| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1154/э |
| Дугаар | 1273 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1273
2020 07 08 2020/ШЦТ/1273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч О.Аззаяа,
Хохирогч Ц.Сүхбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2006 01707 1317 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 22-00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Сүхбаатарыг өөрийн эхнэртэйгээ хардан улмаар түүний бүсэлхийн зүүн хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Хохирогч Ц.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би такси барих гээд зам дагуу утсаар яриад алхаж явтал гэнэт нэг хүн хатуу юмаар дух руу цохисон. Би унаад тэгээд цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд цагдаа дуудсан байгаа гээд зугтаачих болов уу гээд зууралдаж байтал нэг хүн ирээд салгасан. Би тэр залууг чи эд нартай цуг ууж идсэн юм биш үү гэхэд үгүй би хөндлөнгийн хүн гэж хэлж байсан. Тэгээд шүүгдэгч Г.Г буцаж хүрч ирээд хөл рүү нэг юмаар цохих шиг болсон” гэх мэдүүлэг[2],
Шүүгдэгч Г.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би халааснаасаа хутга аван надтай зодолдсон гэх үл таних хөгшин ахыг айлгах гээд би чамайг хутгална гэх мэт зүйлс согтуудаа хэлсэн. Тэгтэл үл таних ах надад хандан чи хутгалж чадах уу гэж хэлэн үргэлжлүүлээд хэл амаар доромжилсон. Ингээд тэр ахтай ноцолдож эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд зүүн хэвлий хавьцаа нь нэг удаа хутгаараа хатгасан байсан...” гэх мэдүүлэг[3],
Хохирогч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 12 цагийн орчим манай дүү Үүрцайх нөхөртэйгээ хэрэлдээд байна гэж над руу залгасан тул би дүү Үүрцайхын гэрт очихоор 01 цагийн орчим БЗД-ийн 14-р хороо халдвартын эцсийн буудал дээр такси барихаар явж байсан. Тэгтэл замын эсрэг тал буюу Аман хуур хороолол талаас үл таних залуу гарч ирээд “чи манай эхнэртэй явалддаг хэн бэ” гэж хэлэн миний толгойн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гайхаад “чи хүн андуураад байгаа юм уу” гэж хэлэн тус залууг барьж аваад цагдаа дууд гэж орилсон. Тэгтэл тэр залуу өмнөх ярьж байсан зүйлээ яриад байсан бөгөөд өмнөөс архи үнэртэж байсан. Ингээд бид хоёр тэр газар зууралдаж ноцолдоод байж байтал хажуу талаас өөр нэг үл таних залуу ирж бид хоёрыг салгасан. Тэгтэл намайг цохисон гэх залуугийн эхнэр нь гэх эмэгтэй хүүхэд тэвэрчихсэн бид хэд дээр ирээд орилоод байсан. Энэ үед нь намайг цохисон гэх залуу эхнэрээ цаашаагаа явуулсан бөгөөд эргээд ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад намайг цохисон үл таних залуу тэр газраас яваад өгсөн бөгөөд би салгасан гэх залуу надтай хамт үлдсэн. Ингээд би тэр залуугаас ч хэн бэ гэж асуухад тэр залуу би хөндлөнгийн хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг анх ирж намайг цохисон гэх залуугийн танил байж магадгүй гэж бодоод тус газраас явуулахгүй зуураад байж байтал анх намайг цохисон гэх залуу цаанаас дахин гүйж ирсэн. Тэгснээ гэнэт хажуу талаас цохих шиг болсон ба миний зүүн бөөрний хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгээд би тэр залууд хандан “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлтэл тэр залуу тоосон шинжгүй дахин намайг цохиод байсан бөгөөд би явуулахгүй гээд зуураад байсан. Тэр үед өөрийгөө хөндлөнгийн хүн гэж байсан хүн 1-2 удаа салгаж байгаад нэг мэдэхэд байхгүй болсон байсан. Ингээд байж байтал намайг хутгалсан гэх залуугийн эхнэр нь хүүхэдгүй болчихсон ганцаараа тус газар хүрээд ирсэн тул би тэр эмэгтэйд хандан танай нөхөр чинь намайг хутгалчихлаа шүү дээ цагдаа дууд гэж хэлтэл тэр эмэгтэй буцаад явчихсан бөгөөд намайг хутгалсан гэх залуу бид хоёр ноцолдсон хэвээрээ байсан. Ингээд би тэр залууг дийлэхгүй байсан тул тэр залуу тус газраас зугтаагаад Аманхуур хотхон руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг[4],
Гэрч С.Цогжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүүхдээ тэврээд машинаас буусан бөгөөд нөхөр хамт буухаар нь би нөхөртөө хандан “чи яах гэж байнга архи уудаг юм” гэж уурласан. Тэгтэл тус зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талаас явган хүний зам дээр үл таних ах алхаж байсан бөгөөд бид хоёр дээр ирээд юу гээд байгаа юм бэ гэж хэлэн орилоод байсан. Тэр үед нь би тус ахыг лавлаад хартал 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Ингээд манай нөхөр тэр ах хоёр хоёулаа согтуу байсан хоорондоо үл ойлголцон хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Ингээд нэг харахад ноцолдож эхэлсэн ба манай хүүхэд тэр үед уйлаад байсан тул би хүүхдээ тэврээд гэр лүүгээ орохоор алхсан. Ингээд хэсэг алхаж байгаад эргээд хартал манай нөхөр болон үл таних ах хоёр дээр өөр үл таних залуу очсон байсан бөгөөд тэр хүн манай нөхөр болон үл таних ах хоёрыг салгах гээд байсан. Тэгэхээр нь би тэр чигээрээ алхаад гэртээ ороод хүүхдээ унтуулчихаад 5-10 минутын дараа эргээд гараад иртэл байрны ордог хаалганы ойролцоо манай нөхрийг үл таних ах араас нь хөөгөөд байсан бөгөөд салгаж байсан гэх үл таних хүн алга болсон байсан. Тэгээд би нөхөр дээрээ очоод гэр лүүгээ ор гэж хэлж хөөтөл хажуу талаас үл таних ах надад хандан чи энийг хараа танай нөхөр ийм болгочихлоо гэж хэлэн цамцаа дээшлүүлээд гэдсээ харуулж байсан. Ингээд би нөхрөө тус газраас аваад гэрт нь оруулж өгчихөөд эргээд үл таних ахтай уулзахаар гартал нөгөө ах байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,[5]
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3728 дугаартай:
“1. Ц.Сүхбаатарын биед бүсэлхийн зүүн хажуу ташааны ар дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн гялтангийн арын зай дахь цусан хураа, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх бүсэлхийн зүүн хажуу ташааны ар дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн гялтангийн арын зай дахь цусан хураа гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[6],
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[7],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],
Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[9],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10],
Г.Г хүүхдийн Төрсний бүртгэлийн лавлагаа[11],
Г.Г эхнэрийн Жирэмсний эхо оношлогоо[12]
Г.Г лангуу түрээслэн ажиллуулдаг талаарх баримт[13] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[14] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 22-00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Сүхбаатартай маргалдаж, улмаар түүний бүсэлхийн зүүн хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Г.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[15],
Хохирогч Ц.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би такси барих гээд зам дагуу утсаар яриад алхаж явтал гэнэт нэг хүн хатуу юмаар дух руу цохисон. Би унаад тэгээд цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд цагдаа дуудсан байгаа гээд зугтаачих болов уу гээд зууралдаж байтал нэг хүн ирээд салгасан. Би тэр залууг чи эд нартай цуг ууж идсэн юм биш үү гэхэд үгүй би хөндлөнгийн хүн гэж хэлж байсан. Тэгээд шүүгдэгч Г.Г буцаж хүрч ирээд хөл рүү нэг юмаар цохих шиг болсон” гэх[16],
Шүүгдэгч Г.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би халааснаасаа хутга аван надтай зодолдсон гэх үл таних хөгшин ахыг айлгах гээд би чамайг хутгална гэх мэт зүйлс согтуудаа хэлсэн. Тэгтэл үл таних ах надад хандан чи хутгалж чадах уу гэж хэлэн үргэлжлүүлээд хэл амаар доромжилсон. Ингээд тэр ахтай ноцолдож эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд зүүн хэвлий хавьцаа нь нэг удаа хутгаараа хатгасан...” гэх[17],
Хохирогч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу талаас цохих шиг болсон ба миний зүүн бөөрний хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгээд би тэр залууд хандан “чи намайг хутгалчихлаа шүү дээ...” гэж хэлтэл тэр залуу тоосон шинжгүй дахин намайг цохиод байсан...” гэх[18],
Гэрч С.Цогжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нөхөр дээрээ очоод гэр лүүгээ ор гэж хэлэн хөөтөл хажуу талаас үл таних ах надад хандан чи энийг хараа танай нөхөр ийм болгочихлоо гэж хэлэн цамцаа дээшлүүлээд гэдсээ харуулж байсан...” гэх мэдүүлгүүд,[19]
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3728 дугаартай дүгнэлт[20], Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[21] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Сүхбаатарын нүүрэн тус газар нь цохих, бүсэлхийн тус газарт нь хутгалах зэргээр хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ц.Сүхбаатарт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3728 дугаартай “Ц.Сүхбаатарын биед бүсэлхийн зүүн хажуу ташааны ар дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн гялтангийн арын зай дахь цусан хураа, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Сүхбаатар нүүрэн тус газар нь цохисон, бүсэлхий тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Сүхбаатар нь хавтас хэрэгт 3,437,085 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.
Иймд шүүгдэгч Г.Г нь баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нь баримтгүйгээр нэхэмжилж байгаа эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдаж, хутгаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирол учруулсан, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрт 3,440,000 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас гаргасан ялын санал шүүгдэгчийн үйлдэгдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж үзэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Г.Г нь хохирогчид хохирлын 3,440,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[5] Хавтас хэргийн 21 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 121 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 126-137 дугаар хуудас
[14] Хавтас хэргийн 17-19 дүгээр хуудас
[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[17] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[19] Хавтас хэргийн 21 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас