Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 17

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: … дугаар багийн иргэн ... гийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргад холбогдох, 

         Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон. Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих журмын дагуу уг албанд томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ажиллаж байсан. Гэтэл Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар намайг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас халж шийдвэрлэлээ.

         Уг шийдвэрээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6а, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталж, ... албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэжээ.  Миний хувьд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй гэж үзэж байна. Ажиллаж байх хугацаандаа Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 90-ээс дээш хувьтай дүгнүүлж ажиллаж ирсэн.

          Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөлд гомдол гаргасан. Тус Салбар зөвлөлөөс гаргасан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүлээн авч, хуулийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас халахдаа нэгдүгээрт: Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг үндэслэсэн. Алийг нь баримталж халсан нь тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. Миний хувьд ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25-02-21, 25-02-25 дугаартай 2 актад мэдээлэл технологийн ажилтны цалинг өөртөө гаргаж авсан гэсэн шаардлага байгаа. Үүний тухайд, өмнө Засаг даргаар ажиллаж байсан Дорж даргатай ярилцаж шийдвэрлэсэн асуудал юм. Мэдээллийн ажилтан Баяр 2-3 сарын хугацаатай Солонгос улс руу явсан. Энэ хооронд оронд нь ажиллах боловсон хүчин байгаагүй. Иймээс Засаг даргатай ярилцаж байгаад Баян-Уул сумын 3-р багийн Засаг дарга Отгонхишигээр ажлыг нь хавсаргуулаад тухайн үеийн цалинг нь түүнд гаргаж өгч байсан. 2016 онд манай сум зудтай байсан. Мөн албаны 2 пургон машинтай байсан боловч эвдрэл гэмтэл ихтэй байсан. Иймээс цалингийн 40 хувийг Отгон-Ишт гарган өгч, үлдэгдэл мөнгийг эдгээрт гаргасан. Энэ мөнгийг би дансандаа аваагүй. Манай хамт олон хамтын сантай. Үүнд төвлөрүүлж, нягтлан нярав зарцуулаад явж байсан. Би үүнээс нэг ч төгрөг авч байгаагүй. Мөн намайг 2017 оны 12 сард өөртөө урамшуулал авсан гэсэн байна. Энэ тухайд, Засаг дарга бид хоёр нэлээд ярилцсан. Манай сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн ******* цалингаа аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авдаг учраас төсөв байдаггүй. Энэ хүн сайн ажиллаж байна. Яаж урамшуулал олгох вэ гэж ярилцаад боломжит хувилбар нь өөртөө урамшуулал гаргаад түүгээр урамшуулъя гэж хамгийн анх тогтсон юм. Үүнийг Засаг дарга бид 2 хоёулаа ярьсан. Хоёр удаа ярилцаж байж шийдвэрлэсэн. Ингээд *******д урамшуулал 150 000 төгрөг гаргаж өгсөн. Мөн Улаанбаатар хотод спортоор өндөр амжилт гаргасан сумын сургуулийн 7 хүүхдийг тус бүр 30 000 төгрөгөөр, ахалж явсан багшийг 100 000 төгрөгөөр урамшуулсан. Мөн сумын Засаг даргын албаны хэрэгцээний ланд 80 авто машинд дээрх 733 000 төгрөгөөс зарцуулсан. Тухайн үед Засаг дарга зөвшөөрч, захирамж гаргана гэж байсан. Хамгийн гол нь 12 дугаар сарын 25-ны өдөр төсөв хаагддаг өдөр байдаг. Захирамж гаргаж амжаагүй байхад мөнгийг гаргасан нь миний буруу болж байгаа. Миний хувьд энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Дараагийн нэг асуудал нь намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж захирамж дээр дурдагдсан байдаг. Миний хувьд сумын Засаг даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний хавсралт нь тус сумын Засаг даргын Тамгын газрын жилийн төлөвлөгөө байдаг. Би жил бүр төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгч байсан. 2016 оны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт хэрэгт байгаа. 2017 оны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2018 оны үр дүнгийн гэрээний хамт гаргаж өгсөн. Би удаа дараа Засаг дарга дээр орж байсан. Тухайн үед гаргаж өгөхгүй байсаар байгаад ийм байдалд хүрсэн. Намайг ажлаас халах шийдвэр гаргахаас өмнө 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, дараа нь энэ шийдвэрээ буруу гаргасан гээд дахин шийдвэр халсан гаргасан, уг шийдвэрээ гэрт авчирч өгсөн. Иймд Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү” гэв. 

              Хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга ******* шүүхэд  гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь тус байгууллагад 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргаж байсан.

          1. 2015 онд Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Үүнд: сумын 90 жилийн ойн комиссын дарга *******д Засаг даргын нөөцийн сангаас 2,527,0 мянган төгрөг олгосон бөгөөд энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн хөрөнгө оруулалтын зардал гаргах, олгосон хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн тул Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2015.06.25-ны өдрийн 31 дүгээр актаар *******д 2,527,0 мянган төгрөгийн төлбөр тавьсан.

            2. Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2016.12.21-ний 25-02-185 дугаартай актаар ЗДТГ-ын дарга ******* нь 2015 оны 5-12 саруудад нууцын нэмэгдэл гэж 1,091,4 мянган төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан заалтыг тус тус зөрчин өөртөө авсан зөрчил гаргасан.

           3. 2016 онд засгийн газрын иргэдийн санал, хүсэлт, гомдол, хүлээн авах “11-11” төв, аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 70582233 утсанд 5-р багийн иргэн *******аас ЗДТГ-ын дарга *******г төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл /газрын гэрчилгээг үрэгдүүлээд 1,4 жил болж байгаа бөгөөд тухайн асуудлаас болж тэдний дунд маргаан үүссэн/-ийн талаар гомдол ирж байсан.

          4. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах” сургалтад хамрагдаагүй, удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар сумын Засаг даргын 2017.04.20-ны Б/10 захирамжаар сануулах арга хэмжээ авсан.

            5. 2017 оны 04 сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид иргэдээс ирсэн гомдлын дагуу сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар ЗДТГ-ын дэргэдэх нийтийн халуун усны орлогыг зориулалтын бусаар хэрэглэж, өөр бусад үйл ажиллагаанд бэлэн мөнгө хэлбэрээр зарцуулж, санхүүгийн томоохон зөрчил гарган, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан “Мөнгөн кассын журам”-ыг зөрчин халуун усны орлогыг бэлнээр зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд гаргасан тул 2017.05.18-ны өдрийн Б/12 захирамжаар 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан.

         6. 2018 оны 03 сард аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 70582233 утсанд Засаг даргын Тамгын газрын дарга нь нотариатын үйлчилгээ хийхдээ хүнд суртал гаргаж иргэдийг доромжлон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргадаг тухай гомдол ирсэн бөгөөд сумын ЗДТГ-ын ёс зүйн хороо хуралдан Тамгын газрын ёс зүйн дүрмийн 4.1.3, 4.1.5, 5.3.1, 5.5.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. Мөн Тамгын даргатай холбоотой энэ төрлийн гомдлууд Засаг даргад удаа дараа ирж байсан болно.

           7. 2018 оны 03 сарын 09-нд Засаг даргын Тамгын газрын орон нутгийн нягтлан бодогч Н.Тунгалаг ЗДТГ-ын дарга ******* нь ажлын байран дээр дарамт шахалт үзүүлдэг тухай гомдлыг Засаг даргад гаргасан бөгөөд тухайн гомдлыг ЗДТГ-ын ёс зүйн хороогоор авч хэлэлцэн байгууллагын “Ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.3.4, 5.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тухай дүгнэлтийг гаргасан байна. Мөн тус албан хаагчид дарамт, шахалт үзүүлж буй үйлдэл нь видео бичлэгээр нотлогдсон болно.

           8. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ЗДТГ-ын 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн бөгөөд 2018.05.02-ны өдрийн 25-02-21 дугаартай Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн актаар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.2-т заасныг дагуу шийдвэр гаргах атал Засаг даргын шийдвэр гараагүй байхад ******* нь өөртөө үндсэн цалингийн 10 хувиар буюу 733,8 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал тооцуулж авсан нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-д заасныг зөрчсөн.

        9.2018.05.02-ны өдрийн 25-02-21 дугаартай Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагчийн актаар ЗДТГ-ын дарга ******* нь Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баярыг 2016 оны 10 сараас эхлэн Солонгос улсад 3 сар байх хугацааны 1431,5 мянган төгрөгийн цалинг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр тооцож олгон, үүнээс гарт олгох 1172,0 мянган төгрөгийг хамтын санд шилжүүлсэн бөгөөд ажилтны ажиллаагүй байсан хугацааны 984,0 мянган төгрөгийг бэлнээр хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан байна.

         10. Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтан, шүүгч прокуророос бусад төрийн албан хаагчид үр дүнгийн урамшуулал 300,000 төгрөг олгосон бөгөөд уг тогтоолоор сахилгын шийтгэлтэй албан хаагчид урамшуулал олгохыг хориглосон атал ******* нь өөртөө 300,000 төгрөгийн урамшуулал олгосон зөрчил нь аймгийн Төрийн аудитын газрын 2018.02.23-ны 42 дугаар актаар тогтоогдсон байна. ЗДТГ-ын 2016-2017 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тавьсан актуудын төлбөрийг барагдуулаагүй байна. Мөн тэрээр цайны газрын орлого, халуун усны орлогыг нэмэлт орлогын дансанд төвлөрүүлэн зарцуулалтын талаар танилцуулдаггүй, ИТХ-аар батлагдсан төсвийн зарцуулалтын талаар тайлагнадаггүй. 2017, 2018 онуудад Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулалгүй ажилласан гэв.

           Хариуцагч Баян-Уул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Уул сумын Засаг дарга нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 25-02-21, 25-02-25 дугаартай актууд, мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт буюу “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт буюу “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.2 дахь заалт буюу “өргөсөн тангарагтаа үнэнч байх” гэсэн төрийн албан хаагчийн үүргийг тус тус зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалт буюу “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэсний дагуу тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халсан байгаа. Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөлөөс “...энэ заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолж байх шиг байна. Санхүүгийн хяналт, аудитын алба Баян-Уул суманд ажиллаад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дүнгийн урьдчилсан хурлаа хийсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэл дээр сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтны хөтөлсөнөөр тус албаны дарга Б.Саранчимэг “Тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтад 2015 оноос хойш хяналт шалгалт аудит хийж байна. Өнөөдрийн байдлаар үр дүн гарсангүй. Шалтгаан нөхцлийг тогтоож чадсангүй. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Засаг даргын Тамгын газар, Соёлын төвийн дүнг гаргах боломжгүй байна” гэж дүгнэсэн байгаа. Энэ нь эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн зүгээс нотломж буюу тухайн санхүүгийн зөрчил гаргасан гэх материалуудыг хангалтгүй гаргаж өгсөн байгаа. ******* Санхүүгийн хяналт, аудитын албанд явуулсан бичигтээ “өөртөө 733 000 төгрөгийн урамшуулал авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг даргатай ярилцаж хариу өгье” гэж тэмдэглэсэн байдаг. Ингээд эцсийн байдлаар Санхүүгийн хяналт, аудитын албаны актууд хэдийгээр 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан байсан ч манай бичиг хэрэг дээр 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байгаа. Тиймээс хуулийн хүрээнд, хөөн хэлэлцэх хугацааг тооцож захирамжаа 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Энэхүү захирамжид өөрчлөлт оруулсны тухайд, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс захирамжаа хуульд нийцүүлэн өөрчил гэсэн. Тус зөвлөл рүү эргэж холбогдоод яах талаар асуухад хуулиа барь гэсэн. Хуулиа барихаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн захирамждаа бүтнээр биш хэсэгчлэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 гэсэн заалтыг хасаж өөрчлөлт оруулсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч ******* нь “Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг  гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно[1].

       Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон. Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих журмын дагуу уг албанд томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ажиллаж байсан. Гэтэл Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар намайг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас халж шийдвэрлэсэн. Энэхүү ажлаас халах шийдвэрийг гаргахаас өмнө 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан, тэгээд энэ шийдвэрээ буруу гэж засаад намайг ажлаас халсан, мөн халсан шийдвэртээ дахин өөрчлөлт оруулсан.

         Миний хувьд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй гэж үзэж байна. Намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг үндэслэсэн. Алийг нь баримталж халсан нь тодорхойгүй байгаа. Ажиллаж байх хугацаандаа Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 90-ээс дээш хувьтай дүгнүүлж ажиллаж ирсэн...” гэж тайлбарладаг.

        Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ”... Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ЗДТГ-ын 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн бөгөөд 2018.05.02-ны өдрийн 25-02-21 дугаартай Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн актаар Засаг даргын шийдвэр гараагүй байхад ******* нь өөртөө үндсэн цалингийн 10 хувиар буюу 733,8 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал тооцуулж авсан. 2018.05.02-ны өдрийн 25-02-25 дугаартай Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагчийн актаар ЗДТГ-ын дарга ******* нь Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баярыг 2016 оны 10 сараас эхлэн Солонгос улсад 3 сар байх хугацааны 1431,5 мянган төгрөгийн цалинг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр тооцож олгон, үүнээс гарт олгох 1172,0 мянган төгрөгийг хамтын санд шилжүүлсэн, мөн ажилтны ажиллаагүй байсан хугацааны 984,0 мянган төгрөгийг бэлнээр хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан байна...” гэж маргадаг.

        Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар *******г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилжээ.[2]

            Нэхэмжлэгч ******* нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох нь тангараг өргөсөн баримт[3] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн тухайд:

          1.Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга ******* нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар *******г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Санхүүгийн аудитын улсын ахлах байцаагчийн 2018 оны 25-02-25, 25-02-21 дугаартай актыг тус тус үндэслэж “Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас халсан.[4]

       2. Дээрхи захирамж гарахаас өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Санхүүгийн аудитын улсын ахлах байцаагчийн 2018 оны 25-02-25, 25-02-21 дугаартай актыг тус тус үндэслэж *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.[5]

           3. Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар “Сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 гэснийг хассугай” гэж өөрчлөлт оруулжээ.[6]

         Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах”, 26 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” үндэслэлүүдийг тус тус заасан бөгөөд дээрхи хуулийн зохицуулалтуудыг ялгаж ойлгох шаардлагатай ба зөрчил тус бүрд оногдуулах хариуцлага нь өөр өөр байхад дээрхи хуулийн зохицуулалтуудыг зэрэг баримталж *******г эхлээд үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараа нь чөлөөлсөн шийдвэрээ хүчингүй болгож ажлаас нь халж, дахин халсан шийдвэртээ өөрчлөлт оруулж байгаа нь дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

         Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга нь *******г ажлаас халах тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар зөвхөн “...25 дугаар зүйлийн 25.1.1-г гэснийг хассугай” гэж өөрчлөлт оруулсан хэдий ч *******д ямар арга хэмжээ авсан нь *******г ажлаас халах тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн агуулгаас тодорхойгүй  байна.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “ Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан.

          Баян-Уул сумын Засаг дарга нь дээрхи хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана”,  Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “...үйл ажиллагаандаа...шударга ёс, ...хууль дээдлэх зарчим баримтална” гэх заалтуудыг зөрчсөн байна.

          Нэхэмжлэгч *******гийн гаргасан зөрчлүүд нь Санхүүгийн аудитын улсын ахлах байцаагчийн 2018 оны 25-02-25, 25-02-21 дугаартай актууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

       Хариуцагч Баян-Уул сумын Засаг дарга, нэхэмжлэгч *******г ажлаас халах шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

          Иймд Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

        1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Н Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

      2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******гийн ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, үлдэх олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 115 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас