Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0146

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0146

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

                   Ч.Б-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч Ч.Б,

Гомдол гаргагч: Ч.Б,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э,

Гомдлын шаардлага: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1450351 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Ч.Б, хариуцагч Ч.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 124/2021/0092/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ч.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эт холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1450351 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ч.Бын “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1450351 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Ч.Б миний бие 2020 оны 10 дугаар сард орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Улаангом сумын 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас дэвшин оролцсон. Тэгтэл намайг “сонгуулийн санхүүгийн тайлангаа гаргаж, аймгийн Төрийн Аудитын газарт хүргүүлээгүй” гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасны дагуу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Учир нь Улаангом сумын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Б миний бие сонгууль дууссаны дараа буюу 2 хоногийн дараа сонгуулийн санхүүгийн тайлангаа өөрөө гарган Улаангом сумын Монгол Ардын намын улс төрийн ажилтан н.Н гэгч хүнд өөрийн биеэр хүргэж өгсөн. Миний гаргаж өгсөн санхүүгийн тайланг нэгтгэж аймгийн Төрийн Аудитын газар хүргүүлэх үүргийг Улаангом сумын намын хороо хариуцах ёстой. Улаангом сумын намын хорооны буруутай үйл ажиллагаанаас болж сонгуульд нэр дэвшсэн иргэн Ч.Б миний бие хохирох ёсгүй. Харин миний бие өөрөө сонгуульд оролцоод санхүүгийн тайлангаа өөрөө Улаангом сумын намын хороонд гаргаж өгөөгүй байсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Монгол Ардын намын буруутай үйл ажиллагаанаас болж би Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 10 сая төгрөгөөр торгуулсандаа маш их гомдолтой байна.

3.3. Миний бие сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хуулийг зохих ёсоор судалсан, тэр утгаараа сонгууль дууссаны дараа санхүүгийн тайлангаа цаг хугацаандаа намдаа гаргаж өгсөн. Сонгуульд оролцож байхад санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгүүдийг намд өгөх талаар бид нарт зөвлөж байсан. Миний бие “шүүхэд гомдол гаргахдаа тайланг өгөх талаар мэдээгүй” гэж хүмүүсийн буруу ташаа үгнээс болж буруу зүйл бичсэндээ харамсаж байна. Тэгэхээр анхан шатны шүүх гомдол, тайлбарт дурдсан “сонгуулийн хууль тогтоомжийн талаар болон сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдээгүй, холбогдох байгууллагаас ямар нэг зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэсэн нь гомдлоо буруу ташаа бичсэнээс ийм дүгнэлтэд хүрсэн гэж үзэж байна. Иймд тухайн үед Улаангом сумын намын хороонд сонгуулийн санхүүгийн тайлангаа хугацаандаа гаргаж өгсөн тул Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй.

3.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Ч.Б миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагч Ч.Бын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.Үүнд:

3.1. Гомдол гаргагч Ч.Б нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1450351 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байх бөгөөд тус шийтгэлийн хуудсаар “Ч.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан нь тухайн сонгуульд нэр дэвшигчид өөрт нь сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхийг шууд үүрэг болгосон, ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байна.

3.3. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын тайлан, тус газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 396 дугаар албан бичгийн хавсралт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлж сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй болох нь нотлогдож байх тул түүнд шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

3.4. Гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “... зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, тайлан гаргаж өгөх талаар ямар ч ойлголт байгаагүй, сонгуульд ялагдсан учраас шаардлагагүй гэж үзсэн” гэж мэдүүлсэн, шүүхэд гомдол гаргахдаа “... сонгуулийн дараа сонгуульд оролцсон санхүүгийн тайлангаа гаргаж Аудитын газарт хүргүүлэх тухай надад намын хороо, аймгийн Сонгуулийн хороо, аймгийн Аудитын газар зэрэг байгууллагуудаас нэг ч төрийн ажилтан, албан тушаалтан мэдэгдэж албан тоот ирүүлээгүй тул сонгуульд ялагдсан хүмүүс санхүүгийн тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгосон, ... энэ үйл ажиллагааны улмаас хэн нэгэн этгээд хохироогүй, ийм дүрэм, журам байдгийг албан ёсоор мэдэгдэж сануулаагүй” гэж дурдсан атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... сонгууль дууссаны дараа буюу 2 хоногийн дараа тайлангаа өөрөө гаргаж Улаангом сумын  Монгол Ардын намын улс төрийн ажилтанд өөрийн биеэр хүлээлгэж өгсөн, ... Сонгуулийн тухай хуулийг зохих ёсоор судалсан, тэр утгаараа сонгууль дууссаны дараа санхүүгийн тайлангаа цаг хугацаандаа намдаа гаргаж өгсөн, сонгуульд оролцож байхад санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримт бичгүүдийг намд өгөх талаар бид нарт зөвлөж байсан, ... тайланг өгөх талаар мэдээгүй гэж хүмүүсийн буруу ташаа үнээс болж буруу зүйл бичсэн” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь ойлгомжгүй.

3.5. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч өөрийгөө өмгөөлөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлохоор дээр дурдсан эрхээ хэрэгжүүлээгүй, тодруулбал, хэрэгт гомдол гаргагч нь сонгуулийн тайлангаа намд хүлээлгэн өгсөн талаарх баримт авагдаагүй, түүнчлэн дээр зааснаар “нэр дэвшигч” буюу “гомдол гаргагч” нь өөрөө санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр тодорхой хуульчилсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ч.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

     ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН