Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 117

 

                                                          Б.Г-эд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Одончимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1302 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Б.Г-эд холбогдох эрүүгийн 201726021021 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Б-ын Г, 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.Г- нь А.М-тэй бүлэглэн, хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч, нууцаар;

            1. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 215а тоотод байрлах иргэн Т.О-ийн гэрээс 740.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            2. Мөн өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 7 дугаар гудамжны 162 тоотод байрлах иргэн Б.З-ын гэрээс 730.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            3. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 8 дугаар гудамжны 235 тоотод байрлах иргэн Б.П-ын гэрээс 5.534.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            4. 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны 236 тоотод байрлах иргэн В.Р-гийн гэрээс 1.100.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            5. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 432 тоотод байрлах иргэн А.С-ийн гэрээс 420.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус тус хулгайлан авч, бусдад нийт 8.524.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Прокурор нь яллагдагч Б.Г-ийн А.М-тэй бүлэглэн үйлдсэн нийт 5 гэмт хэргээс А.М-д холбогдох үйлдлийг тусгаарлах тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргажээ.

Ингэхдээ хохирогч Т.О-, Б.З-, В.Р-, А.С-э нарын гэрээс эд зүйл хулгайлсан 4 хэргийг тусгаарлаж, хохирогч Б.П-н гэрээс эд зүйл хулгайлсан 1 хэргийг тусгаарлаагүй орхигдуулсан нь хэргийг буруу тусгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн уг тогтоолоор “...хамтран үйлдсэн гэх А.М- нь хаана байгаа нь тогтоогдоогүй байх бөгөөд цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа А.М-д холбогдох хэргийг тусгаарлаж шалгах нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй үндэслэл тогтоогдож байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            2. Яллах дүгнэлтэд Б.Г-ийг бусдад нийт 8.524.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байх ба энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх А.М-д хохирлыг хэрхэн хариуцуулах эсэх нь тодорхойгүй, уг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж хохирлыг Б.Г-ээр төлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлтэй бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор байх тул А.М-д холбогдох хэргийг нэгтгэн шалгаж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна.

            Түүнчлэн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хуульд зааснаас өөрөөр бичсэн байгааг дурьдах нь зүйтэй.

            Иймд Б.Г-эд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Яллагдагч Б.Г-эд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэргийг буруу тусгаарласан байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл анхан шатны шүүх хэргийг хянах явцад талуудаас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар хэргийг буруу тусгаарласан эсэх асуудлыг зайлшгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн байхаар ойлгогдож байна. Мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж бичсэн боловч холбогдох заалтыг удирдлага болгоогүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Г-ийг А.М-тэй бүлэглэн, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нийт 5 удаагийн үйлдлээр хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ “мөрдөн байцаалтын явцад прокуророос хэргийг буруу тусгаарласан” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг прокурорт буцаажээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах;” гэж,

            4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно” гэж,

            6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж,

            мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:” гэж тус тус заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатны нэг хэсэг болж хуульчлагдсан ба талууд хүсэлт, гомдол гаргаагүй бол заавал урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг шүүхэд үүрэг болгоогүй байна.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд хэргийг прокурорт буцаахдаа дангаар шийдвэрлэх, эсхүл талуудын хүсэлт, гомдол, өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх журмыг хуульчилсан байна.

            Иймд талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах асуудлыг дангаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1302 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            Н.БАТСАЙХАН