| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01686/И |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00068
Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00134 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Бет андууд” ХХК-ийн захирал Д.Мэндбатад холбогдох
“37.202.037,91 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Бет андууд” ХХК-ийн захирал Д.Мэндбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бет андууд” ХХК-ний захирал Д.Мэндбат нь 2015 оны 09 дүгээр сараас хойш одоо хүртэл хэрэглэсэн ус дулааныхаа мөнгийг төлөлгүй манай компанийг 34.644.367,98 төгрөгний алдагдалд оруулаад байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй Д.Мэндбатаас дээрхи мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Бет андууд” ХХК нь анх шүүхэд нэмэмжлэл гаргасан үеэс төлбөр тооцоогоо хийх ямар нэг алхам хийгээгүй бөгөөд энэ хугацаанд “Бет андууд” ХХК-н хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ 2.557.669,93 төгрөгөөр нэмэгдэж нийт 37.202.037,91 төгрөг болсон байна. Дээрхи төлбөрөөс цахилгааны төлбөрийг хасч үлдсэн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний нэхэмжилсэн 34 644 367.98 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бид биелүүлэх боломжгүй байна. Учир нь манай ”Залуус хотхон” хорооллыг ус дулаанаар хангах 17 дугаар төвийг 2012 онд ашиглатанд оруулж өнөөг хүртэл өөрсдийн хүн хүч зардлаар ажиллуулж байгаа болно. 2016 оны 03 дугаар сарын 01-нд тус төвийг орон нутагт хүлээлгэн өгөх тухай Орхон аймгийн Засаг даргын А/104 тоот захирамж гарч уг захирамжийн хувийг “Бет андууд” ХХК, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Орхон аймгийн өмчийн газар, Орхон аймгийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн болно. Тус захирамж гарснаар 17 дугаар ЦТП-г хариуцан ажилуулах үүрэг Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д шилжсэн болно. Иймд захирамж гарсан өдрөөс хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх хугацаанд гарсан төлбөр болон алдангийг манай компани төлөх үндэслэлгүй гэж үзэж баина. Үүнийг бид төрийн байгууллагын хүнд суртал болон сонгуулийн үйл ажиллагаанаас хамаарсан гэж бодож байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00134 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан хариуцагч “Бет андууд” ХХК-с 25 647 483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 554 555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 045 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бет андууд” ХХК-с 286 188 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Бет Андууд” ХХК-ийн захирал Д.Мэндбат давж заалдсан гомдолдоо:
Манай компани нь 17-р ЦТП-г 2012 оны 09-р сарын 15-нд ашиглалтанд оруулж мен 2016 оны 9-р сарьн 22-ны өдрийг хүртэлх хэвийн үйл ажиллагааг ханган ажиллуулах гэж орон тооны сантехникийн ажилтан цалинжуулж байсан. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн нэхэмжлэхийн дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1-р сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00134 дугаараар гаргасан шийдвэрийн дүнгээс дээрх инженер техникийн ажилтаны цалингийн өртөг болох 18 635 192 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга хариуцагч “Бет Андууд” ХХКомпаниас хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөр 23.359.981 төгрөг, алданги 11.284.386 төгрөг нийт 34.644.367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.557.669 төгрөгөөр нэмэгдүүлж 37.202.037 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч манай компани нь Залуус хотхон хорооллын ЦТП -г хариуцан ажиллах үүрэг Эрдэнэт ус ДТСтанц ОНӨХКомпанид 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Орхон аймгийн Засаг даргын А/104 тоот захирамжийн дагуу шилжүүлсэн тул энэ хугацаанд гарсан төлбөр болон алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч “Бет Андууд” ХХКомпани нь 2015 оны 9 дүгээр сараас хойш талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэглэсэн дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөр, алданги нийт 37. 202.037 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа хуульд заасны дагуу шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан тооцооны баримт болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага ус, дулаан, цахилгааны төлбөр, алданги нийт 37.202.037 төгрөгнөөс цахилгааны төлбөр 7.807.937 төгрөг, зөрүү 781.592 төгрөг, алданги 2.966.274 төгрөгийг тус тус хасч тооцож хариуцагчаас төлбөр, алданги нийт 25.647.483 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 11.554.555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг буруу гэж үзэх боломжгүй юм.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хуульд заасан хугацааны дотор гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч талуудын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан “... шүүхээс гаргасан 25647.483 төгрөгнөөс инженер, техникийн ажилтны цалин 18.635.192 төгрөгийг хасч тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин хариуцагч тал инженер, техникийн ажилтанд олгосон цалингийн өртөгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр зохих этгээдээс нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Бет андууд” ХХК-ийн захирал Д.Мэндбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Бет Андууд” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.125 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ