулж байна. Үнэн хэрэгт миний бие хамтран хариуцагчаар А.Орхонсайханыг оролцуулах хүсэлтийг гаргаж байсан ч шүүх хүлээн аваагүй, нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар татаагүй юм. Миний бие хэдийгээр Д.Тунгалагтай зээлийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээний эрх зүйн харилцаанд оролцох хүсэл зориг байгаагүй, зөвхөн А.Орхонсайханаас өмнө зээлсэн зээлийн төлбөрөө л авч байна гэж ойлгож төөрөгдөлд орсноос болсон юм. Анхан шатны шүүх миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Е.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд өөрийн авсан 36 сая төгрөгийг төлөхийгзөвшөөрч байгаа ба харин А.Орхонсайханы авсан 50 сая төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч П.Эрдэнэцэцэгээс зээлийн төлбөр, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ нийт 197.945.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 229/2013 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхтөр нэхэмжлэлийн шаардлагаа 42.850.807 төгрөгөөр багасгаж зээл 86.000.000 төгрөг, зээлийн хүү 16.617.235 төгрөг, алданги 46.158.986 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 6.317.972 төгрөг нийт 155.094.193 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлж улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч П.Эрдэнэцэцэгээс зээлийн төлбөр 144.480.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.614.193 төгрөг, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  талууд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж улмаар нэхэмжлэгч Д.Тунгалаг нь зээлийн гэрээний дагуу 86.000.000 төгрөгийг 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба шүүх хариуцагч П.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний дагуу авсан 86.000.000 төгрөг, хүү 15.480.000 төгрөг, алданги 43.000.000 төгрөг нийт 144.480.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулж улмаар хариуцагчид 6.317.972 төгрөгийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулж өгсөн болохыг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж дээрх мөнгөн дүнд тооцсон хүү, алданги болон барааны үнэ бүгд 10.614.193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хэдийгээр хариуцагч П.Эрдэнэцэцэг нэхэмжлэгч Д.Тунгалагтай зээлийн гэрээ хийж 100.000.000 төгрөг зээлж авах хүсэл зоригын илэрхийлэл байгаагүй гэж  тайлбарлаж байгаа боловч 229/2013 тоот зээлийн гэрээнд зээлийн дүн, хүү, хугацаа,  гэрээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тодорхой зааж тодорхойлсон байх тул гэрээнд оролцогч талуудын гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлох хуулиар зөвшөөрсөн эрхийг нь хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл  сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотолж чадаагүй байх тул шүүх 229/2013 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд хариуцагч П.Эрдэнэцэцэгийн гаргасан “..анхан шатны шүүх миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Е.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, А.Орхонсайханы авсан 50 сая төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч П.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч П.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар хойшлогдсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                      Б.БАТТӨР

                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ