Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0747

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч П.Б, Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн П.Б, Х овгийн Д.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03778 0618 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн П.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл гурав, эгч, хүргэн ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2590 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 22 хоногоос 3 жилийг өршөөн хасаж, үлдэх 07 cap 22 хоногийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-д зааснаар 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял болгон өөрчилж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

2. Х овгийн Д.Л, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, нөхөр, эх, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч  Бовогт П.Б, Х овогт Д.Л нар бүлэглэн 2019 оны 07 дугаар  сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 140,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод иргэн Ш.Б-ийн гээсэн эд хөрөнгө болох сим картыг ашиглан түүний 946,190 төгрөгтэй мобайл банкийг ашиглан нийт 940,000 төгрөгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овгийн Д.Л нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-31 тоотод иргэн Ш.Б-ийн гээсэн эд хөрөнгө болох сим картыг ашиглаж, мобайл банкаар нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 140,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг шилжүүлэн авч, гээгдэл хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Б ахад хүүхдийн сургууль орох гээд мөнгө хэрэг болоод байна, та мөнгө зээлээч гэж хэлж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байх шиг байгаа юм. Урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг эрүүгийн төлөөлөгч намайг камергүй өрөөнд оруулаад зодож, чи авсан биз дээ, чамайг хэлэхгүй бол мөрдөнд чинь хийнэ шүү гэж дарамталж байж хэлүүлсэн...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Д.Л-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Сим карт нь манай сандлын хажууд унасан байсан. Би сим картыг утсандаа хийж ашигласан. Б-д өөрт нь хэлчихсэн, зээлж байгаа юм аа гэж Б-т хэлээд хамт дагуулаад явсан. Би зээлсэн тул мөнгийг буцаагаад өгчихнө гэж бодож байсан, намайг цагдаад өгсөн гэдгийг ч мэдээгүй. Б надаар мөнгө шилжүүлсэн болохоор кодыг мэдэж байсан. Хүүхдийн сургууль орох гэж байсан тул мөнгөөр хүүхдэдээ хувцас авч өгсөн...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Ш.Б-ийн цагдаагийн байгууллагад 2019 оны 17 дугаар сарын 20-ны өдөр гаргасан: “...Ш.Б миний бие танил болох Г-тай тааралдаж гэрт нь очсон бөгөөд баярын өдөр байсан, биед бэлэн мөнгө байгаагүй учир утасны сим картаа Г-ийн дүү эмэгтэй Л-д өгч ээжийнх нь данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие тухайн өдөр нэлээн муудаж Г-д хоносон. 7 дугаар сарын 12-ны өдөр аавындаа ирэхэд миний гутал болон сим карт алга болсон байсан. 7 сарын 16-ны өдөр утасны дугаараа сэргээж дансаа шалгатал миний данснаас нийт 1,040,000 төгрөг бусдын данс руу шилжүүлэгдсэн байсан...” гэсэн өргөдөл (хх-ийн 4 дүгээр хуудас);

4. “Хаан банк”-ны депозит дансны: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 800,000 төгрөг, ...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 140,000 төгрөгийг шилжүүлсэн...” талаарх хуулга (хх-ийн 07 дугаар хуудас);

5. Хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-6 тоот хашаад байх аав Ш-ийн гэрээс гараад явж байхдаа Г гэх залуутай тааралдаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 9-31 тоот гэрт нь очиход Г-ийн аав, ээж, дүү Л болон нөхөр гэх залуу нь байсан. Би Г-д нь хоосон орсон болохоор санаа зовсондоо ээж Б-ын данс руу нь 100,000 төгрөг шилжүүлэхээр болоод өөрийнхөө сим картыг Л-ын гар утсанд хийж, сим картын нууц дугаар болон мобайл банкны нууц дугаарыг хэлж өгсөн. 100,000 төгрөгийг Б-ын данс руу шилжүүлж картыг нь аваад Л-ын нөхөртэй нь цуг гараад дэлгүүр орж 60,000 гаруй төгрөгт архи болон идэж уух юм аваад буцаад Г-ийн гэр лүү нь орсон. Бид тэндээ архи ууж, юм идээд байж байхад манай дүү Т ирээд цуг архи ууж байгаад явсан. Маргааш өглөө нь 9 цагийн орчимд аав Ш-ийн гэрт сэрсэн. Буцаад Г-ийн гэрт нь очиход тэднийхэн салхинд гарах гээд байж байсан. Тэгээд намайг цуг явъя гэж хэлээд Баянхошууны хуучин эцэс ороод Л нь нөхөртэйгөө цуг дэлгүүр орж идэж уух юм аваад гарч ирээд Зүүн Салааны хойш явахаар болоод явж байхад би зогсоогоод автобусанд суугаад шууд гэр лүүгээ харьсан. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн дансаа шалгаж үзэхэд данснаас 140,000 төгрөгөөр 2 удаа, 800,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);

-Хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...би утсаа согтуугаараа энд тэнд хаясан байж магадгүй, би өөрөө нэлээд согтуу байсан учраас сайн мэдэхгүй байгаа. 100,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлчхээд тэр даруйд нь Л-аас сим картаа буцаагаад авсан. Л би “100,000 төгрөг шилжүүлсэн шүү та хараарай” гээд надад харуулаад миний сим картыг буцааж өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр сим картаа хайгаад олохгүй болохоор буцаж очоод Л-аас асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би хаячихсан юм байна гэж бодоод өнгөрсөн. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сим картаа сэргээлгэтэл миний данснаас 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 800,000 төгрөгөөр нэг удаа, 14-ний өдөр 140,000 төгрөгөөр 1 удаа гүйлгээ хийгдээд дансанд 6,090 төгрөг үлдсэн байсан. ...Би 13-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлчхээд Л-аас сим картаа буцааж авахдаа өмднийхөө халаасанд сул хийсэн. Согтуу байсан тул гэрт нь унагасан, түүнийг Л олсон байж гэж бодоод байгаа. Шууд өмднийхөө халаасанд хийж байснаа санаад байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

- Хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Норвег улсад ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирсэн... Гомдолгүй, хохирлын 940,000 төгрөгийг бүгдийг буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 72 дугаар хуудас);

6. Гэрч Г.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн орчимд Хаан банкны АТМ-ээс хүүхэдтэйгээ хамт өөрийнхөө картаас мөнгө аваад байж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлчихье, аваад өгөөч” гэхээр нь зөвшөөрөхөд 800,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь аваад шууд өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

7. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 48 минутад Г.И-ын “Хаан банк"-ны дансанд 800,000 төгрөгийг орлого орсон талаарх баримт (хх-ийн 95 дугаар хуудас);

8. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой ... Баянхошууны хуучин эцэст байрлалтай Сувдан төвийн ATM дээрээс бэлэн мөнгө авах гээд байж байхад нэг эмэгтэй хүн надаас бэлэн мөнгө авах гэсэн картгүй болчихлоо гаргаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч тэр эмэгтэй миний данс руу Мобайл банкаар 140,000 төгрөг шилжүүлэхээр нь уг мөнгийг АТМ-ээс бэлнээр гаргаж тэр эмэгтэйд өгсөн. Би өөрийнхөө карт уншуулсан учраас шимтгэлийн мөнгө гэж 1000 төгрөг авсан. Хар хувцастай эрэгтэй эмэгтэй 2 байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);

9. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим Б манайд орж ирээд данснаасаа 100,000 төгрөг аваад эгчийгээ дайлъя гэж хэлсэн. Б утасны цэнэг дуусчихлаа гээд сим картаа манай охины утсанд хийж миний *** данс руу мөнгө шилжүүлсэн. ..Б манайд авсан архиа уучхаад жоохон хажуулж байгаад 18 цаг өнгөрөөгөөд явсан. Б манайхаас явахдаа нэлээд согтсон, жорлон руу явахдаа унаж тусаад байсан. Б нь Л-ын утас руу сим картаа хийгээд 100,000 төгрөг шилжүүлж байхыг харсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч П.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 100-110 дугаар хуудас), шүүгдэгч Д.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97 дугаар хуудас);

11. Шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр Л-д байж байхад 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим Б нь согтуу, хадам ах Т, О болон бас нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд эхнэр Л-ын утас руу сим картаа хийгээд хадам ээжийн данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Хадам ээж Б-ын картыг аваад Л, Б бид 3 дэлгүүр орж уг шилжүүлсэн мөнгөнөөс 67,000 төгрөгөөр ойр зуурын юм авсан. ...Авсан зүйлээ Б нар хувааж ууцгаагаад 18 цагийн үед явцгаасан. Явсны дараа Л “Б-ийн сим картыг олчихлоо, би пин кодыг нь мэднэ хоёулаа тойрог ороод ирье” гээд намайг дагуулаад гарсан. АТМ дээр очоод нэг хүүхнээс картаа мартаад гараад ирж гэж худлаа ярьж гуйж байгаад 800,000 төгрөг гаргуулж авсан.  Л хүүхдэдээ хувцас авч өгье дараа нь ажил төрөл хийж байгаад Б-д мөнгийг нь өгч болох байлгүй гэж хэлэхээр нь би тэгье гэсэн..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б манай ээжийн данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Би Б-ийн сим картыг нь буцааж өгсөн. ...Дараа нь би гэр орноо цэвэрлээд шалаа угааж байгаад Б-ийн сууж байсан газраас сим картыг нь олсон. Тэгээд нөхөр Б-ыг дагуулаад бид хоёр тойрог ороод “Хаан банк"-ны АТМ дээр очоод нэг хүүхнээс “та картаараа мөнгө гаргаад өгчих, би мобайл банкаараа таны данс руу шилжүүлье” гэж гуйгаад данс руу 800,000 төгрөг шилжүүлж мөнгийг авсан. Маргааш нь буюу 14-ний орой 20 цаг өнгөрч байхад Баянхошууны тойргийн Сувдан төв ороод бас нэг эмэгтэйгээс гуйж байгаад Б-ийн мобайл банкийг ашиглаж 140,000 төгрөгийг авсан. Нийт 940,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Л нь хохирогч Ш.Б-ийн хүссэний дагуу түүний сим картыг өөрийнхөө гар утсанд хийж, мобайл банкаар нь 100,000 төгрөгийн гүйлгээ хийж өгөхдөө нууц дугаарыг нь мэддэг болсон байх ба хохирогч Ш.Б нь явахдаа сууж байсан сандлынхаа доор сим картаа унагасан байсныг олж авсан, улмаар Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр бусдын данс руу шилжүүлэн авхуулах замаар, хоёр удаагийн үйлдлээр нийт 940,000 төгрөгийг авч завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч П.Б энэ хэрэгт ямар холбоотой болох нь эргэлзээ бүхий байна. Тодруулбал, хохирогчийн сим картыг өөрийн утсанд хийж, мобайл банкийг нь ашигласан буюу нууц дугаарыг нь мэдэж байсан хүн шүүгдэгч Д.Л, хохирогч сим картаа сандал доор унагасан байсныг олж авсан хүн нь шүүгдэгч Д.Л, Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очоод гэрч Г.И, Ц.Ц нараас гуйж мөнгө гаргуулан авсан хүн нь шүүгдэгч Д.Л байна.

Шүүх хуралдаан үед шүүгдэгч Д.Л-аас “ямар учраас П.Б-ыг дагуулж явсан, түүнд юу гэж хэлсэн, тэрээр ямар туслалцаа дэмжлэг үзүүлсэн” талаар тодруулан асуухад тэрээр “...бэлэн мөнгөний машин руу хань болгоод дагуулаад явсан. Түүнд Б-аас мөнгө зээлсэн юм гэж хэлсэн. Б намайг хүний мөнгө зөвшөөрөлгүй авч байна гэж мэдээгүй. Тэрээр надад ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй. Түүнийг хамт явсан, яваагүй би өөрөө энэ үйлдлийг дангаараа хийх боломжтой байсан...” хэмээн мэдүүлсэн болно.

Шүүгдэгч П.Б-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед “...Л нь Б-ийн сим картыг олчихлоо, би пин кодыг нь мэднэ, хоёулаа тойрог ороод ирье гээд намайг дагуулаад гарсан...” гэж мэдүүлсэн байх боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг эрүүгийн төлөөлөгч намайг камергүй өрөөнд оруулаад зодож, чи авсан биз дээ, чамайг хэлэхгүй бол мөрдөнд чинь хийнэ шүү гэж дарамталж байж хэлүүлсэн...” хэмээн няцаан үгүйсгэсэн.

Олон улсын эрх зүйн хувьд: Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 15 дугаар зүйлд зааснаар эрүү шүүлтийн улмаас гаргасан мэдүүлгийг нотлох баримт болгохгүй, харин эрүү шүүлт тулгасан хүний эсрэг нотлох баримт болгон ашиглаж болдог.

Үндэсний эрх зүйн хувьд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дахь хэсэг, түүний 8.3 дахь заалтад зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь тэдний эсрэг ашиглахыг хориглосон байна.

Олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу шүүгдэгч П.Б-ын урьд өгсөн мэдүүлгийг дангаар нь үндэслэн яллах боломжгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл (гэм буруугүйд тооцох)-ийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан нотлогдохгүй бол гэм буруугүйд тооцох зарчим (presumption of innocence)-аар түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйн хэрэг.     

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 940,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Д.Л-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр алдаатай гүйлгээг завшсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Л нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Л-ыг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Б нь 940,000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Л-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч Д.Л-д торгох ял оногдуулах болсон үндэслэл нь 5 сартай хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзсан болно. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Б-ыг цагаатгасугай.

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Х овгийн Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааралдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

6.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л-д сануулсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б, Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б, Д.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                          Б.БАТАА