Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2018/0021/З |
Дугаар | 18 |
Огноо | 2018-11-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 18
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..........дүгээр байрны ... тоотод оршин суух, *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын 12 тоот захирамжаар томилогдон 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх томилогдсоноос хойш миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Гэтэл 12 жилийн дараа сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсныг мэдсэн.
Төрийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх, ардчилсан ёсны зарчим байхаар заажээ. Эдгээр зарчмыг төрийн албан тушаалтан өөрийн үзэмжээр биш зөвхөн хууль түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актад үндэслэн үйл ажиллагаагаа явуулах, нууцад хамаарахаас бусад мэдээлэл ил тод нээлттэй байхаар ойлгодог.
Төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдлийн улмаас миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах тогтоосон хугацаа нь /ТАЗ-ийн 2003 оны 13, 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан холбогдох журамд заасан/ өнгөрөөд даруй 12 жил болсон байхад сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулсан энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээг томилогдсоноос хойш жил бүр Засаг даргатай байгуулан, хангалттай сайн ажиллаж байгаа нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Нөгөө талаар миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсэн эсэх, захиалгад ямар шаардлага хангасан этгээд сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэх, сонгон шалгаруулалтыг нь хэзээ зарласан, бүртгэл болон шалгалт нь хэзээ болох гэх зэрэг холбогдох мэдээллийн талаар надад аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас болон Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдээгүй. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 43, 32 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүргийг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна.
Хугацаагүй Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа надад ажлын байрны тодорхойлолтыг одоог хүртэл баталж өгөөгүй хирнээ сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Миний бие боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангаж байгаа болно. Төрийн эрх бүхий албан тушаалтан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчин, надад мэдэгдэлгүй, миний ажлын байрыг тогтоосон журмыг зөрчин сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулан, хууль бус сонгон шалгаруулалтын дүнг томилох эрх бүхий этгээдэд илгээж, миний ажлын байрыг хөндөх нөхцлийг үүсгээд байна.
Иймээс 2018 оны 02 сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2006 онд “******* хөгжил” цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулагдахад Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдож, 13 дахь жилдээ ажиллаж байгаа, багш мэргэжилтэй. 1998 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, тухайн үед Боловсрол соёлын газрын боловсрол соёл хариуцсан байцаагч, төрийн түшмэлээр ажиллаж байсан. 2006 онд захирлаар томилсон захирамжийг түр, бүр томилсон эсэхийг анзаараагүй. Энэ талаараа ******* нь “Тэр үед энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Аль нэг талаас сонгон шалгаруулалтыг заавал хийх ёстой гэдэг зүйл яригдаж байгаагүй ба сая зарлагдаж байна. Энэ тухай надад албан ёсоор мэдэгдээгүй. Мэдээлэл ил тод байх ёстой. Цахим санд байршуулсныг ч би тухайн үед мэдээгүй явсан” гэж ярьдаг. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор “...ажлын сул орон тоо гарсан тохиолдолд ажлын 14 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зарлана...” гэсэн байдаг. Үүнээс өмнө томилогдсон байгаа учраас өмнөх хуулийн зүйл заалтыг харахад Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 тоот тогтоол хэрэгжиж байсан. 2013 онд шинэ журам гарснаас хойш ч гэсэн мэдэгдэж, зарлаж байсан асуудал байхгүй. Үр дүнгийн гэрээг аймгийн Засаг даргатай жил бүр байгуулж, дүгнүүлж байсан. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, шагнал урамшуулал, төрийн одон медалиар хүртэл шагнагдаж явсан. *******эр боловсруулсан ажлын байрны тодорхойлолтоос харахад тавигдаж байгаа ерөнхий шаардлагад би тэнцэхээргүй байсан. Иймээс энэ сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж байна гэдэг. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 тоот албан бичгээр захиалга өгсөн гэсэн зүйл хариуцагчийн тайлбарт байсан. Ажлын байрны тодорхойлолтыг хэзээ боловсруулсныг харахад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боловсруулсан юм шиг, аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тамгаа дарсан боловч хэзээ дарсан он сар өдөр нь тодорхойгүй байна. *******ийн 13 жил ажиллаж байгаа энэ ажлын байрыг сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэл байна уу. Төрийн албаны тухай хууль, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмаас харахад сонгон шалгаруулалтын зорилго нь нэгдүгээрт, сул орон тоог нөхөх, хоёрдугаарт, тухайн орон тоон дээр өндөр мэдлэг боловсролтой, тухайн чиг үүргийг мэргэшлийн түвшинд сайн гүйцэтгэж чадах хүнийг сонгож томилох зорилготой. ******* сонгон шалгаруулалт өгөөгүй болохоос муу гүйцэтгэсэн, ажил үүрэгтээ тэнцэхгүй гэсэн үнэлэлт дүгнэлт гараагүй. Үүнийг нотлох зорилгоор сая баримтуудыг гаргаж өгсөн. *******ийг одоог хүртэл ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй. Сонгон шалгаруулалт хууль тогтоомж зөрчсөнийг Төрийн албаны Зөвлөлийн Дорнод аймаг дахь Салбар зөвлөл 2018 оны 04 дүгээр сарын 19-ний үед гарсан маргааныг хянан шалгах комисс байгуулаад энэ бүхнийг шалгаж үзсэн. Дүгнэлтэд дурдсанаар 2006 онд сул орон тоонд захиалга ирүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй. 2013 онд шинээр журам батлагдсан боловч сонгон шалгаруулалт зарлаагүй талаар цохон тэмдэглэсэн байдаг. Сонгон шалгаруулалт зарлах хуулийн хугацаа өнгөрсөн байна. Сонгон шалгаруулалт явуулах хууль, журмын заалтыг хэрэгжүүлээгүй, тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иймээс үүнд *******ийг буруутгах үндэслэл байхгүй байна гэдгийг тодорхой дурдаж өгсөн байдаг. Энэ 13 жилийн турш сонгон шалгаруулалт зарлах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан тушаалтан дээрх үүргээ гүйцэтгээгүйн төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй байхад, 13 жилийн туршид ажил үүргийг цалгардуулахгүй гүйцэтгэж авч явж байсан энэ хүнийг зөвхөн сонгон шалгаруулалт өгөөгүй гэдгээр эрх ашгийг хөндөх нь хууль журамд нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээ бол нийтийн эрх зүйн хүрээний асуудал байгаа. Нийтийн эрх зүйн хувьд ч, онолын хувьд ч “зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогдсон байх” үндсэн заалттай байдаг. Хууль журмаар зохицуулаагүй байхад хүчээр, хууль бусаар хийх гэж оролдож байна. *******ийг анх томилсон захирамжийг харахад “түр” гэсэн үгтэй байдаг. Захирамж дээр ямар нэгэн хугацаа байхгүй, ямар учраас түр томилж байгаа тухай дурдаагүй байдаг. Төрийн албаны зөвлөлөөс баталсан түр орлон гүйцэтгэх тухай журмаас харахад түр орлон гүйцэтгэж байгаа тохиолдолд ямар шалтгаанаар түр орлон гүйцэтгэж байгаа, хэдий хугацаанд түр орлон гүйцэтгэх талаар тухайн шийдвэр дээр заавал дурдах талаар заасан байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд тусгайлсан журам гараагүй. Тиймээс энэ журмыг адилтган үзэх боломжтой. Сул орон тоо гарсан тохиолдолд энэ түр орлон гүйцэтгэх журам үйлчилнэ. Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсноос болж аймгийн Засаг дарга томилдог байсан бол тухайн сумын Засаг дарга томилдог болж өөрчлөгдөж байсан. Дараа нь ажил олгогч нь эргээд аймгийн Засаг дарга болсон. Үүнээс тушаал шийдвэр дээр төрийн албан хаагчдаа хэрхэн яаж анхаарч байгаа нь харагдаж байгаа. Тухайн үед ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажил өөрчлөгдөж байхад захирамж огт гараагүй. Ийм маягаар төрийн албаны ажил явагдаж байгаа. Нэг хүний эрх ашгийн асуудал дээр нийтээрээ тэмцэж байгаа юм шиг хөдөлдөг. Нийтлэг эрх ашгийнх нь төлөө, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй байгаа байдал энэ хэргийн жишээнээс харагдаж байна. Төрийн албаны үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах зарыг харахад хаана, хэзээ боловсруулагдсан, хэдийд тавигдсан гэдэг нь харагдахгүй байна. Энэ ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад магистраас дээш зэрэгтэй байх, багшаар 8-аас доошгүй жил ажилласан байх гэх зэргээр *******т тохирохгүй шаардлагуудыг оруулсан байгаа юм. Ажлын байрны тодорхойлолт бол “******* хөгжил” сургуулийнх тусдаа, бусад сургуулийнх тусдаа гэж байхгүй, нийтлэг байх ёстой. Иймээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэг: Сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн үндэслэл ба зохион байгуулалтын талаар:
Монгол Улсын боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1-д “Аймаг нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 281.1.7-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, захирал эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна”, Хоёрдугаар бүлгийн /Захиалга ирүүлэх/ 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ”, 2.2-т Удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байх бөгөөд тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг хүлээх хариуцлага болон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна” гэж тус тус заасан байна.
Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлах болсон шалтгаан:
1. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжийн 4 дүгээрт “Сургууль татан буугдсантай холбогдуулан .... үүрэгт ажлаас нь чөлөөлж, *******ийг ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилсугай” гэсэн байдаг.
2. Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн төрийн албаны зөвлөлийн рефрент *******, рефрент ******* нар 2017 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон тус газрын төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцаж, түр томилгоотой “******* хөгжил” цогцолбор сургууль, Халхгол сумын “Ялалт” багийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаагүй зөрчил байгаа тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийсэн дүнгийн хуралд танилцуулан 2017 оны 12 дугаар сард багтаан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, дүгнэлт гаргах шалгалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн.
3. Төрийн албаны зөвлөлөөс хийсэн энэхүү шалгалтын дараа аймгийн төрийн албаны салбар зөвлөлд “Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоол ирснээр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс хууль журмын дагуу тус газарт Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургууль, Баян-Уул, Матад сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлах тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай албан бичиг тус газарт ирүүлсэн.
Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тооны захиалга”-ын дагуу Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдаж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирал, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулсан Сонгон шалгаруулах комиссын даргаар Боловсрол, соёл урлагийн газрын эх хэлний мэргэжилтэн *******, нарийн бичгээр сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн , гишүүдэд Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагч , мэргэжилтэн , мэргэжилтэн нар ажилласан.
Хоёр: Төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдлийн улмаас миний ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тогтоосон хугацаа нь өнгөрөөд даруй 12 жил болсон байхад сонгон шалгаруулалтын шалгуураа боловсруулан зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан энэхүү үйлдэл нь хууль бус гэж үзэж байна” гэжээ.
******* нь Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлаар 2006 онд томилогдсоноо мэдэж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолын 10, 26 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2.1-д тус тус заасан заалтууд зөрчил илрүүлэх хүртэлх хугацаанд ямар үндэслэл, шалтгаанаар хэрэгжээгүй нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамааралтай. Иймд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн үед Боловсрол, соёл урлагийн газрын дарга байсан О.Байгалмаагаас 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 282 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч *******ийг ажлаас нь чөлөөлөх санал, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******т “таны ажлын байрыг... зарлах болж байгааг мэдэгдэж байна” гэж утсаар мэдэгдсэн зэрэг нь энэхүү ажлын байрны томилгоог хууль ёсны дагуу зохион байгуулах зайлшгүй шаардлагатайг нотолж байна.
Гурав: Нэхэмжлэгч нь “...ямар шаардлага хангасан этгээд сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэх, сонгон шалгаруулалтыг хэзээ зарласан, бүртгэл болон шалгалт нь хэзээ болох зэрэг холбогдох мэдээллийн талаар надад аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас болон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдээгүй” гэжээ.
******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт хууль журмын дагуу зарлагдах болсон талаар эрх, хууль ёсын ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй *******т удаа дараа мэдэгдсэн. Үүнд:
-Тус газрын дарга *******ансалмаа миний бие ажлын байрандаа *******ийг дуудаж, 2017 оны 12 сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүгнэлт гарсан тухай танилцуулж, ажлын байранд нь сонгон шалгаруулалт зарлахаар болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар албан ёсоор мэдэгдсэн ба ******* нь би орохгүй гэж хэлж байсан.
-2018 оны 02 сарын 03 буюу “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зүүн бүсийн зөвлөгөөний үед БСШУС-ын сайд болон аймгийн Засаг дарга нарын ажил хэргийн уулзалтаар энэ асуудал хөндөгдөж, *******ийг дуудаж, сонгон шалгаруулалтад орох талаар мэдэгдэхийг аймгийн Засаг даргаас надад чиглэл өгсөн. Үүний дагуу би ******* рүү утасдаж, хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй.
-Уг ажлын байрны сонгон шалгаруулалт нь 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн зарлагдсанаас хойш буюу 2018 оны 02 сарын 04-ний өдөр *******ансалмаа миний бие БСШУС-ын сайд Ц.гийн хамт ******* хөгжил цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцах үед тус сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан тул шалгалтанд бэлтгэж орох тухай асуудал дахин яригдсан. Энэ тухай ******* нь мэдэж байгаа болно.
-Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 16.30 цагт, мөн Боловсрол, соёл урлагийн газрын www.dornodedu.mn цахим хуудсанд 2018 оны 01 сарын 25-ны өдөр тус тус байрлуулж төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу нийтэд ил тод нээлттэй мэдэгдсэн болно. Мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацааг тодорхой заагдсан.
Энэ бүхнээс ******* нь Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах болсон болон хэзээ зарлагдсан зэргийг мэдэж байсан, харин өөрөө орохгүй гэдэг шалтгаанаар уг шатгалтанд санаатайгаар ороогүй гэж ойлгож байна. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбараа өгсөн байгаа. Сонгон шалгаруулалтын талаар мэдэгдээгүй учраас энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах болсон хэд хэдэн үндэслэл байгаа. Учир нь Нэгдүгээрт, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тоот захирамжийн 4 дэх заалтад “Сургууль татан буугдсантай холбогдуулан захирлыг үүрэгт ажлаас чөлөөлж, *******ийг ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлаар мөн өдрөөс эхлэн түр томилсугай” гэж түр тушаалтай явж байсан. Түр гэсэн тушаалтай явж байсан учраас ажлын байрны сул орон тоо өнөөдрийг хүртэл байсан байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Төрийн албаны төв зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу төв зөвлөлийн ахлах референт Энхцэцэг, референт Насанжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд ажиллахдаа бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон тус газрын төрийн захиргааны албан хаагчдын бичиг баримтуудтай танилцаж, түр томилгоотой Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургууль, мөн Халхгол сумын Ялалт багийн сургуулийн захирлуудын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаагүй зөрчил байна гэж дүгнэсэн. Энэ зөрчлийг хуралд танилцуулж, 12 сард багтаан сул орон тооны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, дүгнэлт гаргах, шалгалтын захиалга Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн. Гуравдугаарт, Төрийн албаны зөвлөлөөс хийсэн дээрх шалгалтын дараа “Төрийн албаны төв зөвлөлөөс Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хийсэн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” гэсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар тогтоол ирсэн. Энэ тогтоолыг мөн зөрчил дутагдлыг арилгах хуулийн баримт бичиг гэж үзэж байгаа. Тогтоол ирснээр аймгийн Засаг даргаас хууль журмын дагуу тус газарт Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургууль, Баян-Уул, Матад, Халхгол сумын Ялалт багийн сургуулийн захирал, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлах тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт ажлын байрны захиалга, ажлын байрны тодорхойлолтын хуулбарыг хавсарган ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан манайх төрийн албаны Салбар зөвлөл рүү сонгон шалгаруулалтын зарын төсөл, холбогдох материалыг явуулсны дагуу төрийн албаны сайт дээр тавигдсан. Энэхүү сонгон шалгаруулалтын зард “сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2 давхарт 203 тоот өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд 0900-1200, 1300-1700 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0900 цагт эхлэх бөгөөд доорх байдлаар зохион байгуулна” гээд албаны сайт дээр байгаа. Мөн өнөөдрийн өгсөн Төрийн дотоод аудитын дүгнэлтээр “...******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулаагүй байгаа зөрчлийг арилга...” гэсэн албан бичиг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдлийн улмаас сонгон шалгаруулалт зарлах тогтоосон хугацаа өнгөрөөд 12 жил болж байхад сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус гэж үзэж байна. ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлаар ******* нь 2006 оноос түр томилгоотой явж байгаа гэдгээ мэдэж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар зүйлд “төсвийн байгууллагын дарга, захирал, эрхлэгчийн сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд уг албан тушаалд сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд ирүүлнэ”, 26 дугаар зүйлд “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төсвийн байгууллагын дарга, захирал, эрхлэгчийн албан тушаалд томилохгүй” гэж тус тус заасан. Албан бичгүүдийг үндэслэж манайх сонгон шалгаруулалтаа зарласан. Энэ нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өнөөдрийн сонгон шалгаруулалт явагдтал *******т сонгон шалгаруулалтын талаар ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Боловсролын газрын даргаас төрийн албаны Салбар зөвлөлд бичиг хүргүүлж байгаагүй гэж байгаа боловч тус газрын даргаар ажиллаж байсан О.Байгалмаа дарга 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 282 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад Хэрлэн сумын ******* хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч *******ийг ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн байдаг. Дараагийн нэг асуудал нь ******* захирал “...би сонгон шалгаруулалт явуулсныг мэдээгүй учраас энэ сонгон шалгаруулалт хууль бус...” гэж үздэг. Гэтэл ******* захирлын өөрийнх нь өмнөх нэхэмжлэлд “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 837 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Алтансүх утсаар таны ажлын байрыг зарлах болж байна гэдгийг мэдэгдсэн..., ...намайг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1600 цагт Боловсрол, соёл урлагийн газрын дарга тус аймагт шалгалтаар ажилласан. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлын байран дээр чинь сонгон шалгаруулалт явуулахаар болж байгаа. Яагаад ийм олон жил түр томилсон тушаалтай ажиллаад байсан юм бэ. Өөрт чинь тааруулаад ажлын байранд тавигдах шаардлагыг боловсруулна гэж хэлсэн...” гэж байгаа. Үүнээс сонгон шалгаруулалт явуулах болсон гэдгийг мэдсэн гэж үзэж байна. 2018 оны 02 сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд ирж манай аймагт ажилласан. сайд, дарга хоёр ******* хөгжил цогцолбор сургууль дээр ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа гэдгийг хэлсэн. Сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсан байх ёстой. Тэгэхээр та энэ сонгон шалгаруулалтад орох нь зүйтэй гэж хэлсэн байдаг. Тиймээс захиргааны актыг мэдэгдэх гэдэгт утсаар, факсаар, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно. Дээрх баримтуудаар энэ хүнд биеэр болон утсаар мэдэгдсэн гэдэг нь нотлогдож байна. Энэ сонгон шалгаруулалт нээлттэй учраас цахим болон Боловсрол, соёл урлагийн газрын сайтуудад 21 хоногийн хугацаанд хүчинтэй тавигдсан. Төрийн албаны Салбар зөвлөл дээр тэдэн сарын тэдний өдөр тавив гээд сайт дээр нь байгаа. Мөн Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар гээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, манай соёл, урлагийн байгууллагууд ордог сайт дээр энэ сонгон шалгаруулалтын зар тавигдсан байгаа. Тиймээс захирал, менежер, бүгд орох эрхтэй учраас харсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан учраас нээлттэй сонгон шалгаруулалтыг 10 хоногоос хойш мэдэгдсэнд тооцно гээд хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасан. Ажлын байрны тодорхойлолт бол Боловсролын тухай хуулиараа жишиг тодорхойлолт байдаг. Үүнийг яг дагаж мөрдөнө гэсэн зүйл байхгүй. Жишгийг харж боловсруулсан. Нийтэд зарлаж байгаа учраас энэ хүнд зориулж боловсруулах шаардлагагүй. Гэхдээ туршлагатай байх, ерөнхий боловсролын сургуулийн мэдлэг, ойлголттой байх шаардлагатай гэдэг үүднээс багшаар 8-аас доошгүй жил, сургалтын менежер, түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг оруулсан. ******* захирлын хувьд захирлаар 11 жил ажилласан. Өмнө боловсролын байгууллагад ажиллаж байсан. Магистр болон түүнээс дээш гэж заасан учир нь манай аймгийн барьж байгаа бодлого бол Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгт магистр, түүнээс дээш зэрэгтэй багш авах, магистр зэрэгтэй багш тийм ч их биш учраас хөдөө сумдын сургуулиудад баклавар байж болохоор шаардлагыг тавьж өгдөг. Гэхдээ ******* захирал бол магистр зэрэгтэй байсан. Манай байгууллагын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Байгалмаад бүрдүүлж өгсөн хувийн хэрэгт магистрын диплом байсан гэж бодож байна. Шаардлага хангаагүй иргэнийг оруулахгүй гэсэн зүйл байхгүй. Харин бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй гэсэн байгаа. Ажлаа сайн, муу хийж байснаас шалтгаалж халах гээд байгаа асуудал байхгүй. Сонгон шалгаруулалтыг мэдээгүй гэсэн учраас энэ дагуу тайлбаруудаа өгөх нь зүйтэй гэж бодож байна. Иймээс ******* захирал мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно[1].
Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Сургуулийг татан буулгаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” 12 дугаар захирамжаар ... *******ийг “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар түр томилсон байна.[2]
Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Төрийн албаны зөвлөлийн ахлах рефрент *******, рефрент Ц.Насанжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд Дорнод аймагт ажилласан бөгөөд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болон төрийн захиргааны албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцах явцад түр томилогдсон тушаалтай “******* хөгжил” цогцолбор сургууль, Баян-Уул, Халхгол, Матад сумын сургуулийн захирлууд түр томилогдсон байсан бөгөөд үүнээс “******* хөгжил” цогцолбор сургууль, Халхгол сумын Ялалт багийн сургуулийн захирал, эрхлэгч нар 11 жил түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн нь илэрсэн болно.[3]
Төрийн албаны зөвлөлийн даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолоор Дорнод аймагт хийсэн дээрхи хяналт, шалгалтын дүнг хэлэлцээд түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа...төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан шийдвэрийг ирүүлжээ.[4]
Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д “Аймаг нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 281.1.7-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, захирал эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна”, Хоёрдугаар бүлгийн 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ” гэжээ.
Дорнод аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2125 дугаартай “Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирал, Баян-Уул, Матад, Халхгол сумын Ялалт багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын...ажлын байрны сул орон тоо гарсан тул ...сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, саналаа ирүүлэх тухай” албан бичгийг ажлын байрны захиалга, ажлын байрны тодорхойлолтын хамт аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад хүргүүлжээ.[5]
Дээрхи албан бичгийн дагуу Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс томилогдож,[6] 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Матад, “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болсон бөгөөд “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад 2 хүн өрсөлдсөнөөс Ц.Борхүүхэн 80.1, А.Сэндмаа 75.4 оноог авсан байна.[7]
Уг сонгон шалгаруулалт нь Боловсролын тухай хууль болон Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явагдсан бөгөөд хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь дээрхи нээлттэй сонгон шалгаруулалтад ороогүй байж “Анх томилогдсоноос хойш миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Гэтэл 12 жилийн дараа сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болсныг мэдсэн. Миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсэн эсэх, захиалгад ямар шаардлага хангасан этгээд сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэх, сонгон шалгаруулалтыг нь хэзээ зарласан, бүртгэл болон шалгалт нь хэзээ болох гэх зэрэг холбогдох мэдээллийн талаар надад аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас болон Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдээгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1 дэх заалтад “Салбар зөвлөл болон аймаг, нийслэлийн Боловсролын газар нь сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын сул орон тоог хэвлэл, мэдээлийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд заавал байрлуулна” гэжээ.
Дээрхи журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16.30 цагт, мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын www.dornodedu.mn цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус байрлуулж нийтэд ил тод нээлттэй мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.[8]
Энэхүү цахим хуудсанд байрлуулсан зарын мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацааг тодорхой заасан байна.
Нэхэмжлэгч ******* өмнө нь 2018 ны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 8 цаг 37 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Алтансүх утсаар таны ажлын байрыг зарлах болж байгааг мэдэгдэж байна гэж хэлсэн...Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагт аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга *******ансалмаа ...тус аймагт шалгалтаар ажилласан Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлын байран дээр чинь сонгон шалгаруулалт хийх болсон гэж хэлсэн...би дээрхи албан тушаалтнуудад зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн...” гэжээ.[9]
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэжээ. Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудсаар орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно” гэж заасан байдаг.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн ажлын байранд нээлттэй зарлагдсан сонгон шалгаруулалтыг мэдээгүй гэж маргах үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн томилогдсон 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар тушаалыг засварласан байсан нь Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 282 дугаартай албан бичгээр нотлогдож байна.[10]
Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц.Борхүүхэн нь тус шүүхэд тус сонгон шалгаруултад тэнцсэн намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.[11]
Иймээс нэхэмжлэгч *******ийн “Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.1.7-д заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох, нэхэмжлэгч *******ийн “Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Хэрлэн сумын “******* хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 4-р хуудас
[3] Хавтаст хэргийн 50-51, 80-86-р хуудас,
[4] Хавтаст хэргийн 48 –р хуудас
[5] Хавтаст хэргийн 40, 35, 41-45-р хуудас
[6] Хавтаст хэргийн 46-р хуудас
[7] Хавтаст хэргийн 52-53-р хуудас
[8] Хавтаст хэргийн 36-38-р хуудас
[9] Хавтаст хэргийн 56-58-р хуудас
[10] Хавтаст хэргийн 39 дүгээр хууудас
[11] Хавтас хэргийн 61-р хуудас