Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          04                                        2020/ШЦТ/1424

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч М.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.ы Ч.ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2501 1399 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Б. овогт М.ы Ч..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ч. нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1 дүгээр гудамжны 21 тоотод байрлах иргэн Л.Г.ийн орон байранд цонхыг түлхэн орж, их гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга 5 ширхэг, монетон гинж, кулон, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-29/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/,

- Хураан авах тухай тогтоол /хх-ийн 33/,

- Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-40/,

- Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 45/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-72/,

- Хохирогч Л.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1-21 тоотод гэр бүлийнхээ хамт амьдардаг бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагийн үед гэртээ ганцаараа байж байгаад хотын төв рүү явсан юм. Улмаар 16:00 цагийн үед гэртээ эргээд ирсэн чинь байшингийн нэг давхрын хаалганы хажуу талын цонх онгорхой байхаар нь  хаалгаа цоожоор нь онгойлгоод орж ирсэн юм. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

- Иргэний нэхэмжлэгч С.Батзоригийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Анд нэртэй ломбардыг хувиараа ажиллууладг юм. Тэгсэн чинь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.Ч. гэж хүний нэрээр ногоон даалинтай хээтэй мөнгөн хөөргийг 150.000 төгрөгөнд бодож тавьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 139-140/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.Ч. нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1 дүгээр гудамжны 21 тоотод байрлах иргэн Л.Г.ийн орон байранд цонхыг түлхэн орж, их гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга 5 ширхэг, монетон гинж, кулон, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Л.Г., иргэний нэхэмжлэгч С.Батзориг, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, М.Ч.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ч.ыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ч.ад прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.Г.ид мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хураан авч буцаан олгосон бөгөөд тэрээр одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул хохирогчид олгох төлбөргүй гэж үзсэн болно.

Харин иргэний нэхэмжлэгч Т.Бямбадуламд учирсан хохирол 424.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Батзоригт учирсан хохирол 150.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Ч.ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно.” гэж заасныг журамлан М.Ч.ад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 9 сарын хорих ялын зарим хэсэг болох 4 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Ч. нь 34 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт М.ы Ч.ыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч.ад эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар М.Ч.ад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 9 сарын хорих ялын зарим хэсэг болох 4 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Ч.ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ч.ын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ч.аас 424.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ядамсүрэн овогт Түмэндэмбэрэлийн Бямбадулам /РД:ХЛ73012066/-д, 150.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Боржигин овогт Санжаагийн Батзориг /РД:ЧР67072873/-т тус тус олгосугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА