Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1456

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       08          06                                       2020/ШЦТ/1456

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Г.Г., түүний өмгөөлөгч К.Бауиржан, Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Г.ийн Г.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 03270 2389 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа  хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Ш. овогт Г.ийн Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г. нь БНХАУ-ын иргэн Н.д Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ниссора цамхагийн 902 тоот оффист байхдаа “миний нэр дээр гэрээгээ хийчих, төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхоны 822 дугаар байрны 1503 тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцыг “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 61.000.000 төгрөгийг,

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 39.000.000 төгрөгийг,

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөгийг,

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 45.000.000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5028224300 тоот дансаар 31.200.000 төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны 5028224300 тоот дансаар 8.538.000 төгрөгийг тус тус бэлнээр болон өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 254.738.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г. мэдүүлэхдээ: “Миний бие Г.Г. нь Н.тай ажил хэргийн холбоотой байсан. 2011-2019 оны хооронд бид хоёр нэг компанид хоёулаа ажилладаг байсан. Манай компани 2011 онд улс хоорондын ачаа тээвэр буюу нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж, ашигт малтмалын хайгуулын 2 лицензтэй байж байгаад улсад хураалгаад А лиценз авч байсан. Эдийн засаг, санхүүгийн талаас нь ярьвал Шинэ Илион Нэн Юань ХХК нь 2011 онд ашигтай ажиллаж байсан. Цаашлаад 2012, 2013 онд санхүүгийн байдал дордож эхэлсэн буюу урдаас толгой компаниасаа санхүүгийн татаас авдаг байсан. Компани дээр 4-5 хүн Ниссора цамхагийн оффис дээр ажилладаг байсан. Ингээд ажиллаж яваад 2013, 2014, 2015 онуудад ямар ч борлуулалтын орлого байхгүй, орлого байхаа больсон. Эдийн засаг хүндрээд ажилчдаа эхнээс нь халж эхэлсэн. Хамгийн сүүлд миний бие энэ компанид үлдсэн. Ингэж үлдэх болсон шалтгаан бол ойлгомжтой, санхүүгийн тооцоо гаргадаг байсан. Нөгөө талаас Н. нь БНХАУ-аасаа төлөөлж байгаа гэх боловч албан ёсны бичиг баримтан дээр захирал гэсэн статус байдаггүй байсан. Компани 3 жил ашиггүй ажиллаад, бид нарын зардал буюу Н.гийн Монгол Улсад байх зардал нь компанийн үйл ажиллагааны ихээхэн хувийг эзэлдэг болсон. Жишээ нь Н. сардаа 2.000.000-2.400.000 төгрөгийн түрээсээр байр түрээслэж, 1.500.000 төгрөгөөр оффис түрээслэж, бусад зардал нь миний цалин, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, бичиг хэргийн зардлууд гээд зардлууд гардаг байсан. 2016 онд Монгол Улс ч тэр бүх эдийн засаг хүндрээд манай компанид урдаас орж ирдэг татаас нь улам уддаг, хугацаа алддаг болсон. Н. улмаар орон сууцныхаа түрээсийн төлбөрийг төлж чадахаа болиод байрнаасаа хөөгдсөн. Ниссора цамхагийн 504 тоотыг түрээслэдэг байж байгаад 2016 оны 05 дугаар сарыг дуусгаад бид оффисоо хүлээлгэж өгсөн байгаа. Энэ хооронд компани борлуулалтын орлогогүй байгаа учраас Н. надад санал тавьсан. Би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Өөрийн гэсэн мөнгөтэй байсан. Н. ч тухайн үед их, бага гэлтгүй 5 сая, 10 сая, 20 сая төгрөгийг надаас зээлээд тухайн хугацаанд нь буцааж өгдөг байсан. Энэ байртай холбоотойгоор Н. надад анх санал тавьсан юм. Компани нэгэнт урдаас мөнгө орж ирэхгүй байна, би байрнаасаа гарч байна, чи надад цуг орон сууц хийгээд, нэг өрөөнд нь оффис хийчихээр байр олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд байрыг би хайж судлаад, 2-3 байр санал болгосон. Н. тухайн үед өөрийн гэсэн мөнгөгүй байсан. Надад юу гэж хэлж байсан бэ гэхээр чи энэ байрыг өөрийн мөнгөөр худалдаад авчих, би энэ байрыг 4-5 жил чамаас яг өмнө нь түрээслэдэг байсан мөнгөөрөө түрээслэе, чамд ашигтай, чи энийг бодож үзээч ээ гэсэн. Тухайн үед би мөнгөтэй байсан учраас тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд 2-3 байр судалсны үндсэн дээр цэцэрлэгт хүрээлэнгийн хойно Парксайдын байрыг 2016 оны 05 дугаар сард олж өгөөд, энэ байрыг худалдан авах гэрээ хийгээд авч байна, энэ болж байна уу гэхэд Н. зөвшөөрсөн. Тэгээд 05 дугаар сард би захирлуудтай нь ярилцаад байрны гэрээ хийхэд бэлэн болсон байсан боловч захирлууд нь түр намайг хойшлуулаад 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн байгаа. Захирлуудтай нь хувь лизинг буюу бэлэн төлөлт хийгээд жилийн дотор төлж дуусгах нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн. Энэ хооронд бас 3 ширхэг Приус автомашиныг оролцуулъя гээд ярилцсан байсан. Хамгийн анх ярилцахдаа захирлууд нь 100.000.000 төгрөг өг гэж байсан. Би Н.тай яриад би 100.000.000 төгрөгийн гэрээ хийлээ гэж хэлж байсан. 60.000.000 төгрөгийг бэлэн өгөөд, 3 ширхэг Приус автомашин өгье гээд тохирсон боловч захирлууд нь хойшлуулж байгаад 3 ширхэг Приусыг бид 40 саяд авч болохгүй юм байна, 39 саяд төгрөгт авъя гэж надад хэлсэн. Тэгээд би тэгье гээд гэрээ хийсэн. Тухайн үед Н. 60 сая төгрөгийг бэлэн өгөөд, 40 саяд нь 4 ширхэг машин өгчихлөө гэсэн ойлголттой үлдсэн. Бид хоёр өдөр болгон өглөө 09 цагт уулзаад 17:00 цагт салдаг ийм харьцаатай байсан. Цаашлаад бусад мөнгүүдийг би өөрийн орлого, боломж бололцооны дагуу төлж явсаар байгаад 2018 онд тооцоо дуусаад, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би байрны ордер буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Болсон үйл явдал нь энэ.” гэв.

     Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч БНХАУ-ын иргэн Н.гаас цагдаагийн байгууллагад бичгээр  гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх-ийн 9/,

- Үл хөдлөх хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-17/,

- Хохирогч Н.гийн өгсөн: “Г.Г. надад хэлэхдээ та компанийн нэр дээр орон сууц авбал төлбөрийн нөхцөл танд ашиггүй, 100 хувь төлбөрөө урьдчилж төлөх болно, эсвэл та өөрийнхөө нэр дээр байраа авъя гэхэд гадаадын хүн 100 хувь төлбөр төлж байж байраа авах болно. Монгол хүний нэр дээр авбал төлбөрийг хэсэгчлэн хувааж өгөх боломжтой болно. Эхний ээлжинд миний нэр дээр гэрээгээ хийчих төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье гэж надад хэлсэн. Гэрээний нөхцлийг сайн мэдэхгүй байна, би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Нийт 253.738.000 төгрөгийг хувиасаа төлсөн. Үүнээс хойш би Г.Г.д ордерыг миний нэр дээр шилжүүлсэн эсэхийг асуухад ажилтай байна, завгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр өнөөг хүртэл хугацаанд миний худалдан авсан орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй намайг залилсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

- Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1679 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 87/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2-5а/4014 тоот албан бичиг, лавлагааны хариу /2-р хх-ийн 113-115/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11/4550 дугаартай албан бичиг, лавлагаа /2-р хх-ийн 121-123/,

- Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 16-18/,

- “Эрчимт сүлжээ зам” ХХК-ийн Парксайд резиденс хотхоны захиалагчийн мэдээлэл, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн В-31 дугаартай орон сууц захиалах гэрээний хуулбар, кассын орлогын ордерын хуулбар /1-р хх-ийн 62-72/,

- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн  хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8/1101 дугаартай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/1629 дугаартай албан бичиг, 2204098148 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 75-76, 224/,

- Гэрч БНХАУ-ын иргэн Түшигийн өгсөн: “Н. нь 2016 оны хавар санагдаж байна Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхонд байр хувьдаа авахаар болж мөнгийг хувааж төлсөн байдаг. 2016 оны 06 дугаар сараас эхлээд 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд мөнгийг хувааж төлсөн. Байрны мөнгө гэх 253.175.000 төгрөгийг Н. өгсөн ба үүнээс би 60.000.000 төгрөгийг 2016 онд, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.937.341 төгрөгийг Г.Г.гийн Хаан банкны 5028224300 дугаарын дансанд хийсэн. Мөн сарын 21-ний өдөр 8.531.000 төгрөгийг мөн данс руу хийсэн. Энэ мөнгийг Н. ах байрны мөнгийг Г.Г.гийн данс руу хий гэж хэлээд уг данс руу би өөр хүний данснаас хийлгэсэн. Эхний 60.000.000, 1.937.341 төгрөгийг тус тус манай бизнесийн  хамтрагч Отгонжаргалын данснаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155/,

- Гэрч Б.Отгонжаргалын өгсөн: “Түшиг хэлэхдээ манай ах Н. байр авах гэж байгаа тул надад өгөх мөнгөө түүний данс руу хийгээрэй гэж хэлээд хийлгэсэн. Миний бие өөрийн дансны хуулгыг шүүж үзэхэд өөрийн Хаан банкны 5129019432 гэсэн данснаас 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг машины үнэ гэж хийсэн. Миний бие Түшигээс бараа авбан ба түүний мөнгийг Түшиг нь манай ах Н.д өгчих, байр орон сууц авсан юм гэхээр нь Н. захирлын Хаан банкны 5121002925 дугаарын данс руу хийсэн. Түүний  дараа 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөн өөрийн данснаас өмнө нь шилжүүлсэн данс руу 30.000.000 төгрөгийг “ковшны урьдчилгаа Н.” гэж утга бичиж шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р  хх-ийн 7, 111-112/,

- Гэрч Б.Ичинхорлоогийн өгсөн: “Г.Г.тай нүүр тулж уулзаж үзээгүй, Н. гэх хүнтэй хоёр удаа уулзсан. 2019 оныг дуустал уг байрны СӨХ-ийн төлбөрийг тушаасан байсан. Банкнаас лавлахад Г.Г.гийн нэр дээр тушаасан байсан ба яг хэн тушаасан эсэх нь тодорхой харагдахгүй, 99805388 гэсэн утасны дугаараар тушаасан байсан. 2020 оны 01, 02 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй байна лээ.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41/,

- Хохирогч Н.гийн эзэмшлийн “Хаан” банкны 5121002925 тоот дансны хуулга /3-р хх-ийн 7-10/,

- Шинэ Илион Нэн Юань ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5121009920 тоот дансны хуулга /3-р хх-ийн 6/,

- Шинэ Илион Нэн Юань ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5003632974 тоот дансны хуулга /3-р хх-ийн 11/,

- Иргэн Б.Отгонжаргалын эзэмшлийн “Хаан” банкны 5129019432 тоот дансны хуулга /4-р хх-ийн 19/,

- “Хаан” банкны 5028224300 тоот Г.Г.гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 59-60/,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-ийн 11/,

- Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 18/,

- Г.Г.гийн гэрчээр өгсөн: “Энэ байрыг худалдаж авахад Н.гаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 05 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 31.000.000 төгрөг гээд нийт 86.000.000 төгрөг гарч байгаа нь баримтаар нотлогдоно. Сүүлийн 31.000.000 төгрөгийг миний “Хаан” банкны данс руу хийсэн байдаг юм. Үндсэн төлбөр тооцоог би өөрийн хувийн мөнгөөр хийж барагдуулсан. Мөнгө тушаасан баримтаар нотлогдоно. Байрны нийт үнэ нь 253.175.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Н.гийн төлсөн 86.000.000 төгрөгийг хасахаар би 167.175.000 төгрөг төлсөн байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,

- Г.гийн гэрчээр дахин өгсөн: “Харин 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөгийг Н. надад түрээсийн мөнгөндөө өгөх ёстой байсан ба 45.000.000 төгрөгийг миний бие байрны мөнгөнд өг гэж хэлээд өгүүлж, баримтыг нь би өөрөө авсан. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би бэлэн мөнгөний машинаас тав таван саяар авч, 10.000.000 төгрөгийг Н.д өгч, түүгээр тушаалгаж, баримтыг нь авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрийг 16.000.000 төгрөгөнд 1 Приус 30 загварын машин өгч, үлдэгдэл 22.175.000 төгрөгийг бэлнээр өгч, тооцоог дуусгаж, нийт 253.175.000 төгрөгийг дуусгаж тооцоог хаасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,

- Төлбөрийн тооцоо /1-р хх-ийн 31/,

- Орон сууц захиалах гэрээ /1-р хх-ийн 32/,

- Өмгөөллийн “Легал виндоу” ХХН-ийн мэдэгдэл /1-р хх-ийн 36/,

- Автомашин хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 38/,

- Төлбөрийн тооцоо /1-р хх-ийн 52/,

- Орлогын ордерын тасалбар /1-р хх-ийн 53-60/,

- Орон сууц захиалах гэрээ /1-р хх-ийн 63-66/,

- Кассын орлогын ордер /1-р хх-ийн 68-72/,

- Г.Г.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88/,

- Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол /1-р хх-ийн 152/,

- Г.Г.гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Отгонжаргал гэх хүнээс миний цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар, бичиг хэргийн зардал гэж 1.937.000 төгрөгийг өгсөн. Н. нь цаанаас Хятадаас мөнгө авахдаа өөрийнхөө дансаар авдаг. Би Шинэ Илион Нэн Юань ХХК-д ажиллаж байхад Н.гаас цалингаа авах гэхээр Н. нь янз бүрийн хүмүүс рүү хэлээд тэдгээрийн данснаас миний данс руу шилжүүлэн цалинг өгдөг байсан. Тэр хүмүүсийнх нь нэг нь одоо тэр Отгонжаргал, Түшиг гэх хамаатных нь хүн байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163/,

- Гэрч Г.Ган-Эрдэнийн өгсөн: “2011 оноос Г.Г. ах бид хоёр улсын дугаартай машин зарах ажлыг хийж эхэлсэн. Г.Г. ах давхар ажилтай байдаг байсан учир ихэвчлэн миний бие машин зарах ажлыг хийж, Г.Г. ах зохион байгуулдаг байсан. Бид хоёрын мөнгө санхүү нэг байдаг. 2016 он хүртэлх хугацаанд улсын дугаартай машин зарж байгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх авто цогцолборт гэрээ байгуулан албан ёсоор зарж эхэлсэн. Тэрнээс өмнө нь бол уг газарт машин тавиад заруулдаг байсан. Одоо уг газарт Г.Г. ах бид хоёр нийт 20 зогсоол эзэмшин машин зарж борлуулж байна. Тухайн жилийн худалдан авагчаас шалтгаалан 70-100 ширхэг төрөл бүрийн тээврийн хэрэгслийг зарж борлуулдаг. 100 машинаас даваад зарж ч болохоор байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/,

- Гэрч Ж.Ганбаатарын өгсөн: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, авто худалдааны цогцолборт 2016 оноос хойш одоог хүртэл тээврийн хэрэгсэл худалдан борлуулах ажлыг хийдэг. Г.Г. нь намайг машин зарах үед тэнд машин зардаг байсан, одоо ч тэндээ тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг. Бид хоёрын зогсоол зэргэлдээ зогсоолууд байдаг. Ерөнхийдөө Г.Г.гийн төрсөн дүү болох Г.Ган-Эрдэнэ нь машин зарах, борлуулах ажлыг хийдэг. Г.Г. нь төлбөр тооцоо зэргийг нь хариуцаж хамтарч ажилладаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167/,

- Гэрч Б.Шинэбаярын өгсөн: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн авто худалдааны төвийн Женерал роял ХХК-д буюу улсын дугаар хэвлэдэг компанид хэвлэгчээр ажилладаг. Миний бие 2005 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Г.Г. нь машины ченж хийдэг. Уг авто худалдааны төв нээгдэхээс өмнө ч машины наймаа хийдэг байсан. Уг зах 2015 онд ашиглалтад орсон санагдаж байна. Тэр үүднээс Г.Г.г таньдаг. Бид хоёрын дунд ах дүү, садан төрлийн холбоо хамаарал байхгүй ба машин зардаг гэдэг үүднээс түүнийг таньдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168/,      

- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 170-172/,

- Авто зогсоол хүлээлгэн өгөх комиссын акт /1-р хх-ийн 173/,

- Г.Г.гийн “Хаан” банкин дахь 5028224300 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 174-213/,

- Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ, төлбөрийн баримт, Г.Г.гийн өргөдөл, авто машины зогсоолын түрээсийн гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 214-223/,

- Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа /1-р хх-ийн 224-225/,

- Өмгөөлөгч Ж.Гантулгын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /1-р хх-ийн 234-237/,

- Шинэ Илион Нэн Юань ХХК-ийн “Хаан” банкин дахь 5121009920 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 239-242/,

- Н.гийн “Хаан” банкин дахь 5121002925 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 238, 243-244/

- Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /2-р хх-ийн 21-22/,

- Сорани ХХК-ийн түрээсийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-ийн 27/,

- Орон сууцны хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх /2-р хх-ийн 42/,

- Гэрч Б.Батбилэгийн өгсөн: “Манай компани нийтийн эзэмшлийн орон сууц төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Парксайд Резиденс хотхоныг 2 ээлжээр барьж ашиглалтад оруулсан. 822 дугаар байр нь 2012-2014 оны хооронд баригдаж ашиглалтад орсон. Тухайн байрыг Монгол Улсын иргэн Г.Г. нь захиалсан байдаг ба 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Манай байр ашиглалтад орсон байсан боловч сүүлийн блок байрууд ашиглалтад ороогүй байсан учир улсын комисс байрыг хүлээж аваагүй байсан байж магадгүй. Энэ үүднээс орон сууц захиалах гэрээ гэж байгуулсан байх. Тухайн үед ажиллаж байсан гэрээг байгуулсан Отгонцэцэг нь ажлаасаа гарчихсан байгаа. Би гэрээтэй холбоотой асуудлыг гардаж хийгээгүй учир энэ талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-44/,

- Гэрч Б.Нармандахын өгсөн: “Манай Сорани ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Ниссора цамхагийн оффис түрээслэдэг байсан. Манай оффисын 5 давхрын 504 тоот 58 м.кв талбай бүхий байрыг Шинэ Илион Нэн Юань гэх нэртэй компани 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №50 дугаартай гэрээ байгуулан 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэсэн. Н. гэдэг нь тухайн компанийн захирал, харин Г.Г. нь нягтлан нь гэж байсан. 1 сарын 1.500.000 орчим төгрөгөөр түрээслэдэг байсан. Түрээсийн төлбөрийг сар бүрдээ манай компанийн “Голомт” банкны 1605001614 гэсэн дансаар өгдөг байсан. Төлбөрийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй хугацаандаа өгөөд явдаг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46/,

- “Хаан банк” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29/1476 тоот албан бичиг /2-р хх-ийн 49/,

- Г.Г.гийн “Хаан” банкин дахь 5028224300 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 50/,

- Гэрч Ш.Даваадоржийн өгсөн: “2011 оны 04 дүгээр сард санагдаж байна БНХАУ-ын Шинэ Илион Нэн Юань ХХК-д захирал Н. гэх хүний жолоочоор ажилд орж байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад ганц нэг хоногийн дараа Г.Г. манай компанид нягтлан бодогчоор ажилд орсон. Ерөнхийдөө манай компанид нягтлан, дарга, менежер гэсэн хоёр хүн байдаг байсан. Манай компани нүүрс тээвэрлэлт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Миний бие 2013 он хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ниссора цамхагийн 5 давхрын 504 тоотод манай компани ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-88/,

- Г.Г.гийн яллагдагчаар дахин өгсөн: “Бид хоёр түрээсийн гэрээ хийгээгүй. Учир нь байрны төлбөр тооцоо бүрэн дуусаагүй, байрны гэрчилгээг гаргуулж аваагүй учир гэрээ хийх ямар ч боломжгүй байсан. Н. бид хоёр амаараа ярилцаж тохиролцоод итгэлцлийн үүднээс тохирсон байсан. Би нэг удаа 45.000.000 төгрөгийг Н.гаас түрээсийн төлбөрт авч, түүгээр шууд Эрчимт сүлжээ зам ХХК-д тушаалгасан байгаа. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.гаас надад 31.000.000 төгрөгийг миний данс руу өөрийн 5121002925 гэсэн данснаас “Байр худалдаж авах” гэж утга бичээд хийсэн байсан. Н.гийн хувьд надад түрээсийн төлбөр гэж нийт 76.000.000 төгрөгийг л өгсөн. Байрны мөнгийг бэлнээр өгөөд байсан учир нь би ,нэгдүгээрт, байрыг НӨАТ байхгүй үнээр хямдруулж авсан, хоёрдугаарт, компанитай хувь лизинг хийсэн учир бэлнээр авна гэхээр нь би зөвшөөрөөд бэлнээр нь өгч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90/,

- “Хас банк” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5в/1514 тоот албан бичиг, хавсралтууд /2-р хх-ийн 93-98/,

- Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний мэдээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 101-105/,

- “Эрчимт сүлжээ зам” ХХК-ийн Парксайд резиденс хотхоны захиалагчийн мэдээлэл, Н.гийн орон сууцны төлбөр төлсөн тооцоо, Н.гийн “Хаан” банкин дахь 5121002925 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, кассны орлогын ордер, “Хаан” банкны мөнгөн шилжүүлэг, Шинэ Илион Нэн Юань ХХК-ийн “Хаан” банкин дахь 5121009920 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, “Хаан” банкны зарлагын мэдүүлэг, орлогын ордерын тасалбар /2-р хх-ийн 142-155/,

- Б.Отгонжаргалын “Хаан” банкин дахь 5129034256 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 158-250/,

- Илион ресурс групп ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулгаас “...Н. нь Г.Г.д бэлнээр мөнгө өгсөн нь нотлогддоггүй боловч хохирогчийн дансны орлого, зарлагын хөдөлгөөнүүд, байрны мөнгө төлөхөөр бусдаас авсан мөнгөний хөдөлгөөнүүд болон санхүүгийн бүртгэл талаасаа буюу “Эрчимт сүлжээ зам” ХХК-д төлсөн баримтууд, тэдгээрийг төлөхтэй холбоотой цаг хугацааны үйл баримтуудаар тогтоогддог, харин “Эрчимт сүлжээ зам” ХХК-д мөнгө төлсөн цаг хугацаануудад Г.Г.гийн данснаас тухайн хэмжээний мөнгө гарсан хөдөлгөөн байдаггүй, шүүгдэгч хохирогч нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ байдаггүй, түрээсийн төлбөрөө урьдчилж төлж байсан гэх үйл баримт тогтоогдоггүй, Г.Г. 9 удаагийн гүйлгээгээр 253.175.000 төгрөгийг төлснөө нотолж чадаагүй.” гэж,

            шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржанаас “...Г.Г.д бэлнээр өгч байсан гэх үйл баримт тогтоогддоггүй, компанийн данснаас 4 удаа мөнгө орж, гарсан нь Г.Г.гийн байрны мөнгө төлөгдсөн өдөртэй ойролцоо байгааг тэдгээр мөнгийг байрны мөнгөнд төлөгдсөн гэж таамаглаж байгаа нь үндэслэлгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч, хохирогч нарын хэн алиных нь данснаас 10.000.000 төгрөг гарсан байх боловч Г.Г.гаас өглөө, Н.гаас орой зарлага хийгдсэн, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 39.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэдгийг хохирогч биш өмгөөлөгч нь тайлбарладаг, хохирогчийн өгсөн “...компанийн данснаас авч өгсөн”, “...бэлнээр өгсөн” гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй.” гэж,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас “...Яллах дүгнэлтэд дурдсанаар гэмт хэрэг хаана төгссөн эсэх нь тодорхойгүй, байр залилсан, эсхүл мөнгө залилсан гэж буруутгаж эсэх нь тодорхойгүй, хохирогч 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Монгол Улсад байгаагүй байхад мөнгө өгсөн гэсэн нь ойлгомжгүй, компанийн дансанд мөнгө орсон, гарсан гэх үйл баримтыг нотлох боловч тухайн мөнгийг Г.Г.д өгсөн нь нотлогддоггүй, гэрч Түшиг мэдүүлэг өгөхөд хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга оролцсон нь хууль зөрчсөн, шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй, Г.Г.гийн мөнгөний эх сурвалж нь “Хаан” банкны дансны хуулгаар нотлогдсон, 3 Приус автомашин Г.Г.гийн нэрээр гаалиар орж ирсэн нь тогтоогдсон.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

            Хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н.гаас шүүгдэгч Г.Г.д байр худалдан авах мөнгө гэж 7 удаа бэлнээр, 2 удаа дансаар шилжүүлэн нийт 254.738.000 төгрөгийг залилуулсан гэж мэдүүлжээ. (хохирогчийн өмгөөлөгчөөс 253.175.000 төгрөг гэх).

Хохирогч Н.гаас шүүгдэгч Г.Г.д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 61.000.000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 39.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 45.000.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг байрны төлбөр болгож өгч байсан гэх боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар уг үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Н.гаас Г.Г.д мөнгө бэлнээр өгч байсан нь нотлогддоггүй ч мөнгөний эх үүсвэр буюу санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдоно” гэж тайлбарлах боловч дээрх санхүүгийн эх үүсвэр нь Г.Г.д өгсөн мөнгө гэж үзэх эргэлзээгүй, эсхүл үндэслэл бүхий нотлох баримт болохгүй юм. Тухайлбал, хохирогч Н. нь Б.Отгонжаргал болон өөрийн дүү Түшиг нарын данснаас өөрийн дансанд орж ирсэн мөнгийг Г.Г.д бэлнээр өгч байсан гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Г.Г. “...Н.гаас нийт 76.200.000 төгрөг дансаар авсан нь байрны 2 жилийн түрээсийн урьдчилгаа төлбөр байсан, ...10.000.000 төгрөгийг өөрийн данснаас аваад Н.гаар дамжуулан тушаалгасан...”, хохирогч Н.гаас “...би өөрийн данснаас 10.000.000 төгрөгийг авч тушаасан...” гэж тус тус мэдүүлснийг Н.гаас байр худалдан авахаар өгсөн мөнгө гэж үзэх үйл баримт болохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заажээ.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдал байх тул шүүх бусад үйл баримт буюу түрээсийн гэрээний харилцаа байсан эсэх, эсхүл Г.Г.гийн мөнгөний эх үүсвэрт тус тус үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж заасанчлан Г.Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд Г.Г.гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204098148 дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш. овогт Г.ийн Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

            2. Г.Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

           3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            4. Г.Г.гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны 1503 тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204098148 дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Г. нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

             6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Г.Г., хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА