Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 241

 

Иргэн А.Энх-Амар, А.Хүрэлбаатар, Д.Цэвээн,

Г.Мөнхжаргал, А.Очиргүен, А.Бүжинлхам, А.Янжин

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч А.Очиргүен, А.Бүжинлхам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.Янжин, нэхэмжлэгч А.Энх-Амарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дэлгэрмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Цагаан, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Ундрахтамир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0276 дугаар магадлалтай, Иргэн А.Энх-Амар, А.Хүрэлбаатар, Д.Цэвээн, Г.Мөнхжаргал, А.Очиргүен, А.Бүжинлхам, А.Янжин нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Энх-Амар, А.Хүрэлбаатар, Д.Цэвээн, Г.Мөнхжаргал, А.Очиргүен, А.Бүжинлхам, А.Янжин нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2007 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олголт хийхэд А.Энх-Амар, А.Хүрэлбаатар, Д.Цэвээн, Г.Мөнхжаргал, А.Очиргүен, А.Бүжинлхам, А.Янжин нар Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч тухайн газар дээр очиж бидний 7 иргэнд хэмжилт хийж газар олгож улмаар тухайн газар дээр хашаа хатгаж хорооноос гудамж болон хаалганы дугаар аван Газрын алба дээр баримт бичгээ бүрдүүлэн газрын эзэмших гэрчилгээгээ авах хүсэлт гаргахыг зөвлөөд явсан.

Ингээд бидний 7 иргэн тухайн газар дээр хашаа хатгаж хорооноос гудамж хаалганы дугаараа авч газрын албанд баримт материалаа бүрдүүлэн өгсөн боловч бидний өгсөн баримтууд олдохгүй алга болсон. Зарим айлуудын Газрын албанд өгсөн баримтыг хүлээн авсанг гэрчлэх тамгатай гарын үсэгтэй цаас эх хувиараа байгаа.

Бид Баянзүрх дүүргийн Газрын албанд жилийн жилд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах баримтуудыг бүрдүүлэн өгдөг боловч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ гарахгүй явж ирсэн. 2012 онд дахин баримтаа бүрдүүлэн өгөхөд бидний 7 айлын газрыг давхцуулан Н.Янжмаа, С.Жаргалсайхан, Ж.Тогосмаа нарт олгосныг мэдсэн. Ингээд Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа гомдлоо гаргасан боловч 2014 онд “...шүүхээр шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн.

Баянзүрх дүүргийн Газрын албаны тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч нарын ажил нь өөрчлөгдөж ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бидний газар эзэмших эрх зөрчигдөж байна. Бидний 7 айл дээрх газарт 2007 оноос одоог болтол хашаа болон байшингаа барьж суурьшин хөрш айл болон амьдарцгааж байгааг хороо болон оршин суугчид мэднэ.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас Н.Яжмаа, С.Жаргалсайхан, Ж.Тогосмаа нарт газар эзэмших эрх олгохдоо хойшоо урагшаа харсан 1 гудамжны 7 айлын амьдарч байгаа газрын яг дунд нь дээрх 3 иргэнд давхцуулан олгосон байна.

Н.Янжмаа, С.Жаргалсайхан, Ж.Тогосмаа нар нь тухайн газарт ирж байгаагүй, дээрх газарт нэг ширхэг шургааг ч хатгаагүй байхад газар эзэмших эрх олгогдож улмаар өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн Газрын албанд гомдолтой байна.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 276 дугаар захирамжийн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Энэхүү захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн Пишек 27, 28, 29 тоот хаягт байрлах тус бүр 500 м2 газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрх иргэн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт үүсчээ. Улмаар 2009 онд тус эзэмшиж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн.

Ийнхүү эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд бусад газар эзэмшигч, ашиглагч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй бөгөөд ялангуяа нэхэмжлэгч иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 тоот захирамжаар иргэн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт тус бүрт нь 500 м2 газар эзэмшүүлсэн байна.

Нэр бүхий эдгээр иргэд өргөдөл хүсэлт, тухайн байршлын кадастрын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хуульд заасан холбогдох материалуудыг бүрдүүлж дүүргийн Газрын албанд хандсанаар иргэн Ж.Тогосмаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 29 тоот хаягт байршилтай 18656311177921 нэгж талбарын дугаар бүхий 0211995 дугаартай гэрчилгээ олгож 500м2 газрыг 15 жилийн хугацаатай, иргэн Н.Янжмаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 28 тоот хаягт байршилтай 18656311130922 нэгж талбарын дугаар бүхий 0184506 дугаартай гэрчилгээ 500м2 газрыг 15 жилийн хугацаатай, иргэн С.Жаргалсайханд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Пишек 27 тоот хаягт байршилтай 18656311155921 нэгж талбарын дугаар бүхий 0184504 дугаартай гэрчилгээ олгож 500м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргад эзэмшиж байгаа газраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан бөгөөд уг хүсэлтийг хуулийн дагуу байна гэж Нийслэлийн Засаг дарга үзээд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар эдгээр иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээжүүлсэн байна.

Уг иргэдийн газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж газар эзэмших өргөдөл хүсэлтээ өгч тухайн газруудыг эзэмшсэн байх тул дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 тоот захирамжийн иргэн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцдог тул нэгэнт хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Тогосмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Тогосмаа би 2006 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж 2 жил гаруй явж 2008 онд тус дүүргийн 23 дугаар хороо Хужирбуланд Пишек 29 тоот газрыг эзэмшин авч 2009 онд өмчилж авсан миний өмчийн газар. Тухайн үед би уг газар дээрээ хашаа хатгасан бөгөөд тог цахилгаан очоогүй байсан учраас амьдарч чадаагүй 2010 онд очиход хашаагаа хулгайд ихэнх хэсгийг нь алдсан байсан ба тухайн газар дээр өөр иргэн буусан байсан.

Гэтэл 2013 оноос А.Энх-Амар гэдэг хүн байнга утсаар ярьж мессэж бичиж байнга доромжилж байна. Би энэ хүнээс болж өдий хүртэл өөрийн өмчилж авсан газар дээрээ амьдарч чадахгүй хөлсний байшинд түрээсийн мөнгө төлөн амьдарч байна. Би энэ бүх жилүүдэд түрээс төлсөн 10 гаруй сая төгрөгийн хохирлынхоо мөнгийг тухайн иргэнээс гаргуулж авах хүсэлтэй байна. Нэг айлын газар дээр яахаараа 7 иргэн гомдол гаргаж байгааг би ойлгохгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.Жаргалсайхан би өөрийн гэсэн газаргүй тул 2005, 2006 онуудад Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж газар хүсэж явсаар 2007 онд одоогийн өмчилж авсан Пишекийн 27 тоот газрыг эзэмшин авсан бөгөөд энэ үед тухайн орчинд ямар ч айлгүй, зөвхөн ард талдаа нэлээд дээр үеийн 2 давхар байшин байсан.

Ингээд энэ газраа өмчилж авах хүсэлтээ гаргах гэтэл дүүргийн Газрын албанаас “... хашаагаа барьсан байх ёстой” гэдэг шаардлага тавьсны дагуу 4 тал хашаа барьсан. Газрын албаны хүмүүст хашаагаа үзүүлж, газар өмчлөх хүсэлтээ гаргасны дагуу өмчилж авсан. Энэ үед мөн 2 талын айлууд хашаагаа барьж эхэлсэн. Тэдгээр хүмүүс мөн газар эзэмших гэрчилгээтэй, хашаагаа бариад өмчлөх гэж байгаа гэж ярьж байсан. Гэвч тухайн үед эхнэр жирэмсэн байсан тул очиж бууж чадаагүй, хашаагаа эргэж очдог байсан. Гэтэл хавар дулаарахаар очтол хашааг маань буулгаад авчихсан. Өөр 2 айл буучихсан байсан.

Би Газрын албанд газраа чөлөөлүүлэхээр хандаж байсан. Гэтэл чөлөөлж өгөөгүй “...нэг удаа авах ёстой газраа өмчлөн авсан тул дахин газар өмчлөх эрхгүй” гэсэн. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Янжмаа хариу тайлбартаа: Н.Янжмаа би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний үйлдвэрийн 16 айлын 16 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг. Гэвч манай байр олон жил болсон, дээвэр нурсан зэрэг шалтгаанаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас “Хүн амьдрах боломжгүй” гэдэг дүгнэлт гарч мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай” захирамж гарсны дагуу байрандаа амьдарч чадахгүй, гэр барьж айл, айлын хашаа дамжин амьдарч байна.

Манайх өөрийн гэсэн газаргүй байсан тул нөхөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж олон удаа газар хүсэж явсаар, 2007 онд одоогийн өмчилж авсан газрыг авч, 3 тал хашаа барьсан. Ингээд нэг удаа үнэгүй газраа өмчилж авсан. Гэвч тухайн үед нөхөр хөдөө ажилтай, би нялх хүүхэдтэй хашаандаа бууж чадаагүй, нөхөр хөдөөнөөс ирээд хашаагаа эргэж очиход айл буучихсан байсан гэсэн.

Манай нөхөр олон удаа очиж “энэ бол манай өмчилсөн газар” гэж хэлээд газрын гэрчилгээний хуулбараа хүртэл аваачиж өгсөн. Энэ хашаанд нэлээд олон хүмүүс амьдардаг. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй хүмүүс байсан.

Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0276 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Ундрахтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан гарч, Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр заасны дагуу иргэн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нар нь 2005-2006 онуудад Баянзүрх дүүрэг, Хужирбуланд ямар нэгэн айл өрх суурьшаагүй, дэд бүтэцгүй хоосон газарт хашаа барьж, хаягжилт хийлгүүлэн газар эзэмших хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус дүүргийн 23 дугаар хорооны Пишекын 28 тоот 500 м2 талбайтай газрыг Н.Янжмаад, Пишекын 29 тоот 500 м2 талбайтай газрыг Ж.Тогосмаад, Пишекын 27 тоот 500 м2 талбайтай газрыг С.Жаргалсайханд тус тус эзэмшүүлсэн.

 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт газар өмчлөх эрхийг баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Гэтэл эдгээр иргэдийн өмчлөлийн газарт 2012 оноос эхлэн зөвшөөрөлгүйгээр зарим иргэд бууж, маргаан үүсгэн газар чөлөөлүүлэх шаардлага тавихад газрыг худалдан авах санал тавьж, чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн зөв үнэлт өгөлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийн болон бодит үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын тайлбарт хэт хөтлөгдөж гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан.

Гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар ямар нэгэн сууршил үүсээгүй, айл өрх буугаагүй, хоосон газар болох нь нотлогдож байхад нэхэмжлэгч нар олон жилийн турш тухайн газарт суурьшин амьдарч байгаа гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн гуравдагч этгээд нарыг өмчлөлийн газартаа амьдарч байгаагүй, өмчилсөн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар эрх бүхий байгууллагад болон шүүхэд гомдол гаргаж байгаагүй гэдэг үндэслэл дурьдаж, газар эзэмших, өмчлөх эрх хууль бусаар үүссэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь гуравдагч этгээд Н.Янжмаа, С.Жаргалсайхан, Ж.Тогосмаа нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл. 35 дугаар зүйлийн 35.3.5 дах заалт, Монгол Улсад газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлт, өргөдлөө холбогдох баримтын хамт шаардлага ханган бүрдүүлж өгсний үндсэн дээр тэдгээрийн эзэмших, өмчлөх эрхийг баталгаажуулсан эрхийн актууд гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамж гарах цаг мөчид тухайн газарт ямар нэгэн айл байгаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 заасан давхцал үүсээгүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй хуулийн дагуу олгогдсон газар юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 3/6002 тоот албан бичгээр нэхэмжлэгч нар 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл холбогдох эрх бүхий байгууллагад газар эзэмших, өмчлөхийг хүссэн өргөдөл гаргаж байгаагүй нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах журмыг ноцтой зөрчсөн.

Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2015 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 1/1519 тоот албан бичигт: сансрын зураг нь арилжаа сурталчилгааны зориулалттай хиймэл дагуулаас авсан газрын гадаргын гэрэл зураг бөгөөд байр зүйн нарийвчлал муу дунджаар 6 метрийн зөрүүтэй зураг үйлдсэн хугацаа баттай биш учир нотлох баримтын шаардлага хангахгүй болно" гэж тодорхойлсоор байхад хавтаст хэргийн 178-182 дугаар хуудаст буй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг зөрчсөн.

Хэрэг түдгэлзсэн хугацаанд Л.Түмэнжаргал, Д.Хүдэр, Г.Соёл- Эрдэнэ нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан төдийгүй нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасан хуулийг зөрчсөн.

Мөн шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэн хэрэгт хавсаргасан атлаа эдгээр нотлох баримтуудтай танилцах боломжийг гуравдагч этгээдэд олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах журмыг зөрчсөн.

Иймд, дээр дурьдсан үндэслэлүүд буюу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт  ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, бүрдэл дутуу баримтад дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, А.Очиргүен, А.Энх-Амар, А.Хүрэлбаатар, А.Бүжинлхам, Б.Янжин, Д.Цэвээн нар нь одоогийн оршин сууж буй Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 81, 82, 83 дугаар гудамжид байрлах газарт 2007 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд “... газар эзэмших баримт материалаа бүрдүүлэн жил болгон бүрдүүлэн өгдөг боловч, одоо хүртэл гэрчилгээ олгогдоогүй, ...бидний өгсөн баримт алга болсон олдохгүй байгаа ...” гэх үндэслэлээр өөрсдийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж, маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, газар эзэмших тухай хүсэлт гаргах журмыг Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаас гадна, “газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох” талаар мөн хуулийн 27 дугаар зүйлээр тодорхой зохицуулагджээ. 

Гэтэл хуулийн эдгээр шаардлага нэхэмжлэгч иргэдийн тухайд хэрхэн хангагдсаныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох үйл баримтыг нотлох, маргаж буй газарт гуравдагч этгээд Н.Янжмаа, Ж.Тогосмаа, С.Жаргалсайхан нарт газар эзэмшүүлсэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийг гарахаас өмнө нэхэмжлэгч нар тухайн байрлалд газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан эсэхийг тодруулаагүй нь буруу болжээ.

Шүүх нэхэмжлэгчид нь хэдийд, хаана хандаж хүсэлтээ гаргаж байсан, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг үйл баримтыг нэхэмжлэгч нэг бүрийн тухайд тус тусад нь нягталж шалгалгүйгээр “тухайн байрлалд олон жил суурьшсан нь Засаг даргын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдсон, ... энэ нь гуравдагч этгээд нарт цаасан хэлбэрээр баталгаажсан эрхээс илүү бодитой хамгаалагдсан эрх ...” гэх зэргээр өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Үүгээр энэ маргааны тухайд Газрын тухай хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг шүүх зайлшгүй шалгаж тогтоох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго хангагдаагүй гэж үзнэ.

Мөн маргаж байгаа газарт нэхэмжлэгчдээс газар эзэмших хүсэлт гаргасан эсэхийг тогтоолгүйгээр шүүхээс маргаан бүхий захирамжууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “... тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “... давхцаагүй байх ...” шаардлагад нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй юм.  

Үүнээс гадна нэхэмжлэгч нар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 686 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд анх 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэжээ. 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхийг шүүх шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай, энэ нь нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа нь үндэслэл бүхий эсэх талаар шүүхээс хийх дүгнэлтэд чухал ач холбогдолтойг шүүхүүд анхаараагүй байна.

Иймээс хэргийн нөхцөл байдал тодорхой биш байхад хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтыг холбогдох хуульд нийцүүлэн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ундрахтамирын гомдол үндэслэлтэй, харин гомдлын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүх эцсийн шийдвэр гаргах боломжгүй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0276 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ