Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01379

 

Г.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

         2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Г.Н

         Хариуцагч: Ж.Ц

         Хариуцагч: А.Б нарт холбогдох

     Бэлэглэлийн гэрээр хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Ж.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч Ж.Цгийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү А.Б нь 2013 онд Ж.Цтай хувийн харилцаатай болж, 2013-07- 05-ны өдөр тэдний дундаас охин Б.Саран-Эрдэнэ төрж тэд хамтдаа амьдрах болсон.  А.Б эхнэр хүүхэдтэй болж байгаа тул би А.Б, Ж.Ц нарыг цаашдаа гэр бүл болж амьдраасай гэж хүссэндээ Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 17,5 кв.м нэг өрөө орон сууцаа бэлэглэлийн гэрээ хийж 2014-03-20-ны өдөр хүү А.Б, бэр Ж.Ц нарт шилжүүлсэн. 2014-04-01-ний өдөр А.Б, Б.Саран-Эрдэнэ, Ж.Ц нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Гэтэл 2014 оны 06 дугаар сард Ж.Ц таарч тохирохгүй боллоо гээд аав нь ах дүү нартай нь ирээд өөрийн гэсэн юмыг нь аваад явсан. Амьдрахгүй бол байраа буцааж авъя гэхэд хүүхэд 18 нас хүртэл тэр талаар ярихгүй гэж хэлсэн. Ингээд хүү А.Б, бэр Ж.Ц нар нь айл болон гэрлэж амьдрах нь гэсэн итгэл байхгүй болсон ба тэд ч аль хэдийнээ миний байрнаас гарч тус тусын ажил, амьдралаа хөөх болсон. А.Б, Ж.Ц нар нь гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд намайг орон сууцаа бэлэглэснээс хойш ердөө хоёр сарын дараа хоёр тийшээ болж миний бэлэглэлийн зорилгыг зөрчиж, бэлэглэгч намайг гомдоосон. Г.Н миний Ж.Ц, А.Б нартай 2014-03-20-ны өдөр хийсэн гэрээний 6, Иргэний хуулийн 280.1.1-р гэрээг хүчингүйд тооцон, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Н миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

         Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж Г.Н насны тэтгэвэртээ гарсан, сахарын диабет өвчтэй байнгын эмчилгээ асаргаа хийлгэж, гэр хороололд амьдарч байна. Нэгэнт Ж.Ц бид хоёрыг үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдраарай гэж байраа бэлэглэсэн зорилгыг нь хангаж чадаагүй тул орон сууцаа буцаан авахаар гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Ж.Ц бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болоогүй болно гэжээ.

         Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б бид хоёр гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болж хамтран амьдруулахгүй гэсэн хүсэл А.Б болон Г.Н нарт байжээ. Г.Н бодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнийг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэсэн. Ингээд охин Б.Саран-Эрдэнэ болон А.Б миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлсэн. Г.Н нь буцааж байраа авъя гэж надад хандаж байгаагүй атлаа хандаж байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Хэргийн бодит байдлыг эхнээс нь би үнэнээр нь хэлсэн. Миний охин Г.Ныг гомдоох зүйл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Далх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н бид хоёр талын хэдэн хүүхдээ хувь хувийг нь өгөх санаатай чармайж явсан хүмүүс. Энэ үед Г.Нын ганц хүү А.Б, Ж.Цтай гэр бүл болж хүүхэд төрсөн ба хоёр талын ах дүүс нийлж тохижуулж бид дундын өмчийнхөө 6-18-53 тоот байранд оруулсан. Цаашдаа эвтэй найртай амьдраад явахад нь хэрэгтэй гэж үзэж дээрх орон сууцаа хүү А.Бт бэлэглэлээр шилжүүлсэн. Гэрээнд бэлэглэгчээр Б.Далх-Очир, Г.Н бид бэлэг хүлээн авагчаар хүү А.Б оролцсон ба үл хөдлөх дээр хамтран өмчлөгч болох зорилгоор Ж.Ц хамтран өмчлөгч гэдгээр оролцсон болно. Гэрээнд угаасаа “Хүү Бааторзориг гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж болно” гэж гэрээний зорилгыг тодорхой бичсэн байгаа. Одоо энэ залуус тус тусын зам мөрөө хөөж яваа сайхан айл орон болоорой гэж бэлэг өгсөн зорилгыг минь хөсөрдүүлсэн. Иймд 2014-03-20-ны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон, миний өмчлөх эрхийг хамгаалж өгөхийг хүсэж байна гэжээ.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Нод буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч Ж.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Бэлэглэлийн гэрээний гол зорилго гал голомт залгуулж байна гэсэн нөхцөлөөр орон сууцаа нэхэмжлэгч бэлэглэсэн. Үүнийг зөрчсөн гэх бэлэг хүлээн авагч Ж.Ц, Б.Саран-Эрдэнэ бид нар бэлэглэгчийг “ноцтой гомдоох үйлдэл” хийсэн байх нь нотлогдож байж бэлэглэгчийг гомдоосон гэх Иргэний хуулийн 280.1.1 дэх заалтыг хэрэглэнэ гэж үзэж байна. Гал голомтыг залгуулж байна гэсэн зорилгоор бэлэглэгч орон сууцаа А.Б, Ж.Ц, Б.Саран-Эрдэнэ бид нарт өгсөн ба бэлэг хүлээн авагч бид нарын хэн нь гомдоох үйлдэл хийсэн, энэхүү гомдоосон гэх үндэслэлд бэлэг хүлээн авагч нар бүгдээрээ буруутай эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Бэлэглэгч хариуцагчаар хэнийг хамаатуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй ба охин Б.Саран-Эрдэнэд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй. Охин намайг гомдоох үйлдэл хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй. Охины эрх ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 280.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчаар татагдаагүй, гомдоох ноцтой үйлдэл гаргаагүй охины эрх ашгийг хохироож бэлэглэлийн гэрээг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Гал голомт залгуулж байна гэх үндэслэл нь тухайн цаг үеийн үйл явдалтай холбоотой орон сууцыг бэлэглэсэн байх ба А.Б, Ж.Ц нар хамтын амьдралтай байсан, охин Б.Саран-Эрдэнэ мэндэлж Баатарзоригийн гал голомтыг залгуулж байгаа үйл явдалтай холбоотой орон сууцыг бэлэглэх нөхцөл болсныг шүүх дүгнэхдээ гэр бүлээ баталгаажуулж, бэхжүүлэх ёстой байсан мэт заавал хамт амьдрах үүрэг хүлээж бэлэг хүлээн авсан мэт дүгнэн гэр бүлээ баталгаажуулж бэхжүүлээгүй, хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлаг гаргаагүй гэж намайг буруутгасан нь үндэслэлгүй. Бэлэг хүлээн авагч Ж.Ц надаас огт шалтгаалаагүй ба намайг зодож гэрээс хөөж явуулсны дараа А.Б өөр эмэгтэйтэй амьдрах болсон учир тус тусдаа амьдрах болсон, бэлэглэгч энэ байдлыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаан дээр ярьсныг шүүх анхаарч үзэлгүй намайг буруутгасан нь үндэслэлгүй. Хүү А.Бт зодуулж цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг үүсгэн арга хэмжээ авахуулсанд дургүйцэн гэрт оруулахгүй хөөж зодож явуулсныг бэлэглэгч мэдэж байгаа. Охин Б.Саран-Эрдэнэ нь бэлэглэгчийн гал голомтыг залгуулсан ач охин нь бөгөөд бэлэглэгч, хариуцагч А.Б нар үүнийг үгүйсгээгүй, Миний аав н.Жаргалсайхан ирж ач охиныг нь үрчлэн авах хүсэлт гаргаж би гомдсон гэх боловч энэ байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй, энэхүү асуудлаар Ж.Цтай ярилцаж уулзаж байгаагүй ба энэхүү үйл явдал хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй байхад намайг гомдоосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өөрийн охин Б.Саран-Эрдэнийг хэнд ч үрчлүүлэх тухай бодож байгаагүй, хүүхдээ хэнд ч үрчлүүлэхгүй гэх тайлбарыг би шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч миний аавын хэлсэн үг үнэн эсэхийг нотолж тогтоогоогүй, хүүхдээ үрчлэх гэсэн бодит үйлдэл тогтоогдоогүй байхад бэлэглэгчийг гомдоожээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хадам аав ирж уулзсан гэх хугацаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын хугацаа мөн эсэх, ялангуяа ирж уулзсан нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл мөн эсэхэд шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч нар 2014-06 сараас тус тусдаа амьдарч эхэлснийг бэлэглэгч хүлээн зөвшөөрдөг атлаа буцаж нийлэх байх гэж бодсон гэх тайлбар гаргадаг. Хариуцагч намайг бусдын хэлсэн үгэнд буруутган ноцтой гомдоосон гэж үзсэн нь шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. А.Б нь надтай хамт амьдрах боломжгүй талаар бэлэглэгчийг нэхэмжлэл гаргахад ойлгосон талаар би тайлбартаа бичсэнийг анхаарч үзэлгүй намайг буруутгасан нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагч нарын тусдаа амьдрах болсон үйл явцыг “ноцтой үйлдэл” гэж үзэх эсэхэд дүгнэлт хийгээгүй атал энэхүү асуудал нь бэлэглэгчийг гомдоох “ноцтой үйлдэл” хийсэн гэж үзэж, Иргэний хуулийн 280.1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Н 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Ц, А.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг “...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн...” гэсэн үндэслэлээр  хүчингүй болгох, Орхон аймгийн 6-р баг, Согоот 18-р байр, 53 тоот нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг шаардсан байна.   

       Хариуцагч А.Б нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол хариуцагч Ж.Ц нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. 

         Анхан шатны шүүх “...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн... бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан олгох...”  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-с үзвэл Г.Н, Б.Далх-Очир нар Орхон аймгийн 6-р баг, Согоот 18-р байр, 53 тоот нэг өрөө орон сууцыг А.Б, Ж.Ц нарт бэлэглэсэн, гэрээний дагуу орон сууц А.Б, Ж.Ц, Б.Саран-Эрдэнэ нарын өмчлөлд шилжиж, энэ талаар улсын бүртгэл хийгдсэн нь зохигчийн тайлбар, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000231162 дугаар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.  

         Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Иймд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн  байна. 

         2. Нэхэмжлэлийн үндэслэл болсон  гэрээнд  “... хүү Баатарзориг гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна...” гэж заасан нь орон сууцыг дан ганц  А.Бт бэлэглэж буй агуулга байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна...” гэсэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ.    

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон бэлэглэлийн гэрээний 7 дахь заалтын агуулгыг гэрээний бусад нөхцөл, ерөнхий агуулга буюу гэрээний 1, 4 дэх хэсгийн заалттай харьцуулбал Б.Далх-очир, Г.Н нар орон сууцыг А.Б, Ж.Ц, Б.Саран-Эрдэнэ нарт бэлэглэсэн гэж тодорхойлохоор байна.  

         Дээр дурдсан үндэслэлээр Б.Далх-очир, Г.Н нар Орхон аймгийн 6-р баг, Согоот 18-р байр, 53 тоот нэг өрөө орон сууцыг А.Бт бус, харин А.Б,  Ж.Ц, Б.Саран-Эрдэнэ нарт бэлэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв. 

        3. Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй юм. 

        Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нар гэр бүлээ батлуулаагүй... хамтын амьдралаа үргэлжлүүлээгүй... Б.Саран-Эрдэнийг Ж.Цгийн эцэг нь өөрийн нэр дээр бүртгүүлэн авах гэж ирсэн нь Г.Ныг гомдоосон ноцтой үйлдэл болсон...” гэж үзсэн нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийн агуулгад нийцээгүй байна. 

        Г.Н нь  бэлэг хүлээн авагч талаас бэлэглэгчийг гомдоох ямар ноцтой үйлдэл хийсэн болохыг тодорхойлж заагаагүй, хариуцагч нар “...гэр бүлээ батлуулаагүй... хамтын амьдралаа үргэлжлүүлээгүй...” нь Ж.Ц, А.Б нарын хоорондын гэр бүлийн харилцаанд хамааралтай, харин “...Б.Саран-Эрдэнийг Ж.Цгийн эцэг нь өөрийн нэр дээр бүртгүүлэн авах гэж ирсэн...” нь гуравдагч этгээдийн талаас гаргасан үйлдэл байна.

       Бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч рүү  чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бүрдэнэ. 

       Ж.Ц, А.Б нар нэхэмжлэгчийг  гомдоосон  ноцтой үйлдэл  хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Г.Нын нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгох, Орхон аймгийн 6-р баг, Согоот 18-р байр, 53 тоот нэг өрөө орон сууцыг өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх тухай Г.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ж.Ц, А.Б нарт холбогдох “... 2014-03-20-ны өдрийн бэлэглэлийг гэрээг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх...” тухай Г.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Ж.Цд захирамжаар буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ