Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Иргэн М.А-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: аймгийн *******,*******,******* С.Б-д холбогдох аймгийн **************,******* даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалын М.А надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, М.А намайг аймгийн *******,*******,******* хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг дарга С.Б-д даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гуравдагч этгээд Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Уугандарь нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М:А би *******,*******, залуучуудын хөгжлийн газарт хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-нд жирэмсний амралтаа хуулийн дагуу авч, улмаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.С-ыг төрүүлж, жирэмсний амралтаа эдэлж 1 сар гарантай асарч байтал дарга С.Б нь хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул *******,*******,******* даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн *******,*******,******* даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсэгт уг тушаалын М.А надад холбогдох ажлаас чөлөөлсөн байгааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, М.А намайг аймгийн *******,*******, залуучуудын хөгжлийн газарт хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг дарга С.Б-д даалгуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.А-г жирэмсний амралттай байх хугацаанд өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрөөд 1 сар ч болоогүй байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн байгаа нь хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн байна. Энэ хүнийг жирэмсний амралттай байх хугацаанд өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрөөд 1 сарч болоогүй байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн байгаа нь энэ хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн хуулийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай,******* асрах чөлөөтэй, байгаа хугацаанд ажлын байрыг хадгалах ажил олгогчийн үүрэг байгаа. Хавтаст хэргийн материалд 01 дүгээр сарын 02-ны өдөр бичиж өгсөн өргөдөл болон листний мөнгө орсон дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр зэргээс харахад жирэмсний амралттай байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс өргөдлийн хариуг аваад захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч харьяалал зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар баримт хэрэгт байхгүй хэдий ч талуудын тайлбараар энэ нь нотлогдож захиргааны хэрэг хугацаандаа явж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаа нь төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлөх үндэслэх хэсэгт нь ямар нэгэн зүйл заалт оруулаагүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дугаар зүйл заалтыг баримтлан тушаал гаргасан. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ заалтаар тухайн байгууллагын дарга нь тушаал захирамж гаргах эрхтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 17.3 дугаар заалтыг үндэслэх хэсэгтээ удирдлага болгосон. Энэ нь Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан. Энэ заалтаас харахад төрийн жинхэнэ  албан хаагчийг ажлаас чөлөөлөх заалт биш байгаа. М.А нь төрийн албан хаагчийн шалгалтад орж нөөцөд бүртгэгдсэн байгаа. Иймээс энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн маргааны хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Жирэмсний амралтаа авсан хүнийг ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалт байгаа учир жирэмсний амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Хууль зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь харагдаж байна. Хариуцагч төрийн албаны салбар зөвлөлийн шаардлагыг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь М.А гэдэг хүн төрийн албаны шалгалтад ороод тэнцсэн. Н.М мөн ороод тэнцсэн. Иймээс М.А төрийн албаны шалгалтад унасан бол тухайн заалтыг хэрэглэх боломж байсан. Хөдөлмөрийн хуулинд сул орон тоо гэж *******,*******,******* хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр ямар ч хүн ажиллаагүй байхыг сул орон тоо гэж хэлэхээр хуулинд зааж өгсөн. М.А тухайн орон тоон дээр ажиллаж байсан учир сул орон тоо гэж үзэх үндэслэл байхгүй.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан байдаг. Цалингийн тодорхойлолт хавтаст хэргийн материалд нотлох баримтаар байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар байгаа тул сүүлийн 3 сарын цалингийн дунджаар цалинг бодоод олгох боломжтой. Мөн намайг ажлаас халаагүй бол төрөхийн дараах 60 хоногийн листний мөнгөө аваад 04 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа орох байсан учир 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.А-г ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байх тул тушаалын М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, М.А-г *******,************** хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар нь *******,*******, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөгдсөн. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар *******,*******,******* үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь *******,*******, залуучуудын хөгжлийн газар болон бүтэц орон тоо батлагдсанаар байгууллагын бүтэц өөрчлөгдөн байгуулагдсан. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгыг ирүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар албан тоотын хариуг хүргүүлэн ажилласан. М.А нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас Төрийн албаны шалгалтанд тэнцэж, зарлагдсан ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч, нэгээр гарч ирсэн тохиолдолд тухайн ажлын байраа хадгалж үлдэнэ гэдгийг сануулан *******,*******,******* даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар М.А-г Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон. М.А-ийн 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт 69.9 хувьтай байна. Төрийн албаны шалгалт хойшлогдож улмаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулагдсан. 2018 оны 04 дүгээр тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд орж тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авч тэнцсэн Н.М-ыг томилж тушаалын хуулбарыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан тоотын дагуу хариуг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан шаардлагыг баримтлан хангаж ажилласан. Иймд гуравдагч этгээд Н.М-ыг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан тоотын дагуу Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулж байгаа тул М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргасан огноог харахад нэхэмжлэгч би өмнө нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэдэг боловч энэ талаар нотлох баримт хавтсат хэрэгт авагдаагүй. Тэгэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд заасан хугацаанд нотлох баримтыг гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй, хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандсан зүйл харагдаж байгаа. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан байдаг. Гэтэл хуульд заасан хугацаандаа шүүхэд хандаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 03 дугаар сарын 01-ий өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах байгаа. Тухайн ажлын байрыг нээлттэй ажлын байр зарласан, төрийн албаны шалгалтаар нэгээр гарч ирсэн хүн тухайн ажлын байранд орно гэдгийг мэдэж байсан. Энэ хүн төрийн албаны шалгалтад орж байна гэдэг нь үр дагаврыг нь өөрөө мэдэж байсан учир жирэмсний амралтаа авахаас өмнө төрийн албаны шалгалт өгсөн. Тухайн ажлын байран дээр нэгээр гарч ирсэн хүн бол Н.М гэдгийг төрийн албаны салбар зөвлөлөөс бичиг ирүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 17.3 дугаар заалтад Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10.1 дүгээр заалтад Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан. Хэргийн материалаас харахад ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан нотлох баримт байхгүй. Олон жилийн туршлага гэдэг зүйл яриад байна. Гэтэл архив бичиг хэргийн ажилтнаар олон жил ажилласан байдаг. Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Хуулинд хамгийн өндөр оноог аваад нэгээр гарч ирсэн хүнийг томилохоор заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн зарчимын дагуу тухайн хүнийг томилох ёстой. Төрийн алба мэргэшсэн байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хандсан эсэхийг нотолсон зүйл байхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн Бигэр сумд багшаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад бүртгүүлээд 2017 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд Хүнд нөхцөл дэх хүүдийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд өрсөлдөн хамгийн өндөр оноо буюу 75.98 оноогоор тэнцэж, улмаар төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийн дагуу *******,*******,******* даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа. Мөн М.А нь миний ажиллаж байгаа ажлын байранд томилуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний эрх ашгийг хөндөж байгаа тул уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.А-д  “...Хүнд нөхцөлд дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Н.М-г салбар зөвлөл нэр дэвшүүлэн томилуулсан тул таныг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм. Иймд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд холбогдох эрх бүхий дараагийн шатны байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэж хариу хүргүүлснээр 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, хуулийн 14.1.1 “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.А нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар архив бичиг хэрэг хариуцсан дотоод ажилтнаар түр, 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар жинхэлэн томилогдон ажиллаж байгаад аймгийн *******,*******,******* даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны Б/38 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Улмаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэгч нар харилцан тохиролцож М.А-г хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулахаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгазсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 81 дугаар шүүгчийн захирамж/

Говь-Алтай аймгийн *******,*******,******* даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр М.А-г түр томилон ажиллуулсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдийн 15 дугаар албан тоотыг тус тус үндэслэн Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”  гэж заасны дагуу *******,*******,******* Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж уг сонгон шалгаруулалтад Н.М 76 оноо, М.А 65,3 оноогоор тэнцэж төрийн жинхэнэ албан тушаал анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 04 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны 15 дугаар албан бичгээр *******,*******,******* С.Б-д “...Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авч тэнцсэн ...Н.М-ыг Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн”-ээр *******,*******,******* С.Б М.А-г ажлаас чөлөөлж, Н.М-ыг томилсон байгаа хэдийч холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүх үзлээ.

Учир нь: Эмэгтэй хүний хөдөлмөрийн онцлогтой /жирэмсний болон амаржсаны амралт/ холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харин Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан.

Нэхэмжлэгч М.А-ийн тухайд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан /*******,*******, залуучуудын хөгжлийн газарт гаргасан чөлөө хүсэх тухай өргөдөл/, 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Э.С хүүгээ төрүүлсэн /хүүхдийн төрсний гэрчилгээ/ жирэмсний болон амаржсаны амралтай байх хугацаанд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасныг зөрчсөн байна.  

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-т “...хүүхэд төрүүлэх, асрах “ үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн хуулиар олгогдсон амралтаа эдлэх эрхтэй бөгөөд М.А хүүхдээ төрүүлээд 20 хонож байхад ажлаас нь чөлөөлж байгаа нь******* төрүүлсэн амаржсаны амралтай байгаа эмэгтэйн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны*******тэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж зааснаар ажил олгогч нь гурав хүртэлх насны*******тэй эхийг ажлаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг тусгайлан боломж олгосон хуулийн заалтыг анхаарах ёстой байсан байна.

Иймд Говь-Алтай аймгийн *******,*******,******* даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний Б/24 дүгээр тушаалын М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх М.А-г жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралтаа болон******* асрах чөлөөлтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасны дагуу *******,*******,******* С.Б-д М.А-г Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. М.А-ийн тухайд жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн болохоос ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ажлаас нь чөлөөлөөгүй, мөн ажилдаа орох байсан гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ажлаа хэвийн хийж байсан ажилтныг ажил олгогчийн зүгээс үндэслэлгүйгээр ажлаас халсан, чөлөөлсөн болох нь тогтоогдсон тохиолдолд холбогдох захиргааны актыг хүчингүй болгож, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар шийдвэр гаргах боломжтой.

Дээрх тохиолдолд М.А хуулиар олгогдсон жирэмсний болон амаржсаны амралтаа байх хугацаанд ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192  дүгээр зүйлийн 1-т “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно” гэж зааснаар М.А жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авсан байгаа нь Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаар, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээс үзэхэд амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн даалтгалын шимтгэл 2018 оны 7 дугаар сар хүртэл төлөгдөж, түүнээс шимтгэл төлөгдсөн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь зүйлд зааснаар хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эхэд даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүх олгохоор заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн *******,*******,******* даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний Б/24 дүгээр тушаалын М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.А-г *******,*******,******* Хүнд нөхцөл дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд томилсон шийдвэр гаргахыг дарга С.Б-д даалгасугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.                 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ