Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1446

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        08          06                                        2020/ШЦТ/1446

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч О.Баярсайхан,

хохирогч Б.Б., түүний өмгөөлөгч А.Гантуяа,

шүүгдэгч М.Б., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

гэрч Э.Ганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт М.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1708 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, Т. овогт М.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б. нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод иргэн Б.Б.ын нүдэн тус газар нь униар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б. мэдүүлэхдээ: “Б.Б. бид хоёр хоорондоо ерөөсөө муудалцаагүй. Б.Б.ыг ийм болгосондоо харамсч байна. Б.Б., Эрдэнэбаяр хоёр муудалцсан тул би Б.Б.ыг өмөөрөөд Эрдэнэбаяр ахтай жаахан ноцолдоод, түүнийг гаргаад, Ганжаргалыг “энд хэрүүл зодоон болоод байна, та ч гэсэн харь” гэж хэлсэн. Тэгээд харих гээд байж байтал толгой дээр унь унахаар нь хойш нь аваад шидчихсэн. Тэгсэн чинь ард сууж байсан Б.Б.ыг оночихсон байна лээ.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б. мэдүүлэхдээ: “Эрдэнэбаяр, М.Б. бид 3 сууж байсан. Тэгсэн чинь Эрдэнэбаяр хэрүүл өдөөд байсан. Тэгтэл М.Б. намайг өмөөрөөд зодолдсон. Тэгээд Эрдэнэбаярыг гараад явсны дараа би хойд талын орон дээр доошоо хараад сууж байтал нүд рүү тас гээд явчихсан. Нүдээ дараад цусаа хараад, нэг сэрсэн чинь 3 дугаар эмнэлэгт байж байсан. М.Б.т өс санасан, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хохиролд 1.500.000 төгрөг авсан. Одоо 5.200.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

     Гэрч Э.Ганжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчийн эхнэр нь юм. Шүүгдэгч нь манай үеэл эгчийн нөхөр юм. Хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан гараагүй. Б.Б. нь униар цохих биш шидсэн байдаг.” гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М.Б.ын ар нуруунаас нь татаж болиулахад Эрдэнэбаяр босож М.Б.тай байхад хажуу гэрээс Түмэн-Амгалан, Түмэндэлгэр нар манай гэрт орж ирээд Түмэндэлгэр нь Эрдэнэбаярыг аваад гараад явсан ба буцаж орж ирээд эхнэр Ганжаргалтай хамт М.Б.ыг татаж байхад нь би гэрийнхээ хойморт байрлах орон дээр сууж тамхи асаах үед миний баруун нүд ямар нэг зүйлээр цохигдсон ба би баруун гараараа баруун нүд хэсгээ дарсан ба дарсан гараа харахад цус болсон байсан ба нэг мэдэхэд би эмнэлгийн орон дээр сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/,

- Гэрч Э.Ганжаргалын өгсөн: “Тэр 3 хоорондоо ноцолдож байтал манай гэрийн үүдний нэг унь уначихсан. Гэтэл тэр униар М.Б. нь манай нөхөр Б.Б.ын нүдний хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд манай нөхөр Б.Б.ын нүднээс цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би хамаатны эгчийн  нөхөр болох М.Б.т та нүд рүү нь цохичихлоо гэхэд М.Б. нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Л.Эрдэнэбаярын өгсөн: “М.Б. бид 2 муудалцсан. Юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд гэртээ орчихсон байж байхад гэрийн гадна талд хүмүүс нүд рүү хатгачихлаа гэж яриад байж байхад цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа нар ирэхэд нь би М.Б.ын гэрийг зааж өгөхөөр Я.Б. ахын хүү Б.Түмэндэмбэрэл бас дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчидтай М.Б.ын гэрт очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Насанд хүрээгүй гэрч Я.Түмэн-Амгалангийн өгсөн: “Түмэндэлгэр бид 2 Б.Б.ын гэрт орчиход М.Б. нь Эрдэнэбаярыг зодож байсан ба Түмэндэлгэр эгч М.Б.ыг татаж байхдаа гэдсэндээ цохиулсан ба Түмэндэлгэр нь Эрдэнэбаярыг аваад гарсан. Тэр үед Ганжаргал нь Б.ыг гэрээсээ хөөсөн ба М.Б. дахиад нэг хүн зодох дутуу байна гэж хэлээд ар нуруугаараа ухарч байхдаа хаалганы харалдаа байх унийг унагаад баруун гараараа барьж байгаад Б.Б. луу чиглүүлээд шидээд гэрээс гараад гүйсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6637 тоот: “Б.Б.ын биед баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар тогтонги 65  хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

- М.Б.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод Эрдэнэбаяр, М.Б. нартай 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи 1 шилийг хувааж уусан ба ууж дууссаны дараа Я.Б. ах найз Нараа гэх хүнтэй хамт ирсэн ба ирэхдээ “Тайга” нэртэй архи авчраад ууж дуусгаад Эрдэнэбаяр ах бид 2 хамт дэлгүүр лүү явж 0.75 литрийн савлагаатай “Хараа” архи аваад буцаад очсон ба авчирсан архи ууж байхдаа би Эрдэнэбаяр ахад хандаж “Эрчүүдээрээ юм ярихаар тэрийг байнга эхнэртээ хэлдэг” гэж хэлээд бид 2  хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд хэрэлдээд дэмий юм байна гэж бодоод би Б.Б.ын гэрт орсон ба гэр дотор Б.Б. болон түүний эхнэр Ганжаргал, Я.Б. ахын охин Түмэндэлгэр нар байсан ба миний араас Эрдэнэбаяр ах орж ирээд агсам тавиад миний уруул хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон ба би зөрүүлээд Эрдэнэбаяр ахын зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиход Ганжаргал бид хоёрыг салгаад Эрдэнэбаяр ахыг гаргасан ба намайг бас гар гээд түлхэх үед гэрийн унь миний толгой дээр унахаар нь тэрийг баруун гараараа аваад хойшоогоо буюу гэрийн хойд хэсэг рүү шидсэн. Тэр үед Ганжаргал “агаа та нүдийг нь сохолчихлоо” гэж хэлэхээр нь эргэж харсан ба Б.Б. баруун нүд хэсгээ баруун гараараа дарсан байсан ба нүүрнээс нь цус гоожсон байдалтай байсан. Тэр үед би сандраад гэрээс гарч сууж байгаад гэр лүүгээ харьсан, удалгүй цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

- М.Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/,

- Б.Б.ын 5925613499 дугаартай “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.Б. нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод иргэн Б.Б.ын нүдэн тус газар нь униар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Э.Ганжаргал, Л.Эрдэнэбаяр, насанд хүрээгүй гэрч Я.Түмэн-Амгалан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6637 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч, шүүгдэгч нарын хооронд бие махбодийн зөрчил үүсээгүй, шүүгдэгчээс хохирогч руу чиглэсэн сэтгэлзүйн ямар нэгэн сөрөг харьцаа хандлага үүсээгүй байсан тул энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр” гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд  5.200.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хор уршиг буюу нүдний сохрол нь арилахгүй, зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай байдал, шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн зэргээр дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Б.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг унь хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т. овогт М.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б.т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч М.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б.аас 5.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ээмдээ овогт Баттөмөрийн Б. /РД:УМ89052711/-т олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг унийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА