Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01363

 

Э.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1056 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Э.С

         Хариуцагч: “А” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-т холбогдох

        “А” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн б/566 дугаартай тушаалыг хүчингүй болгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 423.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал А ТӨҮГ-ын захирал 2017-09-08-ны өдөр б/566 дугаар тушаал гаргаж, ажлаас халсанд гомдолтой байна. Тус аймгийн Автотээврийн төвийн дарга 2017-09-11-ний өдөр ажлаас халсан тушаал дээд байгууллагаас гаргаж 2017-09-14-ний өдрийн дотор ажил хүлээн авахыг үүрэг болгосон, ажлаа хүлээлгэн өг гэсэн. Хөдөлмөрийн гэрээ болон б/566 тоот тушаалыг эх хувиар нь шаардахад хуулбар хувиас дахин хуулбарлаж өгсөн. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас Автотээврийн төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж дүгнэлт гаргасан ба миний нэр заасан зөрчил байгаагүй. Нярвын үйл ажиллагаатай холбогдуулж зарим нэг зөрчил байсан нь хяналт сайн тавиагүй хариуцлага алдсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Шалгалтын дүнг захирлын зөвлөлийн 2017-09-07-ны өдрийн 12-р хуралдаанаар хэлэлцэж, ажлаас халах тушаалыг 8-ны өдөр гаргасан ч намайг оролцуулахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.  Сахилгын  арга хэмжээг шат дараалан авах байсан эсэх, 1 нас 2 сартай хөхүүл хүүхэдтэй зэргийг харгалзан үзээгүй. Ажлаас халах үндэслэлээ дээрх шалгалтын дүн гэж байгаа ч Засаг даргын эхнэрийн дүүг миний оронд ажилд авах санаа байсныг сүүлд мэдсэн. Тэр нь ажлаа хийж чадахгүй намайг дуудаж тайлан мэдээг нь хүн чанар гаргаад хийгээд өг гэснээр би тайланг нь гаргаж байсан. Гэвч ажлаа хийж чадахгүй гарсан байдаг. Иймд  б/566 тушаалыг хүчингүй болгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017-09-09-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018-03- 13-ны өдөр хүртэл нийт 127 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 7,964,487 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэл гаргаж шүүх хуралд оролцохтой холбоотой гаргасан зардал 423,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд гаргах ёстой. Сахилгын шийтгэл хүлээлгэсэн 2017-09-08-ны өдрийн б/566 дугаар тушаалыг 2017-09-11-ний өдөр гардан авсан байтал 2017-12- 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Шүүхэд хандах хугацаа 30 хоног байтал 3 сар 10 хоногийн дараа гаргасан тул  нэхэмжлэл  гаргах эрхээ алдсан байна.Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд акт тавигдсан. Тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй ч түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн хүрээнд зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4.3.2.-т зааснаар өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, 4.3.11.-д зааснаар үүрэг гүйцэтгэж байхдаа ...байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан Э.Сэлэнгийг “А” ТӨҮГ-ын Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,   олговорт 7 853 299 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “А” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1056 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Э.С хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагад их хэмжээний хохирол учрах үйлдэл, нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Нярвын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж удирдлагаар хангаж ажлаагүй болох нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагчийн 2017-06- 15-ны өдрийн 35/06/07, 2017-06- 16-ны өдрийн 35/06/76, 2017-06- 19-ны өдрийн 35/04/77 актаар тогтоогдож байгаа. Э.С нь хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй нь дээрх улсын байцаагчийн акт шаардлагуудаар нотлогдож байгаа. Нярвын гаргасан алдаа дутагдал нь шууд харьяалан хяналт тавьж ажиллаж байгаа нягтлан бодогчийн хариуцлагагүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажлаагүйгээс үүдэн гарсан  зөрчил юм. Улсын байцаагчийн акт нь Э.Сэлэнгийг буруутай гэж нэрийг дурдаагүй ч өдөр тутмын үйл ажиллагаа нь алдаа дутагдалтай, нягтлан бодогч нь өөрийн шууд харьяанд байгаа нярвын үйл ажиллагаанд чиглэл өгч өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаггүйг тогтоосон. Хэрэв нягтлан бодогч нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан бол энэхүү зөрчил гарахгүй, байгууллагад хохирол учрахгүй байсан болно. Шүүх зөвхөн актанд Э.Сэлэнгийн нэр дурдаагүй, гэм бурууг нь тогтоогоогүй байна гэж үзсэн нь хууль бус бөгөөд нөхцөл байдлыг бодитоор дүгнээгүй, талуудын эрх тэгш байдлыг хангахгүй хууль зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлал болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Э.С 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ховд аймгийн Автотээврийн төв ТӨҮГ-ын  ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсаныг, хариуцагч  эс зөвшөөрч маргасан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг  хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         А ТӨҮГ-ын захирал 2017 оны 09 сарын 08-ны өдөр Б/566 дугаартай тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, байгууллагын дүрмийн 6.10.7, 6.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.6, 13.7, 20.12.4-20.2.7, 11.7.11, 11.7.23, хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.11, 4.3.12, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017-06-15-ны өдрийн 35/06/07, 2017-06-16-ны өдрийн 35/06/76, 2017-06-19-ны өдрийн 35/04/77 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, захирлын зөвлөлийн 2017-09-06-ны өдрийн 12-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн “...ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан...” гэж Э.Сэг ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна. 

         Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзвэл, ажил олгогч нь Э.Сэг хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.11, 4.3.12-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулжээ.        

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм. 

       Хэрэгт зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн хоёр өөр гэрээ авагдсан байх тул ажилтан ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ. 

       Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02ХО17/12 дугаартай хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн тушаалд заасан 4.3.2, 4.3.11, 4.3.12 гэх заалтууд байгаа /хх 84-85/ бол 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ХГ/03 дугаартай хөдөлмөрийн гэрээнд 4.3.11., 4.3.12 гэсэн заалтууд байхгүй байна. Иймд талууд гэрээндээ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлийг буюу ямар зөрчлийг  ноцтойд тооцох талаар тухайлан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

       Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг “...ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй...” гэж ажлаас нь халсан боловч ажилтны гаргасан гэх зөрчлийг тушаалдаа тодорхой заагаагүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн  зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.    

      Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар  сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

       Ажил олгогч тушаал гаргахдаа Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017-06-19-ний өдрийн 35/04/77, 2017-06-16-ны өдрийн 35/06/76 дугаар акт,  2017-06-15-ны өдрийн 35/06/07 дугаар албан шаардлагыг үндэслэл болгожээ. 

       А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 09 сарын 08-ны өдрийн  Б/566 дугаар тушаалд заасан 35/04/77, 35/06/76 дугаартай акт Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч 2017 оны 06 дугаар сарын 16, 19-ний өдөр гаргасан байх бөгөөд уг актад /хх 67-70/ Ховд Автотээврийн төвийн дарга гарын үсэг зурсан буюу танилцсан байна. Актад дурдсан зөрчлийн талаар ажил олгогч 2017 оны 06 дугаар сард мэдсэн нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 9 дугаартай тэмдэглэлээр /хх 71-72/ тогтоогдсон байна.

         Хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтэц /хх 76-81/-с үзвэл аймгийн Автотээврийн төв нь  А ТӨҮГ-н захирлын удирдлагад байна. Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 35/04/77, 35/06/76 дугаар акттай А ТӨҮГ-ын захирал бус, харин аймгийн Автотээврийн төвийн дарга танилцсан нь нэхэмжлэлийг үгүйсгэхгүй гэж үзлээ.    

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1056 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ