Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;       

улсын яллагч: А.Золзаяа;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаар тогтоолоор “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолын ...”шүүгдэгч Г.Бд холбогдох зүйл, заалт, хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн...”, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, дээд боловсролтой, математикч, математикийн багш мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын “Үй-Цай” сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, зээ хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Г.Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эх А.Уянгаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө шууд авсан,

мөн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульдаа элсүүлхийн тулд бусдаар буюу “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын дэд захирал О.Оюунтунгалагаар дамжуулан түүний эцэг М.Бат-Эрдэнээс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,

хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульдаа элсүүлхийн тулд бусдаар буюу Сүхбатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбатаар дамжуулан түүний эцэг А.Баянмөнхөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бусдаас мөнгө авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Дээрх авсан мөнгийг сургуулийнхаа засвар үйлчилгээнд зарцуулсан гэдгийг тодруулж хэлэх байна. Өөр нэмж ярих зүйлгүй, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 8-10, 14-16, 18-20/, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/49 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай боловсролын газрын даргын тушаалын хуулбар, хавсралт /1хх-ийн 22-41/, Сургуулийн барилгын засвартай холбоотой баримтууд /1хх-ийн 158-183/, гэрч Ж.Гантулга /2хх-ийн 111-112/, Б.Виктор /2хх-ийн 126/, Ц.Цэрэнхүү /2хх-ийн 60-61/, Л.Буянтогтох /2хх-ийн 63/, О.Болорцэцэг /2хх-ийн 81/, Н.Долгорсүрэн /2хх-ийн 84-85/, Ж.Пүрэвсүх /2хх-ийн 150-151/, Б.Батцэнгэл /2хх-ийн 155-156/, Г.Бадамханд /2хх-ийн 201-202/, Н.Манлай /2хх-ийн 205-206/ нарын мэдүүлэг, А.Оюунтунгалагийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 148-149/, М.Бат-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 153-154/, А.Баянмөнхийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2 хх-ийн 181/, Ч.Мөнхбатын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 183-191/, Г.Б-н гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 1-3/, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 62-67/, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 70-80/, Г.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 54-61/, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 62-67/, банкны депозит дансны хуулгууд /1хх-ийн 243-250, 2хх-ийн 1-59/, шинээр “Үй-Цай” сургуулийн болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  итгэмжлэл, халамжийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь төрийн өмчийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа уг сургуулийн хамран сургах тойргийн бус В.Цэлмүүндарийг 1 дүгээр сургуульд элсүүлхийн тулд түүний эх А.Уянгаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийг албан өрөөндөө авсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дэд захирал О.Оюунтунгалагын зуучлалын дагуу төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Номин-Эрдэнийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эцэг М.Бат-Эрдэнээс 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн ХААН банкны дансаар дамжуулан авсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн бус Б.Мишээлийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эцэг А.Баянмөнхөөс 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбатаар дамжуулан албан өрөөндөө авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

гэрч Ж.Гантулгын /2хх-ийн 111-112/: “...Боловсролын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын дарга нь ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг баталж өгдөг. Тухайн сургууль нь тухайн оршин байгаа хороотойгоо сургуулийнхаа хамран сургах тойргийг харилцан зөвшилцөж тогтоогоод уг саналаа Дүүргийн Боловсролын газарт хүргүүлдэг, тус газраас нь манайд уламжилдаг бөгөөд Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн саналыг нь судалж үзээд боломжтой гэж үзсэн тохиолдолд миний бие тушаал гаргаж, тухайн сургуулийн хамран сургах тойргийг нь баталж өгдөг....Бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу захирал нь хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургах эрх, үүрэгтэй, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойргийнхоо сурагчдыг элсүүлэн авч сургах ёстой....Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэний зүгээс албан ёсоор надад болон манай байгууллагад хандив болон санхүүгийн туслалцаа авахаар хандаж, зөвшөөрөл авч байсан тохиолдол байхгүй. Миний зүгээс болоод манай байгууллагын зүгээс түүнийг бусдаас хандив, санхүүгийн туслалцаа ав гэж зөвшөөрөл өгч байгаагүй....” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Викторын /2хх-ийн 126/: “...2018 оны 04 дүгээр сарын орчим байх яг цаг хугацааг нь тодорхой санахгүй байна, захирал Г.Бтэй уулзсан. Тэгсэн “хамран суралцах тойргийн хүүхэд биш байна, ямар ч боломж байхгүй” гэсэн. Тэгээд надаас “яагаад заавал манай сургуульд хүүхдээ оруулах гэж байгаа” талаар асуухад “миний охин тоондоо авъяастай, түүнийг нь хөгжүүлэх зорилгоор танай сургуульд хандаж байна” гэж хэлсэн. Тэгсэн “энэ тухайгаа дэлгэрэнгүй өргөдөл бичээд өг хурлаар авч хэлэлцье” гэж хэлсэн. “Хурлаар авч хэлэлцээд зөвшөөрсөн тохиолдолд олон улсын олимпиадад оролцох хүүхдүүд болон багш нарын зардалд хандив өгөх боломжтой юу” гэж асуусан. Би “тэгье” гэж хэлээд “хэдэн төгрөг гарах бол” гэж асуусан чинь “мэдэхгүй хурлаар ороод хэдэн багш хүүхэд явах нь шийдэгдэх байх” гэж хэлсэн. ... 2018 оны 05 сарын эхээр хурал нь болоод манай хүүхдийг суралцахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар хэлсэн. Мөн 7.000.000 төгрөг өг гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Цэрэнхүүгийн /2хх-ийн 60-61/: “...Захирлын өгсөн чиглэлийн дагуу В.Цэлмүүндарийг сургуульд элслүүлэх шийдвэр гаргасан. Г.Б захирал 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 09 цагийн орчим Даваасүрэн менежер бид 2-т хандан “В.Цэлмүүндарийг бүртгэж аваарай” гэсэн чиглэлийг өгсөн...В.Цэлмүүндарь одоо 1 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид суралцаж байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Буянтогтохын /2хх-ийн 63/: “...Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгын 2018 оны 05 сарын 14-ний өдрийн А/49 дугаартай тушаалаар Нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг тогтоосон. Уг тушаалын 11 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт Нийслэлийн 1 дүгээр сургуулийн хамран сургах тойргийг тогтоосон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Болорцэцэгийн /2хх-ийн 81/: “...Манай сургууль 2018 оны 07 сарын 03-ны өдөр “Оранж дарь” ХХК-тай сургуулийн гадна фасадны ажлыг 19.600.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан...Сургуулийн 2018 оны төсвийн хуваарьт урсгал засварт 62.000.000 төгрөг төсөвлөгдсөн. Урсгал зардлын төсвөөс дээрх гадна фасадны ажлыг санхүүжүүлсэн...Г.Б захирал сургуулийн гадна фасадны ажилд зарцуулаарай гэж бэлэн болон бэлэн бусаар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,   мэдүүлэг/2-р хавтасны 81/

 

гэрч Н.Долгорсүрэнгийн /2хх-ийн 84-85/: “...Манай компани 2017 оны 07  сарын 20-дын үеэр ажил эхлээд 08 сарын сүүлээр дууссан. Ингээд гэрээний үнэ болох 19.600.000 төгрөгийг авсан. Өөр дахиж Г.Бтэй уулзаагүй, тооцоо дууссан...” гэх мэдүүлгээр,

 

А.Оюунтунгалагийн гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 148-149/: “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би өөрөө Г.Б захиралтай орж уулзаад “нэг хүүхэд танай сургуулийн 1 дүгээр ангид оруулах гэсэн юм...” гэж уулзсан. Надад Бум-Эрдэнэ захирал “манай няравын данс нь гээд 50...дугаартай ХААН банкны дансны дугаар өгөөд өнөөдөртөө багтаагаад хийчихээрэй” гэж хэлсэн...Тэр даруйд нь хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа Бат-Эрдэнээр 2.000.000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Пүрэвсүхийн /2хх-ийн 150-151/: “...2018 оны 09 сарын 07-ны өдөр миний өөрийн ХААН банк дахь 5031990971 билүү сайн санахгүй байна, миний данс руу 2.000.000 төгрөг орж ирсэн. Энэ ямар учиртай мөнгө гэдгийг би мэдэхгүй байна, захирал Бум-Эрдэнэ хэлэхдээ “чиний данс руу 2 сая төгрөгийг хийлгэчихлээ, энэ мөнгийг манай охинд өгчих” гэж хэлсэн. Тэр үед нь миний энэ банкны карт манай эхнэрт явж байсан болохоор би эхнэр рүүгээ ярьж “2 сая төгрөг миний данс руу орсон байгаа, Г.Б захирлын мөнгө юм байна, үрж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь манай эхнэр АТМ-аас бэлнээр 2 сая төгрөгийг зарлага хийж аваад Бум-Эрдэнэ захирлын охины данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

М.Бат-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 153-154/: “...Тэрээр охиныг чинь тус сургуульд оруулах боломж юу байна, хүнээс асууж өгье гэсэн, тэгээд хүнээс асуугаад “болно гэж байна” гэсэн хариуг надад хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний охин сургуульдаа ороогүй байсан бөгөөд Батцэнгэлээс нөгөө хүнээсээ асууж тодруулж өгөөч гээд асуулгахад Нийслэлийн боловсролын газраас нэрийг нь явуулсан юм байна, бүтнэ гэсэн хариуг надад өгч байсан. Ингээд 2018 оны 09 сарын 07-ны өдөр буюу Баасан гаригт Батцэнгэл “охиныг чинь Дулмаа багштай 1Б ангид оруулахаар болсон байна” гэж хэлсэн. Миний хувьд тухайн өдөр нь ажилтай байсан болохоор эмээ өвөө нь охиныг маань сургуульд нь хүргэж өгсөн. Би 2018 оны 09 сарын 10-ны өдөр нь өөрөө охиноо хүргэж өгч Дулмаа багштай нь анх уулзсан юм. Маргааш нь буюу 2018 оны 09 сарын 11-ний өдөр шиг санагдаж байна, Батцэнгэл надад ХААН банкны дансны дугаар бичсэн жижиг цаас өгөөд энэ данс руу 2 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн, би тэр өдөр нь өөрийн 5031138448 дугаарын ХААН банкныхаа данснаас интернэтээр шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь хэн гэдгийг нь миний хувьд мэдэхгүй байна...Б.Батцэнгэлийн эхнэрийн хамаатан болох Оюунтунгалаг гэж Багшийн хөгжлийн төвд ажилладаг хүн хөөцөлдөж байгаа гэж тэрээр надад хэлж байсан. Миний хувьд Оюунтунгалаг гэж хүнтэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батцэнгэлийн /2хх-ийн 155-156/: “.... М.Бат-Эрдэнэ түүний эхнэр Намуундарь, миний эхнэр Халиунаа бид 4 нүүр амны их эмч нар юм. Нийлээд 2017 онд Whise гэсэн нэртэй шүдний эмнэлэгийг байгуулан ажиллуулж байгаа юм. Бат-Эрдэний охин нь 1 дүгээр ангид энэ жилд орох болсонтой холбоотойгоор миний хувьд найздаа 1 дүгээр сургууль сайн юм байна гэдэг талаар хэлж зөвлөсөн. ...Миний хувьд О.Оюунтунгалаг эгч рүү 2018 оны 04 дүгээр сард анх ярьж 1 дүгээр сургуульд найзынхаа хүүхдийг оруулмаар байна, оруулах боломж байгаа эсэхийг асуухад болох байх гэсэн хариуг өгсөн. Дараа нь Оюунтунгалаг эгч над руу яриад нөгөө асуулгасан хүүхдийг чинь 1 дүгээр сургуульд оруулж болох юм шиг байна гэж зун хэлсэн. Ингээд 8 дугаар сард хичээл эхлэхийн өмнө Оюунтунгалаг эгчээс дахин юу болж байгаа талаар асуухад Нийслэлийн Боловсролын газраас хэдэн хүүхдийн нэр өгдөг, уг нэрэнд нь нөгөө хүүхдийн нэр чинь орчихсон байгаа. бүтнэ гэж хэлсэн. 2018.09.01-ний өдөр болчихсон байхад М.Бат-Эрдэнийн охиныг сургуульд нь оруулж чадаагүй байсан бөгөөд бидний хувьд тус сургуульд оруулж чадах эсэхийг Оюунтунгалаг эгчээс байнга асууж байсан, бүтнэ гэсэн учраас оруулчих байх гэсэн бодолтой байсан юм. 2018 оны 09 сарын 4, 5-ны үеэр Оюунтунгалаг эгч над руу яриад захиралтай нь уулзчихлаа, өөрөө орж уулзаагүй бол бүтэхгүй байсан байна гэж хэлсэн. Тэгээд үүнээс хэд хоногийн дараа Оюунтунгалаг эгч 1Б гэсэн шиг санагдаж байна, багшийнх нь нэрийг одоо санахгүй байна нөгөө хүүхдээ өгөөрэй гэж хэлсэн. Номин-Эрдэнийг хичээлд нь явуулж эхэлсний маргааш нь Оюунтунгалаг эгчийнх манай хөрш бөгөөд тэднийд ороход дансны дугаар бичсэн жижиг цаас надад өгөөд 2 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй юм байна, захирал нь 2 сая төгрөг гэсэн, хандивын ангид оруулсан юм гэж надад хэлсэн. Энэ талаар М.Бат-Эрдэнэд хэлээд уг дансны дугаар бичсэн цаасыг М.Бат-Эрдэнэтэй уулзах үедээ өгсөн. Хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, тухайн өдөр нь Бат-Эрдэнэ 2 сая төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

А.Баянмөнхий гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 181/: “...Хүүхдийнхээ хувийн хэргийг аваад Мөнхбаяртай Зайсангийн танктай хөшөөний эсрэг талын Зайсан скүэрийн гадна очиж хувийн хэргээ өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Мөнхбатын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 183-191/: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Танктай хөшөөний эсрэг талын рестораны гадна талд, ертөнцийн зүгээр баруун талын авто зогсоол дээр Мөнхбаярын автомашинд хүүхдийн сурагчийн хувийн хэргийг ууттай мөнгөний хамт өгсөн, би тухайн үедээ тэр мөнгийг нь сөхөж хараагүй. Мөнхбаяр надад хэлэхдээ 2 сая төгрөг байгаа шүү гэж хэлээд л өгсөн...Мөнхбаярын өгсөн мөнгөнөөс Г.Бд 1 сая төгрөгийг нь өгсөн...Мөнхбаяр надад хэлэхдээ 2 сая төгрөг байгаа шүү, чи зуучлаад оруулаад өгчих, чи өөрөө энэ мөнгөнөөс хэдийг нь өгөхөө өөрөө л мэд гэсэн. 1 сая төгрөгийг нь би өөртөө авч үлдээд ойр зуурын гэр ахуйн зүйлдээ зарцуулсан...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас гараад замаараа 1 дүгээр сургууль дээр дайраад ирсэн чинь байхгүй байхаар нь би утсаар нь яриад би нөгөө хүүхдийнхээ материалыг аваад ирлээ гэсэн чинь Бум-Эрдэнэ би дээр 4 давхарт хичээлтэй байна гэж байсан. Тэгэхээр нь би танай өрөөний үүдэнд байгаа туслахад чинь үлдээчих үү гэхэд хэрэггүй байхаа гэж байсан. Тэгвэл би өрөөнд чинь оруулаад тавьчихъя гэж хэлсэн. Ингээд туслах нь болох Бадамханд захирлынхаа өрөөг онгойлгож өгсөн. Би Бум-Эрдэнэ захирал өөрөө мэдэж байгаа гэж хэлээд Б.Мишээлийн хувийн хэргийг ширээнийх нь зүүн гар талын доогуур тавьсан. 1 боодол мөнгө буюу 1 сая төгрөгийг хувийн хэргийн завсар нь хийгээд орхисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Бадамхандын /2хх-ийн 201-202/: “...2018 оны 09 дүгээр сарын эхээр Бум-Эрдэнэ захирлыг хичээл зааж байх үед нь Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Мөнхбат ирээд “би яараад байна энэ бичгийг өрөөнд нь оруулаад тавья” гэж хэлээд орсон...гартаа цаас барьсан, хослол өмссөн байсан, Мөнхбат тухайн үед ганцаараа захирлын өрөөнд ороод гарсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Манлайгийн /2хх-ийн 205-26/: “...2018 оны 09 сарын 17, 18-ны үед манай өрөөнд Мишээл гэдэг хүүхдийг аав нь гээд эрэгтэй хүн пагуулаад ирж надтай уулзсан. Тэгээд “манай охин 6 дугаар ангид орох ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ өгсөн цохолт нь хаана байна” гэхэд тийм бичиг байгаагүй, уг нь захирал жижиг дөрвөлжин цаасан дээр “бүртгэж авъя” гэсэн бичиг дээр тамгаа дарсан байдаг юм...Тэгэхээр нь би мэдэхгүй байна, захирал надтай ийм хүн ирнэ гэж яриагүй гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа захирал Бум-Эрдэнэ над руу утсаар яриад “Дүүргийн боловсролын хэлтсийн Мөнхбатын нэг гуйлт байгаа юмаа, 6 дугаар ангид хүүхэд оруулах юм гэсэн, тэр хүүхдийг нь оруул” гэж хэлсэн. Ингээд би Мөнхбатын утас руу залгаад байсан чинь утас нь холбогдох боломжгүй байсан, тэгэхээр нь би мессеж бичсэн чинь удалгүй над руу утсаар залгаад ярьсан. Тэгээд “чиний гуйсан хүүхэд байгаа юм уу” гэхэд “тийм оруулах хүүхэд байгаа шүү” гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг дагуулаад 6В ангид оруулж суулгаад хувийн хэргийг нь багшид нь өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-н гэрчээр мэдүүлсэн /3хх-ийн 1-3: “...Манай охин АНУ явах гээд виз нь гараагүй мөнгө хэрэгтэй байсан юм, тэр үед Оюунтунгалаг над руу утсаар яриад “хүүхэд оруулъя” гэж гуйсан. Тэгээд надтай уулзаад манай өрөөнд сууж байхад манай хүүхдийн асуудлыг ярихад “би наад дээр чинь туслаад өгье” гэсэн. Тэгээд намайг дансаа өгчих гэхээр нь манай Пүрэвсүхийн данс руу хийчих гэж хэлсэн...2 сая төгрөг байсан. Тэр үед Оюунтунгалагын гуйсан хүүхдийг нь оруулаад шийдээд өгчихсөн байсан...” гэх мэдүүлгээр болон ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 62-67/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2018.10.11-ний өдрийн 01/1570 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай” А/49 дүгээр тушаалын хуулбар /1хх-ийн 21-41/, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018.10.10-ны өдрийн 520 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /1хх-ийн 42-46/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

           

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Б нь нийтийн албан тушаалтны хувьд буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдээ 1 дүгээр сургуульд элсүүлж оруулан сургах сонирхолтой эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгийг авч байгаа гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бослон үеэс эхлэн тоолохоор тогтов.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул уг мөнгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

           

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Б-г нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бослон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 30 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 450.000 төгрөгийг хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Г.Б-н нөхөн төлсөн 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан-100900005406 дугаарын данснаас улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

10. Шүүгдэгч Г.Б-н тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ