Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2018/01280/и |
Дугаар | 001/ХТ2018/01280 |
Огноо | 2018-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01280
“К” ХЗХ-ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00496 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 816 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “К” ХЗХ
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох
Гуравдагч этгээд: Д.Б
Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.И, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүххэд гаргасан нэхэмжлэлдээ: “К” ХЗХ нь “Могул скай” ХХК-тай 2013-12- 10-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр 166 тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бүртгэлийн байгууллагад хуулийн дагуу бүртгүүлж, Ү-2205028984 тоот гэрчилгээ авсан. Гэрээнд заасны дагуу 2014-04- 01-ний өдөр орон сууцыг суллаж өгөхөөр тохирсон боловч “Могул скай” ХХК суллаж өгөөгүй. Байраа сууллаж өгөхийг “Могул скай” ХХК-д удаа дараа шаардаж байсан. ...Иймд “Могул скай” ХХК-ийг орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: “Могул скай” ХХК Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр 166 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй, энэ байранд хэн амьдарч байгааг мэдэхгүй. Манай компани Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. К ХЗХ-с манай компаний захирал Д.Б иргэний хувьд зээл авч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компаний өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. ХЗХоршоо нь гишүүндээ зээл олгохоор хуульчилсан эдний хоршооны гишүүнээр манай компани элсээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбартаа: Д.Б болон К ХЗХ-ны хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж 30 сая төгрөгийн зээлийг авсан. 36,624,000 төгрөг төлөөгдөөгүй нь үнэн. Энэ хэргийн хариуцагч нь Могул скай ХХК биш бөгөөд орон сууцанд н.Одгэрэл гэж хүн амьдардаг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар К ХЗХ-ны нэхэмжлэлтэй Могул скай ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 816 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр 166 тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Могул скай ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Могул скай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан К ХЗХ-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч гомдолдоо: К ХЗХ-с Могул Скай ХХК-д үлдэгдэл төлбөр болох 38.376.000 төгрөгийг төлсөн баримт огт байхгүй, төлбөр бүрэн барагдаагүй байхад өмчлөгч мөн болохыг тогтоосон нь нотлох баримтанд үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Хариуцагч нь Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр 166 тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг эзэмшээгүй бөгөөд “Могул скай” ХХК Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13-р хороололд үйл ажиллагаа явуулдаг. Шүүх Засаг даргын тодорхойлолтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн буюу байхгүй газраас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 106.1-д зааснаар “Могул скай” ХХК нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй байхад уг заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Компаний тухай хуульд зааснаар нэг гишүүнтэй хуулийн этгээд байхыг зөвшөөрдөг бөгөөд хувийн өмчлөлийн эд хөрөнгийг компаний хөрөнгөөс тусгаарлах талаар хуулийн зохицуулалт байдаг. Компаний эрх зүйн зохицуулалт, эрх, үүрэг, хариуцлага зэрэг нь хувь иргэнээс тусдаа зохицуулалттай байхад нэг этгээд гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
К ХЗХ нь М ХХК-д холбогдуулан 2017-10-12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг шаарджээ. /хх 1, 88/
Хариуцагч 2017-12-14-ний өдөр шүүхэд “...нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй...гэрээг Д.Бтой байгуулсан тул байрыг манай компаниас нэхэмжлэх үндэслэлгүй...” гэснээс /хх 24/ өөр тайлбарыг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй байна.
Д.Быг хариуцагчийн хүсэлтээр /хх 24/ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан /хх 36/ бөгөөд тэрээр нэхэмжлэлтэй холбоотой ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бын төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Хяналтын шатны шүүхэд хариуцагч гомдол гаргаагүй тул гуравдагч этгээд Д.Бын гаргасан гомдлын хэмжээнд магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцнэ.
Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.
Д.Быг хариуцагчийн хүсэлтээр /хх 24/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх 35-36/ бөгөөд тэрээр шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлтэй холбоотой ямар нэг тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахаас /хх 79, 89/ өөр байдлаар хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцоогүй байна.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бие даасан гуравдагч этгээдийн эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг шүүх шийдвэрлээгүй тул Л.Болдын төлөөлөгч С.Ичинхорлоогийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2. “К” ХЗХ нэхэмжлэл гаргахдаа 2013-12-10-ны өдрийн “орон сууц худалдах-худалдан авах гэрээ”/хх 5/, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч болохыг нотлох 2013-12-26-ны өдрийн 000295423 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгчээ. Нэхэмжлэгчийн гаргасан баримтуудыг үгүйсгэх тайлбар, баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно. Тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцнаас М ХХК-г гаргуулах тухай нэхэмжлэл, тайлбар болон нотлох баримтын талаар хариуцагч тайлбар өгөөгүй, “...нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй...гэрээг Д.Бтой байгуулсан... байрыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй...” гэх агуулгатай тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, хэргийн оролцогчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний зүйлийг шаардсан тухай дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 243 дугаар зүйлд нийцжээ.
а/. “К” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “...Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцнаас М ХХК-ийг албадан гаргуулах...” гэж тодорхойлсон боловч агуулгын хувьд 2013-12-10-ны өдрийн “орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн биелэлтийг буюу орон сууцыг бодитойгоор хүлээлгэн өгөхийг шаардсан байна.
Иймд “К” ХЗХ нь “М” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Хэргийн оролцогчид Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрийн талаар буюу орон сууцыг чөлөөлөх эсэх талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байх тул энэ хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ.
б/. Орон сууц худалдах-худалдан авах тухай 2013-12-10-ны өдрийн гэрээнээс үзвэл Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцыг М ХХК нь К ХЗХ-д худалдахаар тохиролцсон байна.
Худалдах-худалдан авах уг гэрээний үүрэг, хүчин төгөлдөр байдалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу биш байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013-12-10-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот орон сууцыг М ХХК-с авсан, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ. Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар маргаагүй тул магадлалын дүгнэлт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг бичиг баримтын хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээнэ. Хариуцагч нь худалдсан орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч орон сууцыг бодитойгоор хүлээлгэн өгөөгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 9а байр, 166 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг М ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Орон сууц худалдах-худалдан авах тухай 2013-12-10-ны өдрийн гэрээнд заасан худалдан авагчийн үүргийг биелүүлэхийг М ХХК нь К ХЗХ-с шаардахад энэ тогтоол саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 816 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1.” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж, “хариуцагч М ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэснийг “...К” ХЗХ-д хүлээлгэж өгөхийг “М” ХХК-д даалгасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ